Та бидний гэр, оффис, дуртай кофе шопоос эхлээд тоглоомын талбай хүртэл өнөөгийн бодит төрхөө олоход үл хөдлөхийн салбар салшгүй үүрэг оролцоотой ажилладаг билээ. Хөгжүүлэлт, ханган нийлүүлэлт, зураг төсөл, эрчим хүчний холболт гээд олон талын оролцооноос бүрэлддэг уг салбарт тулгамддаг асуудал цөөнгүй. Гэсэн ч хамтын ажиллагаа өргөжүүлэх, эрсдэлээ хуваан үүрэлцэх, цаашлаад дэд бүтцийн нэг шугаман шийдлүүдийг боловсруулах замаар тэрхүү бэрхшээлийг даван туулах боломжтойг салбарынхан онцолдог. Харин үүний биелэл болж БЛОК клуб байгуулагдсан бөгөөд өчигдөрхөн анхны уулзалтаа хийлээ.

Бид эл нийтлэлээр үл хөдлөхийн салбарынхны мэдлэг туршлагаа солилцох, хамтран ажиллах шинэхэн талбар болсон уг клуб ямар шалтгаанаар, хэрхэн үүсгэн байгуулагдах болсныг хүргэж байна. Үүний зэрэгцээ тус салбарын дээвэр дор төрөл бүрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компанийн төлөөллүүд салбарын онцлог, хөгжлийн үе шатын талаар хуваалцсаныг дурдууштай. Ийнхүү их хотын өнгө төрхийг тодорхойлоход гар бие оролцогчид нэг дор цугласан энэхүү оройн тоймыг сонирхоцгооё. 


ЮУ?

Юун түрүүнд бид үл хөдлөхийн салбарын талаарх ойлголтоо өнгийж нэг харах хэрэгтэй болов уу. Зөвхөн барилга байшин, орон сууцаар үл хязгаарлагдах уг салбар хүрээлэн буй орчин, цаашлаад түүнээс хамааран тодорхойлогдох та бидний амьдралын чанарт бүхий л талаас нөлөө үзүүлсээр иржээ. Нүдэнд харагдах том, жижиг бүхий л бүтээн байгуулалтын ард цахилгаан, дулааны хоолойноос эхлэх хотжилтын асуудлуудыг давхар сөхөх хэрэгтэй. Ингээд харахаар 8 настай балчраас 80 настай буурайн өдөр тутмын амьдралд хамаатай олон сэдэв энэ салбарын хүрээнд эргэлддэг аж.

Харин БЛОК клуб нь үл хөдлөхийн салбарын бүхий л төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулж, хамтын оролцоог бий болгосноор илүү хүн төвтэй, дэвшилтэт бүтээн байгуулалтыг олшруулах, алсдаа хотын өнгө төрхийг тодорхойлоход дорвитой хувь нэмэр оруулах зорилготой коммюнити юм.



яагаад?

А. Оргил, Safe Time Групп, Хамтран үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал

Клубийн амин сүнс болсон санаа нь хамтын ажиллагаа. Энэ нь ч анх үүсгэн байгуулагдах болсон үндсэн шалтгаан. Үл хөдлөх хөрөнгийн төсөл нь зөвхөн барилга бус тухайн барилгын хүрээлэн буй орчныг ч хамран хэрэгжих нь манай улсад ч салбарын жишиг болоод буй. Энэ мэтээр хотжилттой улам ойртон буй тус салбарын мэргэжилтнүүд ижил үнэ цэн, зарчим дор ажиллах нь хүн бүрийн хүсдэг ээлтэй хот руу дөхөх алхам билээ.



яаж?

