Хүн төрөлхтөн эхэндээ байгалийн үзэгдлүүдээс айдаг байлаа. Аянга ниргэхэд бурхан хилэгнэлээ гэж, өвчин зовлон ирэхэд хараал хүрлээ гэж итгэдэг байв. Гэвч тийнхүү мэтгэх олон дундаас онцгой цөөн нь учир шалтгааныг олж мэдэхийн төлөө оролдлого чармайлт гаргасан юм. Бид яаж ингэтлээ хөгжин цэцэглэж, өнөө хүртэл өсөж дэвшсэн юм бэ гэвэл хариулт нь ердөө л “Яагаад?” гэж асуусан учраас, “Яаж?” гэж сониучирхсан болохоор...
Эдгээр олон асуултын тэмдгийн ачаар л шинжлэх ухаан гэх шинэ үүдийг нээж, ертөнцийн үүсэл түүхийг танин мэдэж, ер бусын үзэгдлүүдийг тайлбарлан таниулж эхэлсэн билээ. Тэгвэл бидний дараагийн зогсоол хаана байх вэ? Хүн төрөлхтөн үүнээс ч илүү хөгжиж, ирээдүйн сорилтуудыг даван туулах гарц нь хаана нуугдаж байна вэ? Хариулт нь мэдээж шинжлэх ухаан.
Иймийн учир Gej Yu Ve хүрээлэл болон ТэнГэр телевиз хамтран шинжлэх ухааны үнэлж баршгүй үнэ цэнийг олон нийтэд таниулах, мэдлэгийг түгээх зорилгоор 2023 оноос эхлэн Science Conference буюу SciCon арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ бол эрдэмтдийн мэдлэг туршлагаа хуваалцах алтан тайз, сониуч хүсэлдээ хөтлөгдөн буй хүүхэд залуусын цугларах цэг, шинжлэх ухаанч сэтгэлгээний үр шимийг хүртэгч хэн бүхний хамтын орон зай юм.
Өмнөх жилүүдэд доорх сэдвээр нийт 3000 гаруй шинжлэх ухаанд дурлагсдыг нэгэн дээвэр дор нэгтгэж, харанхуйг шинжлэх ухаанаар гэрэлтүүлжээ.
SciCon 2023 | Imagine, Inspire, InventSciCon 2024 | A New HopeSciCon 2025 | Quantum Era
Харин энэ жил “SciCon 2026 | What’s Hidden…” арга хэмжээнд 1000 орчим шинжлэх ухаанд шимтэгч хүүхэд залуус хүрэлцэн ирсэн бөгөөд 8 цагийн хөтөлбөрийн турш хамтдаа байсан юм.
ЭНЭ ЖИЛИЙН ГОЛ ДҮР ХЭН БАЙВ?

Эрт галавт энэ дэлхийд эзэн сууж асан Үлэг гүрвэлүүд эл удаагийн арга хэмжээний гол дүрүүд байлаа. Учир нь Монгол орны хөрст газар өөртөө нуусан өв хөрөнгө ихтэй ажээ. Мэдээж тэд бол үлэг гүрвэлийн үлдэц олдворууд. Хамгийн гол нь эндемик буюу зөвхөн манай нутгаас олддог төрөл, зүйлийн үлэг гүрвэлүүд олон юм. Тийм ч учраас арга хэмжээний зохион байгуулагчид тэдний тухай эрэл хайгуул хийсээр, SciCon 2026 арга хэмжээний гол дүрээр Монголоос төрсөн Холливүүдийн од гэгдэх Velociraptor mongoliensis-ийг сонгожээ.
Юрийн галавын ертөнц (2015) дээр анх гарч, өхөөрдөм зулзага байхаасаа эхлэн ухаалаг зан, эзэндээ үнэнч байдлаараа дараа дараагийн ангиудад үзэгчдийн сэтгэлийг булаасан энэ үлэг гүрвэлийн анхны фоссил 1923 онд Монголоос олдож байв. Өөр нэгэн сонирхолтой баримт нь, 2007 онд Монголоос олдсон Велоцирапторын шууны яс дээр "өдний товруу" буюу өд бэхлэгдэж байсан жижиг товгорууд олдсон байна. Энэ нь кинон дээрх шиг гөлгөр арьстай рапторуудаас арай өөр харагдах төрхтэй гэдгийг нь баталсан аж.
ХҮНДЭТ ИЛТГЭГЧДИЙН ХҮРГЭСЭН САНААНУУД
Арга хэмжээ нийт 9 илтгэгчтэй байв. Тэд уламжлал ёсоор SciTalk форматын дагуу 15 минутын хугацаанд мэдлэг туршлагаа хуваалцсан юм.

