Хүн болгонд сэтгэл хөдлөлөөр эсвэл хэн нэгний зөвлөгөөг дагаж худалдан авсан ном цөөнгүй бий биз ээ. Гэвч хэдхэн хуудас уншсаны дараа шүүгээн дээр тоосонд дарагдаж, дуусгаагүй үлдээсэн номуудын эгнээнд ордог дүр зураг ч түгээмэл байх. Бидний ихэнх нь шинэ ном эхлүүлсэн л бол заавал дуусгах ёстой гэсэн бичигдээгүй дүрэмд баригдаж, "Би ер нь ном уншиж чадахаа больчхож" хэмээн өөрийгөө зүхэж байсан удаа ч олон тохиосон биз. 

Тэгвэл номыг заавал дуустал нь унших ёстой гэх ойлголт нь уншигчийн сэтгэл зүйд дарамт үүсгэж, улмаар ном унших сонирхлыг бууруулдаг болохыг сэтгэл судлал болон зан төлөвийн эдийн засагчдын хийсэн зарим сонирхолтой судалгаанууд баталжээ. Тухайлбал Нобелийн шагналт эдийн засагч Даниэль Канеман, Амос Тверски нарын боловсруулсан сэтгэл зүйн шийдвэр гаргалтын онол болон  Sunk Cost Fallacy буюу "задаргаагүй зардлын төөрөгдөл" хэмээх сэтгэл зүйн үзэгдлээр хүмүүс нэгэнт зарцуулсан мөнгө  болон цаг хугацаандаа харамсаж, сонирхолгүй номоо хүчээр уншсаар байдгийг тайлбарласан байна. 

Задаргаагүй зардлын төөрөгдөл

Америкийн Вашингтон хотод байрладаг олон нийт, нийгмийн хандлагын томоохон судалгаа хийдэг байгууллагуудын нэг болох Pew Research Center-ээс явуулсан уншлагын дадлын судалгаагаар уншигчдын 30 гаруй хувь нь сонирхолгүй номоо хүчээр дуусгах гэж хичээснээс болж ном унших нь асар их ачаалал, ядрах мэдрэмж төрүүлдэг гэжээ. Тэрчлэн ном унших үйл явцыг сөрөг, хүнд хэцүү даалгавар гэж хүлээн авч, уншлагын гацалтад ордог байна. Тэгвэл энэхүү асуудлыг шийдвэрлэхийн тулд Америкийн номын шүүмжлэгч Нэнси Пэрл өөрийн “Book Lust” бүтээлдээ алдарт "50 хуудасны дүрэм"-ийг боловсруулсан ба эхний 50 хуудсанд ном таны сонирхлыг татахгүй бол шууд орхиж, дараагийн ном руу шилжихийг зөвлөжээ.

30 гаруй жил номын санчаар ажилласан түүний хувьд уншигчдаас асуулга авч судалгаа хийхэд номыг хүчээр уншиж дуусгах гэж оролдох тусам ном унших сонирхол аажмаар алга болдгийг анзаарсан байна. Мөн аливаа номын зохиолч эхний 50 хуудсанд зохиолын өрнөл болон гол агуулгаа танилцуулж амждаг гэдгийг ч ажиллаж байх хугацаандаа анзаарчээ.

Хайгуул уншлагын арга

Номыг заавал эхний хуудсаас эхлэн үг нэг бүрчлэн унших албагүй. Мортимер Адлер, Чарльз Ван Дорен нарын "How to Read a Booк” бүтээлд хайгуул уншлагын аргыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү арга нь номыг худалдан авах эсвэл дуустал нь унших шаардлагатай эсэхийг шийдэхийн тулд эхлээд гарчиг, өмнөх үг, товч тоймыг гүйлгэн харж дурын нэг бүлгийн хоёроос гурван хуудсыг уншихад хангалттай гэж үзсэн байна. Хэрэв энэ хугацаанд зохиолчийн бичиглэлийн хэв маяг, тухайн номын агуулга уншигч таны сонирхолд нийцэхгүй байвал шууд дараагийн бүтээл рүү шилжих нь зүйтэй аж.

