Италийн философич, Дундад зуун судлаач, алдарт “Сарнайн нэр” романы зохиолч Умберто Эко нэгэнтээ “Техник технологи хэдийгээр дэлхий дахиныг нэгэнт өөрчлөн буй ч гэлээ 40 жилийн академик замналаасаа миний ойлгосон нэг зүйл бол судалгаа хийх (арга зүй) гэдэг тун үнэ цэнтэй, мөнхүү орлуулшгүй үйл хэвээр үлдэнэ гэдэг юм” хэмээсэн байдаг.  

Өнөө цагт цахимд Google Scholar, ResearchGate, Sci-Hub, Academia зэрэг төрөл бүрийн хуудаснаас судалгааны эх сурвалжаа олох амар болсон хэдий ч тэднээ төлөвлөх, бүтэцжүүлэх, санаа дэвшүүлэх, хэлэлцэх (argument) ур гэдэг хүний өөрийн бичгийн ширээнд үзэг, цаастай л хамт бүтдэг чадвар хэвээр. Түүнчлэн нэг уран бүтээлчийн бүтэн жилийн хөдөлмөрийг хэдхэн секундийн дотор гүйцэлдүүлэх чадвартай хиймэл оюун ч судалгааны ажлын эх сурвалжийн жагсаалт гаргах түвшинд хараахан хүрээгүй л байна.  

Энэ удаагийнхаа нийтлэлээрээ хүн төрөлхтний олон зууны түүхтэй оюуны нэгэн чухал уламжлал болох судалгааны болоод дипломын ажил бичихэд эрдэмтдийн өгөх 10 зөвлөгөөг хүргэхээр бэлтгэлээ.   

(Нийтлэлийн ихэнх эх сурвалжийг Харвардын их сургуулийн диплом бичих гарын авлагуудаас авсан болно)

1. Цагаа зөв хуваарилах (Эндрю Ж. Ромиг) 

Аливаа томоохон ажлыг төлөвлөх хамгийн анхны алхам бол эцэс-цэг хэзээ вэ, хэр их хугацаа өөрт байна вэ гэдгээ тодорхойлох юм. Сэдвээ хэдийд бүрэн олсон байх ёстойгоос эхлээд диплом хамгаалалт хэзээ болох хүртэл бүх эцэс-цэгүүдээ нэг бүрчлэн, жижиглэн хувааж цаглавартаа тэмдэглэх хэрэгтэй. Тэгэхдээ аль болох цаасан, биет цаглавар авах нь үр дүнтэй боловч түүнийгээ өрөөнийхөө тавилга болгохгүй байж л сая үр дүн нь гарна.

Эцэс-цэгүүдээ тодорхой болгосны дараа хэр их хугацаа өөрт буйгаа тодорхойлоод долоо хоногт хэр их хугацааг дипломын ажил, судалгаандаа зарцуулах боломжтойгоо тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ хэт их цагаар дипломдоо шамдах нь сайн үр дүн авчрахаасаа илүү өөрийн тань бүтээмжийг багасгах аюултай. Профессор Эндрю Ж. Ромигийн зөвлөж буйгаар долоо хоногт 10 цаг судалгаа хийх нь хамгийн тохиромжтой гэнэ.

Дэлгэрүүлэн унших



2. Дипломын ажил бичих гэж буй шалтгаанаа тодорхойлох (Харвардын Их сургууль, Социологийн тэнхим) 

Дипломын ажил бичих нь Их сургуулиа төгсөхөд зайлшгүй шаардлагатай шалгуур ч гэлээ оюутан өөрөө чухам ямар сэдвээр, яагаад судалгаа хийх гэж буй шалтгаанаа тун чухалчлан авч үзэх хэрэгтэй аж. Дипломын ажлаа хийж байх явцдаа ямар ямар сайн зүйлсийг дашрамд нь сурч, олж мэдэх боломжтой вэ гэдгээ бодох нь тухайн сонирхож буй судалгааны сэдвээ бүрэн дүүрэн тодорхойлоход хэрэг болно.

