Хэлтэй бүхний амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй “хиймэл оюун” зөвхөн ээлжит нэг дэвшилтэт технологи байхаа больж,  нийгмийн чиг хандлага, зан төлвийг савлуулах хүч болоод амжжээ. Нэг талаас хиймэл оюуны хөгжил үнэхээр л бидний ажлын байрыг булааж, бүтээлч сэтгэлгээг “бөхөөх” юм уу гэсэн айдас авалзаж, нөгөө талаас хүн төрөлхтөн шинжлэх ухааны түүхэн дэх хамгийн адармаатай судлагдахуун болсон “тархи” гээчийг улаан гараараа кодчилон бүтээж буй нь догдлол төрүүлсэн энэ цаг нээрэн л бодол чилээж, сэтгэл хоёрдуулам. Гэхдээ аль нь ч давамгайллаа гэсэн нэг зүйл тодорхой: юмс улам хурдтай өөрчлөгдөж байна.

Тэгвэл энэ хачин жигтэй, гайхширал төрүүлэм технологийн арын албанд гардаг софтвэйр инженерүүд хэрхэн бэлтгэгдэж байгаа бол? Тэдний хийдэг ажил хэр хурдацтай хувьсаж буй бол? Үүний хариултыг дэргэдээс нь сонирхож болох нэгэн тэмцээн бол Pinecone академийн PineQuest. Энэхүү нийтлэлдээ өдөр тутмын асуудлыг софтвэйр, системээр дамжуулан бүтээлчээр шийдэж, салбартаа нүүр хагарах талбар болсон эл арга хэмжээний тухай мэдэх ёстой бүхнийг багтаалаа. 

PINEQUEST-ИЙН ТУХАЙ

PineQuest бол Pinecone академийн “Bootcamp” хиймэл оюунд суурилсан софтвэйр инженеринг хөтөлбөрийн дадлагын сурагч, төгсөгчдөд сурсан мэдсэнээ бодитоор хэрэгжүүлж, санаагаа уралдуулах, салбарын мэргэжилтнүүдээс зөвлөгөө, дэмжлэг авах, цаашлаад тэдгээр мэргэжилтнүүдийн төлөөлж буй томоохон технологийн компаниудад ажлын байрны шууд урилга авах боломжийг цогцоор нь олгодог бүүткамп тэмцээн. Энэ удаагийн уралдааныг TechPack, Power Intel, Mezorn, MOT Capital, CU Mongolia, Sono Mongolia зэрэг Монголын тэргүүлэгч технологийн компаниудтай хамтран зохион байгуулсан бөгөөд багууд “Learning Management System 2.0” (LMS) сэдвийн дор өрсөлдсөн юм.


LMS ГЭЖ ЮУ ВЭ? 

LMS-ийг сургалтын хөтөлбөр, материал, шалгалт, үнэлгээний систем, тэдгээрийн менежмент, талуудын харилцаа холбоог нэг дор багцалсан софтвэйр гэж ойлгож болно. Жишээлбэл, та бидний сайн мэдэх Google Classroom, их сургуулиудын Canvas. Энэ удаагийн PineQuest-ээр суралцахуйн менежментийн систем гэгч энэхүү өргөн сэдвээс шалгалтын үйл явцыг онцгойлон авч үзсэн аж. Ийнхүү багууд шалгалт авах бас өгөх үйл явцыг хялбарчлах, тэр ч байтугай шалгалтын бэлтгэл болоод үр дүнгийн анализыг нэгтгэх төрөл бүрийн системийг хөгжүүлж, танилцуулсан юм.


Л. Энхчимэг, Exam Flow багийн гишүүн

Л. Энхчимэг, Хиймэл оюунд суурилсан софтвэйр инженеринг Bootcamp хөтөлбөрийн сурагч

Би барилгын инженер мэргэжилтэй. Мэргэжлээрээ 1-2 жил ажиллаад багаас байсан кодны сонирхлоо хөгжүүлэхээр шийдэж, жил гаруй төлөвлөж байж Pinecone академийг зорьсон.

Сая төслөө танилцуулахдаа нэлээд сандарлаа. Манай багийн гол давуу тал нь шалгалтын дараа хүүхэд бүрийн үр дүнгийн анализыг гаргаж өгөх технологи. Мөн сурагчид түвшингээ бодитоор үнэлэхэд туслах өөрийгөө сорих тестүүдийг байршуулсан. Түвшинг нь Adaptive testing буюу мэдлэгийн түвшинд тохирсон асуултын аргаар тогтооно. Багш нар ч системд нэвтэрсэн сурагчид хэр гүйцэтгэлтэй байгаатай танилцсаны үндсэнд хувьчилсан зөвлөгөө өгөх боломжтой.

