Хүн бүрийн хүсэл болсон гадаад хэлийг сурах олон арга бий. Үг цээжлэх, кино үзэх, дуу сонсох гээд дурдаад байвал дуусахгүй. Гэхдээ бидний хараахан ашиглахгүй байгаа өөр аргууд ч бий. Жишээлбэл, хэл бүр өөр хоорондоо хамааралтай, нэг гэр бүлийн ах дүүс мэт шинжтэй. Тэрхүү шинж дээр нь тулгуурлах юм бол аливаа хэлийг уламжлалт аргаас илүү хялбараар сурч болдгийг миний бие хувийн туршлагаасаа олж мэдсэн билээ.
Уншигч таны хэл сурах аялалд туслах зургаан аргыг хэлж өгье.
1. Хэл бол өгүүлбэр, Өгүүлбэр бүхний суурь
Хүмүүс бид хоорондоо өгүүлбэрүүдээр харилцдаг. Өгүүлбэр гэдэг нь бүхэлдээ бүтэн санаа агуулах үгсийн нийлбэр юм. Янз бүрийн хэлбэртэй лего тоглоомын хэсгүүдийг нийлүүлэн нэг бүхэл дүрс үүсгэдэг шиг бид үгсээр өгүүлбэр бүтээж, түүгээрээ хоорондоо харилцдаг. Хэл бүхэн өөр өөрөөр өгүүлбэр бүтээдэг ч хамгийн түгээмэл гурван өгүүлбэрийн төрөл байдаг:
SOV - хэн, юуг, яав?
SVO - хэн, яав, юуг?
VOS - яав, юуг, хэн?
Эхний төрөлд хамгийн олон өөр төрлийн хэлнүүд багтдаг бөгөөд үүнд манай монгол хэл, япон хэл, солонгос хэл, турк хэл зэрэг багтана. Эдгээр хэл нь өгүүлбэрийн гол санаа болох үйлдлээ хамгийн сүүлд хэлдэг бөгөөд бид аливаа хошигнолын өгүүлбэр дууссаны дараа л инээдэг нь үүнтэй холбоотой билээ.
Дараагийн төрөлд англи, испани, итали, герман, хятад, жүүд зэрэг олон хэл хамаарагдана. Эдгээр хэл нь хэн, яасан гэдгээ шууд хэлдэг учир хошигнолын өгүүлбэр дуусаагүй үед бид учрыг нь ойлгон инээдэг.
Сүүлийнх нь хамгийн ховор төрөл бөгөөд үүнд Маяа овгийн хэл, Мадагаскар арлын хэл, Месопотамын иргэдийн хэл багтана. Энэхүү төрөлд чухам үйлийг хэн хийх нь төдийлөн чухал бус ажээ.
Өөрийн тань аль хэдийн мэддэг эсвэл эх хэлтэй нь ижилхэн өгүүлбэрийн бүтэцтэй хэлийг сурахад маш дөхөм байдаг бол эсрэгээрээ тэс өөр өгүүлбэрийн бүтцээр өгүүлбэр бүтээдэг хэлийг сурах нь хүндхэн даваа.
Тиймээс хамгийн эхэнд бид тухайн сурах гэж зорьж буй хэлийнхээ өгүүлбэр нь хэрхэн бүтэж буйг ойлгох хэрэгтэй юм.

