Сүүлийн үед ярианы хэлэнд “юулт” гэх үг нэвтрэн олныг багагүй шуугиулаад амжлаа. Түүнчлэн, хүмүүсийн ярианы хэлээр бичигдсэн номуудыг мэр сэр нэмэгдэж буйг, залуу үеийн эх хэлдээ хайргүй байгааг буруутган шүүмжлэх нь ч улам бүр нэмэгдэх болов. Гэхдээ “эх хэлдээ хайргүй байх” гэдэг чухам юу гэсэн үг байж болох вэ? Хэл хэзээ устдаг вэ? “Юулт” гэдэг үг хаанаас гараад ирэв? Яагаад?
Эдгээр асуултын хариуг олохоор энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Мөн уншигч танаас нэгэн зүйлийг хичээнгүйлэн хүсэхэд нийтлэлээ дуустал нь уншаарай. Учир нь тэндээс л та чухам эл нийтлэлийн гол дүр болох “Шекспир” хэн болохыг мэдэх юм.
Бүлэг нэг: Төрөх үхэхийн хооронд
1. Шинэ үг төрөх нь
Нэгдүгээр хэсэг: Хэл зүй vs Дүрэм
Энэ дэлхий дээр оршин буй, оршиж асан, цаашид шинээр төрөх (боломжгүй зүйл гэж үгүй) бүхий л хэл бол хэсэг бүлэг хүмүүсийн нэг нэгнээ ойлгохын тулд зөвшилцөн бий болгосон хамтын бүтээл билээ. Тиймээс тухайн хэлээр ярьдаг, бичдэг хүн бүр хэлнийхээ аль үгийг авч үлдэх, алийг нь “зул” болгох, мөн ямар үгийг шинээр төрүүлэх, түүнээсээ мөн хэдийг нь цааш хөтлөн явахыг шийдэлцдэг гэж хэлж болно. Гэхдээ үүнд л бүх асуудлын гол нь оршиж буй.
Учир нь найман настнаас наян настан хүртэл та бид бүгд эх хэлнийхээ “де факто” зохиогчид (үргэлжлүүлэн зохиогчид) нь тул бидний дунд цаг үргэлж аль үгийг хадгалан үлдээх, ямар үгийг шинээр бүтээхийн маргаан дэгдэх нь дамжиггүй юм. Тэгэхдээ хүмүүс өөрсдийн байр сууриа хамгаалахдаа ихэвчлэн “эх хэлний бодлого” эсвэл “хэл зүй”, “монгол хэлний дүрэм” зэрэг “үгс”-ийг хэрэглэдгийг та юу эс андах. Гэхдээ “хэл зүй” болон “- хэлний дүрэм” гэх хоёр үг ерөнхийдөө ойролцоо утгатай тул нэгтгэн энэхүү нийтлэлдээ цаашид “хэл зүй” гэдгээр нь тогтоод, тус ойлголтыг задлах гээд үзье.
Хэл зүй (анг.grammar) хэмээгч нь хоёр үндсэн төрөлтэй. Эхнийх нь та бидний тархинд буй “үл анзаарагдах” буюу бидний хэлдгээр “байгаа, байхгүй нь мэдэгдэхгүй” хэл зүй юм. Энэ нь бидний эх хэлээрээ, эсвэл маш сайн мэддэг хэлээрээ ярих үедээ өөрийн мэдэлгүй мөрддөг “хэл зүй”-г хэлнэ. Энэ төрлийн хэл зүйг бид хүүхэд байхаасаа эхлэн хэнээр ч заалгалгүй сурдгаас гадна, эдгээр дүрмийг огт давтуулж хэлүүлэх, бусдаар сануулах шаардлага байдаггүй. Иймд байгалийн хуультай адил ч гэж хэлж болно. Жишээ нь, бид хэзээ ч дэлхийн татах хүчийг дагахаа мартдаггүй. Үүнтэй л адил бид “Намайг … гэдэг. Би … настай.” гэх өгүүлбэрийн аль үг нь хаана орохыг барагтай л бол мартахгүй. Тус санааг “Wug Test” хэмээдэг бөгөөд АНУ-ын Бостоны Их сургуулийн профессор Жин Берко Глисон тэртээ 1958 онд боловсруулжээ.
