“Ногоон”, “Эко”,”Дахин боловсруулагдсан”, “Байгальд ээлтэй”.
Эдгээр үгсийг та дэлгүүрийн лангуунаас эхлээд нийгмийн сүлжээ, зарлалын самбар гээд өдөрт хэдэн арван удаа, хаа саагүй олж харж буй гэдэгт итгэлтэй байна. Бидний өдөр тутмын хэрэглээ болсон бүтээгдэхүүн бүрийн араас байгаль орчны асуудал дагаж явдаг нь жам хойно үйлдвэрлэгчид энэ талаар нухацтай авч үзэх болсон нь нэг талаар сайшаалтай хэрэг. Гэхдээ үнэхээр эдгээр шошгыг ашигласан бүтээгдэхүүн бүр байгаль орчиндоо ээлтэй байж, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байгаа болов уу? Бодох л асуудал.
Миллениал, Z үеийнхний 55 хувь нь байгальд ээлтэй бүтээгдэхүүний төлөө илүү мөнгө төлөхөд бэлэн хэмээх судалгааны дүн бий. Тиймдээ ч залуусын худалдан авах чадвар нэмэгдэх тусам компани, брэндүүд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ байгальд ээлтэй гэж бодит байдлаас хэтрүүлэн үнэлэх, сурталчлах нь улам нэмэгдсээр буй.
Энэ үзэгдэл улам бүр газар авахын хэрээр үнэхээр хариуцлагатай үйлдвэрлэгчдийг ялгаж салгах нь хэрэглэгчдийн хувьд бэрхшээлтэй болж байгаа юм. Иймд бид энэхүү нийтлэлээр жинхэнэ хариуцлагатай үйлдвэрлэгчийг greenwashing хийдэг компаниас хэрхэн ялгах талаар хийгээд дотоодын сайн туршлагаас хуваалцахаар бэлдлээ.
Greenwashing гэж юу вэ?
“Greenwashing” буюу ногоон тархи угаалт нь товчхондоо маркетингийн зорилгоор өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээгээ “Байгаль орчинд ээлтэй”, “100 хувь эко”, “Ногоон” хэмээн олон нийтэд таниулах боловч эцсийн бүтээгдэхүүн нь уг тодорхойлолтын шаардлагыг хангадаггүй, тавьсан зорилтоо бодитоор хэрэгжүүлдэггүй, үйл ажиллагааныхаа байгаль орчинд үзүүлэх нөлөөний талаар хэрэглэгчдэд худал мэдээлэл түгээх, тэднийг төөрөгдүүлэх гэсэн утгатай. Заримдаа компани өөрсдөө ч мэдэлгүйгээр хэрэглэгчээ “Greenwashing” хийх тохиолдол бий.
Greenwashing сонгодог жишээ бол Volkswagen. Тэд 2015 онд 11 сая автомашиндаа утаа ялгаруулалтын түвшинг зохиомлоор багасгадаг төхөөрөмж суурилуулсан нь баригдаж, дэлхий даяар дуулиан тарьсан билээ. Volkswagen эдгээр автомашинаа худалдаанд гаргахдаа “Clean Diesel” кампанит ажил явуулж, байгальд ээлтэй унаа хэмээн зарласан ч үнэн хэрэгтээ хөдөлгүүрээс нь азотын исэл зөвшөөрөгдөх хэмжээнээс 40 дахин их хэмжээгээр ялгарч байсан гэдэг.
Greenwashing-ийг хэрхэн таних вэ?
1. "Байгальд ээлтэй", "ногоон бүтээгдэхүүн" гэх мэт тодорхойгүй хэллэг, хэт ерөнхий уриа
2. Ганц нэг “ногоон” үйлдлээр бүхэл бүтэн үйлдвэрлэлийг зөвтгөх
3. Хууль ёсны баталгаажсан гэрчилгээ байхгүй, баримт, нотолгоогүй сурталчилгаа
4. Үйлдвэрлэлийн явц, түүхий эдийн гарал үүсэл, нийлүүлэлтийн сүлжээний мэдээлэл байхгүй
Тэгвэл хариуцлагатай үйлдвэрлэгч гэж хэнийг хэлэх вэ?
