25 нас хүрсэн өглөө би учиргүй их уйлав. Ердөө дөрөвхөн сарын өмнөх явдал л даа. Шалтгаан нь тэр гэхийн тэмдэггүй нь бүр хачин. Дахин нэг нас нэмсэндээ баярлаж, залуу нас минь юу юугүй дуусах нь хэмээн гуниглаж, би юу хийж бүтээлээ дээ гэж санааширч, хамгийн гол нь бага байхдаа “Би 25 насандаа байртай, машинтай, гэр бүлтэй, бүх зүйл нь тэгширсэн байна” гэх мөрөөдлийн яриагаа санасан юм. Гэтэл тэр өглөө 25 нас хүрсэн би санасандаа хүрээгүй байлаа…
Танд хэзээ нэгэн цагт эдгээр асуулт төрж байв уу?
- Би амьдралаа юунд зориулж байгаа вэ?- Миний үлдсэн амьдрал иймэрхүү л байх уу?- Бүх зүйлийн утга учир нь юу юм бол?
Үүний зэрэгцээ та ажлаасаа гараад бүх эд хогшлоо зарж, өөр улс руу нүүх талаар бодож байв уу? Өөрийн амьдралдаа сэтгэл хангалуун бус гацсан мэт мэдрэмж аваад, яаж энэ байдлаас гарахаа мэдэхгүй л байна уу?
Хэрэв тийм бол та надтай ижил “Quarter-life crisis” буюу 20-иод насны хямралын үеийг туулж байж мэдэх юм. Сүүлийн үед түлхүү яригдах болсон энэ явдлын талаар эл нийтлэлд илүү дэлгэрүүлэн авч үзэх ба даван туулах дадал хэвшлийг ч санал болгохоор бэлдлээ.
ЕР НЬ 20-ИОД НАСНЫ ХЯМРАЛ ГЭЖ ЮУ БИЛЭЭ?
“Quarter-life crisis” хэмээх ойлголтыг олон янзаар тодорхойлж болох ч Wikipedia дээр ингэж бичжээ.
“Хүний амьдралын чиг шугам, чанарын талаарх түгшүүр, гунигтай холбоотой оршихуйн хямрал бөгөөд ихэвчлэн хорин хэдэн наснаас дөчин насны эхэн хүртэл тохиолддог. Заримдаа 18 наснаас ч эхэлж болдог.”
Хэт ерөнхий тодорхойлолт байгаа биз? Учир нь энэ хямралын үе хүн бүрийн хувьд харилцан адилгүй ба тохиолдохгүй ч байж болно. Гэхдээ юу гээч? Хямрал гэх ойлголт айдас төрүүлж, санаа зовниулж болох ч одоо юу болж байгааг ухамсарлан, мэдрэмжээ хүлээн зөвшөөрч чадвал илүү аз жаргалтай, өөртөө болон шийдвэрүүддээ итгэлтэй болохын зэрэгцээ магадгүй 20 жилийн дараа тохиолдож болох дунд насны хямралаас (Mid-life crisis) ч сэргийлж болох юм.
Одоо гол яриандаа оръё. Хямралд орсноо яг яаж мэдэх вэ?
Бие физиологийн хувьд тодорхой шинж тэмдэг илрэхгүй ч сэтгэлзүйн тогтворгүй байдал нь биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөө үзүүлнэ. Жишээ нь, нойрондоо муу болох, анхаарал төвлөрөл муудах, тогтмол түгшүүр мэдрэх гэх мэт. Ерөнхийдөө сэтгэлзүйгээрээ та дараах мэдрэмжүүдийг авч болно.
- Амьдралаа утга учиргүй мэт мэдрэх- Сэтгэл хөдлөлийн хувьд юу ч мэдрэхгүй байгаа мэт санагдах- Урам зоригоор дутагдах- Ганцаардал мэдрэх- Нөхцөл байдлаас үүдэлтэй түгшүүр мэдрэх- Нас бие гүйцсэн хүний амьдралд бэлэн биш мэт санагдах- Туйлын мөрөөдлөө дагах болон тогтвор суурьшилтай амьдралын хооронд тээнэгэлзэх- Бусдаас хоцорч байгаа мэт мэдрэмж авах- Найз нөхөд, гэр бүлийнхнээс холдож, зайгаа барих- Дараагийн алхмаа шийдэж чадахгүй байх- Урам хугарсан мэдрэмж авах- Тодорхойгүй байдал мэдрэх- Өөртөө итгэх итгэл буурах- Бодит байдлаас холдоход туслах зүйлсийн хэрэглээ нэмэгдэх - Өмнө нь хийсэн зүйлүүддээ эргэлзэж эхлэх…
Гэхчлэн олон төрлийн төөрөгдсөн мэдрэмж төрдөг тул та өөрийгөө нэг анзаараад үзээрэй.