Харин нөгөө төрлийн хэл зүйг бид дэлхийн татах хүчийг ашиглан “хэрхэн” уулны уруу чаргаар гулгах, шүхрээр үсрэх, хаданд авирахыг тайлбарладаг “дүрэм” гэж ойлговол зохино. Чухам энэ төрлийн дүрмийн нэрийг барин хүмүүс “шинэ үг төрөх” явцыг мөхөөдөг гэхэд хилсдэхгүй. Гэтэл хүн төрөлхтний өнөөг хүртэл бүтээсэн аль ч хэл “амьд организм” лугаа гэдгийг мартаж болохгүй. Амьд амьтны хэдэн сая эс цаг ямагт үхэж, төлжиж байдгийн адил аливаа хэлний эд эс үргэлж устаж бас шинээр мэндэлж байх учиртай. Тиймээс дэлхийн ямар ч хэлэнд шинэ үгийн хэрэгцээ шаардлага ямагт байна. Цааш нь.
Хоёрдугаар хэсэг: Зээлдмэл үг үү? Хулгайлагдсан үг үү?
Аливаа хэл зөвхөн өөрийн уугуул үгсээр хорвоогийн сонин хачныг бүрэн бүтэн буулгах боломжгүй. Үүнийг эхлээд хэдүүлээ хүлээн зөвшөөрье. Тиймээс өдгөө “амьд мэнд” буй бүх хэл их бага хэмжээгээр нэг нэгнээсээ үг зээлддэг. Чухам “зээлддэг” гэх нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Учир нь тухайн үгээ хэзээ ч буцааж өгдөггүй шүү дээ. Иймд “хулгайлдаг” ч гэж болох мэт. Жишээ нь, манай “хэрэм” гэх үг “кремль” болоод ахиж хэзээ ч буцаж ирээгүй дэг. Үүнийг орхиод цааш нь үргэлжлүүлцгээе.
Аливаа хэл “хулгай” хийхээс гадна өөрийн үгсээ хооронд нь нийлүүлэн, лего тоглоом эвлүүлэх замаар шинэ үг бүтээх боломжтой. Жишээ нь, “олон нийтийн сүлжээ, хан боргоцой, зоогийн газар, номын сан, ажлын хамтрагч, цахилгаан хэрэгсэл” зэрэг эдгээр үгс нь бүгд шинээр бүтсэн “compound” буюу холбоо (нийлмэл) үгс. Энэ аргыг ашиглан асар олон үгийг өнөөгийн англи хэлнээ төрүүлсэн гавьяатан бол У.Шекспир билээ. Түүний зохиосон холбоо үгсээс “watchdog (watch+dog), arch-villain, bedroom (bed+room), cold-blooded, outbreak (out+break)” зэрэг олныг дурдаж болно.

Түүнчлэн, хэл бүр өөр өөрсдийн үг бүтээх дүрмийн дагуу шинэ үг төрүүлэх боломжтой. Яг л У.Шекспир “fashionable (fashion+able), wherefore (where+for), lonely (lone+ly), informal (in+formal)” хэмээн угтвар, залгавар ашиглан шинэ үг бүтээсэн адил манайд ч мөн “өвдөлт (өвдөх), хүргэлт (хүргэх), сурталчилгаа (сурталчлах), ухуулга (ухуулах), зурагт(ай)” зэрэг олон үгс өнгөрсөн зуун болон энэ зуунд шинээр бүтжээ. Учир нь, цаг хугацаа өнгөрөх тусам шинэ ойлголт, нээлт, амьдралын хэв маяг, тэр ч бүү хэл мэдрэмж хүртэл шинээр нэмэгдэж буй. Иймээс тэр бүрд аливаа хэл өөр өөрсдийн замаар “нөхөөс” урладаг аж. Энэ нь “үнэгүй хүргэнэ”, “хүргэлт үнэгүй”, “өвдөх”, “өвдөлт өгөх” зэрэг тус бүр ялгаатай утга санаа, хэрэгцээ шаардлагын үндсэнд бүтсэн гэсэн үг хэмээхэд хилсдэхгүй.
Тухайн хэлэнд зөвхөн нэг л удаа хэрэглэгдсэн “шинэ” үгийг хэл шинжлэлд “occasionalism”, “nonce” (one-once гэх хоёр үгийн нийлбэр) хэмээдэг. Түүний дараагаар тухайн үг хэсэг бүлэг хүмүүсийн дунд нэвтэрвэл “neologism” болох бөгөөд үүний хойно сая “үг” болно. Жишээ нь, “юулт” гэх үг эхэндээ “nonce” байгаад, улмаар өдгөө “neologism” болоод буй. Харин үг болон цаашид үлдэх үгүйг хэн мэдэх билээ.
