Ортоз гэх үгийг амьдралдаа анх удаа сонсож буй хүн олон биз ээ. Гэтэл энэ зүйлийг 10 жил эрж хайсан хүмүүс сэргээн засах эмнэлэгт цөөнгүй. Ортоз гэдэг нь хөдөлгөөн хязгаарлагдсан, булчингийн үйл ажиллагаа алдагдсан хүмүүст зориулсан эмнэлгийн туслах хэрэгсэл. 

Дэлхий даяар насанд хүрэгчдийн 20-30 хувь нь архаг хөлийн өвдөлт, тэгш бус ачаалал, булчингийн үйл ажиллагааны алдагдлаас үүдэлтэй хөдөлгөөний ямар нэг хүндрэлтэй амьдардаг. Эдгээр хүмүүсийн тал хувь нь эмнэлгийн туслах хэрэгсэл буюу ортозыг авч ашиглаж чаддаггүй. Учир нь хүний хөлийг зөв байрлалд алхаж зогсоход дэмжих тулгуур нь тэдний биед яг таарсан байх хэрэгтэй. Худалдаанд буй ортозууд нь биеийн зарим хэсгийг нухаж тухгүйдүүлснээс болж хүмүүс зүүхээ болих улмаар эмчилгээ үр дүнгүй болох гэх зэрэг эрсдэлүүд бий болгодог. 

Ийм ч учраас саяхныг хүртэл өөрт тохирсон ортозоо авахын тулд заавал гаднаас өндөр өртгөөр захиалж авах хэрэгтэй болдог байв. Харин энэ салбарт 2024 онд өөрчлөлт авчирсан компани бол RightFit. Тэд 3D технологи ашиглан хүн бүрийн хөлд яг тохирох захиалгат ортозыг анх удаа эх орондоо үйлдвэрлэж байгаа юм. Энэхүү дэвшилтэт шийдэл нь энэ онд MIT Solve тэмцээний шилдэг санаагаар шалгарч олон улсын түвшинд үнэлэгджээ. Уг үйл явдлыг тохиолдуулан RightFit-ийн хамт олныг энэ удаагийн онцлох бизнес буландаа урьж оролцууллаа. 

Нэр: RightFit
Байршил: Regis Place
Үйл ажиллагааны чиглэл: хөдөлгөөн заслын төхөөрөмж
Монголд салбараа байгуулсан он: 2024
Сошиал хуудас: Rightfit

Сэдэл 

Төсөл маань 2024 оны дөрөвдүгээр сараас эхэлсэн. Анх манай Япон талын хамтрагч, хөдөлгөөн засалч бүтээгдэхүүн дээр нь технологийн шийдэл нэмэх санал тавьсанаар манай төсөл эхэлж байв.

Тухайн үед Монголд тохируулгатай ортозын хэрэгцээ өндөр, дээрээс нь ортоозыг тааруулж хийдэг газар бараг байгаагүй. Жишээ нь манай гүйцэтгэх захирал автомашины осолд орж хүзүүгээ бэртээсэн юм, эд зуны халуун өдрүүдэд ортооз нь нухаад байсан тул авч хаячхаад байсан юм. Үүнд нь тохирсон нэг ортооз хийгээд таарч тохируулгатай ортозын чухлыг ойлгож авсан юм.


Ялгарал 

Ортоз, чиг бэхэлгээг сэргээн засахын эмчилгээнд хэрэглэдэг ба ортозын үйлдвэрүүд Монголд ганц хоёр л бий. Гэхдээ үйлдвэрийн үйл ажиллагаа нь нэлээн зогсонги байдалтай байдаг юм билээ.

Чиг бэхэлгээ хүнд таараагүй тохиолдолд нухаж холгодог, ингээд ирэхээр хүмүүс зүүхээ больчихдог талтай. Хамгийн гол нь зах зээлд худалдаалагдаж буй чиг бэхэлгээ өвчний онцлогт нь таараагүй байдаг. Жишээ нь: харвасан хүмүүст нэг төрлийн ортоз хэрэгтэй, саажилттай хүүхдүүдийнх арай өөр. Булчин нь нэг талдаа чангарсан бол өөр талаас нь дэмжих хэрэгтэй, хэрэв өвдөг нь хэт урагшаа бол урд талаас нь хааж бэхлэх гэх зэрэг янз янз.


Манай байгууллагын хувьд өвчний онцлогт нь таарсан, өвчний зорилгод нь үндэслэгдэж үйлдвэрлэгддэг. Зорилго гэдэг нь энэ хүнийг гурван сарын дараа өвдгийг нь хэт нугалруулахгүй алхдаг болгоно гэсэн зорилготой байлаа гэж бодоход түүнд нь зориулж үйлдвэрлэж өгнө гэсэн үг. Мөн манай 3D хэвлэх технологи нь уламжлалт ортозын үйлдвэрлэлээс 90 хувиар бага хог хаягдал ялгаруулдаг.

Япон Улсад гар аргаар хийдэг ортоз 2 сая төгрөгөөр бүтдэг, манай бүтээгдэхүүн ойролцоогоор 250,000-350,000₮ үнэтэй бүтдэг. Ийм өртөгтэй хийхэд сарын турш, бүр хурдан хийлээ гэж бодоход хоёр долоо хоногийн турш 2-3 хүн нэг ортоз дээр ажилладаг. Ингэхдээ хэв авч гипс цутгана, хэвээ зүсээд зүлгэнэ гэх зэрэг шат дараалал нь маш их хаягдал мөн материалын өргүй зардал гардаг учраас тэр чинээгээр өртөг өндөр.

RightFit гэж юу вэ? 