(чимх инээд)



Харвардын Их сургуулийн Социологийн тэнхимээс дипломын ажил бичих сайн ба муу шалтгаануудыг жагсаасан байдаг. Сайн шалтгаанууд нь:

1. Өөрийн сонирхсон сэдвээрээ мэргэжлийн судалгаа хийх чин хүсэл, эрмэлзэлтэй бол

2. Өөрийн салбар, факультетын судлаач (диплом хариуцсан багш)-аасаа суралцах, басхүү ирээдүйн мэргэжлийн замнал дахь танилын хүрээгээ тэлэх хүсэлтэй бол

3. Дипломын ажлыг мэргэжлийн замналын бэлтгэл гэж үзэж буй бол (хэрвээ Бакалаврын дипломын ажил хийх нь өөрт огт таалагдахгүй, эсвэл тун хүндрэлтэй байсан бол судлаачийн замнал сонгох нь төдийлөн үр дүнгүй юм)

Муу шалтгаанууд нь:

1. Сайн дүн, улаан дипломтой төгсөхийг л хүсэж буй бол

2. Өөрийгөө хүчлэх эсвэл бусад (эцэг эх, багш, найз нөхөд, ангийн хамт олон гм.)-ын шахалтаар бичиж буй бол


(чимх инээд)

Түүнчлэн дипломын ажил бичихэд хоёр чухал сонголттой нүүр тулдаг бөгөөд эхнийх нь сэдэв сонголт бол нөгөөх нь дипломын ажлаа хэнээр удирдуулах вэ гэдэг юм. Сэдвээ сонгохдоо дараах хэдэн шалгуурыг өөртөө тавиад үзэх хэрэгтэй:

1. Сонирхолдоо хөтлөгдөх: Өөрийн хамгийн их сонирхож буй сэдвээ сонгох

2. Өөрийн эргэн тойрноо ажиглах: Нийгмийн сүлжээнд, найзууд дунд чинь ямар асуудал, юунд хамгийн их анхаарал чиглэж байна вэ?

3. Алдартай онолуудын алдаа дутагдлыг сөхөж харах

4. Дипломын ажлыг урьд хожид огт байгаагүй цоо шинэ зүйл хийх боломж гэж харах

5. Өмнөх судалгааны ажлуудтай танилцан сэдэл авах

Дэлгэрүүлэн унших


3. Судалгааны эх сурвалжаа зөв сонгох (Умберто Эко) 

Болонья хотын Их сургуулийн профессор Умберто Экогийн үзсэнээр дипломын ажилд эх сурвалжаа хэрхэн сонгож, зөв зохистой ашиглах нь оюутны сурах хамгийн чухал ур чадвар аж. Түүнийхээр судалгааны эх сурвалж нь дараах гурван төрөлд хуваагдана:

1. Анхдагч эх сурвалж – Бичиж буй сэдэвтэй шууд хамааралтай архивын баримт, гэрчийн мэдүүлэг, судалгааны анхны өгүүлэл

2. Хоёрдогч эх сурвалж – Өмнө нь бичигдсэн судалгааны өгүүлэл, ном, анализ

3. Гуравдагч эх сурвалж – Нэвтэрхий толь, тайлбар толь, ерөнхий мэдээлэл өгөх материалууд

Дипломын ажилдаа аль болох анхдагч эх сурвалжийг түлхүү ашиглах хэрэгтэйг тэрээр өөрийн номдоо онцолсон байдаг.

