А, Б, В, Г, Д … гэх дарааллыг урьд хожид сонордож байгаагүй уншигч цөөхөн биз ээ.
Гэтэл гар утас, компьютер, таблет гээд үсэг, тэмдэгт товшиж болох бүхий л төхөөрөмжийн гар товчлуурыг цагаан толгой бус "QWERTY" үсгийн дараалал эзэгнэсэн гэхэд хилсдэхгүй. Төрөл бүрийн нэрсийн жагсаалтаас эхлээд толь бичигт ч анзаарагддаг цагаан толгойн үсгийн дараалал яагаад бидний өдөр тутмын хэрэглээ болсон кэйбордод шингэж чадаагүй юм бол?
Хичээлийн ширээнд тохойн зэрэгцүүлсэн даруйдаа танилцдаг цагаан толгой хэрхэн бичгийн машины салхинд туугдсан тухайг эл нийтлэлээс сонирхоорой.
КРИСТОФЕР ШОУЛС
Бид QWERTY кэйборд руу яаран шилжихийн өмнө бичгийн машины түүхийг үзэглэсэн хэд хэдэн зохион бүтээгчидтэй танилцах хэрэгтэй. Тэдний томоохон төлөөлөл бол Америкийн зохион бүтээгч Кристофер Шоулс. Сонирхуулахад, тэрбээр бичгийн машины ажилдаа идэвхийлэн шамдахаас өмнө хэвлэл мэдээлэл, улс төр, нийтийн аж ахуй зэрэг төрөл бүрийн талбарт хүчээ үзээд амжсан байдаг.
Бичгийн машины хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулагч гэдгээс гадна энэхүү нийтлэлийн “гол баатар” болох QWERTY кэйбордын эцэг гэгддэг түүний анхны бүтээл үсэг бус тоо суурьтай байсан гэдэг нь сонирхол татна. Тодруулбал, номын хуудас, тасалбар зэрэгт ашиглагдах дугаарлагч машин (paginator/numbering machine)-ныг бүтээж, 1866 онд хамтрагч Самуэл Соулесын хамт патентлуулжээ.

ТООНООС УНДАРСАН ҮСЭГ
Шоулс тун удалгүй хуульч, зохион бүтээгч Карлос Глидденийн тусламжтайгаар үсгийг цаасан дээр буулгагч птеротайп (pterotype) машины тухай мэдсэнээр дугаарлагч машинаа бичгийн машин болтол нь хөгжүүлэх сэдлээ олж авсан байна. Америкийн сэтгүүлч, зохион бүтээгч Жон Праттын бүтээл птеротайп нь бичгийн машины хамгийн анхны хувилбаруудын нэг. Анх зохион бүтээгдээд тун удалгүй Scientific American сонинд танилцуулагдсан уг бүтээл хэдийгээр анхаарал татам ч өдөр тутмын, олон нийтийн хэрэглээнд нэвтрүүлэхэд адармаатай горимоор ажилладаг байв.
Тодруулбал, машины хоёр талд байрлах зургаан товч нь 6 x 6 үсгийн матрицыг хэвтээ болон босоо чиглэлд хөдөлгөн удирдаж, хүссэн үсгийг сонгон ажилладаг байв. Улмаар бяцхан алхаар цаасны ар талаас цохилт өгсний үр дүнд сонгогдсон үсгийг хэвлэдэг аж. Гэвч птеротайпаас ч өмнө хүн төрөлхтөн гарын чилээг хөнгөлж, бичгийн ажлыг илүү үр бүтээлтэйгээр гүйцэтгэх олон төхөөрөмжийг туршин хөгжүүлсээр ирснийг ч дурдууштай.