АСУУДАЛ ЮУНААС ЭХЛЭЭД БАЙНА?
Хориод насны хямралыг үүсгэх ганцхан шалтгаан байхгүй нь мэдээж. Жишээ нь, ажлаасаа гарах, хайр дурлалын харилцаагаа дуусгах, шинэ газар орон руу нүүх, хайртай хүнээ хорвоогоос алдах зэрэг таны амьдралд тохиосон томоохон үйл явдлаас үүдэж болно. Үүнээс гадна олон хүчин зүйлийн нэгдлээс, удаан хугацаанд ч бий болж болно.
Нэгэн судалгаагаар “ажил” гэх үг нь Quarter-life crisis-тай хамгийн их холбогддог нь тогтоогджээ. Мөн 2024 оны судалгаагаар залуус санхүүгийн бие даасан байдалд хүчтэй тэмүүлж байгаа боловч үүндээ хүрч чадахгүй гэх айдастай байдаг нь ажиглагдсан байна.
Үүний сацуу нийгмийн тогтсон хандлагын дагуу олонхын хүлээлтэд хүрэх ёстой гэж үздэг нь энэхүү хямралд хөтөлдөг. Тухайлбал, дээд боловсрол эзэмших, төгс ажилд орох, зөв хосоо сонгох, байр худалдан авч, гэр бүлтэй болох ёстой гэдгийг өөрийгөө ч бүрэн таньж амжаагүй биднээс манай нийгэм шаарддаг. Энэ тохиолдолд бид өөрсдийгөө гарцаагүй эргэн тойрон дахь хүмүүстэй харьцуулж эхэлдэг ба нэг байрандаа гацсан мэт мэдрэмж авдаг. Гагцхүү ийм сөрөг харьцуулалт нь хориод насны хямралыг илүү мэдрэмтгий болгох шалтгаан болдог аж.
ТЭГЭЭД ЮУ ХИЙВЭЛ БОЛОХ ВЭ?
20-иод насны хямралд орсноо хүлээн зөвшөөрсөн бол том өөрчлөлт хийх гэсний хэрэггүй. Харин ч амсхийж, өнгөрсөн үйл явдлуудаа эргэн дүгнэж, өнөөдрийн байдлаа хэрхэн бий болгосноо ойлгоход цаг хугацаагаа зарцуулах хэрэгтэй.
Яг одоо цагт буй өөрийгөө танин мэдээрэй
Өөрийгөө болон сэтгэл ханамжгүй байгаагийнхаа шалтгааныг илүү сайн ойлгохын тулд "mindfulness" арга барилыг ашиглах хэрэгтэй. Одоо байгаа цаг мөчдөө л төвлөрөх тухай энэхүү арга нь бодол, мэдрэмж, хийж буй үйлдлүүддээ анхаарч, ажиглахад тус болно. “Би яг одоо юу мэдэрч байна вэ?” гэж асуугаад, ажигласан зүйлсээ тэмдэглэж авахаа мартуузай.
Эхлэл цэг рүү эргэн очоорой
Өөрийгөө болон орчлон ертөнцийг харж буй үзэл бодол, итгэл үнэмшил тань хаанаас эхтэйг эргэцүүлээрэй. Хүүхэд байхдаа юу харсан, юу мэдэрсэн нь өнөөдрийн өөрийгөө хэрхэн харж байгаа вэ гэдэгт нөлөө үзүүлснийг мартаж болохгүй. Энэ бол туулсан амьдралаа эргэн харах, магад өөрийгөө дахин тодорхойлох боломж байж мэдэх юм.
Өнөөдрийн өөрийгөө ойлгоорой
Хэрхэн өнөөдрийн та бий болсон талаар эргэцүүлж бодсон бол одоо насанд хүрсэн хүний хувьд юу үнэ цэнтэй, үлдсэн амьдралаа хэрхэн өнгөрүүлэхийг хүсэж байгаагаа бодоорой. Амжилт гэж юу вэ, аз жаргал юугаар хэмжигдэх вэ, эрүүл амьдрах нь танд ямар утга учиртай вэ гэдгийг тодорхойл. Хүүхэд байхдаа танд аз жаргал авчирна гэж бодож байсан зүйл одоо танд аз жаргал өгдөггүй байж болох ч энэ нь хэвийн зүйл шүү.