2. Нэг сумаар хоёр хэл
Хэл бүхэн гэр бүлтэй. Таны сурахыг хүсэж буй хэл хэний хүү эсвэл охин болохыг мэдэх нь нэн чухал. Сурах гэж буй хэлнийхээ ээж, аавтай нь танилцах нь тухайн хэлийнхээ хүмүүжил, зан араншныг ойлгоход тустай. Жишээ нь, Англи хэл бол Герман хэлтэй нэг гэрийнх юм. Энэтхэг-Европ гэсэн аймгийн хэл учир үгсийн сан (vocabulary), хэл зүйн дүрэм (grammar) зэрэг нь хоорондоо маш их ижил төсөөтэй. Англи хэлний Present simple гэдэг цаг дээрх аймгийн бусад хэлэнд яг ижилхэн Presente indicativo, Präsens Indikativ, Le presént гэх мэтээр байдаг.
Мөн эдгээр хэлнүүд бүгдээрээ аливаа үйлийг хэн үйлдэхийг маш тодорхой заасан байдаг. Бидний залхтлаа сурсан I, HE, SHE, IT, WE, YOU, THEY зэрэг нь бүгд эдгээр хэлэнд яг ижилхэн. Жишээ нь Франц хэлэнд JE (I), IL (he), ELLE (she), NOUS (we), VOUS, TU (you), ILS/ ELLES (they) бол Герман хэлэнд ICH (I), DU (you), ER (he), SIE (she), ES (it), WIR (we), IHR (you), SIE (they).

3. Найз хэлүүд
Аливаа хэл өмнө нь ямар хэлтэй нөхөрлөж, ойр дотно явсныг нь мэдсэнээр тухайн хэлнийхээ дуудлага, үгсийн санг нь ойлгох боломжтой. Ингэснээр үг цээжлэх тун амархан болно. Жишээ нь, Англи Францтай муудахдаа муудаж, сайндахдаа сайндаж явснаас үүдэн энэ хоёр хэл хоорондоо маш олон зүйлсийг хуваалцсан юм.
Ойролцоогоор англи хэлний үгсийн 35-45 хувь нь Франц үгс байдаг. Эдгээр үгс нь Франц гарлын дуудлагаа хадгалах тул англи хэлний үг дуудах дүрмийг эвддэг ажээ. Тиймээс Франц хэлийг мэдэхгүй ч гэсэн Франц хэлний үг дуудах хамгийн энгийн дүрмийг мэддэг байхад англи хэлний маш олон үгсийг дуудахад төвөггүй болно. Үүнтэй адилаар Герман хэлний үг дуудах дүрмийг гадарладаг бол англи хэлний British аялгыг амархан сурах боломжтой.

4. Үгийг задлах
Янз бүрийн утга илэрхийлэх, эсвэл утгыг дэмжих, бяцхан ялтас мэт хэсгүүдийг нийлүүлсээр үг бүтдэг.
Тиймээс тухайн үг хэрхэн яаж бүтсэн болохыг мэдсэнээр цээжлэхэд маш хялбар билээ. Энэ нь тухайн үгийг орчуулна гэсэн санаа огт биш юм. Тайлбарлая л даа:
Жишээ нь англи хэлний “Important” гэх үгийг задалбал im-port-ant болно. Im бол Латин хэлний угтвар “in” буюу дотор гэсэн утгатай. Port бол portare гэсэн үйл үгийн хэсэг бөгөөд зөөх, авч ирэх гэсэн үг. Ant бол нэр үг, тэмдэг нэр болгох залгавар. Тиймээс энэхүү үг нь “дотогш авч ирэхүйц” гэсэн утгатай буюу чухал, чухаг гэсэн үг болно. Ийнхүү үг бүхэн цааш яг л атом мэт задрах бөгөөд зүгээр л нэг зүйлийг нэрлэсэн авианы нийлэмжүүд биш юм.
Мэдээж бүх үгийг ингэж задлах хүндрэлтэй ч эхний зуун үгээ дээрх байдлаар задлаад цээжилчихвэл дараагийн олон мянган үгийн утгыг тайлах чадвартай болно. Яг л япон хэлний эхний хэдхэн зуун ханзыг тогтоочихсон байхад үлдсэн бүх ханз нь тэдгээрийг эвлүүлсэн лего байдагтай адил. Энэ аргыг урт үг байх тусам хэрэглэхэд хялбар бөгөөд цаашид таны урт үгнээс айх айдсыг үгүй хийнэ. Мөн эдгээр жижиг хэсгүүд нь тус бүр өөр өөрийн дуудлагатай тул нийлүүлээд үг дуудаж сурахад ч маш их хэрэг болох юм.