ТӨГӨЛДӨР ХУУР
Тэдгээрийн нэг жишээ нь дэлхийн анхны кэйбордод суурилсан харилцаа холбооны төхөөрөмжийг зүй ёсоор төлөөлөгч Хьюгсийн телеграф. Тус телеграфын систем 1840-өөд онд өргөн тархаад байсан байсан Морзын кодын хэрэглээг халж, мэргэшсэн Морзын код хөрвүүлэгчдийн оролцоогүйгээр гагцхүү цахилгаан долгионыг ашиглан мэдээллийг тэр даруй үг үсгийн форматаар дамжуулж чадсанаараа онцлог. Маш энгийнээр бол, цахилгаан зурвасын систем гэсэн үг.
Тухайн үедээ төгөлдөр хуурын загварыг дуурайн кэйборд гэгчийг зохиож, хөгжмийн нот бус үг үсгээр эгшиглэдэг хачин содон төхөөрөмжийг бүтээсэн явдал нь олны анхаарлыг ихэд татсан нь лавтай.

Тэгвэл энэ төгөлдөр хуурын мэт зохион байгуулалтыг Шоулс ч өөрийн хамтрагч Глидден, Соулес нарын хамт дахин дуурайж, өөрсдийн зохион бүтээсэн анхны “хэрэглээнд нийцтэй” бичгийн машиныг 1868 онд патентлуулжээ.
Сонирхуулахад, тэд 0 ба 1 цифрийг англи хэлний O болон I үсгээр орлуулах боломжтой хэмээн үзсэний үндсэнд анхны кэйбордоо бүтээхдээ хоёр цифрийг гээгдүүлсэн гэдэг. Ийнхүү төгөлдөр хуурын хар, цагаан даралт хооронд сөөлжилдсөн үсэг, тэмдэгтийн дараалал доорх байдлаар гарч байв:
3 5 7 9 N O P Q R S T U V W X Y Z
2 4 6 8 . A B C D E F G H I J K L M

Мэдээж тэдний санаа цоо шинэ байгаагүй. 1820-иод оноос хойш зохион бүтээгчид мөчөөгөө өгөлгүй туршиж, хөгжүүлсээр ирсэн хэвлэл, шивэлтийн төхөөрөмж олон байсан ч ихэнх нь птеротайп шиг адармаатай, зарим тохиолдолд алдаатай байснаар зогсохгүй ихэвчлэн үзүүлэнд байрших, цөөнхийн хэрэглээг хангах зориулалтаар хэрэглэгдэж байв. Харин Шоулс тэргүүтэй багийн бичгийн машин жинхэнэ утгаараа зах зээлд нэвтэрч чадсанаар түүхэнд ч тод гэгч ул мөрөө үлдээжээ.
Хэдийгээр тэдний бүтээсэн бичгийн машинд та бидний сайн мэдэх Space, Shift товчууд дутагдаж байсан ч зохион бүтээгчид тогтмол хичээл зүтгэлийн үр дүнд асуудлыг нэг нэгээр цөөлсөөр байв. Харин нэг асуудал удаа дараа давтагдсаар байсан нь цагаан толгойноос үүдэлтэй гэж үздэг хүн олон.
ЦАГААН ТОЛГОЙН ЦАРЦАЛТ
Юун түрүүнд Шоулсийн бичгийн машин 100 хувь механик үйл ажиллагаатайг эргэн санацгаая. Механик бичгийн машины гол бүрдэл хэсэг нь type-bar буюу үсэг, тэмдэгт тус бүрд холбогдсон металл гарууд. Өөрөөр хэлбэл, та кэйборд дээрх аль нэг үсгийг дарахад тэр үсэгтэй холбон бэхэлсэн металл гар дээш савж, бэхтэй туузын ард байрших цаасанд цохилт өгснөөр шивэлт хийгдэнэ гэсэн үг. Чухам энэ шалтгаанаар цагаан толгойн үсгийн дараалал бэрхшээл үүсгэж эхэлсэн гэдэг.