Дэлгэрүүлэн унших



4. Товч тодорхой, ойлгомжтой бичих (Харвардын Их сургууль, Улс төр судлалын тэнхим) 

Оюутнуудын дипломын ажил бичих явцдаа хамгийн түгээмэл гаргадаг алдаа бол шаардлагагүй урт өгүүлбэр ашиглах. Харвардын Улс төр судлалын тэнхимийн зөвлөж буйгаар дипломын ажлыг тань уншиж буй нэгэн таны санааг шууд, тодорхой ойлгох ёстой учир өгүүлбэр бүрийг илүү товч бөгөөд тодорхой байдлаар бичих хэрэгтэй. Голчлон анхаарах гурван зөвлөмж:

1. Гол санаагаа эхэнд гаргах – Урт оршил бичихийн оронд эхний өгүүлбэртээ шууд гол санаагаа тодорхой бичих

2. Урт өгүүлбэрээс зайлсхийх – Нэг өгүүлбэрт хэт олон санаа агуулбал уншигчийн анхаарал сарнина

3. Давхардсан үг хэллэг хэрэглэхгүй байх – Аль болох товч бөгөөд ойлгомжтой байлгах

Жишээлбэл, “Дэлхийн хоёрдугаар дайн нь олон улс орныг хамарсан, олон төрлийн улс төрийн хүчин зүйлийн улмаас үүссэн, томоохон зөрчилдөөний нэг байсан” гэхийн оронд “Дэлхийн хоёрдугаар дайн нь олон улсын улс төрийн хүчин зүйлээс үүдэлтэй дэлхийн хэмжээний зөрчилдөөн байв” хэмээн товчлох нь илүү үр дүнтэй юм.

Дэлгэрүүлэн унших



5. Баттай судалгаанд үндэслэн нотолгоо гаргах (Николь Ньюендорп) 

Дипломын ажил зөвхөн өөрийн бодол санааг бичсэн эсээ биш бөгөөд найдвартай, бодит судалгаан дээр үндэслэх ёстой. Харвардын антропологич Николь Ньюендорп дараах гурван чухал зарчмыг баримтлахыг зөвлөжээ:

Баримтад суурилсан бичвэр – Нотолгоогоо баталгаажуулахын тулд шинжлэх ухааны өгүүлэл, архивын материал, албан ёсны эх сурвалж ашиглах

Нийтлэг, ерөнхий дүгнэлт хийхээс зайлсхийх – “Эдийн засгийн хямрал үргэлж хүмүүсийн амьдралд муугаар нөлөөлдөг” гэх ерөнхий дүгнэлтийн оронд тодорхой улс орон, цаг хугацааг дурдан, бодит судалгааны үр дүн ашиглах

Өөрийн таамгийг баримтаар баталгаажуулах – Зөвхөн нэг таамаглал дэвшүүлээд орхих бус, түүнийг нотлох судалгааны өгөгдөл, статистик, жишээ үргэлж оруулах

Дэлгэрүүлэн унших


6. Сэдэвтээ тохирсон зохион байгуулалт хийх (Ребекка Уингфилд) 

Судалгааны ажил бүр өөр өөрийн гэсэн онцлогтой бөгөөд зохион байгуулалтаа зөв хийх нь амжилттай дипломын ажлын гол түлхүүр. “Harvard Women’s Studies” тэнхимийн профессор Ребекка Уингфилд судалгааны ажлыг дараах гурван хэсэгт бүтэцжүүлэхийг зөвлөжээ:

Оршил – Судалгааны асуудал, зорилго, ач холбогдлыг товч тодорхойлох

Үндсэн хэсэг – Онолын үндэслэл, судалгааны арга зүй, үр дүн, дүн шинжилгээгээ оруулах

Дүгнэлт – Судалгааны үр дүнгээс гаргасан гол санааг нэгтгэн дүгнэх

Дэлгэрүүлэн унших



7. Хэт их эшлэлээс зайлсхийх (Харвардын Их сургуулийн түүхийн ухааны тэнхим) 

Эшлэл ашиглах нь нэн чухал боловч хэт их эш татах нь таны судалгааны ажлын чанарт сөргөөр нөлөөлж болзошгүй гэнэ. Харвардын Их сургуулийн түүхийн ухааны тэнхим эшлэлийн талаар дараах гурван зөвлөмжийг гаргасан байдаг байна:

Эх сурвалжаа тайлбарлах – Зөвхөн эш татах бус, түүнийг өөрийн үгээр тайлбарлаж, дүгнэлт хийх

