Гоймон бол дэлхийн хамгийн олон хэлээр “ярьдаг” хоол. Хятадаас Торгоны замаар дамжин Төв Ази, Ойрх Дорнод, улмаар Европ хүртэл тархахдаа гоймон гээч хүнс нь зөвхөн гурил, усны холимог хэмээх ойлголтоос хальж, тухайн нутаг орны онцлог, амт, соёл, уламжлал, амьдралын хэв маяг бүхнийг өөртөө шингээсээр өнөөг хүрчээ. Үүнийг бид Хятадын ламен, Япон, Солонгосын рамен, Вьетнамын фо, Тайландын пад тай, Италийн паста, Монголын лапша гэхчлэн идэх дуртай төрөл бүрийн амтаараа мэдэх билээ.
Иймд бид шинэхэн нийтлэлдээ сорж идэх соёлын давлагааны талаар сонирхолтой түүх, баримтыг хүргэхийн сацуу эх орны брэнд Лапша гоймонг онцолж байна.

ГОЙМОНГИЙН ҮҮСЭЛ
Археологийн олдворуудыг авч үзвэл Хятадын Цинхай мужийн нутгаас олдсон 4000 жилийн настай шар будааны гоймонгоос эхлэлтэй. Уг нээлт нь хүн төрөлхтний хоол хийх ур чадвар, уран сэтгэмжийн түүхэнд томоохон нөлөө үзүүлсэн хэмээн судлаачид үздэг төдийгүй хөдөө аж ахуйн салбар нь хөгжихийн хэрээр гоймонгийн төрөл зүйл, хийц улам бүр нарийсаж, бүс нутаг бүрээр ялгарах бүтээлч хоолнууд бий болжээ.
Эртний хятадуудын хувьд гоймон зүгээр ч нэг хоол байсангүй. Учир нь тэд урт гоймонг удаан үргэлжлэх аз жаргалтай амьдрал хэмээн итгэн үнэмшиж, төрсөн өдөр тэргүүтэй тэмдэглэлт баярын үеэрээ заавал иддэг уламжлалтай байж. Үүнээс гадна гоймон хийх арга барилын хувьд ч өөрсдийн гэсэн уран сайхны хэлбэртэй байлаа. Ла мянь (拉面) буюу татмал гоймонтой шөл нь тухайн үеийн ур чадвар, тэвчээр, ухааны илэрхийлэл байсан ба хоолыг хийж буй хүний гарын хөдөлгөөнөөс шалтгаалан үүнийг хоол гэхээсээ илүү “урлагийн бүтээл” болгодог байв.

ГОЙМОНГИЙН ДАВЛАГАА
Хятадаас эхтэй гоймонгийн давлагаа нь энэхүү хүнсний уян хатан, дасан зохицох чадварыг илтгэдэг. Жишээлбэл, Итали Улсад гоймонгийн нэг төрөл болох паста үүссэнээр дэлхийн хоолны түүхэнд шинэ үе эхэлж байв. Итали пастаны гол орц нь хатуу улаан буудайн гурил (semolina di grano duro) ба үүгээрээ Ази гоймонгоос ялгаатай байлаа. Улмаар спагетти, фузилли, пене, равиоли зэрэг олон хэлбэр, хэмжээтэй паста үүссэн байдаг. Мөн ургамал, амтлагч, цаг уурт нийцсэн төрөл бүрийн соусууд Итали пастаг дэлхийд таниулсан юм.
Харин Японд гоймон өөрийн гэсэн дүр төрхөө олжээ. Тэд удон болон соба хэмээх хоёр үндсэн төрлийг бий болгосон ба удон нь улаан буудайн зузаан, зөөлөн гоймон бол соба нь хар буудайгаар хийгддэг. Эхэндээ язгууртнууд хэрэглэдэг байсан уг хоолыг 13-14 дүгээр зуунаас ард түмэн нь идэх болж, нутгийн уур амьсгал, хүнсний онцлогт тохируулан хөгжүүлжээ. Мөн л бүс нутгийн онцлогоор ялгардаг ба Хоккайдогийн мисо рамен, Токиогийн соя соустай рамен, Фүкүокагийн ясны шөлтэй тонкоцу рамен гэх мэт тусгай амтуудыг бүтээсэн байна.

