Шинэ апп татах, вэбсайт руу нэвтрэх бүрдээ бид зайлшгүй бүртгэл үүсгэх шаардлагатай тулгардаг билээ. Овог, нэр, хувийн мэдээллээ бүртгүүлэх, шинэ нууц үг зохиох, и-мэйл хаягаа баталгаажуулах, нэг удаагийн код илгээх гээд л нэг үйлдлээ дахин дахин давтсаар л байдаг. Заримдаа техникийн саатлаас болж бүртгэлээ дахин эхнээс нь хийх, бүр эсвэл нэвтрэх нэр, нууц үгээ мартах гээд асуудал бишгүй их.
Тэгвэл Toki апп эдгээр үйлдлийг илүү хөнгөвчилж, нэг бүртгэлээр олон төрлийн вебсайт, апп руу нэвтрэх боломжтой “Sign in with Toki” системийг нэвтрүүлээд байна.
SINGLE SIGN-ON (SSO) ГЭЖ ЮУ ВЭ?

SSO (Single Sign-On) систем нь хэрэглэгчийг нэг удаагийн баталгаажуулалтаар олон төрлийн дижитал систем, үйлчилгээ, платформд дахин нэвтрэх шаардлагагүйгээр аюулгүй хандах боломж олгодог төвлөрсөн нэвтрэлтийн шийдэл юм.
Та гадны вэбсайт, апп руу орохдоо бүртгэл үүсгэхийн оронд “Sign in with Google” эсвэл “Continue with Apple/Facebook” гэсэн товчлуурыг ашиглаж байсан уу? Энэ бол дэлхий нийтээрээ хэрэглэдэг SSO системийн хамгийн тод жишээ юм. Ганцхан Google хаягтай байхад л дэлхийн сая сая өөр платформ руу шинээр бүртгэл үүсгэлгүй, ганцхан секундийн дотор нэвтэрч чаддаг шүү дээ.
Яг үүнтэй адилаар “Sign in with Toki” нь Монголын зах зээл дэх Google, Apple-ийн хувилбар гэж ойлгож болно. Та Toki апп-д нэг л удаа бүртгэлтэй байхад бусад дотоодын апп, вэбсайт руу олон дахин үйлдэлгүйгээр шууд нэвтрэх боломжийг олгож буй хэрэг. Өөрөөр хэлбэл, “Sign in with Toki” товчийг дарах үед Toki тухайн апп руу таны нууц үгийг биш, харин “Энэ бол баталгаатай манай хэрэглэгч мөн шүү” гэсэн дижитал зөвшөөрөл буюу токеныг илгээдэг.
Монголчуудын хувьд төрийн үйлчилгээ авахдаа ДАН системийг ашиглаж, нэг бүртгэлээр төрийн бүх үйлчилгээнд саадгүй нэвтэрч сурсан билээ.
Харин өдөр тутмын энтертайнмент, худалдаа, үйлчилгээ гээд хувийн хэвшлийн апп, вэбсайтуудыг нэгтгэсэн, яг ийм нийтлэг шийдэл төдийлөн байгаагүй юм. Тэгвэл Toki-гийн уг боломжийг ашиглан яг одоогоор Unitel, Mmusic, Mbook, Upoint, Shoppy, FreshPack, Wellbeeshop зэрэг 60 гаруй вебсайт, апп руу нэвтрэх боломжтой боллоо.
“SIGN IN WITH TOKI”-Г БИЗНЕСТЭЭ НЭВТРҮҮЛЭХ 3 ШАЛТГААН

