Дэлхийн эх газрын асуудлыг хэлэлцэх хамгийн том чуулган буюу Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17-р бага хурал 12 хоног үргэлжилж, хэдхэн хоногийн өмнө өндөрлөөд буй. Эдгээр өдрүүдийг тохиолдуулан бэлчээр, хөрсний доройтлоос авхуулаад цэнгэг усны экосистем, биологийн олон янз байдлын тухай гээд байгаль орчны төрөл бүрийн асуудлыг тал талд хэлэлцсэний нэг нь амьтны гаралтай мал аж ахуйд суурилсан хүнсний тогтолцоо байв. Бэлчээрийн даац хэтрэлт, махны хэрэглээгээр дээгүүр жагсдаг манай орны хувьд энэхүү салбараас улбаатай байгаль, нийгмийн нөлөө бүр ч их. Unread тус сэдвээр нэрт судлаач, системийн инженер Доктор Сайлеш Раотой уулзаж ярилцсан бөгөөд ээлжит нийтлэлээрээ түүний судалгаанаас онцлох агуулгыг хүргэе.

Б гариг гэж юу вэ?
Бид гар утас, компьютерээ сонгохдоо тухайн төхөөрөмжийн горим, ажиллах алгоритм буюу үйлдлийн системд нь ихээхэн анхаарал хандуулдаг шүү дээ. Тэгвэл өөрсдийн амьдарч буй орчин, бусад бодгалиудтай хэрхэн зэрэгцэн оршиж, хамтдаа амьдрах "үйлдлийн системийг" ч ухамсартайгаар сонгож, эх дэлхийнхээ механизмыг тогтвортой, ээлтэйгээр загварчлах хэрэгтэй гэх санаанаас Б гариг үүсчээ. Өөрөөр хэлбэл, бид одоогийн амьдарч буй дэлхийгээ А гариг гэж нэрлээд, хэтийдсэн хэрэглээг халсан, байгаль дэлхийтэйгээ илүү харилцан шүтэлцээтэй Б гариг руу зорьж буй гэсэн үг. Б гаригийг системийн инженерчлэлээр бүтээхэд А гаригаас сургамж аван засаж, залруулах зүйл мундахгүй ч хүмүүс бидэнд хүнсний тогтолцоогоо эргэн нэг харж, шинэчлэх эн тэргүүний "даалгавар" бий.
эх дэлхийн есөн хязгаарын тухай
Орчин үеийн шинжлэх ухаанд эх дэлхийн тэнцвэрт байдлыг тогтоон барьж байдаг үндсэн есөн амьдралыг тэтгэгч хязгаар бий хэмээн үздэгээс хүн төрөлхтөн долоог нь даваад буй аж. Далайн хүчиллэгжилт, эх газар, цэнгэг ус болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг нь энэхүү харилцан шүтэлцээт системийн хэсэг. Үүнээс биологийн олон янз байдал, биогеохимийн хөрвөл гэх хязгаарууд хамгийн их эвдэгдсэнд тооцогдож байна. Харин тус хямралыг даван туулах, хариу арга хэмжээ авахад хамгийн далайцтай салбаруудын нэг нь амьтны гаралтай аж ахуй билээ. Учир нь хүн төрөлхтний хувьд газрыг ашиглах тэргүүлэх шалтгаан нь хоол хүнсний үйлдвэрлэл бөгөөд эх газрын 43 орчим хувь нь эл зорилгоор ашиглагддаг аж. Сонирхууштай нь, дэлхийн дунджаар бидний тавган дээрх хоолны 85 орчим хувь нь ургамлын гаралтай ч энэ хэсгийг ашиглаж буй газрын дөнгөж 6 хувиас хураан авдаг гэнэ.