Аль ч хэлний цагаан толгойд бусдаасаа илүү түгээмэл ашиглагддаг үсгүүд гэж бий. Тэгвэл тэдгээр үсгүүд механик кэйборд дээр хоорондоо ойр байрших нь шивэлтийн дундуур гацалт үүсэх эрсдэлийг нэмдэг. Учир нь тэрхүү үсгүүдтэй бэхлэгдсэн металл гарууд ээлж дараалан дээш савагдах явцдаа өөр хоорондоо мөргөлдөж, хавиралдах тохиолдол гардаг байна. Олон ашиглагддаг үсгүүд ойрхон байрлах тусам энэ мөргөлдөөний тоо ихэснэ.
Төсөөлөөд үзье. Хэрэв А үсгийн металл гар дээш савагдан доош бууж амжаагүй байтал Б үсгийн гар дээш савагдчихвал хоёр гар хурдтай шивэлтийн явцад угталцан “осолдох” аюултай. Бидний өдөр тутмын амьдралд тохиолддог үйл явдалтай зүйрлэвэл, нэг хүн хаалгаар гарч амжаагүй байтал нөгөө хүн нь өрсөж орох гэж зүтгэснээс болж түгжрэл үүсэж буйтай агаар нэг.
Харин англи хэлэнд хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг үсгүүдийн цагаан толгой дахь байрлал хоорондоо ойр байдгаас үүдэж уг “осол” улам илүү давтагддаг байжээ. Үүний зэрэгцээ өргөн хэрэглээний хоршоо үсгүүд буюу аливаа үгэнд зэрэгцэн байрладаг үсгүүдийн давтамжийг ч харгалзан үзэх хэрэг гарсан аж. Иймд Шоулс ба түүний хамтрагчид түгээмэл ашиглагддаг үсгүүдээс гадна H & E, N & A, R & O зэрэг хоршоо үсгүүдийг бие биеэс нь зайчилж, бичгийн машины ачааллыг тэнцвэржүүлэх арга нь цагаан толгойн үсгийн дарааллаас татгалзахшбайсан аж. Ингэж л бид өнөөгийн QWERTY кэйбордтой золгосон гэдэг.
Сонирхуулахад, QWERTY байрлалын эхний мөрөнд буй үсгүүдээр typewriter гэх үгийг бичиж болдог.
МОРЗЫН КОД
Гэвч англи хэлэнд “үнэнхүү түгээмэл” хэмээгддэг олон хоршоо үсэг QWERTY кэйборд дээр тун ойрхон байрладаг гэдгийг мартаж болохгүй. Жишээ нь:
T & H
E & R
S & E
E & R
Ингээд харвал QWERTY кэйборд үүргээ дутуу гүйцэтгэсэн үү, эсвэл бидний мэдэж амжаагүй өөр шалтгаанууд байна уу гэх эргэлзээ үүсмээр. Ихэнх эх сурвалжид QWERTY-ийн гол зорилгыг шивэгчийн хурдыг сааруулах замаар бичгийн машинд үүсэх саатлыг багасгах хэмээн тайлбарладаг бол зарим нь үүнийг эрс үгүйсгэж, Морзын кодтой холбох нь ч бий.
Сонирхолтой нь, Киотогийн Их сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны Судалгааны Институтиас 2011 онд эрхлэн гаргасан нэгэн судалгааны ажил тэрхүү эх сурвалжуудын нэг ажээ.

Судалгааны багийн дэвшүүлсэн гол санааг ойлгохын тулд Америкийн анхны Морзын кодын үүсгэдэг байсан хоёрдмол утга руу өнгийе.
Анх Морзын кодод Z үсгийг “··· ·” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд энэ нь "S(···) E(·)" гэсэн хоршоо үсгийн дохиотой төстэй тул Морз хөрвүүлэгчид багагүй төөрөгдөлд ордог байв. Хэдийгээр өнөө цагт интернэтэд олноор байршсан Морзын кодын ерөнхий загвар анхны хувилбартайгаа ойролцоо ч Z үсэг болон SE хоршлын хооронд үүсдэг байсан толгой эргэм эргэлэг дахин давтагдахааргүйгээр шинэчлэгдсэнийг анзаарах боломжтой.
Морзын дохио хүлээн авагчид аливаа дохиог хурдан хугацаанд, үнэн зөвөөр хөрвүүлэх мэргэжлийн шаардлагын хажуугаар энэхүү адармаатай эргэлэгтэй нүүр тулдаг нь ажлын бүтээмжид эергээр нөлөөлөөгүй нь лавтай. Мөн энэхүү бэрхшээл үгийн эхэн хэсгийг хөрвүүлэх үед бүр ч илүү тохиолддог байсныг судалгаанд дурдсан билээ.
Иймд Морзын код хөрвүүлэгчид ирж буй дохиог хам сэдвийн хүрээнд таньснаар хоёр сонголтын алийг нь ч хийхэд үсгийн товчлуур гарт ойр байлгах зорилгоор тухайн үед хөрвүүлэгчдийн хэрэглээнд нэвтрээд байсан QWERTY кэйбордод S, Z, E үсгүүдийг мөр дараалуулан эгнүүлэхээр болсон гэдэг.