Тэрээр тус арга хэмжээний салхийг хагалж, “Эртний оршихуйг судлахуй: Фоссилийн нууцыг хэрхэн тайлдаг вэ?” сэдвийн хүрээнд илтгэлээ толилуулсан юм. Палеонтологийн салбарын үүсэл түүхээс эхлээд энэ талбарт чухал нэгэн тоглогч нь Монгол Улс юм шүү гэх санааг түүний илтгэлээс бэлээхэн ойлгож авлаа. Учир нь манай нутаг дэвсгэрээс л олдох төрөл, зүйлийн үлэг гүрвэлүүд элбэг бөгөөд олдоц, үлдвэрүүд нь харьцангуй бүрэн бүтнээрээ, хадгалалт сайтай гэдгээрээ онцлог аж. Мөн илтгэлийн төгсгөлд хэлсэн нэгэн чухал санаа нь Дэлхийд манай улс нэгдүгээрт Чингис хаанаараа, хоёрдугаарт үлэг гүрвэлээрээ алдартай төдийгүй үнэ цэнтэй энэхүү ондоошлыг үнэлж цэгнэхийг тэнд хуран цугласан хүн бүрээс уриалсан юм.

Хүний хүсэл мөрөөдөл, алсын хараа нь өсөж торнисон орчин, үзэж харсан туршлагаас нь эхтэй байдаг. Үүний адилаар Ч.Баярмаа аль багаасаа л байгальтай ойр өсөж, тэнд оршин буй бүх амьд амьтдыг хамгаалах нь хүн нэг бүрийн хариуцлага, оролцооны асуудал гэдгийг ухамсарласаар иржээ. Тийм ч учраас экологич мэргэжлээр суралцаж, эл чиглэлээр тууштай ажилласаар National Geographic-ийн Young Explorer хэмээх алдрын эзэн болсон байна. Түүний хувьд “Бидний дээр нисэж буй үлэг гүрвэлүүд: Тэдний нууцыг бид хэрхэн тайлдаг вэ?” сэдэвт илтгэлээрээ дамжуулан үлэг гүрвэлийн шууд удам гэгддэг шувуудын талаар, тэр тусмаа тэдний нүүдлийн тухай, Монгол оронд маань хэрхэн идээшиж, тамир тэнхээгээ сэлбэн хол замд бэлддэг талаар сонирхолтой түүх хуваалцсан юм.

Тэрээр мөн адил шувуудыг онцолж, “Шувууд төөрдөггүйн учир: Үлгэр домгоос квант-биологи руу…” гэх нэн анхаарал татам салбарын тухай ярилаа. Илүү тодруулбал, шувууд Дэлхийн соронзон орныг мэдэрч, зүг чигээ алдалгүй хол замд нисэхэд нь тусалдаг "нууц зэвсэг" болох CRY (Криптохром буюу Cryptochrome) уургийн талаар танилцуулсан юм. Гагцхүү хүн төрөлхтөн бидний бий болгосон орчин үеийн соёл иргэншил шувуудын энэхүү чадварлаг системд сөргөөр нөлөөлж, тэднийг төөрөхөд хүргэж байгаа гэдгийг онцолж байв.

