Манай улсын гурав дахь том хот хэмээх тодотголтой Эрдэнэт хотыг зорьсон томилолтынхоо сонин хачнаас хуваалцъя. Тодруулбал, Орхон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт” шинжлэх ухаан, технологийн парк, Орхон аймгийн худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023” эдийн засгийн форумын тухай юм. Ингээд Эрдэнэт хотод гурав хоногийн турш үргэлжилсэн тус арга хэмжээнээс онцлох зургаан зүйлийг танилцуулъя.


БНСУ-ын бизнес эрхлэгчид, ОХУ, Польшийн Элчин сайдууд, олон улсын байгууллагуудын суурин төлөөлөгч нар оролцсон энэ удаагийн чуулга уулзалт гурван өдрийн турш үргэлжилсэн юм. Тодруулбал, зургаадугаар сарын 15-ны өдөр аймгийнхаа гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, орон нутгийн бизнес эрхлэгчдээ дэмжих, тэдэнд чиглэсэн хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэх зорилготой эдийн засгийн форум зохион байгуулагдсан бол 16, 17-ны өдрүүдэд “Смарт Эрдэнэт” экспо болсон билээ. Түүнчлэн тус форумаар дамжуулан Эрдэнэт хотод хэрэгжих боломжтой 36 төсөл бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулав.



Орхон аймаг 2021 оны эдийн засгийн форумын үеэр цахим шилжилтийг эрчимжүүлж, цахим аймаг болох зорилт дэвшүүлсэн ба үүний хүрээнд ИТХ-ын 2021 оны 20 дугаар тогтоолоор “Цахим Эрдэнэт-1” хөтөлбөрийг батлан хэрэгжүүлжээ. Тус хөтөлбөрийн үндсэн зорилтууд нь аюулгүй замын хөдөлгөө, байгаль орчинд ээлтэй; эрчим хүчний хэмнэлттэй, ухаалаг хяналттай, хог хаягдлын дэвшилтэт менежменттэй, бизнесийн хөгжлийн таатай орчныг бүрдүүлсэн, мэдээллийн, технологийн хөгжингүй хот болоход чиглэсэн төдийгүй эдгээрээс нэн тэргүүнд хэрэгжүүлж буй нь Смарт Эрдэнэт платформ, гар утасны апп юм.



Уг платформ, гар утасны апп нь E-Mongolia-ийн дэд систем байдлаар орон нутгийн бүхий л үйлчилгээг нэг дор багтаасан гэдгээрээ онцлогтой бөгөөд одоогоор иргэд, аж ахуйн нэгж бизнес эрхлэгчдэд чиглэсэн арав гаруй төрлийн цэстэй. Тухайлбал, Орхон аймаг Эрдэнэт хотод зочилж буй хэн бүхэнд зориулсан аялал жуулчлалын цэс, эрүүл мэндийн бүх мэдээлэл болон цаг авах боломж, төрийн байгууллагын цогц мэдээлэл, такси үйлчилгээ зэрэг цэс бий.



Орхон аймаг, Эрдэнэт хот эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшил, чадварлаг эмч мэргэжилтнээрээ улсдаа дээгүүрт бичигддэг билээ. Төв, хангайн бүсийн хүн амд үйлчилдэг Бүсийн оношилгоо, эмчилгээний төв нь өдгөө 500 гаруй эмч, эмнэлгийн ажилтантай бөгөөд 430 орчим төрлийн эмнэлгийн үйлчилгээ үзүүлж буй нь манай улсын эмнэлгийн салбарын ачааллын томоохон хэсгийг хариуцаж байгаагийн тод илрэл. Тиймдээ ч тэд энэхүү давуу талаа ашиглан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг цаашид төв, хангайн бүсдээ тархины цус харвалт, зүрхний шигдээсийг эмчлэх төвлөрсөн цэг болгож, эрүүл мэндийн дотоод аялал жуулчлалыг хөгжүүлэхээр зорьж байгаа аж. Энэ хүрээнд яаралтай түргэн тусламж шаардлагатай өвчтөнг агаараар тээвэрлэх онгоцны буудал, олон улсын эмнэлгүүдтэй хамтран алсын зайн оношилгооны төв байгууллахаар ажиллаж буйг онцлууштай.



Чуулганы өдрүүдээс онцлох дараагийн зүйл нь аж үйлдвэрийн цогцолбор кластерыг бүтээн байгуулах тухай байв. Илүү тодруулбал, энэхүү форумыг БНСУ-ын “BK holdings” группийн Ерөнхийлөгч Пак Пён Чэ тэргүүтэй 18 бизнес эрхлэгч зорин ирсэн төдийгүй өнгөрсөн тавдугаар сард Эрдэнэт хотыг дахин төлөвлөх төслүүдэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсны дагуу илтгэлээ толилууллаа. Тэд хамтын ажиллагааныхаа хүрээнд орон сууцны дахин төлөвлөлт, ногоон барилга, аж үйлдвэр, ложистикийн байгууламж, олон улсын сургууль, эмнэлэг, судалгаа, амралт зугаалга, соёл урлагийн цогцолборууд, төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал, цахилгаан станц, харилцаа холбооны хэрэгсэл зэрэг бүтээн байгуулалт хийх төлөвлөгөөгөө хуваалцсан юм.

Түүнчлэн “New Korea Energy” компани хог хаягдал, хүнсийг хатуу түлш болгон хувиргаж цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг дэлхийн анхны цахилгаан станцын технологийг нэвтрүүлж, цахилгаан станцуудын байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөг бууруулахад ихээхэн үүрэг гүйцэтгэх тухай ч дурдав.



Арга хэмжээний хоёр болон гурав дахь өдөр өрнөсөн “Смарт Эрдэнэт” экспогоор дижитал бизнесийн талаар мэдлэг олгох чуулган, хэлэлцүүлэг, Орхон аймагт мэдээллийн технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үнэ төлбөргүй сургалт зохион байгуулагдаж, Erdenet MLC и-спортын тэмцээн үндсэн тайзнаа өрнөв.

Үүний сацуу Голомт банкны төлөөлөл “Хиймэл оюун ухаан ба бизнесийн өсөлт”, Метафорс ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Батцэнгэл “Метаверс одоо ба ирээдүй”, “Ган компасс” ХХК-ийн Ерөнхий менежер Б.Мөнхсайхан "IT үйлдвэрлэл ба экспорт" гэсэн сэдвийн дагуу тус тус илтгэлээ танилцуулсан нь Орхон аймгийн IT салбарынхны хувьд үр өгөөжтэй байсан нь гарцаагүй. Мөн гадаа талбайд Юнител, Мобиком, Капитрон, Голомт, Numur, Worki, Ehlel, ХурДан тэргүүтэй компаниуд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулсан юм.



Бороо хур үл тасарсан зургаадугаар сарын Эрдэнэт хотод зохион байгуулагдсан “Хамтдаа Эрдэнэтэд хөгжье - 2023” эдийн засгийн форумыг 8 настай балчраас 80 настай буурал хүртэл нээлттэй үзэж сонирхох боломжийг бүрдүүлсэн нь тус арга хэмжээний хүртээмж, цар хүрээг бэлээхэн илтгэж байсан билээ.