Та өөрийгөө хэр санхүүгийн сахилга баттай гэж боддог вэ? Орлого тань зарлагаасаа илүү гардаг уу? Өөрийн гэсэн хуримтлалыг бий болгож чадсан уу? Хэрвээ эргэлзэж байгаа бол, илүү их мэдээлэл авахыг хүсэж байгаа бол энэхүү нийтлэлээс өдөр тутмын зардлаа зохицуулах, байр машин авах, тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгөө хадгалах гэх мэт чухал хэрэгцээт санхүүгийн асуудлуудыг хэрхэн шийдэх тухай уншаарай.

Хувийн Төсөв гаргах - 50/20/30 дүрэм

АНУ-ын сенатор Элизабет Уоррен "All Your Worth: The Ultimate Lifetime Money Plan" номдоо энэхүү аргын талаар танилцуулсан байдаг. 50/20/30 дүрэм их энгийн бөгөөд эдгээр тоо таныг мөнгөө хэрхэн зарцуулахыг зааж өгсөн байгаа юм. Та нийт орлогынхоо тавин хувийг зайлшгүй зардал болох хоол хүнс, байрны мөнгөнд зарцуулах хэрэгтэй. Харин хорин хувийг хадгалж, үлдсэн гучин хувиар юу хүссэнээ хийж болно. Товчхондоо 50% хэрэгцээ, 30% хүсэл, 20% хадгаламж юм.

  • Давуу тал: Энэ арга нь санхүүгийн сахилга баттай болохыг хичээж буй анхлан суралцагчдад нэн тохиромжтой. Хэрэгцээ болон хүслийг орхигдуулалгүйгээр боломжийн хадгаламж үүсгэх боломжтой нь танд эвтэйхэн санагдах болов уу. Урт хугацаанд баримтлахад ч боломжийн дүрэм шүү.
  • Эрсдэл: Шууд хувиар заагладаг болохоор зарим хүний орлогын хэмжээ, гаргах ёстой зарлагаас шалтгаалан тохирохгүй байх магадлалтай. Гэхдээ та орлого зарлагаа тооцоолон дээрх аргыг өөрт тохирох хувиар өөрчлөн гаргах боломжтой шүү.

машин худалдаж авах - 20/4/10 дүрэм

20/4/10 арга таныг үнэтэй машин худалдаж авах үед санхүүгийн дарамтад орохоос сэргийлэх болно. Юун түрүүнд та машин лизингдэх гэж байгаа бол 20 болон түүнээс дээш хувийн урьдчилгаа хураасан байх хэрэгтэй. Ингэснээр мэдээж хэрэг таны зээл илүү бага байхаас гадна та урьдчилгаа бэлдэж байхдаа мөнгө хурааж сурсан байх болно. Харин дөрөв бол таны машины лизингийн хугацаа дөрвөөс дээш жил үргэлжлэх ёсгүй. Техник хэрэгсэл цаг хугацаа өнгөрөх тусам элэгддэг учир үүнээс илүү хугацаанд лизинг төлөх нь алдагдалтай. Мөн машин авахад дагаад бинзен, гарааш гээд олон зарлага шинээр бий болно. Эдгээрийг сарын нийт орлогоос 10 хувиас илүүгүй байлгахыг хичээгээрэй.

  • Давуу тал: Уг аргын тусламжтайгаар та машин худалдаж авахдаа санхүүгийн ямар нэг дарамт мэдрэхгүй байж чадна. Урьдчилгаа бэлдэхийн тулд та мөнгө хурааж сурах болно.
  • Эрсдэл: Гэхдээ та хэт их бинзен зарлагддаг бол энэ арга тохиромжгүй байж мэднэ. Магадгүй та энэ дүрмээр өөрийгөө шалгаад одоохондоо машин авах шаардлагагүйгээ ч ойлгож болох юм.

Байр худалдаж авах - 3 жилийн дүрэм

Энэ арга танд хэдий хэр үнэтэй байр худалдаж авч болохыг хэлж өгнө. Ерөнхийдөө та байр худалдаж авахдаа өөрийн болон хамтрагчийнхаа цалинг гурван жилээр тооцоолж, үнийн дүн нь үүнээс илүү гарахааргүй байрыг сонгох хэрэгтэй юм. Ингэх юм бол лизингээс болж таны амьдралын чанар алдагдахгүй.