"Байгалийн архивыг тайлж уншихуй: Ургамлууд бидэнд юу өгүүлнэ вэ?” сэдвээр ургамал судлалын салбарын талаар сонирхолтой илтгэл хуваалцлаа. Дэлхийн түүх, уур амьсгалын өөрчлөлт, амьдралын үүсэл хувьслын хамгийн үнэнч бөгөөд чимээгүй гэрч нь ургамал ажээ. 100 сая жилийн тэртээ үлэг гүрвэлтэй зэрэгцэн амьдарч асан ургамал өнөөг хүртэл бидэнтэй хамт оршин буй гэвэл та итгэх үү? Мөн тэрээр мэргэжлийнхээ сайн сайхан талыг өөрийн туршлагад үндэслэн ярьж өгсөн юм.

Тэрээр “Ертөнцийн гүнд юу нуугдана вэ?” сэдвээр Европын цөмийн судалгааны байгууллага буюу CERN-ий тухай дэлгэрэнгүй танилцуулсан. Энэхүү байгууламжид Франц, Швейцарын хилийг дамнан, газрын гүнд 100 метрийн доор байрлах 27 километр урттай асар том цагираг туннель дотор эрдэмтэд атомын жижиг хэсгүүдийг гэрлийн хурдаар хооронд нь мөргөлдүүлдэг байна. Тэрчлэн CERN болон Монгол Улсын хамтын ажиллагааны боломж, цаашид залуу судлаачдыг ямар гайхалтай аялал хүлээж буй талаар илтгэлдээ хуваалцсан билээ.

Тэгш хэм гэдэг бидний нүдэнд үзэгдэж буй бүхнээс ч чанадад орших зүйл агаад амьдрал дээр ил харагдах энгийн жишээнээс эхлээд атомын хэмжээнд хүртэл тэгш хэм оршин буй талаар “Тэгш хэмийн гайхамшиг” сэдэвт илтгэлдээ ярьсан юм. Хамгийн чухал нь онолын физикийн энэхүү хэцүү, нарийн ухагдахууныг томьёо, онолоор тайлбарлаад өнгөрөлгүй, оролцогчдод бодитоор мэдрүүлж, харуулахыг зорьсон нь тус илтгэлийн гол онцлог байлаа.

Хүн төрөлхтөн биднийг өнөөгийн соёл иргэншилд хөтөлсөн суурь хүчин зүйлсийн нэг нь гараараа хийж бүтээх билээ. Бид энэ чадварынхаа ачаар л бусад амьтдаас ялгарч, соёлын болоод технологийн асар том үсрэлтийг хийжээ. Тэгвэл энэ л бүтээх орон зайг бий болгож, 345 м.кв зай талбайд хүн бүрд нээлттэй талбарыг бүтээсэн "Gerlab” инженерийн урлангийн хамтран үүсгэн байгуулагч М.Отгон-Үжин туршлагаа хуваалцсан юм. Тэдний хувьд энэ хүртэлх зам амархан байгаагүй ч хэзээ ч тэргүүн зорилгоосооо ухраагүй ажээ.

Хүн төрөлхтний салшгүй нэгэн сэдэв нь гарцаагүй хиймэл оюун болжээ. Бид түүнийг хэрэглээ талаас нь ам уралдуулан ярьж байгаа боловч цаагуураа яг ямар логик, математик дээр үндэслэж байгааг тэр бүр анзаарахгүй орхисоор. Тэгвэл өнөөдөр биднийг гайхшируулж буй хиймэл оюуны суурь нь ердөө л статистик ажээ. Илтгэгчийн хувьд “Хиймэл оюуны нууц амраг” гэх тун оновчтой бөгөөд сонирхолтой байдлаар илтгэлээ нэрлэсэн нь олон хүний анхаарлыг татаж, технологийн цаад мөн чанарыг арай өөр өнцгөөс харах сэдэл өгсөн юм.