ТООН БАРИМЖАА ОЛГОХ НЬ
Хүмүүс бидний суурь бөгөөд хамгийн өндөр давтамжтай хэрэглээнүүдийн нэг бол хүнс. Тиймээс ч байгаль орчны аль ч асуудалтай тэмцэхэд хариуцлагатай хүнсний хэрэглээг төлөвшүүлэх нь үргэлжид нэн чухал зорилт байсаар иржээ. Одоогийн хүнсний системийн томоохон хэсгийг эзлэх амьтны гаралтай, тэр дундаа мал аж ахуйгаас улбаатай сорилт олон ч уур амьсгалын шууд үр нөлөөг онцлох үүднээс энэ удаа мал амьтны идэш тэжээлээ боловсруулах үйл явц, ялгадсаас ялгардаг метан (CH₄)-ы талаар дэлгэрүүлье.
Тодруулбал, нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂)-ийг эс тооцвол дэлхийн дулааралд хамгийн өндөр нөлөөтэй тус хүлэмжийн хийн 60 хувь нь хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй. Сүүлийн 200 жилд агаар мандалд даруй хоёр дахин хувилагдсан энэ хий CO₂-той харьцуулахад 200 дахин бага нягтшилтай, мөн СО₂шиг хэдэн зуун жил бус ердөө 7-12 жил агаарт дэгддэг нь үнэн ч агаарт дэгдсэн даруйдаа дулааныг 28 дахин илүү “түгжих” чадалтай гэдгийг мартаж болохгүй. Судалгаагаар, метаны (CH₄) ялгарлыг жил бүр ойролцоогоор 0.35 хувиар тогтмол бууруулж чадвал, метанаас үүдэх нэмэлт дулаарлыг эрс сааруулах боломжтой бөгөөд энэ нь уур амьсгалд үзүүлэх нөлөөгөөрөө CO₂-ийн ялгарлыг тэглэхтэй дүйцэхүйц юм.

Системийн инженерчлэлийн гаргалгаа

Миний бие системийн инженер мэргэжлээрээ сүүлийн 20 жил байгаль орчны судалгаа хийж байна. Ер нь байгаль орчны асуудалд хил хязгаар гэж үгүй. Сүүлийн 30 жил ч дэлхий даяараа томоохон чуулган, хурал зөвлөгөөнийг идэвхтэй зохион байгуулж ирсэн атал бодит нөхцөл байдал жилээс жилд хүндэрч буйг хараад зөвхөн тодорхой нэг асуудлыг шийдэх гэхээс илүүтэй байгаль орчинтойгоо хоршин амьдарч буй арга барилаа бүхлээр нь шинэчлэх хэрэгтэйг ойлгосон юм. Үүний тулд хоол хүнстэй холбоотой хэвшмэл ойлголтуудыг судалж, ташаа мэдээллүүдийг залруулж эхэлсэн.
Уураг зөвхөн маханд биш бусад хүнс ногоонд ч агуулагддагийг илүү олон хүнд таниулахаас авхуулаад хүнсний тогтолцоог эдийн засгийн гэхээс илүүтэй эрүүл мэндийн ач холбогдолтой гэх талаас нь загварчилж, нийгмийнхээ зорилгыг шинээр тодорхойлно гэсэн үг. Байгалийн нөөцөө ухаалгаар ашиглаж, илүү хүн төвт үйлдвэрлэл рүү шилжиж чадвал хариуцлагатай хүнсний хэрэглээг төлөвшүүлэх цаг хугацааны асуудал. Товчхондоо, бидний зориод буй Б гариг дээр эрүүл хооллох, урт удаан амьдрах нь илүү амархан байх "дүрэм"-тэй. Эсрэгээрээ хүнсний үйлдвэрлэлийг эн тэргүүнд эдийн засгийн ашиг хэмээн харвал байгалиас хурааж болох бүхнийг хурааж, хэрэгцээнээс давсан их хүнсийг нөөцөлж, борлуулах нь гол зорилго болж хувирна. Мэдээж энэ бүхний төлбөр үлэмж их. Мөнгөөр хэмжигдэхгүй энэ хохирлыг барагдуулахаар нэг зээлийг өөр нэг зээлээр дарж буй мэтээр байгаль дэлхийд улам их гарз хохирол учруулах тойргийг дахин эхлүүлэхэд хүрнэ. Үүнээс үүдэж эх дэлхийн тэнцвэртэй байдлын есөн хязгаар нэг нэгээрээ эвдэгдэж байгаа болов уу. Хүн төрөлхтөн бид эдгээрийг эвдсэн юм бол эргээд засаж, анагаах үүргийг хүлээх учиртай шүү дээ.
Системийн инженерийн хувьд аливаа тогтолцооны алдааг олж илрүүлэх нь эхний даалгавар байдаг. Ингээд тэр алдааг дахин давтахгүйн тулд үйлдлийн системийн цаашдын зорилгыг оновчтой тодорхойлох хэрэгтэй бөгөөд тэрхүү зорилгын талаар бодож яваад долоон аксиомтой Б гаригийн санаагаа олж байсан юм. Ингэхдээ экологийн маш олон асуудлын үндэс нь хүнсний тогтолцоо гэдгийг ойлгосон. Ялангуяа эх газрын экосистемд асар их хэмжээний нүүрстөрөгч хадгалагддаг ба хүн төрөлхтөн дэлхийн анхны ойн бүрхэвчийн асар их хэсгийг устгасан томоохон шалтгаан нь мөн л газар тариалан, мал аж ахуй, бэлчээртэй холбоотой. Гэтэл өнөөдрийг хүртэл бид энэ салбарт хангалттай анхаарал хандуулаагүй шүү дээ.