  • Давуу тал: Лизинг төлсөн ч амьдралын чанараа алдахгүй байхад тусална. Зээлээр авч байгаа юм гээд хэт өндөр үнэтэй байр авалгүйгээр өөрийн санхүүгийн чадварт дүйцэхүйц байр авахад тусална.
  • Эрсдэл: Амьдралд тооцоолшгүй гэнэтийн зүйл олон болдог учир яг гурван жилээр орлогоо тооцоолох нь бэрхшээлтэй байж болох юм. Ажлаас гарах, санхүүгийн асуудалтай болох гээд олон зүйл бий. Гэхдээ ихэнх нь тохиолдолд цалин цаг хугацаа өнгөрөх тусам өсөх зарчмаар явдаг учир айхтар том асуудал болохгүй болов уу.

Тэтгэвэрт гарах - 10% дүрэм

Бид бүгд л насны эрхээр хэзээ нэгэн цагт ажиллах чадамж буурч тэтгэвэрт гарна. Тэр үед улсаас мөнгө олгох хэдий ч та тэтгэвэрт гараад дэлхийгээр аялах мөрөөдөлтэй бол, өөрийн гэсэн жижиг газар нээхийг хүсдэг бол яг одооноос тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгө хураах нь зүйтэй болов уу. Одоогийн байдлаар тэтгэвэр тогтоохдоо 84 сар буюу долоон жилийн цалинг дундажлан сар бүр олгож байна. Та тэтгэвэрт гараад хэрэглэх мөнгө хураахыг хүсвэл сар бүр орлогын 10%-иа хадгалаарай.

  • Давуу тал: Арван хувийн орлогоо хадгалах нь амьдралд нэг их нөлөөлөхгүй ч ирээдүйд том хөрөнгө оруулалт болно. Тиймээс энэ аргыг анхлан хадгаламж нээж буй хүмүүс ашигласан ч болно.
  • Эрсдэл: Энэ хадгалсан мөнгө ирээдүйд гарах эрсдэлүүдийг бүрэн даахыг бид мэдэхгүй. Магадгүй илүү их мөнгө хураах хэрэгтэй ч байж болох юм. Гэсэн хэдий ч оргүй хоосноос дээр байх.

Сургалтын төлбөр - Эхний жилийн цалин

Хэрвээ та сургалтын төлбөрийн зээл авах гэж байгаа бол үнийн дүнг нь сурч төгсөөд ажил хийх эхний жилийн цалингаас хэтрүүлэхгүй байх хэрэгтэй. Ингэснээр орлогынхоо 10-аас хэтрэхгүй хувийг сургалтын төлбөрийн зээлд өгөх боломжтой болно. 8 хувиас хэтрүүлэхгүй гэсэн арай шинэ цагийн дүрэм ч бий. Ямартай ч ингэж авах зээлдээ хязгаар тогтоосноор өдөр тутмын санхүүдээ дарамт учруулахгүй байх боломж бүрдэх юм.

  • Давуу тал: Эхний жилийн цалинтайгаа нийт сургалтын төлбөрөө дүйцүүлж бодох нь таныг үргүй зардал гаргахаас сэргийлнэ. Магадгүй ирээдүйгээ төлөвлөхөд хүртэл тусална.
  • Эрсдэл: Төгсөөд шууд ажилд орж чадахгүй байж магад. Гэхдээ энэ хугацааг орхин тооцоорой. Бас өөрийн мэргэжлийн цалингийн дундаж хэмжээг олж мэдээрэй.

Хадгаламж - Яаралтай тусламжийн сан 

Яг одоо вирусын халдвараас үүдэн хүн төрөлхтөн хэвийн ажиллаж амьдрах боломжгүй болж олон ч хүн ажлаа алдаж, олон газар хаалгаа барихад хүрээд байна. Иймэрхүү гэнэтийн зүйлс хэзээ ч болж магадгүй учир та гэнэтийн асуудал тохиолдоход ашиглах мөнгө хураасан байх хэрэгтэй. Ингэхдээ та ямар ч хадгаламжийн аргыг ашиглаж болно. Ямартай ч үр дүн нь таны зургаан сарын хэрэгцээг хангахуйц мөнгө байх ёстой.

  • Давуу тал: Амьдралд юу ч тохиолдож болно. Харин энэ арга таныг гэнэтийн эрсдэлтэй тулгарах үед ухаангүй шийдвэр гаргахаас аврах болно.
  • Эрсдэл: Хадгаламж дээр нэмэх нь яаралтай тусламжид хэрэглэх мөнгө гэх мэтээр санхүүгийн менежментийн хэт төвөгтэй болгоод байгаа мэт санагдаж магадгүй. Ерөнхийдөө хадгаламжтай бол үүнийг багтаагаад явж мэдээж болно.