1. Байгаль орчны нөлөөллийг бууруулах тодорхой зорилт, тайлан гаргадаг
2. Нөөцийн хэмнэлттэй үйлдвэрлэл явуулдаг (ус, эрчим хүч гэх мэт)
3. Сэргээгдэх материал, дахин боловсруулсан түүхий эд ашигладаг
4. Бүтээгдэхүүнийхээ үйлдвэрлэл, нийлүүлэлтийн сүлжээг ил тод байлгадаг
5. Ажилчид болон орон нутгийн иргэдийн эрх ашгийг хамгаалдаг
дотоодын сайн туршлагаас хуваалцах нь
Сүүлийн жилүүдэд үндэсний хэмжээний томоохон компаниуд маань шил дараалан “Тогтвортой хөгжлийн тайлан” гаргадаг уламжлалтай болж буй. Энэхүү тайлан нь хэрэглэгчдэд байгаль орчин, нийгэм, засаглал (ESG)-ын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжийг олгодгоороо онцлог.
Та өөрийн хайртай брэнд, өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүнийгээ ямар шат дамжлагаар хэрхэн үйлдвэрлэдгээс эхлээд ажилтнууд нь ямар орчин нөхцөлд ажилладаг, нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ хэдий хэмжээний хүлэмжийн хий ялгаруулж буйг яг л томруулдаг шилээр харж байгаа мэт тодорхой мэдэх боломжтой гэсэн үг.
Товчхондоо, “байгальд ээлтэй” гэх шошгонд хууртахгүйгээр хариуцлагатай сонголт хийх боломжийг хэрэглэгчдэд олгож буй хэрэг. Тэгвэл уг тайланг үлгэр жишээ байдлаар бэлдэж, жинхэнэ утгаараа хариуцлагатай үйлдвэрлэлийн түүчээ болж буй дотоодын компани байгаа юу?
Мэдээж байлгүй яахав. Хамгийн сүүлд гэхэд “М-Си-Эс Кока-Кола” компани 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаасаа байгаль орчны чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа онцлон танилцуулсан бөгөөд энэхүү арга хэмжээ нь Шангри-Ла төвд таван өдрийн турш болж, нийт 75 мянга гаруй хүнд хүрсэн билээ.
Ингэхдээ Шангри-Лагийн нэгдүгээр давхарт поп-ап дэлгүүр л байрладаг гэх нийтлэг ойлголтыг эвдэж, 3R буюу Reduce, Recycle, Reuse чиглэлээр хэрэгжүүлж буй кампанит ажлаа олон нийтэд танилцуулсан нь тун шинэлэг арга хэмжээ байсныг онцлох хэрэгтэй. Ирсэн хүмүүс энэхүү үзэсгэлэнд зүгээр нэг оролцох биш, харин өөрсдийн биеэр туршиж, бодитоор мэдрэх боломжтой байв.
Тэд үзэсгэлэнгийнхээ booth-ний шал, ханыг бүрэн дахин ашиглах боломжтой материалаар хийсэн бөгөөд ширээ, сандал, хавтан зэргээ хүртэл HDPE хуванцар бөглөөгөөр бүтээжээ. Үүдээр ормогц ашигласан хуванцар сав, хог хаягдлаа авчирч өгөөд хариуд нь rPET буюу дахин боловсруулсан хуванцраар хийсэн бэлэг авах хэсэг угтаж байлаа.
Хамгийн сонирхолтой нь, цуглуулсан хуванцар хаягдлыг дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох боломжийг олгосон явдал юм. Ташрамд дурдахад, энэхүү арга хэмжээний үеэр нийт 347 кг хуванцар хаягдал цугларчээ.