2. Хэл хэзээ устдаг вэ?
Нэгдүгээр хэсэг: Англицизмын цүнами
2023 онд итали хэл дэх англи хэлний нөлөөг судлаач Антонио Зоппетти “Англицизмын цүнами” нэрт ном бичжээ. Тус номд олон сонирхолтой санаа дурдагдсаны нэг нь “нэгдмэл итали хэл үүсээд удаагүй” гэдэг байлаа. Өнөөгийн Итали Улс нь XIX зууны эхний хагаст л сая нэгдсэн улс болсон бөгөөд түүнээс урагш Баруун Ромын эзэн гүрний мөхлөөс хойш л үргэлжид тархай, бутархай олон хот улсууд байсаар ирсэн билээ. Тийм ч учраас хэлний хуваагдмал асар өндөр байсан аж. Ингээд нэг л цэгцэрч өгөлгүй байсаар XX зуунтай золгоод Америк мөрөөдөл (American Dream)-д бут цохиулсан байна. Үр дүнд нь кино урлаг, зурагт радио, зар сурталчилгаа гээд нийтийн бараг бүх хэрэгслээр англи хэл тус улсад хүчтэй нэвтрэн орж иржээ. Түүний дотор огт орчуулагдалгүй хэрэглэгддэг “horror, thriller, sci-fi, jazz, rock n’roll, comedy, sitcom, talkshow, reality” зэрэг олон үгс багтсан байв. Товчдоо, зохиогчийн үзэж буйгаар тус улсын хэвлэл мэдээлэл, хэлний нэгдмэл байдал нь бүрэн төлөвшөөгүй байсан цаг үетэй англи хэлний давлагаа хүчирхэгжих мөч давхацжээ.

Үүнтэй тун төстэй үйл явдал манай оронд мөн тохиосныг эргэн санууштай. Бүтэн хоёр зууны туршид гадаад ертөнцөөс тусгаарлагдсан монголчууд XX зууны эхэнд сая хаалгаа нээгээд тухайн цаг үеийнхээ хамгийн хүчирхэг улс болох ЗХУ-ын шууд нөлөөнд автсан билээ. Тийнхүү өрнийн ёсоор эхнээс нь бүгдийг эхлүүлэх шаардлага үүссэн тул манай орны урлаг уран сайхнаас эхлээд шинжлэх ухаан хүртэл бүхий л салбарт орос хэлний нөлөө асар хүчтэй байсан нь нууц биш. Түүгээр ч зогсохгүй, тухайн үеийн үзэл суртлаар “хэлийг ангийн шинжтэй” хэмээн үзэж, нэг нэгнээ “нөхөр” хэмээн авгайлах цоо шинэ үзэгдэл ч гарч эхэлсэн юм.
Харин өдгөө англи хэлний нөлөө давамгайлах болжээ. Үүнийг дагаад англи хэлнээс шууд дүйцүүлэх боломжгүй үг, үгийн хэрэглээ нэвтрэх болоод буй. Түүний хамгийн тод жишээ бол нэр үгийн хэрэглээ нэмэгдэж буй нь. Жишээ нь, англи хэлний нэр үгс дэлхийн бараг бүх хэлэнд хамгийн амжилттай нэвтрээд буй үгс хэмээхэд дэгсдүүлсэн хэрэг болохгүй биз ээ. “Fine shyt”-ээс эхлээд “Guy” (өмнөх нийгмийн “товарищ”-ийг орлох болоод буй) хүртэлх залуусын дунд дэлгэрч буй гадаад үгсийн ихэнх нь нэр үг юм уу, тэмдэг нэр байгааг цохууштай. Үүний цаад учир бидний амьдралд шинээр томьёолох “зүйлс” бараг алхам тутамд нэмэгдэж буй бол шинээр нэрийдэх “үйлдэл” төдийлөн олшрохгүй байгаад бий. Иймээс ч монгол хэлнээ эл нэр үг, шинэ ойлголтын шуургыг даган олон нэр үг төрсөөр буй гэж хэлж болно. Гэхдээ энэ тухай нийтлэлийн хоёрдугаар бүлэгт өгүүлэх тул энд гагц “Англицизмын цүнами”-н үзүүлж буй нөлөөг ийн дурдах төдий өнгөрөөе.