Өөрийгөө битгий шүүмжлээрэй
Өөртөө болон ойр дотнын хүмүүсээ шүүмжилж бодохоо азна. Өмнө нь дурдсан өнгөрснөө эргэн харах нь эцэг эхээ буруутга гэсэн үг биш бөгөөд үүний адил урьд нь хийсэн сонголтоо буруутгах эсвэл шүүмжлэх хэрэггүй. Бидний ихэнх нь энэ насан дээр амьдралынхаа үлдсэн хугацаанд юу хийхээ шийдээгүй байдаг. Иймд өөрийгөө таних үйл явц бол насан туршийн туршлага байдаг тул хүн гэдгээ хүлээн зөвшөөрч, өөртөө эелдэг хандаарай.
Бусадтай өөрийгөө харьцуулахаа болиорой
Мэдээж энэ бол хэвийн зүйл. Гэхдээ хэтэрвэл өөрийгөө дутуу гэж мэдрэх эрсдэлтэй. Бусдын ажил, орлого, гадаад төрх, харилцаа ямар байгааг харж, найз нөхөд, хамт ажилладаг хүмүүс тань илүү аз жаргалтай, амьдралаа зохицуулсан мэт санагдаж байгаа ч тэдэнд ч бас таны үл мэдэх асуудал, бэрхшээл бий. Тиймээс өөрийгөө бусадтай харьцуулахын оронд өөртөө л анхаар. Бусдад тохирсон зүйл танд тохирохгүй байж болохыг ч бүү мартаарай.
ӨДӨР ТУТАМ ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?
Өөртэйгөө өдөр тутам харилцах: Бага байхад өдрийн тэмдэглэл хөтөлдөг байсан даа? Үүнийгээ дахин эхлүүл. Ингэхдээ өөрийнхөө төвлөрч, тухтай байж чаддаг цагтаа тухайн өдөрт болсон онцлох зүйлс, төрсөн мэдрэмж болон ямар хариу үйлдэл үзүүлсэн талаар бичээрэй.
Дасгал хөдөлгөөн хийх: Өөрийн бие бялдарт тохирсон дасгал хөдөлгөөнд зайлшгүй цаг гаргах хэрэгтэй. Энэ нь сэтгэлзүйд шууд нөлөөлөх бөгөөд ямар нэг зүйлийн ард гарсан мэт мэдрэмж өгдөг.
Хөгжихөд цаг гаргах: Өдөр бүр тогтмол цагаар дуртай номоо унших, подкаст сонсох аль эсвэл шинэ хэл сурсан ч болно. Ямар нэг байдлаар мэдлэгээ нэмэгдүүлэх нь өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж байдаг.
Нийгмийн харилцаагаа нэмэгдүүлэх: Нэг газраа гацсан мэт мэдрэмжийг зогсоох хамгийн үр дүнтэй арга бол шинэ хүмүүстэй танилцаж, шинэ хүрээлэлд орох билээ. Сүүлийн үед сонирхож байгаа чиглэлээрээ яриа нийлэх найзуудтай болох эсвэл зөвлөгөө авдаг ментортой болох нь тун үр дүнтэй.
Сахилга баттай байх: Өдөрт тогтмол унтах, босох цаг болон хийх зүйлсийн жагсаалт гаргаж, дадал болгох хэрэгтэй. Лондонгийн Их сургуулийн Эрүүл мэндийн сэтгэл судлаач Филиппа Лаллигийн хийсэн судалгаагаар бид аливаа зүйлийг дадал болгоход 2-8 сар шаардлагатай бөгөөд амьдралын хэв маягаа өөрчлөхөд зайлшгүй сахилга бат хэрэгтэй ажээ.
ГОЛ НЬ ЭНЭ БҮХЭН ХЭЗЭЭ ДУУСАХ ВЭ?
Юу таныг аз жаргалтай болгохыг мэдэхгүй байгаа энэ үе танд тухгүй санагдаж байгаа нь гарцаагүй. Гэлээ гээд энэ нь бүхнийг аль болох хурдан шийдэх ёстой гэсэн үг огт биш. Үргэлжлэх үйл явц учраас үр дүнд хурдан хүрэх гээд хэрэггүй. Мөн хүн бүрд харилцан адилгүй гэдгийг санаж, дээрх зөвлөгөөнүүдийг хэрэгжүүлээд үзээрэй.
n noyn 2025.08.18 103.168.34.21
goy niitlel baina, goy niitlel baina,goy niitlel baina,goy niitlel baina,goy niitlel baina,goy niitlel baina