Арга хэмжээний хамгийн сүүлийн илтгэгч Д.Алтантулга манай улсын эрчим хүчний хараат бус байдал болон ногоон шилжилтийн уулзвар дээрх боломж, сорилтуудыг хөндлөө. Монгол орны нар, салхины арвин нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, бүс нутгийн эрчим хүчний томоохон тоглогч болох алсын харааг тэрбээр онцолсон юм.
NIGHT TRAIN-ИЙН БУТ НИРГЭЛТ
SciCon арга хэмжээ анх удаа урлагийн үзүүлбэртэй байсан нь энэ жил байлаа. Тодруулбал, SciCon-ий дэмжигч Аянга Сторын хамт олны урилгаар 28 жилийн түүхт Night Train буюу Шөнийн Галт Тэрэг хамтлаг “Үлэг гүрвэл” дуугаа толилуулсан юм. Тэдний уран бүтээл арга хэмжээний гол дүртэй уялдахын сацуу цаг хугацааны аялал мэт танхимд цугласан нас насны оролцогчдыг даган дуулуулж, арга хэмжээний уур амьсгалыг халуун дулаан, сонирхолтой болгосон юм.

Зөвхөн урлагийн үзүүлбэрээс гадна Science Cafe-гийн хамт олон шинжлэх ухааны туршилтыг тайзнаа үзүүлсэн билээ.

CHANGE MY MIND ХЭЛЭЛЦҮҮЛГҮҮД
Хэлэлцүүлгийн сэдэв: Таван галав туулсан эволюцийн нууц
Зочид: - МУИС-ийн Биологийн тэнхимийн дэд профессор, доктор Ш.Анармаа- Science Cafe-гийн үүсгэн байгуулагч Э.Анар

Хувьсал бол хэзээд хүн бүхний сониуч занг хөдөлгөж, ойлгон шимтэх тусам туйлын дур булаам сэдэв билээ. Тиймдээ ч эхний хэлэлцүүлгийн агуулга тун сонирхолтой байв. Тэдний хувьд хэд хэдэн төрөл зүйлийн жишээн дээр тулгуурлан, эволюцийн явцад экосистемийг тэргүүлэгчид биш, харин идэш тэжээлийн өөр сонголттой, цөөн чадавхтай амьтад тэсэж үлддэг зүй тогтлыг тайлбарласан юм. Үүнийг хүний хөгжлийн түүхтэй холбон харьцуулж, хүн төрөлхтөн байгаль дэлхий, биологийн олон янз байдлаа хайрлан хамгаалж байж л урт хугацаанд хөгжих боломжтойг онцолж байлаа.
Хэлэлцүүлгийн сэдэв: Айлаас эрэхээр авдраа ух!
Зочид: - ШУА-Палеонтологийн хүрээлэнгийн Эртний амьтан ургамлын сан хөмрөгийн салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн- Гэж Юу Вэ-гийн үүсгэн байгуулагч А.Доржпалам

Тэдний ярианы гол сэдэв манай улсын палеонтологийн салбарын нөөц боломж, хөгжлийн тухай байлаа. Тухайлбал, Монгол Улсад эл салбар эрчтэй хөгжихийн зэрэгцээ үлэг гүрвэлийн олдворууд хуулиараа төрийн өмчид тооцогддог болсон нь түүхийн ховор олдворууд харьд одохоос хамгаалж, эх нутагтаа үлдэх, эргэж ирэх бат бөх суурь болж буйг онцолж байсан юм. Мөн энэхүү эрх зүйн хамгаалалт болон судалгааны үр дүнд тулгуурлан аялал жуулчлал, түүнийг дагасан бизнесүүд цэцэглэн хөгжих өргөн боломж нээгдэж буй талаар ч ярьж байв.
Хэлэлцүүлгийн сэдэв: Яагаад Монголд суперкомпьютер хэрэгтэй вэ?
Зочид:- МУИС, Мэдээллийн Технологи Электроникийн Сургуулийн захирал, профессор Б.Ганбат- АНУ-ын Оак Ридж Үндэсний Лабораторийн ЭША, Теннисийн их сургуулийн профессор Х.Одбадрах