Зараа ба үнэгний зарчим

Эртний Грекийн найрагч Архилохын "Үнэг олон зүйлийг мэддэг, харин зараа тодорхой нэг зүйлийг маш сайн мэддэг" гэх агуулгатай шүлгээс сэдэвлэн Британийн философич Исайя Берлин 1953 онд "Зараа ба үнэг" (The Hedgehog and the fox) нэртэй философийн эсээгээ бичсэн байдаг. Тэрээр сэтгэгчид болон зохиолчдыг хоёр төрөлд хуваасан төдийгүй хожим энэхүү санаа нь уншлагын чухал арга барил болон өргөжжээ.

Зөвхөн нэг сэдвээр гүнзгийрүүлэн уншдаг уншигчийг "Зараа" харин өөр олон төрлийн сэдэвтэй номыг ээлжлэн уншдаг уншигчийг "Үнэг" гэж тодорхойлно. Сонирхолгүй нэг ном дээрээ гацахаас сэргийлэх оновчтой зам нь "Үнэг" арга бөгөөд ингэхдээ уран зохиол, түүх, хувь хүний хөгжлийн гэх мэт 2-3 номыг зэрэг эхлүүлж, тухайн өдрийн сэтгэл зүйн байдалдаа тохируулан уншдаг. Энэ нь тархийг олон талаас нь ажиллуулж унших дадалд эерэг нөлөө үзүүлдэг ажээ.

"Хэсэгчилсэн уншлага" буюу Сэндвич арга 

Мичиганы Их сургуулийн профессор Пол Н. Эдвардс өөрийн зааварчилгаанд дэвшүүлсэн “хэсэгчилсэн уншлага буюу сэндвичийн арга” нь уран зохиолоос илүү хувь хүний хөгжил, бизнес санхүүгийн сэдэвтэй номыг түлхүү сонгодог уншигчдад тохиромжтой хэмээжээ. Номын хамгийн чухал санаа нь ихэвчлэн эхний бүлэг болон хамгийн сүүлчийн бүлэгт төвлөрдөг. Харин голын бүлгүүдэд агуулагдаж буй зарим нэгэн бодит кейс, жишээнүүдийг нуршсан байх талтай тул эхний бүлгийг уншаад шууд сүүлчийн дүгнэлт бүлэг рүү шилжих замаар номын гол цөмийг ойлгож болно гэжээ. Хэрэв төгсгөлийн дүгнэлтийг уншаад илүү гүнзгий ойлгох шаардлагатай гэж үзвэл голын бүлгүүдийг сонгож унших боломжтой. Ингэснээр уншлагын ачааллыг 60 гаруй хувиар багасгадаг байна.

Уншигчийн 10 эрх

Францын зохиолч Даниэль Пеннак "Comme Un Roman" (The Rights of the Reader) хэмээх бүтээлдээ унших гэдэг нь гэрийн даалгавар эсвэл заавал биелүүлэх ёстой албадлага биш бөгөөд хувь хүний цэвэр эрх чөлөө байх ёстой хэмээн үзэж "Уншигчийн 10 эрх"-ийг тунхагласан байдаг. Тэрээр уншигчийн хамгийн эхний, чухал эрхийг "Номыг дуусгалгүй орхих эрх" хэмээн тодорхойлж, таалагдахгүй эсвэл тухайн цаг үедээ тохирохгүй байгаа номыг хүчлэх нь унших таашаалыг үгүй хийдгийг сануулжээ. Түүнчлэн хуудас алгасах, хаана ч хамаагүй унших, энд тэндээс нь эргүүлж харах болон уншсан номынхоо талаар бусдад тайлагнахгүй, чимээгүй үлдэх зэрэг эрх нь уншигчийг нийгмийн болон сэтгэл зүйн дарамтаас ангижруулж, унших дадлаа хадгалахад тусалдаг байна.

Эцэст нь дүгнэхэд ном унших нь та өөрийгөө хэн нэгэнд батлан харуулах эсвэл гэмших шалтгаан биш юм. Харин ч өөртөө зориулж буй оюуны хөрөнгө оруулалт учраас өөрийн сонирхол, унших сэдвийг тодорхойлох боломж гэж харах хэрэгтэй. Тиймээс дараагийн удаа уншихад сонирхолгүй номтой тааралдвал дээр дурдсан 50 хуудасны дүрмийг ашиглаж, таалагдахгүй бол өөр ном унших нь хэвийн зүйл гэдгийг санаарай.