“QWERTY ХАНГАЛТГҮЙ!”
Энэ мэтээр QWERTY-ийн үүслийн тайлбарлах гэж оролдсон хэд хэдэн “онол” бий. Гэвч тус кэйбордыг зохион бүтээгчид, эсвэл тэдний бичгийн машины патентыг худалдан авсан Remington компани ч энэ тал дээр албан ёсны тайлбар хийсэн гэх түүхэн баримт байдаггүй. Иймд энэ сэдвийн хүрээнд дэвшүүлсэн бүхий л санаа таамаглал хэвээр үлдэнэ гэдгийг бодууштай.
Гол асуудал хамгийн оновчтой тайлбарыг олж тогтооход бус QWERTY яагаад өнөө цагт ч ашиглагдсаар байгааг анзаарахад оршино.
Морзын кодод эргэлэг үүссэнээс, механик бичгийн машины гацалт даамжирснаас гээд аль ч шалтгаанаар QWERTY үүссэн байж магад. Гэсэн ч QWERTY-ийн гол зорилго ердөө 19-р зууны механик асуудлуудаас хэтрэхгүй юм бол энэхүү кэйбордыг цаашид хэрэглэх эсэх шийдвэр бүхэлдээ шивэлтийн үр бүтээмж, тав тухаас хамаарах учиртай. Гэтэл энэ тал дээр QWERTY-ээс хавь илүү гэгддэг өөр олон кэйборд бий. Тэдгээрийн төлөөлөл бол DVORAK.

ӨӨР СОНГОЛТ БИЙ ЮУ?
Август Дворак гэх боловсролын сэтгэл судлаач, Вашингтоны Их Сургуулийн профессор 1930-аад онд Уильям Дилигийн хамт DVORAK нэрт цоо шинэ форматыг хөгжүүлж, 1936 онд патентлуулсан байдаг.
DVORAK кэйборд QWERTY-ээс ялгаатай нь кэйборд дээрх үсгийн дарааллаар бус зохион бүтээгчийнхээ нэрээр шууд нэрлэгдсэн. Үүнээс ч чухал бас нэг ялгаа нь зохион бүтээгчдийн албан ёсны тайлбар бүхий ном. Тодруулбал, Август Дворак тэргүүтэй баг өөрсдийн бүтээлийг патентлуулахтай давхцуулж “Typewriting Behaviour” гэх 470 гаруй хуудастай номоо олны хүртээл болгож байв. Уг номд бичих, шивэхүйн ач холбогдол болоод DVORAK-ийн давуу тал, цаашлаад тус форматыг QWERTY-тэй харьцуулсан нарийн судалгаа цөм багтжээ.

Уг номд тайлбарласнаар QWERTY кэйборд зүүн гард 56 хувийн ачаалал өгч буй нь үр бүтээмжид сөргөөр нөлөөлөхүйц загвар аж. Учир нь ихэнх хүмүүс зүүн гар бус баруун гараа илүү ашигладаг шүү дээ. Оронд нь зүүн гард ирэх ачааллыг тэнцвэржүүлж, баруун гарт яльгүй их ачаалал өгсөн нь зөв шийдэл гэжээ.
Цаашлаад, кэйбордын гол мөрөнд эгшиг, гийгүүлэгчийг хоёр талд тусгаарласнаар аливаа үгийг шивэх үед эгшиг, гийгүүлэгчийг “эрээлжлүүлэн” ашиглах шаардлагатай гарч, хоёр гар илүү сайн хоршиж ажиллах боломж бүрдэнэ гэв. Улмаар баруун, зүүн гар тэнцвэртэй хавсарч, хурдтай ажиллах боломж QWERTY кэйборд дээр ажиллах үед дунджаар 48% байдаг бол DVORAK кэйборд энэ тоог 67% болтол нь өсгөсөн гэж дурдаад ч амждаг.

