Бид дэлхийн хаа нэгтээ нутаг нэгтнүүдийнхээ зохисгүй авирласан, орон нутгийнх нь соёлыг үл хүндэтгэсэн гэх тохиолдлуудыг бишгүй сонсдог билээ. Цар тахлаас хойш дэлхийн аялал жуулчлал ч сэргэж өргөжихийн хэрээр хариуцлагатай аялах асуудал улам чухал болж буй. Аялал жуулчлал нь нэг талаас тухайн улсад ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг дэмждэг ч нөгөө талаас байгаль орчинд дарамт учруулах, түүх соёлын өвийг гэмтээх, оршин суугчдын өдөр тутмын амьдралд саад болох зэрэг олон эрсдэлийг дагуулж байдаг. 

НҮБ-ын Аялал жуулчлалын байгууллагаас гаргасан хариуцлагатай аялагчдад зориулсан зөвлөмжүүдэд тухайн нутгийн соёлыг хүндэтгэх, байгаль орчныг хамгаалах, орон нутгийн эдийн засгийг дэмжих, цахим орчинд хариуцлагатай харилцах зэрэг зарчмыг тухайлан онцолдог аж. Иймд бид улирал солигдон, олон улсад аялж, амрах зорчигчдын тоо эрс нэмэгддэг оны энэ үеийг тохиолдуулан аялахдаа анхаарууштай 10 соёлыг хүргэж байна. 

1. Уугуул соёл, зан заншлыг хүндэтгэх

Аялал жуулчлалын хамгийн том давуу талуудын нэг нь цоо шинэ соёлтой танилцах боломж гэхэд хилсдэхгүй. Гэвч шинэ орчинтой танилцахдаа өөрийн дассан амьдралын хэв маягийг бүх нийтэд хамаардаг жишиг мэт үзэхээс зайлсхийх нь чухал. Бидний хувьд хэвийн санагддаг зүйл бусад ард түмэнд тэс өөр утга агуулж болох бөгөөд уг ялгааг ойлгох нь соёлтой аялагчийн эхний алхам билээ.

Жишээ нь, хүний хөл дээр гишгэсэн тохиолдолд гар барьдаг манай соёл гадаадын жуулчдын анхаарал, сонирхлыг их татахын зэрэгцээ зарим нэгэнд нь этгээд, сонин санагддаг тухай яриа, түүх олонтоо дуулддаг. Тиймээс аяллынхаа өмнө очих газрынхаа түүх, зан заншил, шашны уламжлал, нийтийн харилцааны талаар бага ч болов судлууштай. Тухайлбал, шашны дурсгалт газарт орохдоо ямар хувцас өмсөх, гутлаа тайлах шаардлагатай эсэх, гэрэл зураг авахыг зөвшөөрдөг эсэхийг урьдчилан мэдэхэд илүүдэхгүй.



Мөн нутгийн иргэдийн амьдралын хэв маягийг шууд шүүмжилдэг түгээмэл хандлагаас зайлсхийн яагаад ийм заншил бий болсон талаар сонирхож, асууж, сонсохыг хичээгээрэй. Соёлын ялгааг заавал зөв, буруу гэх хоёр туйлд хуваалгүй, цаана нь буй түүх, үнэт зүйл, амьдралын нөхцөлийг ойлгох нь таны аяллыг илүү сонирхолтой болгох нь дамжиггүй.

2. Зураг авахаасаа өмнө асуух

Өнөөдөр сошиал сүлжээний ачаар хүн бүр аяллынхаа хором мөч бүрийг яг тэрхүү агшинд нь бусадтай хуваалцах боломжтой болжээ. Гэвч гэрэл зураг, бичлэг нь бусдын хувийн орон зайд халдсан үйлдэл байж болохыг мартаж болохгүй.

Тэр дундаа гудамжны худалдаачид, гар урчууд, хүүхдүүд, шашны зан үйлд оролцож буй хүмүүсийн зургийг авахдаа зөвшөөрөл асуух нь зүйтэй. Олон нийтийн газар байна гэдэг нь хэн ч хүссэн үедээ бусдын зургийг авч, цахим орчинд нийтэлж болно гэсэн үг биш юм. Хэрэв зөвшөөрөл хүсэхэд хэлний бэрхшээл тулгарвал эелдгээр дохио зангаа ашиглан асууж ч болно.