Хоёрдугаар хэсэг: Хэл устах тохиолдлууд
Устсан хэлийг ерөнхийд нь “үхсэн хэл (dead language), мөхсөн хэл (extinct language)” хэмээн хоёр ангилдаг. Үхсэн хэлд санскрит (самгард), латин, эртний грек, шумер зэрэг хэл багтах бол бүр мөсөн устсан хэлд ямар ч бичгийн болон аман өв үлдэлгүй устан алга болсон хэлнүүдийг хамаатуулна. Жишээ нь, НТ III зуунд оршиж асан “gallic” хэл бол мөхсөн хэл юм. Тэгвэл хэл хэзээ устдаг вэ гэж үү? Тухайн хэлээр хэлд орсон хамгийн сүүлчийн хүн насан эцэслэхэд эх хэл нь түүнтэй хамт амьсгал хураана. Үүнд хоёрдогч болон гуравдагч хэлтнүүдийг огт тооцдоггүй болно. Тодруулбал, өнөөдөр латин хэлээр хэдэн мянган хүн ярьдаг ч энэ хэлээр хэлд орсон хүн үгүй тул үхсэн хэлний ангилалд хамаарна. Харин аливаа хэл яаж яваад, юуны учир ганцхан төрөлх хэлтэнтэй болоод, эцэст нь түүнийгээ алддаг вэ гэж үү?
Үүнд хэд хэдэн хүчин зүйлс нөлөөлнө. Тухайлбал, аливаа ард түмэн өөрсдийн эх хэлээ өөр хэлээр солих үед тухайн хэл устаж үгүй болох аюул нүүрлэнэ. Энэ нь эдийн засаг, ажил хөдөлмөр, зах зээлийн шаардлагаар үндэстэн даяараа хүүхдэдээ эх хэлээ өвлүүлэхээс илүү хамгийн эрэлттэй хэлээр хэлд оруулахыг эрмэлзэх үед тохиох боломжтой. Үүнээс гадна, хоморголон устгал, улс төрийн бодлого, хүн амын эрчимтэй бууралт (байгалийн гамшиг, тахал гм.) мөн тухайн хэлийг мөхөлд хүргэх эрсдэлтэй. Харин нэгэнт мөхсөн хэл ахин амилах бараг л боломжгүй ч нэгэн хэл үхлээс ахин сэрж чадсан билээ.
3. Үхлээс сэрсэн хэл

Дэлхийн түүхэнд нэгэнт “үхсэн” хэлийг ахин амилуулсан бараг цорын ганц жишээ бол еврей хэл юм. Тус хэл нь бүтэн хоёр мянганы турш зөвхөн шашны зан үйл, судар номын хэл болоод өдөр тутмын хэрэглээнээс бүрэн тусгаарлагдсан байв. Харин XIX зууны сүүлээр Еврейн сэргэн мандлын (Haskalah) үеэр Элиэзэр Бэн-Ехуда нэрт лексикографч, хэл шинжээч нэгэн уг эртний хэлийг ахин амилуулахаар сэтгэл шулуудсан байна.
Тэгэхдээ тэрээр гэр бүлдээ зөвхөн еврей хэлээр ярих хатуу дүрэм тогтоож, төрсөн хүү Итамар Бен-Авиг бусад хүүхдүүдтэй ойртуулахыг ч хоригложээ. Ийнхүү Итамар Бен-Ави хүү бүтэн 2000 жилийн дараа еврей хэлээр хэлд орсон анхны хүүхэд болсон түүхтэй. Түүнчлэн, Элиэзэр Бэн-Ехуда еврей хэлэнд 150 шинэ үг зохиож, хуучин үгсийг орчин цагийн хэрэглээнд тохируулан шинэчилж, тухайн үеийн шинжлэх ухаан, технологийн ойлголтуудыг ч еврей хэлээр оноож байжээ.
Түүний эл хүчин чармайлтын үр дүнд XX зууны эх гэхэд еврей хэл Израил даяар дахин дэлгэрч, улмаар 1948 онд тус улсын албан ёсны хэлээр тунхаглагдсан байна. Түүнээс хойш Итамар Бен-Ави аавынхаа хөдөлмөрийг үргэлжлүүлэн нөхдийн хамт 1000 орчим шинэ үгийг еврей хэлэнд зохиож өгчээ. Үүнээс үзэхэд чухам еврей хэл ахин сэргэсний нууц жор нь “хэлний хэрэглээ, шинэ үгийн нөөц” байсан гэлтэй.