Тэгвэл БЛОК клубийн зорилго, алсын хараа хэрхэн биелэх вэ? Ямар алхмуудыг хийх вэ? Үүний хариулт нь мөн л олон талт хамтын ажиллагаа. Гэхдээ энэ удаа үл хөдлөх хөрөнгөөс ч давсан буюу төрөл бүрийн салбарын төлөөлөл компаниуд нэгдэж буйгаараа онцлог. Тэдгээрийг дурдвал Монгол ТВ, Эрксис Монголиа ХХК, Safe Time Групп, Контент Маркетинг XXX зэрэг медиа, технологи, маркетингийн чиглэлээр үйл ажиллагаа явуулагч найман байгууллага бий. Клубийн үйл ажиллагаа албан ёсоор эхэлж буйг тохиолдуулан хамтран үүсгэн байгуулагчид БЛОК-ийн ажиллах зарчмыг дэлгэрүүлэн танилцууллаа.


Г. Бат-Эрдэнэ, Монгол ТВ, ТУЗ-ийн дарга

Д. Должинсүрэн, Тэнхлэг зууч XXX, Гүйцэтгэх захирал

Зөвхөн девелопер, ханган нийлүүлэгчдэд бус хэрэглэгчдэд чиглэсэн цогц, цэгцтэй мэдээллийн нэг дор хүргэх, тус салбарт үйл ажиллагаа явуулж буй компаниудын ялгаа, онцлогийг таниулах, олон нийтийг цаг үеийн мэдээллээр тогтмол хангах зэрэг хэрэгцээ үл хөдлөхийн салбарт үргэлж байсаар ирсэн. Иймдээ ч тус салбарын хөгжилд технологи, медиа, маркетингийн шийдлүүдийг нэг дор тусгаж өгсөн нь клубийн үйл ажиллагааны томоохон хэсэг болохыг үүсгэн байгуулагчид ээлж дараалан цохон тэмдэглэсэн юм.


Ө. Энхгэрэл, Unread media, Үйл ажиллагаа хариуцсан захирал

А. Мэнд-Орших, Эрксис Монголиа ХХК, Үйл ажиллагаа хариуцсан захирал

Д. Гэрэлт-Од, Контент Маркетинг XXX, Үүсгэн байгуулагч, Захирал

хэнд?

БЛОК клуб зөвхөн салбарын оролцогчдоор зогсохгүй хэрэглэгчдэд ч хүрч ажиллахад анхаарна гэдгээ онцолсны дагуу сошиал контент, телевизийн хөтөлбөр, биет сэтгүүл зэрэг төрөл бүрийн медиа хамтралуудыг төлөвлөж буйн нэг хэсэг нь веб хуудас. Тодруулбал технологийн шийдлээр дамжуулан үл хөдлөхийн төслүүдийн чухал мэдээллийг нэг дор төвлөрүүлж, хэрэглэгчдийн хүртээл болгоно гэдгээ танилцуулсан юм. Үүнд орон сууцны м.кв-ын үнэ, байршил, үлдсэн тоо ширхэг, дотоод зохион байгуулалт зэрэг төрөл бүрийн мэдээлэл багтжээ.



Үргэлжлүүлэн БЛОК коммюнитигийн төлөөлөл болсон гишүүд тус тусын ажил мэргэжил, салбарын онцлог, хөгжлийн үе шатын тухай дэлгэрүүлсний сацуу яагаад тус клубт нэгдэх болсон шалтгаанаа хуваалцлаа.

"Барилгын салбар нь дэд бүтэцтэй салшгүй холбоотой."

Хосбаяр, We Property ХХК

"Барилгын салбар нь дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Харин манай улсад энэ тал дээр тулгардаг бэрхшээл их. Нэг төслийн баг хотын төвөөс алслагдмал байршилд бүтээн байгуулалт хийхийн тулд тухайн бүсийн ус, дулаан, цахилгааныг бие даан татах шаардлагатай ч нүүр тулах нь бий.

Тэгвэл БЛОК-д элссэний бас нэг давуу тал нь ойролцоох бүсэд төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж буй салбар нэгтнүүдтэй тогтмол мэдээлэл солилцож, бүр цаашлаад нэг шугамаар олон бүтээн байгуулалтыг тэтгэх дэд бүтцийн шийдэл боловсруулах боломжтойг онцолж байв.