Мөн ядуурал, ард түмний эмзэг нөхцөл байдлыг зөвхөн сошиал сүлжээнд анхаарал татах зорилгоор хуваалцахаас зайлсхийх нь чухал. Түүхэн дурсгалт газар, музей, урлагийн галерейд ч эл соёлыг мөрдүүштэй. Зарим үзэсгэлэнд гэрэл зураг авахыг зөвшөөрдөггүй бол заримд нь гэрэл ашиглах, дуу гаргахыг хориглодог. Иймд эл дүрмийг харуулсан тэмдэглэгээ бий эсэхийг нягталж хараарай.



3. Олон нийтийн газарт бусдыг хүндэтгэх

Аяллын үеэр бид галт тэрэг, автобус, нисэх буудал, ресторан, музей, үзвэр үйлчилгээний газруудаар үйлчлүүлэхдээ зөвхөн жуулчдад зориулагдсан орон зайд яваа хэрэг бус, нутгийн иргэдийн өдөр тутмын амьдралын нэг хэсэгт оролцож буйгаа санах хэрэгтэй.

Тухайлбал, нийтийн тээврээр зорчихдоо чанга ярих, хөгжим сонсохдоо чихэвч хэрэглэхгүй байх, дараалал дайрах, хаалга орчимд зам хааж зогсох зэрэг үйлдэл нь дэлхийн хаана ч бусдын тав тухыг алдагдуулна. Үзвэр үйлчилгээний газар, музейд бусад үзэгчдийн өмнө зогсох, үзмэрт хүрэх, кино театр болон тоглолтын үеэр утасныхаа гэрлийг асаахаас зайлсхийгээрэй. Мөн тухайн газрын дүрэм, тэмдэглэгээг анхаарч, хориглосон бүсэд нэвтрэхгүй байх нь чухал.



4. Аяллын компаниа зөв сонгох

Сүүлийн жилүүдэд олон улсад аялахдаа туршлагагүй, найдваргүй компанийг сонгосноос үүдэн захиалсан буудалдаа орох боломжгүй, буцах нислэггүй болох, тэрчлэн тухайн компани нь төлөвлөсөн үзвэр үйлчилгээ, тоглолт зэргийн тасалбарыг бэлдээгүй байх тохиолдол нэмэгдэж буй.

Иймд бид аялахдаа олон жилийн туршлагатай компанийг сонгохын зэрэгцээ үйлчилгээний үнэд юу юу багтаж байгааг асууж, улмаар төлбөрөө төлөхөөс өмнө гэрээ хийх зайлшгүй шаардлагатай юм. Тэр дундаа аяллын даатгал, хоёр талын нислэгийн тийз (нислэгийн хувиараа авч шалгах), зочид буудал (нэр болон хаягийг заавал тодруулах), аялал зохион байгуулж буй компанийн туршлагыг шалгаж хэвших нь нэн чухал билээ.



Сонирхуулахад, 24 жилийн туршлагатай Нью Жуулчин Турс компани “Хариуцлагатай Аялъя” уриа дор өвлийн аяллын захиалгуудаа авч эхэлжээ. Тус компани аялагчдаа хариуцлагатай байж, найдвартай аяллын үйлчилгээг сонгох, аялж буй улс орныхоо өв соёл, хууль дүрмийг мөрдөж аялахыг уриалан Хайнан, Япон, Фукуок, На Транг, Египетийн аяллын үйлчилгээгээ энэ өвөл онцолж буй ажээ.

Дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.


5. Байгальд хог үлдээхгүй байх

Байгалийн үзэсгэлэнт газруудыг нүдээр үзэх нь олон хүний аяллын гол зорилго байх нь олонтоо. Уул ус, ой мод, далай тэнгис гээд бидэнд эх дэлхийгээ үзэж сонирхохын зэрэгцээ хамгаалах үүрэг бий. Иймд аялахдаа хуванцар сав, хүнсний савлагаа, тамхины иш, салфетка зэрэг хог хаягдлыг зориулалтын газар хаях хэрэгтэй. Хогийн савгүй бол түр хадгалаад дараа нь тохирох газарт нь хаяарай. Байгаль орчинд хаясан ганц хог хүртэл амьтан, ургамал, хөрс, усанд асар их сөрөг нөлөө үзүүлж болно.