Арга хэмжээний зохион байгуулагчдын урилгаар АНУ-аас хүрэлцэн ирсэн профессор Х.Одбадрах сансар огторгуйн дайтай том судалгаанууд, өнөө цагийн гол сэдэв гэгдэх дата төв, улсын нууцын хадгалалт, хамгаалалтын ард суперкомпьютер ажиллах нэн шаардлагатайг тэрбээр тайлбарласан юм. Уг дэд бүтцийг хөгжүүлэх нь төр засгийн зүгээс гарцаагүй хийх ёстой чухал алхмуудын нэг гэдэг нь тэдний хэлэлцүүлгээс ойлгогдож байлаа.
Хэлэлцүүлгийн сэдэв: Аполлогоос Артемис руу: Сансрын аяллын дараагийн шат
Зочид: - FREEM подкастын хөтлөгч Б.Батмөнх- Одон орон, сансар огторгуй сонирхогчид группийн админ О.Баатарсүх

Хүн төрөлхтөн Саран дээр анх хөл тавьсан "Аполло" хөтөлбөрөөс хойш хагас зууны дараа сансар судлалын шинэ эрин үе эхэлж буй нь энэхүү хэлэлцүүлгийн гол сэдэв байлаа. Аполло бол зөвхөн Саран дээр очиж, туг хатгах зорилготой байсан бол, "Артемис" хөтөлбөр нь Саран дээр урт хугацаанд тогтвортой суурьшиж, дараагийн шат болох Ангараг гараг руу очих гүүр болох зорилготойгоороо зарчмын хувьд огт өөр, илүү алсын хараатай алхам гэдгийг онцолж байв.
SCIENCE FAIR AWARDS
Энэ жилийн Science Fair-ийн хувьд “Бүтээл”, “Шийдэл” төрлөөр зохион байгуулагдсан юм. Арга хэмжээ зохион байгуулагдсан Соёлын төв өргөөний 3-р давхарт оролцогч хүүхэд залуус хийсэн бүтээлүүдээ дэлгэсэн байлаа.
“Бүтээл” төрлийн шагналын санг Tech it Easy уриатай Аянга Стор ивээн тэтгэсэн бол “Шийдэл” төрлийг Earth Science Center of Mongolia ТББ байгууллага дэмжин ажиллажээ.

GEJ YU VE UPDATES
SciCon арга хэмжээний хамгийн хүлээлттэй, чухал хэсгүүдийн нэг бол зохион байгуулагч Гэж Юу Вэ хүрээлэл өнгөрсөн нэг жилийн ололт амжилтаа дүгнэж, цаашдын төлөвлөгөөгөө танилцуулдаг Gej Yu Ve Updates билээ.
Сүүлийн нэг жилийн хугацаанд тэд контентынхоо цар хүрээг олон улсын түвшинд гаргаж чадсанаа дуулгасан юм. Тухайлбал, 2025 онд Францын “Orano Mining” болон дэлхийн физикийн шинжлэх ухааны төв цэг болох “CERN” буюу Европын цөмийн судалгааны байгууллагад биечлэн зочилж, Монголын үзэгч, уншигчдад зориулсан шинжлэх ухааны томоохон контентуудыг бэлтгэжээ.
Түүнчлэн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн мэдлэгийг олон нийтэд түгээх зорилготой “Гэж Юу Вэ?” сэтгүүлийнхээ хоёр болон гурав дахь дугаарыг манай Unread медиа компанитай хамтран уншигчдын хүртээл болгосноо онцолсон юм.

ОНЦЛОХ ҮЗВЭРҮҮД
Арга хэмжээний гарцаагүй хамгийн онцлох бөгөөд сонирхолтой хэсэг нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн үзвэрийн танхим байв. Оролцогчид тэндээс Монголын нутгаас олдсон таван өөр төрөл зүйлийн үлэг гүрвэлийн ховор, үнэ цэнтэй 15 үзмэрийг өөрийн нүдээр тольдох ховорхон боломж бүрдсэн байлаа.



Мөн зөвхөн үлэг гүрвэлийн олдворуудаар зогсохгүй, Монгол Улсын "Улаан ном"-д бүртгэгдсэн усны ховор амьтад болон хөрст газрын нэн ховор шавжнуудын цуглуулгыг 2-р давхаар үзэх боломжтой байсан юм.


АРГА ХЭМЖЭЭНИЙ УУР АМЬСГАЛ, ОРЧИН







Ирэх жилийн SciCon-оор эргэн уулзацгаая!

Сэтгэгдэл бичих