Мэдээж бид шатмал түлш, газрын тосны хэрэглээгээ бууруулж, алсдаа бүрэн татгалзах хэрэгтэй. Гэхдээ мал аж ахуй үүнээс ч илүү олон асуудал руу салбарладаг, хор уршиг өндөртэй гэдгийг нь онцлох нь зүй. Учир нь эл салбар зөвхөн хүлэмжийн хийн ялгаруулалт бус бэлчээр, биологийн олон янз байдал, экосистемийг сэргээх боломжтой шууд холбогддог.
Бид хуучин үйлдлийн системтэй А гаригийг орхиж шинэ үйлдлийн системээр амьдрах цаг нь ирээд буй нь Б гариг үүсэх болсон шалтгаан. Би хүний эрүүл мэнд болон байгаль дэлхийн эрүүл мэнд нэг зоосны хоёр тал гэж боддог юм. Өнөөдөр бидэнд хүсээд буй амьдрал, эх дэлхийнхээ "үйлдлийн систем"-ийг загварчлах урьд өмнө байгаагүй олон боломж, технологийн дэвшилтэт шийдлүүд бий. Харин тэр боломжуудаа тултал ашиглах хүсэл байгаа эсэх нь гол асуудал. Байгаль ч бидэнд өөрсдийн бүтээсэн тотолцоог эргэж харахаас өөр аргагүйд хүргэж байна.
Эвдэгдээд буй долоон хязгаарын хамгийн их гарз хохирол учраад буй нь биологийн олон янз байдал. Тэгвэл илүү амьтад, эх дэлхийд ээлтэй хооллолтын дэглэм энэ хязгаарыг сэргээхтэй гүн холбоотой. Үүний тулд бид амьтдыг зөвхөн амьжиргаагаа залгуулах нөөц, бүтээгдэхүүн биш, өөрийн гэсэн оршихуйтай амьд бодгаль гэж хайрлаж, хамгаалах хэрэгтэй. Тэдгээрийг хайрлаж, хамгаална гэдэг эхний ээлжинд ердөө л аминд нь халдахгүй, амьдрах орчныг нь сүйтгэхгүй байх тухай.
Миний хувьд ногоон хоол руу шилжээд 18 жил өнгөрчээ. Анх амьтад, байгаль дэлхийгээ гэж шилжсэн учир тухайн үедээ өөрт ямар нэг онцгой өөрчлөлт гарна гэх хүлээлтгүй байсан юм. Гэтэл ердөө сарын дараа үе мөчний өвдөлт, үрэвсэл маань эрс намдсан. Бие нэлэнхүйдээ хөнгөрч, сэтгэл санааны хувьд ч тун тогтвортой, тайван болсон шүү. COP17-оор Цэнхэр бүсэд цагаан хоолны цэг, Ногоон бүсэд бүр ресторан ажиллуулаад амжлаа. Энэ мэтээр ургамлын гаралтай хоолыг хүмүүст танилцуулж, энэ тухай ярилцах боломж нэмэгдэж буйд баяртай байна.

Судалгааны бичвэртэй бүрэн танилцахыг хүсвэл энэ холбоосоор хандаарай.
Мөн түүний гүйцэтгэх продюсерээр ажилласан баримтат кинонуудыг сонирхоорой:
Сэтгэгдэл бичих