Өөрийн дүгнэлтийг оруулах – Судалгааны ажил зөвхөн бусдын санааг эшлэхээс гадна таны өөрийн анализ, дүн шинжилгээ, шүүмжлэл байх ёстой

Эш татахдаа тэнцвэртэй хандах – Судалгааны ажилд олон эх сурвалж ашиглах хэрэгтэй боловч өөрийн тань санаа илүү давамгайлах хэрэгтэй

Судалгаандаа эш татахдаа хэтэрхий олон эх сурвалжаас эш татах нь төдийлөн зөв зүйтэй алхам бус болохыг Умберто Эко ч өөрийн номдоо онцолсон байдгийг дурдууштай.

Дэлгэрүүлэн унших


8. Уншигчийн өнцгөөс эргэн харах (Шейла М. Рейндл) 

Судалгааны ажил бичихдээ уншигчийн өнцгөөс харах нь маш чухал. Та өөрийн судалгааны ажлаараа зөвхөн баримт, дата үзүүлэх бус ямар утга санаа өгөхийг зорьж буйгаа тодорхой тусгах нь онцгой ач холбогдолтой. Дипломын ажлаа музей хэмээн үзээд өөрийгөө музейн тайлбарлагч мэт төсөөлөн өөрийн судалгааны ажлаараа юу олж нээсэн ба энэ нь ямар ач холбогдолтойг нэгд нэгэнгүй, сонирхолтой байдлаар тайлбарлах хэрэгтэй.

Мөн таны ажлыг уншиж буй хүнд аль үг, аль санаа, аль мөр таных болоод таных бус болохыг тун тодорхой болгох нь чухаг. Дипломын ажлынхаа хаана нь та өөрөө шинэ, хувийн санаа дэвшүүлж буй болон хаана нь харин бусдын судалгаа, санаанд тулгуурлаж буйгаа зааг ялгаатай байлгах нь зүйтэй.

Дэлгэрүүлэн унших



9. Тун тодорхой дөрвөн дүрэм (Умберто Эко) 

Профессор Умберто Эко дипломын ажил бичихэд нэн чухал ач холбогдолтой дөрвөн дүрмийг онцолсон байдаг ба тэдгээрээ өөрөө “Тун тодорхой дөрвөн дүрэм” хэмээсэн байдаг. Тэдгээр нь:

Судалгааны сэдэв нь тухайн оюутны хувийн сонирхолтой холбоотой байх ёстой

Тухайн оюутан өөрт хэрэгтэй эх сурвалжаа гарын дор олох боломжтой байх ёстой

Тухайн судалгаанд хэрэг болох эх сурвалжаа оюутан өөрөө тайлж унших (хэрвээ монгол бичиг, төвд хэл, хятад, орос хэлээр бичигдсэн бол), дээр нь ажиллах чадвартай байх

Судалгаанд хэрэг болох дагавар чадвар, мэдлэгтэй байх. Жишээ нь И.С.Бахын Хийлийн сонатын тухай судалгаа хийх гэж буй бол хөгжмийн онол ба анализын анхан шатны мэдлэгтэй байх

Дэлгэрүүлэн унших



10. Дипломын ажлаа нэрлэхдээ тун нягт нарийн хандах (Жанет МакИнтош) 

Дипломын ажлын тань нэр, гарчиг тун нягт, нарийн байх шаардлагатай. Сонгосон сэдвийнхээ үзүүрээс атгасан төдий бус, өөрийн судалгаагаа юунд голчлон анхаарлаа хандуулсан хийгээд ямар санаа дэвшүүлж буйгаа гарчигтаа харуулахыг зориорой. Жишээ нь, “Монголын орчин цагийн уран зохиолын өгүүллэгийн төрөл” гэхийн оронд “Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгийн нэгдүгээр биеийн ганц тоон өгүүлэмжийн найруулга” гэх нь илүү нарийвчилсан сэдэв болох юм.

Дэлгэрүүлэн унших

Нэмэлт эх сурвалж