Мөн асуултын сангаа шалгалтын дэд сэдвүүдээр хувааж боловсруулсан учир тухайн хүүхдийн зөв, буруу хариуны давтамжид үндэслэн шалгалтын бэлтгэлийн төлөвлөгөөгөө гаргахад тус болно гэсэн үг. Багш нарт сурагчдын үзүүлэлт, нэгдсэн анализыг гаргаж өгснөөр сурагчидтайгаа илүү үр дүнтэй ажиллах боломж үүсч байгаа. Нэмээд коммюнити гэсэн хэсэгтэй. Энэ нь олон өөр сургуулийн багш нар нэг бүлгэм үүсгээд авсан шалгалт, тестүүдээ хоорондоо нэгтгэх орон зай болно. Бие биенийхээ боловсруулсан асуултыг солилцож ашиглах ч боломжтой.


Х.Ариунтөгөлдөр, Боргоцой баг

Х.Ариунтөгөлдөр, Хиймэл оюунд суурилсан софтвэйр инженеринг Bootcamp хөтөлбөрийн сурагч

Шалгалт өгч байх явцад дата, сүлжээний доголдлоос болоод ямар нэг гэнэтийн асуудал гарвал манай систем гацалгүй ажиллаж, сурагчийн хийсэн ажлыг бүрэн бүтнээр нь хадгална. Эхний тэмцээнээ бодвол энэ удаа яг хүссэнээрээ төслөө танилцууллаа. Яриагаа, ярианы ард гүйх слайдыг нь ч нэг бүрчлэн бэлдсэн.

Бас нэг онцлог нь багш шалгалтын материалаа файл хэлбэрээр системд хадгалсан ч дараа нь хүссэнээрээ өөрчлөлт оруулах боломж. Манай системийг бүтэн сургууль, байгууллагын хэмжээнд авч ашиглавал тохиромжтой. Тухайлбал, багш нар дундаа шалгалтын сан үүсгэж, түүнийгээ баяжуулж, хуваан ашиглаж болохоор хөгжүүлсэн. Ингэснээр багш нарын цагийг мэдэгдэхүйц хэмнэж байгаа. Энэ удаа шинээр дизайнеруудтай хамтарч ажиллаж үзсэн. Өмнө нь бүх кодоо өөрөө бичиж, дизайнаа ч гаргадаг байсан бол дизайнерынхаа ур чадварыг тултал нь ашиглаж, төслийн туршид багаараа нэг зураглалтай явах нь сорилт байлаа.

Миний хувьд 12-р ангиасаа бүтэн чөлөө аваад Pinecone академид суралцаж байгаа. Энэ шийдвэрийг гаргана гэдэг маш том эрсдэл байсан ч одоо бол амьдралын маань хамгийн өсөлттэй, сурах зүйл ихтэй нэг жилийг бүтээсэн зоригтой алхмыг хийсэндээ баяртай байдаг.


Pinecone бол үнэхээр хөгжих хүсэлтэй хүмүүст үр өгөөжөө харамгүй өгдөг газар. Тиймээс технологийн салбарт сонирхолтой, түүнийгээ төлөө үйлдэл хийхийг хүссэн хүн бүрд санал болгоно.

Х.Ариунтөгөлдөр, Хиймэл оюунд суурилсан софтвэйр инженеринг Bootcamp хөтөлбөрийн сурагч

Д.Булгантуяа, Боргоцой

Д.Булгантуяа, UX/UI дизайнерын Bootcamp хөтөлбөрийн сурагч

Манай төсөл шалгалтын үеэрх хуулах оролдлогуудыг хиймэл оюунаар илрүүлж, багшид тэр даруй мэдээлэх, шалгалт авах процесссыг илүү хөнгөвчлөх зорилготой. Шалгалт эхэлчихсэн тохиолдолд сурагчид камертаа харагдаж байгаа эсэхээс эхлээд шударга байдлыг хангахад чиглэсэн горимууд бий. Мөн шалгалт үүсгэхэд сурагчдын бүртгэлтэй и-мэйл хаяг руу шалгалтын холбоос очихоор хөгжүүлсэн.

Бас нэг онцлог нь интернэтгүй үед ажиллах боломж. Системийн хэрэглэгч нь багш, сурагч, менежер гэдэг утгаараа хэрэглэгчдээ өргөн хүрээнд харж, асуудлаа томоор нь зураглах гэж хичээсэн. Менежер системд анги үүсгэх бол багш сурагчдаа тэрхүү ангиудад нэмээд шалгалтаа үүсгэнэ.