Мөн байгалийн бүсэд тогтоосон замаар алхах нь чухал. Ховор ургамал ургадаг газар дураараа алхах, хад чулуунаас дурсгал болгон авч явах, зэрлэг амьтдыг үргээх, үүр ичээнд нь ойртох зэрэг нь тухайн экосистемд аюултай юм. Түүнчлэн аялахдаа дахин ашиглах боломжтой усны сав, даавуун уут авч явахыг зөвлөе. Байгалиа хамгаалах нь зөвхөн тусгай хамгаалалттай газар очсон үед хэрэгжүүлэх ёстой зүйл биш билээ.

6. Ус, эрчим хүчийг гамтай хэрэглэх

Аяллын үеэр зочид буудал, түрээсийн байр, амралтын газарт байрлахдаа ус, цахилгаан эрчим хүчийг хариуцлагатай ашиглах хэрэгтэй. Аялал жуулчлал эрчимтэй хөгжсөн газруудад ус, эрчим хүчний хэрэглээ нь нутгийн иргэдийн өдөр тутмын хэрэгцээтэй өрсөлдөх, байгаль орчинд дарамт учруулах эрсдэлтэй байдаг аж.

Жишээ нь, манай улсын говийн бүсэд жуулчид ундны усыг гамгүй ашиглахад бид таагүй ханддаг нь тухайн газар орны онцлог, мал амьтан, ард түмний аж амьдралтай салшгүй холбоотойгоос шалтгаалдаг билээ. Тиймээс шаардлагагүй үед гэрэл, агааржуулагч, халаалтыг унтраах, усанд орох хугацаагаа зохистой байлгах зэрэг энгийн дадлыг хэрэгжүүлээрэй. Мөн байрлах газраа сонгохдоо байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулдаг эсэхэд нь анхаарахад ч илүүдэхгүй.



7. Шашны болон түүхэн дурсгалт газарт зөв боловсон хандах

Музей, сүм хийд, түүхэн барилга, археологийн дурсгалт газар нь тухайн нийгмийн түүх, үнэт зүйл юм. Эдгээр газрууд жуулчид бидэнд сонирхолтой үзмэр байж болох ч нутгийн иргэдийн хувьд итгэл үнэмшил, өв уламжлал, үндэсний бахархалтай нь холбоотой байх нь олонтоо.

Ийм газарт зочлохдоо тухайн байгууллагын дүрэм, хувцаслалтын шаардлага, гэрэл зураг авах журамтай танилцах хэрэгтэй. Зарим шашны байгууламжид мөр, өвдгийг халхалсан хувцас өмсөх, гутлаа тайлах, толгойгоо бүтээх шаардлагатай байдаг бол зарим музейд гэрэл зураг авах, үзмэрийн дэргэд хооллох, тодорхой хэсэгт нэвтрэхийг хориглодог.



Түүнчлэн үзмэр, хөшөө, ханын зураг, эртний эдлэлд гар хүрэхгүй байх нь чухал. Дурсгалт газрын хэсгийг авч явах, нэрээ бичих, ханан дээр тэмдэг тавих зэрэг нь соёлын өвийг сүйтгэж буй гэмт хэрэг юм.

Түүхэн дурсгалт газарт зураг авахдаа бусдын мөргөл, бясалгал, судалгаа зэрэг үйл ажиллагаанд саад болохгүй байхад анхаараарай. Өнгөрсөн үеийн өвийг өнөөдөр үзэж сонирхохын зэрэгцээ ирээдүйд хадгалан үлдээх нь бидний хамтын үүрэг билээ.

8. Аяллын хөтчөө хүндлэх

Аяллын хөтөч нь тухайн газрын түүх, соёл, онцлогийг танин мэдэхэд онцгой үүрэгтэй хүн билээ. Иймд аялахдаа бид хөтчийнхөө тайлбарыг анхааралтай сонсож, асуултаа эелдгээр тавьж бусад аялагчдын цагийг хүндэтгэх хэрэгтэй.

