Дэлхийн хаана ч амьдран суугаа, ямар ч амьдралын нөхцөл боломжтой хүн байсан чихрийн шижин тусахгүй гэх баталгаа үгүй. Өмнө нь зөвхөн баян тансаг амьдралтай хүмүүст тохиолддог гэж ойлгогддог байсан уг өвчин өнөө цагийн хамгийн аюултай архаг явцтай бодисын солилцооны эмгэгүүдийн нэг болсон билээ. Олон улсын чихрийн шижингийн холбооноос гаргасан сүүлийн үеийн тоо баримтад дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй насанд хүрэгчдийн тоо 530 сая давсан бөгөөд энэ тоо 2050 он гэхэд 850 саяыг давах төлөвтэй байна.

Монгол улсын хувьд 2025 оны байдлаар нийт хүн амын 11.2% нь чихрийн шижинтэй бол БНХАУ-д чихрийн шижин өвчтэй 120 сая орчим хүн амьдарч байгаа гэхээр нь хүн амынх нь 8.5% чихрийн шижинтэй гэсэн үг.

Уг өвчний эмчилгээ мөн өвчтөнөөс маш их тэвчээр, хариуцлага шаарддаг учраас байсхийгээд л чихрийн шижинг илүү амар, оновчтой бас үр дүнтэй болгох чиглэлд эрдэмтэд судалгаа хийдэг хэрэг. Тэдгээрийн нэг болох ашигтай бактериар сахрыг эмчлэх боломжийг судалсан Зүүн Хятадын Багшийн Их сургуулийн судлаачдын судалгаа өнгөрсөн сард хэвлэгдсэнийг энэ нийтлэлээрээ танилцуулъя. 

ӨГҮҮЛЛИЙН ТУХАЙ

Өгүүлэл хэвлэгдсэн огноо: 2026 оны 8-р сарын 12

Өгүүллийн нэр: Glucose-responsive probiotics for glycaemic modulation in mice and monkeys

Түлхүүр үгс: чихрийн шижин, синтетик биологи, smart probiotics, GIFT, HexR, GLP-1 даавар

Туршилтыг гүйцэтгэсэн баг: БНХАУ-ын Шанхай хотын Зүүн Хятадын Багшийн Их сургуулийн профессор Хайфэн-ээр удирдуулсан судалгааны баг

Гол санаа: Судлаачид Escherichia coli Nissle 1917 гэх ашигтай бактерийг синтетик биологийн аргаар өөрчлөн GIFT хэмээх ухаалаг бактерийг бүтээсэн байна. Энэхүү бактери нь уургийн тусламжтай цусан дахь сахрын хэмжээ ихсэхийг мэдрээд хэрэгцээтэй үед нь сахар бууруулах үйлчилгээтэй GLP-1 дааврыг автоматаар ялгаруулдаг.

Ач холбогдол: Уламжлалт чихрийн шижингийн эм, тариа яг тогтсон цагт, ижил тунгаар тарих эсвэл уух шаардлагатай байдаг бол GIFT нь цусан дахь сахрын бодит хэмжээнээс хамааран дааврыг өөрөө мэдэрч ялгаруулдаг гэдгээрээ онцлог. Мөн зөвхөн амаар ууж хэрэглэдэг тул бие махбод сөрөг урвал үзүүлэх эрсдэлгүй бөгөөд оземпик шиг булчингийн массыг алдагдуулахгүй.


ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

1. ​​Яагаад заавал Escherichia coli Nissle 1917 бактери гэж?

Escherichia coli Nissle 1917 (EcN) хэмээх ашигтай бактери нь хүний ходоод гэдэсний үйл ажиллагааг дэмжих, эмчлэх зорилгоор зуу гаруй жилийн турш эмийн эмчилгээнд ашиглагдаж ирсэн ашигтай бактери юм.
Хамгийн гол нь уг бактери нь хүний ходоодны хүчиллэг орчинд задралгүйгээр нарийн гэдсэнд очиж түр зуур амьдрах чадвартай. Тиймээс гол цусан дахь сахрыг буулгах гол дааврыг тээж аваачиж өгөх “нөхөр” энэ гэсэн үг. Харин энэ “нөхөр” дээр глюкоз мэдрэгч систем болон хүний биед инсулины ялгарлыг дэмждэг GLP-1 дааврыг кодлогч генийг суулгаж өгснөөр мэдрээд даавар ялгаруулна гэсэн үг.