5. Хэл бол сэтгэлгээ
Хэл бол сэтгэлгээ гэдгийг та хаа нэгтэйгээс сонсож л байсан биз ээ. Гэхдээ энэ нь юу гэсэн үг болохыг бодож үзэж байсан уу? Хэрэв үгүй бол одоо хамтдаа бодоод үзье. Та ямар хэлээр зүүдэлдэг вэ? Зүүдэнд тань хүмүүс болон та өөрөө ямар хэлээр ярьдаг вэ? Та чулуу хараад л чулуу гэж боддог уу эсвэл stone, 石, pietra, stein, 결석 зэргийн аль нэгээр нь боддог уу?
Хэл бидний ертөнцийг харах өнцгийг бүтээдэг. Юуг хэрхэн сэтгэх, чухал, чухал бусыг хүртэл хэл зааглаж өгдөг. Сонирхолтой жишээ хэлэхэд цаг хугацааг хэл хэлэнд өөрөөр илэрхийлдэг гэнэ. Өмнө нь ярьсан Энэтхэг-Европын аймгийн иргэд бол ирээдүйг өмнө байгаа зүйл, харин өнгөрснийг ардаа үлдээх гэж ярьдаг бол Андын нурууны Аямара хэлэнд өнгөрсөн урд нь (учир нь өнгөрсөн яг л өмнө нь буй мэт харагдаж байгаа тул), ирээдүй ард нь буй гэж ярьдаг ажээ. Гэтэл хятад хэлэнд цаг хугацааг босоо тэнхлэгт үздэг бөгөөд ирээдүйг 上 (shàng) буюу дээр, өнгөрснийг 下 (xià) буюу доор гэх ханзаар илэрхийлдэг байна. 上个月 гэвэл өнгөрсөн сар хэмээх утгатай болох гэнэ. Тиймээс цаг хугацаа доороос дээш хулс ургах адил өнгөрдөг гэж үздэг ажээ.
Иймээс бид аливаа гадаад хэлийг сурахад цоо шинэ харах өнцөг, ойлголт төрөх учиртай тул тархиа тэс ондоо үйлдлийн системээр ажиллуулж буй мэтээр төсөөлөх нь чухаг.
“Сурч буй хэлээрээ сэтгэ” гэдгийн учир энэ билээ. Тухайн хэлэнд юуг хэрхэн харж байгаа нь бидний эх хэлнээс ямар ялгаатайг мэдсэнээр тухайн хэлээр төвөггүй сэтгэж үгс, өгүүлбэр, утга санаа бүхэн өөрөө таны амнаас гарах болно.

6. Хэлний булчин
Та сурч байгаа хэлээрээ ойлгодог мөртөө өөрөө ярьж чаддаггүй гэх хүмүүстэй учирч байсан уу? Эсвэл танд өөрт тань ийм асуудал тохиож байсан уу? Хэрэв тийм бол та тухайн хэлээ хэрэглэхгүй байна гэсэн үг.
Хэл бол маш энгийнээр тархины фитнес. Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд бидний биед эндорфин гэх нэгэн төрлийн аз жаргалын бодис ялгардаг шиг сурсан шинэ үгээ санах бүрт дофамин гэх аз жаргалын бодис ялгардаг гэнэ. Тиймээс өдөр тутамдаа өөртэйгөө яриад ч хамаагүй хэлээ ашиглаж байж аз жаргалтай болохын зэрэгцээ хэлний булчингаа хөгжүүлэх нь.

Дээрх аргуудыг та өөрийн сонирхол, сурах арга барилдаа тохируулан хэрэглэснээр ямар ч гадаад хэлийг сурахад хавьгүй хялбар байх болно. Гадаад хэл сурах нь хурдан гүйлт бус марафон гэдгийг санаж цаг хугацаа, хүч хөдөлмөр багагүй шаардахыг санаарай. Ингээд таны гадаад хэл сурах их үйлсэд амжилт хүсье.

Сэтгэгдэл бичих