Ортозыг хүн бүрд тохируулан загварчилдаг платформ. Манай платформыг эмнэлэг, клиникүүд ашигласнаар өвчтөнүүдэд таарах зөв ортозыг маш хурдан хугацаанд загварчилж, хямдаар үйлдвэрлэж болно. Ингэснээр сэргээн засахын эмчилгээ илүү хурдан, үр дүнтэй болдог гэсэн үг.

Одоо


Одоогоор бид гурван эмнэлэгтэй хэвлэхтэй хамтарч ажилладаг. Наймдугаар сараас хойш одоогоор нийт 30-аад ортоз, давтагдсан тоогоор 40 орчмыг үйлдвэрлэсэн байна. Хүний хөлийн хэвийг авснаас хоёр хоногийн дараа бид мэдээллээ бэлэн болгодог болох зорилготой ажиллаж байна.

Саяхан бид MIT Solve тэмцээний ялагчаар тодорсон. Уг тэмцээний тухай цухас дурдвал Массачусетсийн Технологийн Институтийн санаачилгаар Solve гэх технологийн тэмцээн зохион байгуулагддаг. Уг тэмцээний эрүүл мэндийн асуудлыг инновацлаг байдлаар шийдэх тэмцээнд 3000 гаруй оролцогчид улс орон бүрээс оролцож түүнээс 30 шилдэг баг шалгарч цаашлаад эрүүл мэндийн салбараас 6 шилдэг оролцогч шалгардаг.

Манай баг RightFit төслөөрөө Монголоос тодорсон анхны ялагч болсон юм. Уг тэмцээний ачаар MIT Solve-ийн маш үр өгөөжтэй есөн сарын хөтөлбөрт багаараа хамрагдаж байгаа. Үүнээс онцолбол Johnson & Johnson-ий цахим эрүүл мэндийн салбарыг хариуцсан захирал эмэгтэй манайд зөвлөгөө өгч ажиллаж байгаа явдал. Тавдугаар сард бид буцаж очоод бизнесээ танилцуулах товтой, уг уулзалтаар манай төсөл нэлээд тоймтой үр дүнгүүд гаргасан гэдгээ харуулах хүсэлтэй байна.

Ирээдүй 

Анх бид өөрсдөө ортозоо үйлдвэрлэхээр төлөвлөж байсан юм, харин яг тооцоолол хийгээд үзэхэд жилд хэдхэн хүнд хүрэх байсан тул илүү өргөн хүрээнд яг ортоз хэрэгтэй байгаа хүмүүст яаж хүрч ажиллах вэ гэж бодож эхэлсэн. Ингээд бидэнд байгаа бүх мэдлэг, нөү хау-ийг платформ болгочихвол илүү олон хүнд хүрэх юм байна гэж бодсон хэрэг.

Манай платформын гол зорилго бол эмнэлэг өөрөө ортозоо үйлдвэрлэдэг болох. Эмнэлгүүдтэй уулзаад явахад хамгийн сонирхолтой нь 3D хэвлэл бахгүй биш, байсан. Гол нь эмч нараасаа 3D хэвлэлээ ашигладаг эсэхийг асуухад ихэвчлэн байгууллагуудаас өгсөн машинууд байдаг юм билээ. Эдгээрийг ашиглаж чадахгүй байгаа шалтгаан нь хүн болгонд тааруулж загварчлах тусгай мэргэжилтэн, нөү-хау дутмаг болхоор тэр болов уу.



Энэ урт хугацааны зорилгоо биелүүлэхийн тулд ойрын хугацаанд олон улсын стандартууд авах төлөвлөгөөтэй байна. Тухайлбал ортозын хувьд ISO стандарт, платформын хувьд мэдээллийн аюулгүй байдал, менежментийн ISO стандартууд авна. Миний хувьд маргааш Хонг Конг, Сингапурт очиж хийсэн ортозуудаа үзүүлж, ISO стандартуудын дагуу хийж чадах лабораториудтай уулзалт хийх юм. Платформуудаа Монголын гурван эмнэлэгт туршиж үзээд дараа жилийн тавдугаар сар гэхэд гадаадад турших төлөвлөгөөтэй байна.

Эмнэлзүйн туршилт судалгаа хийлгэж, манай төсөр үнээр бүтсэн ортоз Японы стандартын дагуу үйлдвэрлэсэн ортозтой үр дүнгийн ижил, стандартад нийцэж байна уу гэдгийг шалгуулна гэсэн үг.

Баг

Манай багт одоогоор нийт долоон хүн ажиллаж байна. Хоёр дадлагажигч оюутан, Японд 10 жил ажилласан туршлагатай хөдөлмөр засалч, Монголоос анх хөдөлмөр засалчаар Японд сурч төгссөн мэргэжилтэн, бүтээгдэхүүн хөгжүүлэгч. Сонирхуулахад манай энэ систем ямар нэг бэлэн технологиос хуулаагүй, ер нь хуулах гээд ч тийм жишээ нэлээд ховор учраас цэвэр бидний дотооддоо хийсэн технологи гэсэн үг.


Эрсдэл
 


Платформ дээр нэмээд биет бүтээгдэхүүн хийж байгаа ураас маш их R&D шаардлагатай байсан, тэр чинээгээрээ маш их хугацаа шаарддаг. Анхны хийсэн ортоз маань хугарах асуудал их гардаг байсан учраас зөвхөн энэ асуудлыг шийдэх гэж нийт найман сар ажилласан.

Хөгжиж буй орнуудад дэд бүтэц санхүүжилтийн асуудал тулгардгийн адилаар бидэнд ч бас энэ нь асуудал болж байгаа. Зарим эмнэлгүүд 3D принтер авах боломж хомс учраас бидний зүгээс зарим нөхцөлд сангуудтай хамтарч ажиллах замаар асуудлыг шийднэ гэж бодож байна.