Мөн товлосон цагтаа цуглах, аяллын хуваарийг мөрдөх, зааврыг нь дагах нь чухал. Хөтчийн хөдөлмөрийг үнэлж, тайлбарласан соёлын хэм хэмжээг нь дагаж мөрдөөрэй. Түүнчлэн ойлгомжгүй зүйл гарвал маргалдалгүй тайван ярилцаж, учир шалтгааныг нь тодруулаарай. Хөтөчтэйгөө харилцан хүндэтгэлтэй харилцах нь аяллыг тань илүү ая тухтай, үр өгөөжтэй болгох нь эргэлзээгүй.

9. Амьтдыг хүндлэх

Аяллын үеэр зэрлэг амьтадтай ойрхон зураг авхуулах, заан унах, амьтантай үзүүлбэр үзэх, далайн амьтадтай хамт сэлэх зэрэг үйлчилгээ жуулчдын сонирхлыг их татдаг. Гэвч ийм үйл ажиллагааны цаана амьтдын эрх, эрүүл мэндтэй холбоотой асуудал нуугдаж байж болзошгүй.

Зэрлэг амьтад хүний дэргэд тайван буй мэт харагдсан ч биед нь хүрэх, хоол өгөх, тэвэрч зураг авхуулах нь стресс үүсгэж болно. Зарим амьтныг жуулчдад дасгахын тулд байгалийн бус орчинд байлгах, хөдөлгөөнийг нь хязгаарлах, сургах явцад хүч хэрэглэх тохиолдол бий. Тиймээс амьтантай холбоотой аяллын үйлчилгээ сонгохдоо тухайн байгууллага амьтдын сайн сайхныг хэрхэн хамгаалдаг талаар судлаарай. Амьтдад хүчээр хүрэх, унах, тэврэх, үзүүлбэрт оролцуулахыг шаарддаг газраас зайлсхийх нь зүйтэй. Харин байгалийн зэрлэг орчинд нь амьтдыг зайнаас ажиглах, хамгаалалтын төвүүдийн үйл ажиллагаатай танилцах зэрэг нь аяллыг тань илүү сонирхолтой болгох биз ээ.

Түүнчлэн ховордсон амьтны мах, ургамлаар хийсэн бүтээгдэхүүнийг худалдаж авах нь хууль бус худалдаанд тооцогдох аюултай.

10. Цахим орчинд хариуцлагатай аялах

Өнөө үед аялал сошиал сүлжээнээс салшгүй холбоотой болжээ. Бид нисэх онгоцны буудлаас эхлээд зочид буудал, музей, ресторан, байгалийн үзэсгэлэнт газрууд хүртэлх агшин бүрээ цахим орчинд хуваалцдаг. Гэхдээ цахим орчинд аялах соёл гэдэг нь зөвхөн сайхан зургаа хуваалцах бус, бусдад хүргэж буй мэдээлэл, агуулгын үр дагаврыг ойлгохыг хэлэх болов уу.

Юуны өмнө аяллынхаа талаар мэдээлэл хуваалцахдаа бодит байдалд нийцсэн тайлбар өгөхийг хичээгээрэй. Хэтрүүлсэн үнэлгээ, үндэслэлгүй гомдол, хэт нэг талын мэдээлэл нь бусад аялагчдын шийдвэрт нөлөөлж, жижиг бизнес эрхлэгчдэд хохирол учруулж болзошгүй.

Мөн зураг, бичлэг нийтлэхдээ бусдын хувийн нууцыг бодолцох хэрэгтэй. Тухайн хүний зөвшөөрөлгүйгээр зураг оруулах, хүүхдийн байршил, хувийн мэдээллийг дэлгэх, шашны зан үйл болон эмзэг нөхцөл байдлыг анхаарал татах зорилгоор ашиглах нь зохисгүй. Түүнчлэн цахим орчинд алдаршсан бүхэн очиж үзэх ёстой газар гэсэн үг биш гэдгийг санаарай.

Эцэст нь хэлэхэд, аяллын үнэ цэнийг аялсан улс орон, үзсэн алдартай газрын тоогоор хэмжих боломжгүй. Харин бид олон улсын жуулчид манай эх оронд хэрхэн биеэ авч явахыг хүсдэг тэр л янзаараа хилийн чанадад хөл тавих нь хамгаас чухал билээ.