DVORAK кэйбордыг ашиглаж үзсэн хүмүүс дээрх баримтуудтай санал нэгдэх нь олон. Гэсэн ч шинжээчид эдгээр харьцуулалтыг 100% үнэн зөв хэмээн баталж амжаагүй л явна. Угаас хүн бүрийн шивэлт хийх зан авир хоорондоо яг таг адилхан байхгүй учир энэ тал дээр “туйлын үнэн” дүгнэлт гаргах ч хүндрэлтэй гэдэг нь дамжиггүй.
Үүний зэрэгцээ Шоулс ч нас барахаасаа жилийн өмнө буюу 1889 онд XPMCH гэгч шинэ кэйбордыг патентлуулах хүсэлт илгээсэн түүхийг сөхвөл QWERTY-ийн зохион бүтээгч ч уг кэйбордыг цааш сайжруулах боломжтой хэмээн үзсэн хэвээр насыг барсныг илтгэдэг.

ДАССАН ГАЗРЫН ДААВУУ ЗӨӨЛӨН

Тэгвэл DVORAK яагаад QWERTY-г орлож чадаагүй юм бол? Энэ асуултад мөн л баттай хариулт өгдөг хүн цөөхөн ч ихэнх нь QWERTY кэйборд DVORAK-аас түрүүлж хэрэглээнд нэвтэрсэнтэй холбон тайлбарладаг. QWERTY-д үүссэн хамгийн том давуу тал бол хүмүүс бичгийн машин гэгчийг ашиглаж сурахын тулд тус машин дээрх кэйбордыг ч ашиглаж дадах зайлшгүй шаардлагатай тулгарсан явдал. Харин DVORAK хэрэглэгчдийг өөртөө татах ямар нэг шинэлэг бүтээгдэхүүнтэй байгаагүй.
Түүнчлэн QWERTY кэйборд бүхий бичгийн машиныг зах зээлд нэвтрүүлсэн Remington компани бичгийн машины оролцоогүй шивж сурахад зориулсан “Touch Typing Course”-аа зарласан нь ч жинтэй нөлөө үзүүлсэн гэлтэй. Уг сургалтын материал урьд хожид кэйборд ашиглаж үзээгүй хүмүүст QWERTY-ийн үсгийн зохион байгуулалтыг харгалзах хурууны хуваарилалттай нь зааж өгсөн учир шивэлт хийх рефлексийг нь ч QWERTY кэйбордоос хамааралтай болгож чадсан гэсэн үг. Энэ мэтээр хэн бүхний толгойд хоногшиж чадсан QWERTY кэйборд одоо ч хэрэглэгдсээр байна.

"БИДНИЙ" КЭЙБОРД
Энэ хүртэл тогтож суусан уншигч та монгол хэл дээрх кэйборд ч хэрхэн бүтсэн тухай сонирхож байгаа нь лавтай. Хэрэв та Орос кэйборд ашиглаж үзсэн бол үүний хариултыг төвөггүйхэн олсон гэдэгт итгэлтэй байна. Учир нь монгол хэл дээрх кэйборд хэрэглээнд нэвтрэхдээ орос хэлний кирилл кэйбордод суурилан бүтсэн түүхтэй. Үүнээс ажвал “бидний” кэйборд монгол хэлийг шинжилж, тусгайлан судалсны үндсэнд зохион бүтээгдсэн үү гэх эргэлзээ төрөх биз ээ. Мэдээж орос хэлний цагаан толгойд байдаггүй Ө, Ү үсгийг нэмэлтээр байрлуулах гэх мэт үл ялиг өөрчлөлт анзаарагдахыг үгүйсгэж боломгүй.
Хэдийгээр орос, монгол хэлний авиа зүй хоорондоо тун төстэй ч аливаа хэлний онцлогийг авиа зүй бүрэн илэрхийлдэггүй билээ. Гэвч нэгэнт монгол хэрэглэгчдийн QWERTY болоод амжсан ЙЦУКЕН кэйбордын нас богинохон байхгүй нь тодорхой.


Сэтгэгдэл бичих