Миний хувьд системийн дизайныг хариуцсан. Багш, менежер, сурагч нарынхаа workflow буюу хийх үйлдлийн давтамж, ерөнхий хандлагыг нарийвчилж гаргахаас ажиллаж эхэлсэн. Таван өөр сургуулийн багш нараас судалгаа авсны үндсэнд эхний дизайнаа гаргасан юм. Дараа нь тэрхүү дизайнаар хөгжүүлсэн системийг хэрэглэгч нараараа бодитоор туршуулаад, тулгарсан асуудлуудыг нь шийдэж, сайжруулах байдлаар эцсийн загвараа гаргалаа. Өмнө нь дан дизайны төслүүдэд ажилладаг байсан бол энэ төслөөр анх удаа хөгжүүлэгчидтэй ажилласан нь ажлын байранд хэрэг болох чухал туршлага болсон гэдэгт итгэлтэй байна.

О.Түвшин, Технологийн захирал (MOT Capital)

MVP буюу уралдааны хугацаанд хамгийн их ахиц гаргасан төгсгөчийн хамт

PineQuest зохион байгуулалт маш цэгцтэй байлаа. Багууд ч эхний долоо хоногоосоо эрс сайжирсныг харахад баяртай байна. Долоохон хоногийн дотор шүүгчдийн зөвлөгөөг нямбай гэгч хэрэгжүүлээд зогсохгүй өрсөлдөгчөө ч судалсан нь анзаарагдсан. Learning management system гэх сэдвийг хөндсөнөөрөө сурагчид өөрсдөд нь түгээмэл тулгардаг асуудлуудыг илүү ойроос таньж мэдэх нөхцөл бүрдсэн болов уу. Иймдээ ч тун барьцтай, дэвшилтэт шийдлүүд танилцуулагдлаа.

Аливаа системийг хөгжүүлж, хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж буй бол зөвхөн өөрийн “дааж авсан” хэсэгт л анхаараад зогсохгүй бүтээж буй зүйлээ том зургаар нь хардаг байх чухал. Өөрөөр хэлбэл, “юуг яаж хийх” тухайг хиймэл оюун цөм орлож чадах энэ цагт хөгжүүлэгч, дизайнерууд өөрт оноогдсон үүргээсээ илүү гарч, нийт төслийнхөө “инженер” нь байхын төлөө идэвхийлэх, төслөө том зургаар нь харж, боломжит бүхий л кейсийг тооцох чадвар үнэлэгдэж байна.

Хиймэл оюун хурдацтай хөгжиж буй энэ цагт зөвхөн код бичихээс гадна хэрэглэгчийн өнцгөөс асуудлыг сайтар шинжилж, шийдлээ бүтээлчээр загварчлах, илүү ээлтэй болгох чадвар улам үнэ цэнтэй болж байна.

Г.Өсөхбаяр, Бүтээгдэхүүн хөгжлийн захирал (Mezorn LLC)

М.Эрдэнэгомбо, Боловсролын технологи хариуцсан захирал (TechPack Group)

Төгсөгчид дадлагын урилга гардуулж өгч буй нь

Өөрөө тэмцээнд орж байгаагаас ялгаагүй сэтгэл хөдлөлтэй өдрүүд өнгөрлөө. Энэ удаагийн сэдэв болох LMS, тэр дундаа шалгалтын үйл явцыг илүү боловсронгуй болгохын нэг онцлог нь шалгалт өгч буй сурагчид материалаа нээж үзэх, хариугаа илгээх зэрэг үеүдэд системд нэг дор ирэх хандалт, гэнэтийн ачааллыг шийдэх явдал. Мөн хуулалтаас эхлээд шалгалтын үеэрх хяналт, бэлтгэл, үр дүн нэгтгэл гээд олон үе шатыг хамардаг үйл явц учир технологийн талаас шийдэх боломжтой олон асуудал бүхий, нээлттэй сэдэв. Залуучууд ч маш бүтээлч санаанууд хөгжүүлж, олон төрлийн шийдэл боловсруулжээ. Эхний шүүлттэй харьцуулахад багуудын бэлтгэл, систем хөгжүүлэлт огт өөр түвшинд очсон байна.

TechPack группийн хувьд ажилтан шалгаруулж авахдаа эхлээд хандлага, дараа нь суурь чадвар буюу логик сэтгэлгээг нь чухалчилдаг. Өөрөөр хэлбэл, аливаа ажлыг сэтгэлээсээ хийдэг, бүтээлч хүнийг хайдаг. Тиймээс залуус маань эдгээр чанараа алдахгүй, мөн мөрөөдөлтэй байгаарай гэх байна.

Бусад онцлох мөчүүд

Pinecone академи 5-р сарын 25-нд эхлэх ХАВРЫН хамгийн сүүлийн ангидаа элсэлт авч байна. Тэдэнтэй нэгдэхийг хүсвэл дараах хаягуудаар зочлоорой. Дэлгэрэнгүй:

Фэйсбүүк хуудас

Инстаграм хуудас

Веб хуудас

Холбогдох дугаар: 72700800