Апп, вэбсайт хөгжүүлэгч нар өөрсдийн платформоо уг системд нэмэх боломжтой гэнэ. Ингэснээр өөрсдөө тусдаа нэвтрэх систем хийж цаг хугацаа, санхүү мөнгө үрэхгүйгээр, аюулгүй байдлын бүх шаардлагыг төгс хангасан, хамгийн гол нь хэрэглэгчдэдээ төвөг багатай шийдэлтэй болох юм.
1. Илүү хурдан бас хялбар
Шинэ апп, вебсайт руу нэвтрэх бүрдээ бүртгэл үүсгэж, өөрийгөө дахин дахин баталгаажуулах нь хэрэглэгчдэд хэдийн залхмаар санагддаг болжээ. Заримдаа үүнээс нь залхаад тухайн үйлчилгээг авахаа болиод шууд гарчих нь ч нийтлэг. Харин нэгдсэн нэвтрэлтийн (SSO) систем нь хэрэглэгчийг ганц, хоёрхон товшилтоор хэдхэн секундэд нэвтрэх боломжийг олгодог тул илүү хурдан болох мөн үйлчилгээг авах хэрэглэгчийн тоо ч нэмэгддэг давуу талтай.
2. Нууц үг мартахгүй
Нэг нууц үгийг олон апп, вэбсайт дээр давтан ашиглах нь кибер халдлагад өртөх хамгийн аюултай шалтгаануудын нэг болоод буй. Үүнээс сэргийлж хэрэглэгчид апп бүрд өөр өөр нууц үг зохиодог ч, эргээд тэдгээрийгээ мартах асуудал их гарна. Улмаар нууц үгээ мартсан хэрэглэгчид тухайн аппыг дахин ашиглах нь эрс багасдаг байна. Харин нэгдсэн нэвтрэлтийн системийг бизнестээ нэвтрүүлснээр хэрэглэгч олон төрлийн нууц үг цээжлэх шаардлагагүй болж, ердөө үндсэн бүртгэлээ санахад л хангалттай.

3. Борлуулалт өсгөнө
“Sign in with Toki” шиг ганц товшоод л нэвтэрдэг систем нь зөвхөн хэрэглэгчийн цагийг хэмнээд зогсохгүй, бизнесийн борлуулалтыг ч өсгөдөг байна. Энэхүү системийг холбосноор Toki аппын 1.5 сая гаруй идэвхтэй хэрэглэгч таны дижитал платформ руу ямар нэгэн саадгүйгээр, хялбархан нэвтрэх боломжтой болж байгаа юм.
Хүмүүс шинэ апп дээр бүртгүүлэхдээ утасны дугаараа буруу шивэх эсвэл хуурамч и-мэйл үлдээх нь элбэг байдаг бөгөөд энэ нь бизнест ямар ч ашиггүй хуурамч бүртгэлүүдийг үүсгэдэг сул талтай. Харин SSO зэрэг нэгдсэн нэг системээр дамжуулан бодит хэрэглэгчтэй болно.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ ХЭР САЙН БЭ?

Ганцхан бүртгэлээр 60 гаруй апп, вэбсайт руу шууд нэвтэрнэ гэдгийг сонсоод“Хэрэв миний Toki хаяг эрсдэлд орвол бусад бүх апп минь дагаад халдлагад өртөх үү?” гэсэн эргэлзээ төрж магадгүй юм. Гэвч амьдрал дээр, ялангуяа кибер аюулгүй байдлын хувьд SSO нь хамгийн найдвартай шийдэлд тооцогддог. Жижиг, дунд хэмжээний 60 өөр вэбсайт өөрсдийн серверийг хамгаалах гэж тус тусдаа сул хамгаалалттай систем ажиллуулж байснаас, олон улсын стандарт (OAuth 2.0, OpenID Connect) хангасан, хоёр шатлалт баталгаажуулалт (2FA) болон биометрик хамгаалалттай Toki шиг том платформд мэдээллээ даатгах нь эрсдэлийг хэд дахин бууруулдаг байна.
Хамгийн гол нь, таныг “Sign in with Toki” товчийг дарах үед тухайн жижиг системүүд рүү таны нууц үг огт дамждаггүй. Тэдгээр аппууд зөвхөн Toki-гоос ирсэн дижитал зөвшөөрөл буюу токеныг л уншдаг учраас таны мэдээлэл болон нууц үг хаашаа ч алдагдах эрсдэлгүй.
Үүнээс гадна Toki аппын бүртгэлээ баталгаажуулсан хэрэглэгчид нь E-Mongolia систем болон Face Liveness буюу амьд царай таних технологиор дамжин мэдээллээ бүрэн баталгаажуулсан байдаг. Энэ нь цахим орчинд хуурамч бүртгэл үүсэх, бусдын мэдээллийг ашиглах зэрэг эрсдэлээс бүрэн сэргийлж, хамгийн найдвартай, бодит хэрэглэгчдийн эрүүл орчныг бүрдүүлж өгдгөөрөө онцлогтой. Тэгэхээр ямар нэгэн санаа зоволтгүйгээр, аюулгүй байдалдаа бүрэн итгэж ашиглаж болох ажээ.
Toki апптай хамтран ажиллах хүсэлт илгээх бол энд дараарай

Сэтгэгдэл бичих