Бүлэг хоёр: Эх хэлдээ хайргүй хүн үгүй
4. “Юулт”-ыг өмөөрөх нь
Аль ч цаг үед эх хэлдээ хайргүй хүн магад төрдөггүй биз ээ. Төрлөө ч хэлээ сөнөөх үйл үйлддэггүй болов уу. Өнөөдөр эх хэлнээ хүч түрэн орж ирж буй олон гадаад үгс бий ч, түүний зэрэгцээ харь хэлний бүтэц, онцлогийг даган монгол хэлийг хувиргах явдал ажиглагдаж байгааг дээр цухас дурдсан билээ. Үүний цаана олон учир шалтгаан буйн нэг нь мэдээж нэр үг, шинэ нэр томьёог оноох хэрэгцээ шаардлага мөн.
Түүнчлэн, аливаа хэл нь “амьд организм” лугаа шинж чанартай тул ямагт хувьсан өөрчлөгдөж, өөрийгөө сэлбэж, шинэчилж байж гэмээнэ он цагийн уртад тэсэж үлдэнэ. Мөн хэлний шинэ үгс тэнгэрээс ч юм уу, аль нэг албан байгууллагаас буугаад ирдэггүйг санууштай. Тухайн хэлний үгсийн санг баяжуулж, танаж явдаг хүмүүс нь та бид өөрсдөө юм. Харин чухам ямар үгийг яаж хэрэглэж, хэрхэн зохиох учрыг бидний амьдарч буй нийгэм, цаг үе шийднэ. Үүнээс гадна, аливаа хэл гадаад үг ихээр зээлдчихвэл л устаад үгүй болдоггүй билээ. Хэрэв тийм бол үгсийн сангийнх нь тэн хагас нь гадаад үг хэмээгддэг англи хэл өдгөө устах учиртай буй за.
Залуусын дунд дэлгэрсэн “юулт” хэмээх үг нь монгол хэл хувьсан өөрчлөгдөж буйн дохио ч байж магадгүйг үгүйсгэж болохгүй. Огт үгүй үг гарч ирлээ гээд хэл маань сөнөхгүй, “анд нөхөр”-ийн “нөхөр” гэх үгийг ангийн шинжтэй “хэргэм” аятай бүтэн хэдэн үеийн турш хэрэглээд монгол хэл сүйдсэн зүйл үгүйг санууштай. Харин бид эх хэлээ “хайрлаж, дээдэлж” байна гээд эгэл амьдралын хэрэглээнээс түлхэн гаргах, эсвэл ямар ч шинэчлэлт, өөрчлөлтийг хүлээж авалгүй тас зуураад унавал сая аюул нүүрлэхийг дэлхийн олон хэлний жишээ, түүх тодхон харуулна.
5. Шекспир гэж хэн бэ?

Эцэст нь энэ нийтлэлийн гол дүр Английн алдарт зохиолч, яруу найрагч Уильям Шекспир байсангүйг мэргэн ухаант уншигч абугай хэдийн ойлгосон биз ээ. Дөнгөж хэлд орж буй хүүхдийг загнавал ярихаа больчихдог шиг, аливаа бүтээлч үйл бүхэн жаахан хүүхэд адил шүүмж, цагдалтаас хол байх учиртай билээ.
Бид алхам тутамдаа, хийж, бүтээж буй бүхэндээ “бүтээлч” байхыг хичээдэг хэр нь эх хэл дээрээ гэнэтхэн хэт ягшмал үзэл (догма)-д автдагаа бага зэрэг ч атугай суллах сан. Учир нь хэл гэгч нь бид нэг нэгнээ ойлгохдоо хэрэглэдэг хэрэглүүр агаад гагц “шаардлагаа” хангаж байж гэмээнэ сая амьд үлддэг эд болой.

Сэтгэгдэл бичих (1)


Z Zochin 22 цагийн өмнө 5.91.28.42
Ymr sonirholtoi niitlel ve. Mnaid ch bs ingej zohiogdson ugnuud bdg. Dra n teruugeer niitlel bicvel goy yum bn. Esvel odoo ingej ug zohioh bolomjtoi eseh deer. Bayrlalaa unread.