Үүнээс гадна ирсэн хүмүүс 3D хэвлэгчээр бүтээсэн rPET цэцгийн ваар, утас тогтоогч зэрэг бүтээгдэхүүнийг хэрхэн хийдэг болохыг туршиж үзсэн төдийгүй үйлдвэрийн технологийн явцад гарсан хаягдал усыг цэвэршүүлэх үйл ажиллагаатай танилцаж, үнэ төлбөргүй ус авах хэрэглэгчээр бүртгүүлж байлаа.
Арга хэмжээнд зөвхөн насанд хүрэгчид төдийгүй хүүхдүүд ч идэвхтэй оролцсон юм. Хүүхдүүд дахин боловсруулсан хуванцар ашиглан цор ганц канвас арт бүтээл урлаж, Plinko тоглоом тоглож, азаа үзэх зэрэг олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцсон бөгөөд энэ нь тэдэнд дахин боловсруулалт, хог хаягдлын тухай ойлголтыг хөгжилтэй, хялбар аргаар өгч байлаа.
Мөн тус арга хэмжээний үеэр бусад үндэсний үйлдвэрлэгчдийн тогтвортой хөгжлийн хариуцсан мэргэжилтнүүд хүрэлцэн ирж туршлага судалж байсан тухай компанийн мэргэжилтэн дурдсан юм.
Товчхондоо, энэхүү үзэсгэлэн нь хариуцлагатай үйлдвэрлэгч байна гэдэг нь усны хэрэглээгээ үр ашигтайгаар бууруулах, хуванцар савлагаандаа хариуцлагатай хандаж дахин боловсруулах, шилэн савлагаагаа дахин ашиглах гэх мэт үйлдвэрлэлийн үйл явц бүрээ байгаль орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах явдал юм гэдгийг хэрэглэгчдэд тодорхой ойлгуулсан онцгой ач холбогдолтой арга хэмжээ байв.
Тогтвортой хөгжлийн тайлангаас онцлох тоонууд:
1. “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн 2030 он гэхэд хүрэх зорилго 2024 оны байдлаар аль шатандаа явж байгаа вэ?
2. Хэр их ус ашигладаг юм бол?
Тэд усны хэрэглээг үр ашигтай болгох хөтөлбөрийг тасралтгүй хэрэгжүүлж байгаа бөгөөд 2024 онд л гэхэд цэвэршүүлэх байгууламжийнхаа тусламжтайгаар 9912 тонн ус дахин ашиглажээ. Хамгийн анхаарал татах үзүүлэлт бол нэг литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээ.
Одоогоор энэ хэмжээ 2.18 литр ус байгаа нь бусад үйлдвэрлэгчид болон өөр салбарын байгууллагуудтай харьцуулахад тун сайн үзүүлэлт. Жишээлбэл, ердөө нэг зүсэм талх хийхэд 40 литр ус, харин нэг аяга кофе үйлдвэрлэхэд 140 литр ус тус тус зарцуулагддаг аж. Сонирхуулахад, усны дахин ашиглалтыг бодит ажил хэрэг болгож буйг үнэлж, Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "М-Си-Эс Кока-Кола" компанийг "Усны элч" байгууллагаар шалгаруулжээ.
3. Хүлэмжийн хий хэр их ялгаруулдаг вэ?
Тэд байгальд ээлтэй утаагүй уурын зуух ашигласнаар жилдээ 4800 тонн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг байна. Мөн агуулахын үйл ажиллагаанд ашигладаг сэрээт ачигч төхөөрөмжүүд нь 100% цахилгаан бөгөөд зах зээл дээр байршуулсан хөргөгчнийхөө 73 хувийг байгальд ээлтэй технологиор шийджээ.
4. Ус ундааны савны хувь заяаны тухайд?
Тэдний хувьд 2030 он гэхэд биелүүлэхээр зорьж буй хамгийн том гэрийн даалгавар бол хуванцар сав буцаан цуглуулалтын хэмжээг 100 хувьд хүргэх. Тэд өнгөрсөн жил энэ зорилтынхоо тал хувьд нь хүрээд буй.
"М-Си-Эс Кока Кола" ХХК-ийн "Тогтвортой хөгжлийн тайлан 2024"-тэй бүрэн эхээр нь энд дарж танилцаарай.