Түүнчлэн, барилгын салбарын “улирал” гэж тусдаа бий. Энэ нь манай орны уур амьсгалын онцлогоос ихээхэн шалтгаалдаг. Тиймдээ ч Монголд ихэнх барилгын төсөл 11-р сарын эхээр завсарлах тал руугаа ханддаг тул олгогдсон богино хугацаанд эрчимтэй ажиллаж, үр бүтээмжээ хамгийн өндөр түвшинд гаргах шаардлагатай нүүр тулдаг билээ.

Миний бие хэдийгээр барилгын салбарт харьяалагддаг ч хаусын төслүүд дээр түлхүү төвлөрөн ажилладаг. Харин орон сууцны төслийг анзаарахад тус салбарт хэрэгждэг төслүүд хоорондоо хэчнээн ялгаатайг мэдэрдэг. Иймд нэг салбар дахь талбар талбарын төлөөллийг нэгтгэж, хамтдаа мэдлэг, туршлагаа хуваалцах орон зайг бий болгох коммюнити үүсгэх санаатай явдаг байлаа. Харин яг энэ үеэр БЛОК клуб байгуулагдсанд их олзуурхсан.

Компаниуд аливаа инновац, шинэ технологийг нутагшуулахад тус тусдаа л хөгжүүлэлт хийхийн оронд зорилго нэгт хүрээлэлтэйгээ хамтран аливаа шийдлийг салбарынханд ч, хэрэглэгчдэд ч илүү хүртээмжтэй, боловсронгуй болгон хөгжүүлэх боломжтой. Энэ санааг БЛОК клуб илүү өргөн цар хүрээнд нутагшуулна гэдэгт итгэлтэй байна."

"Салбарын засаглал, соёл хөгжих нь чухал."

Бат-Өлзий, АСТРА ИНТЕРНЭШНЛ ХХК

"Үл хөдлөхийн салбарт маш том тоо яригддаг ч эргэлдэж байгаа бэлэн мөнгөний хэмжээ бага байдаг нь нууц биш. Үүний зэрэгцээ уг салбарыг дэлгээд харвал хамтын ажиллагаа, хариуцлага, мэргэжлийн ёс зүй зэрэг менежментийн түвшинд сайжруулах шаардлагатай олон зүйл бий. Засаглал, соёлын хувьд хөгжиж чадвал манай салбарт илүү үр дүнтэй, шинэлэг төслүүд ээлж дараалан төрнө гэдэгт ч итгэлтэй байдаг.

Бид хоорондоо өрсөлдөхөөс илүүтэй нэгдэн нийлж, хамтын үнэ цэн бүтээх нь чухал цаг үетэй золгоод байна. Энэ нь ч миний БЛОК-ийг зорих болсон гол шалтгаан. Хүн ганцаар бус сүргээр амьдардгийн хувьд мэргэжлийн хүрээнд ч хамтдаа өсөн дэвжих, харилцан туршлагаа хуваалцах коммюнититай байх нь маш чухал.

Мэдээж төрөл бүрийн холбоо, эвсэл, нийгэмлэгүүд бий. Харин яг бизнес, үл хөдлөхийн салбарынхныг нэгтгэсэн коммюнитид элсэж буй минь анхных. Салбар, зорилго нэгт хүрээлэлд нэгдэхийн давуу тал нь тулгарч буй асуудал бэрхшээлээ хамтдаа даван туулах, эрсдэлээ үүрэлцэх, тус тусын нөөц боломжоо хуваалцаж, бие биеэ тэтгэх гээд дурдах зүйл олонтой. Ялангуяа барилгын салбарынхан их хүнд нөхцөлд, өндөр эрсдэл хүлээж, маш олон харилцагч талуудтай нэг дор хамтарч ажилладгийн хувьд БЛОК коммюнити маш чухал орон зай болж буй."

"Аливаа барилгын төсөл хэрэгжихэд олон талын идэвх зүтгэл ордог."