Цаашлаад Өмнөд Солонгосын гоймонгийн соёлыг дурдахгүй өнгөрч үл болно. Солонгосын гоймонгийн соёлын эхлэл 1960-аад оноос, дайны дараах эдийн засгийн хүнд хэцүү үед тавигджээ. Тодруулбал, 1963 онд Samyang Foods компани анхны Солонгос бэлэн гоймонг үйлдвэрлэсэн нь улс оронд түргэн, хямд, тэжээлтэй хүнсний шийдэл болж байв. Солонгос рамен дэлхийн бусад гоймонгоос халуун ногоотой улаан өнгийн шөл, хүчтэй амтаараа ялгардаг билээ.
Мэдээж гоймонгийн аялал үүгээр зогссонгүй. Зүүн өмнөд Азийн халуун бүс нутагт будаа суурьтай хэлбэрээр хөгжиж, тухайн орны хүнсний онцлогийг илтгэх шинэ амт, шинэ өнгийг бий болгосон юм. Вьетнамд фо шөл үндэсний бахархал бөгөөд тунгалаг үхрийн махны шөл, цагаан будааны нимгэн гоймон, шинэхэн ургамлын хослолоор олны таашаалд нийцжээ. Харин Тайландын пад тай гоймон нь шарж хуурсан хэлбэрээр хөгжсөн төдийгүй самар, өндөг, хавч, халуун ногоо зэргээр тухайн улсын цаг уур, ард түмнийх нь амтлах мэдрэмжтэй салшгүй холбогдож байлаа.
ТЭГВЭЛ МАНАЙ СОЁЛД ХЭРХЭН НЭВТЭРСЭН БЭ?
Чингис хааны их цэрэг 13-р зууны эхэнд тэр үеийн Дундад Азийн хамгийн хүчирхэг гүрэн болох Хорезмтай дайтан ялж, олон мянган сартуул хүнийг олзлон Монгол нутагт авчирч байжээ. Тэдгээр сартуулууд Монголын нутагт хэдэн зууны туршид үе удмаараа суурьшин амьдарсан ба энэ хугацаанд узбек буюу сартуул үндэстний хоолыг хийж иддэг байсан нь бидний сайн мэдэх гурилтай шөл юм. Энэ хоол аажмаар “монголчлогдон” хэрчсэн гурилтай шөл, сүүлдээ харь хэлнээс улбаатай лапша хэмээх орос нэрээр уламжлагдан өдий хүрчээ.
ГОЙМОНГИЙН ЭДИЙН ЗАСАГ
Өдөр тутмын хэрэглээ болсон гоймон нь угтаа асар том эдийн засгийн хөдөлгөгч хүч болж буй. Түүхий эдийн өртөг бага, үйлдвэрлэлийн үр ашиг өндөртэйн сацуу цөөн орц, энгийн технологиор их хэмжээний бүтээгдэхүүн гаргах боломжтой нь гоймонг олон улсын хүнсний салбарт масс үйлдвэрлэлийн амжилттай жишээ болгож байгаа юм.
Жишээ нь, Статистагийн мэдээлснээр Японы гоймонгийн зах зээл 2024 онд 9.63 тэрбум доллар байсан бөгөөд ирэх таван жилийн хугацаанд жилийн нийлмэл өсөлтийн хурд нь (CAGR) 3.23 хувиар өсөх төлөвтэй байгаа аж. Мөн Өмнөд Солонгосын бэлэн гоймон тэргүүтэй хүнсний бүтээгдэхүүний экспорт сүүлийн 10 жилийн хугацаанд жил бүр дунджаар 8 хувиар өсжээ. Түүнчлэн Солонгосын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас (KCCI) гаргасан тайланд дурдсанаар, хүнсний нийлүүлэлт 2015 онд 3.51 тэрбум ам.доллар байсан бол 2024 онд хоёр дахин нэмэгдэж, бэлэн гоймонгийн нийлүүлэлт 7.02 тэрбум ам.доллар болсон байна.
99%-ийн төгрөгийн дотоодын худалдан авалттай Лапша брэнд

2012 онд зах зээлд гарч ирсэн Лапша брэндийн бүтээгдэхүүн бүх түүхий эдээсээ эхлээд сав баглаа боодлоо хүртэл дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийлүүлж, монгол ажилчдаар хүний нөөцөө бүрдүүлэн ажилладаг, 99 хувийн дотоодын худалдан авалтаар бүтээгддэг брэнд юм. Нэг ёсондоо тэд жинхэнэ утгаараа дотоодын хэрэгцээг эх орны үйлдвэрлэлээр хангаж буй хамт олон юм.
Монгол Улсын эдийн засгийн дархлаа нь дотоодын худалдан авалт, үндэсний үйлдвэрлэлээс шууд хамааралтай. Гэвч өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний ихэнх нь импортынх бөгөөд жил бүр хэдэн арван сая доллар гадагшаа урсаж буй. Гагцхүү энэ урсгалыг зогсоож, төгрөгөө эх орондоо үлдээдэг цөөн бүтээгдэхүүний нэг нь Лапша брэндийн гоймон юм. Өөрөөр хэлбэл, энэ бүтээгдэхүүнээс нэг ч валют гадагш урсахгүй, харин монгол айл өрхийн орлого, дотоодын бизнесийн ашиг, ажилтны амьдрал руу эргэн очдог нь бодит эдийн засгийн үр нөлөө болж байгаа гэсэн үг. Иймд тэд үндэсний үнэт зүйл, төгрөгийн үнэ цэнийг эх орондоо хадгалж буй бодит эх оронч брэнд юм.


Сэтгэгдэл бичих