Мөнх-Эрдэнэ, MMS Инженеринг ХХК

"Миний бие эрчим хүчний салбарт ажилладаг. Манай компани Монголын барилга, үл хөдлөхийн салбарт томоохон дэвшлийг авчирч буй ногоон оффисын загварыг бусад энэ төрлийн бүтээн байгуулалтын жишиг болгон нутагшуулж байгаа. Аливаа барилга сүндэрлэхэд зөвхөн девелопер, угсралтын багаас гадна ханган нийлүүлэгч, зургийн инженер, хөрөнгө оруулагч гээд олон талын идэвх зүтгэл чухал.

Харин компани тал нь эрчим хүч талаас үүрэг оролцоотой ажилладаг. Бид ногоон сертификаттай ногоон барилгын төслүүдийн цар хүрээг тэлэхэд ихээхэн анхаарч ажиллаж буйн нэг жишээ нь тус төрлийн төсөлд чиглэсэн анхны зөвлөх үйлчилгээг үзүүлж буй явдал. Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг ашиглаж, эрчим хүчний бүх төрлийн бүтээгдэхүүнүүдийг борлуулж, цахилгааны угсралт, холболтыг хийж байна. Ингээд харахад БЛОК клуб үл хөдлөхийн салбарын бүхий л төлөөллийг нэгэн дээвэр дор цуглуулж буйгаараа онцлог.

Үе үеийн зорилго нэгт залуустай хамтран дорвитой шийдэл, бүтээн байгуулалтын нэг хэсэг болох боломжийг олж харсан учраас клубтээ элссэн. Үл хөдлөхийн төсөл хэрэгжихэд девелопер, ханган нийлүүлэгч, зургийн инженер гээд тал талаас хамтарч ажилладаг ч энэ хамтралыг нэг шат ахиулж, коммюнитигийн түвшинд аваачиж буй БЛОК клубийн нэг хэсэг болсондоо сэтгэл хангалуун байна."

"Залуус гар нийлж ажиллавал Бэрхшээлийг ажрахгүй давна."

Хосбаяр, Доече Вэллэ ХХК

"Манай компанийн үйл ажиллагааны гол чиглэл бол барилгын материалын ханган нийлүүлэлт. Бид жижиг хаус, оффисын барилгаас эхлээд төрөл бүрийн бүтээн байгуулалтын төслүүдэд гар бие оролцдогоороо онцлог. Ийнхүү ажиллах явцад тулгарах хүндрэлүүд мундахгүй ч залуус гар нийлж ажиллавал бүгдийг нь даваад гарна гэдэгт итгэлтэй байдаг юм. Мөн манай улсын хууль, эрх зүйн орчин, бизнес эрхлэх нөхцөл илүү ээлтэй, уян хатан болох ч үүнд чухал байр суурийг эзэлнэ. Барилгын төсөл хэрэгжүүлэгч компаниуд 10 жилийн өмнөхөөс огт өөр түвшинд очсон байна. Цаашдаа ч энэ стандарт дээшлэх нь лавтай. Үүний зэрэгцээ хэрэглэгчдийн шаардлага өндөрсөж буй нь салбарын хөгжлийг хурдасгаж байгааг онцлох нь зүй.

Миний хувьд БЛОК-ийн нутагшуулахаар зорьж буй санааг олон нийтэд нийтлэл байдлаар түгээх бодолтой явдаг байсан. Гэтэл энэхүү санаа клуб, коммюнитигийн хэмжээнд хүртлээ хөгжиж, бодит ажил болсонд баяртай байгаа.

Манай орон хөгжиж буй орон учраас ойр тойрноосоо мэдсэн зүйлээ нууж хаацайлах бус хуваалцахад анхаарч гэмээнэ салбар салбарын үйл ажиллагаа хурдацтай урагшилна. БЛОК клубт ч мөн ялгаагүй тус тусын амбицаа хөөхөөс илүүтэй хамтдаа суралцаж, хөгжих хүслээр дүүрэн залуус нэгдсэнийг харах сайхан байна."

Энэ сард үл хөдлөх хөрөнгийн салбарын эргэн тойронд болж өнгөрсөн нэгэн чухал үйл явдал яах аргагүй БЛОК клубын анхны уулзалт байлаа. Клубийн ээлжит уулзалт бүрийн тоймоор уншигч тантай уулзъя.