2. Яаж ажилладаг вэ?

Энэхүү “ухаалаг” ашигтай бактери нь хүний цусан дахь сахрын хэмжээнээс хамааран цоож, түлхүүр шиг ажилладаг. Хүний цусан дахь сахар хэвийн байх үед HexR хэмээх уураг нь гений асааж, унтраах хэсэг дээр наалдан, сахрыг бууруулагч GLP-1 даавар үйлдвэрлэх үйл явцыг цоож мэт түгждэг аж. Харин цусан дахь сахар огцом ихсэхэд илүүдэл глюкоз бактерийн эс рүү нэвтэрч, бодисын солилцооны үр дүнд цоожийг онгойлгох "KDPG" хэмээх “түлхүүр” молекул болон хувирна.

Шинээр үүссэн өнөөх түлхүүр нь HexR уураг буюу “цоожтой” очиж холбогдмогц гений түгжээ мултарч, бактери GLP-1 дааврыг идэвхтэй ялгаруулан нойр булчирхайнаас инсулин ялгаруулах дохио өгснөөр илүүдэл сахрыг бууруулдаг. Ингэж сахрын хэмжээ буурч хэвийн түвшиндээ очиход бактери руу орох глюкоз багасаж, үүнийг дагаад өнөөх анх онгойлгож өгсөн “түлхүүр” молекул маань байхгүй болмогц цоож буцаад анхны байрандаа очин генээ түгжээд даавар үйлдвэрлэх үйл явцаа автоматаар зогсоодог гэсэн үг.

ОНЦЛОГ, ДЭВШИЛТ 

Ухаалаг бүрхүүл

Ашигтай бактерийг амаар ууж хэрэглэхэд нэг асуудал гардаг нь ходоодны хүчиллэг орчинд бактери задарчихдаг, эсвэл нарийн гэдсэнд хүрсэн ч амьдрах хугацаа нь хэт богино байдаг.
Харин уг судалгааны баг GIFT бактерийг тусгай полимер бүрхүүлийг ашигласан юм. Энэ бүрхүүл нь АНУ-ын Хүнс ба Эмийн Захиргаанаас хүний биед аюулгүй хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн хоёр төрлийн бодис болох таниний хүчил болон полоксамер 188-ийг ашиглажээ. Хулгана дээрх туршилтаар өмнө нь ашигтай бактери гэдсэнд очоод 8 цагийн хугацаанд идэвхтэйгээр гол үүргээ гүйцэтгэдэг байсан бол ийн бүрхүүл нэмснээр 36 цаг хүртэл энэ хугацаа нь уртассан байна.

ТУРШИЛТЫН ҮР ДҮН 

GIFT бактерийн эмчилгээний үр дүнг 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй хулгана болон хүнтэй гений хувьд маш ойр чихрийн шижинтэй сармагчин дээр тус тус туршив.

Хулгана дээрх туршилтын үр дүн (Хулгануудад ашигтай бактерийг 30 хоногийн турш, өдөр бүр уулгасан)

GIFT ашигтай бактерийг уулгаснаас хойших 2-4 цагийн дараа цусны ийлдэс дэх GLP-1 дааврын хэмжээ дээд цэгтээ хүрч, цусан дахь сахрын түвшин мэдэгдэхүйц буурсан.

Мөн 30 хоногийн турш тогтмол уулгахад өглөөний өлөн үеийн сахар, глюкоз тэсвэрлэх чадвар болон инсулинд мэдрэг байдал эрс сайжирсан. Мөн урт хугацааны сахрын хяналтын хамгийн чухал үзүүлэлт болох гликозилжсон гемоглобин (HbA1c) илт буурсан гарсан байна.

Жингийн хувьд биеийн өөхний масс, жингийн илүүдэл, түүнчлэн цусан дахь триглицерид, холестерин буюу биед халтай өөх тосны хэмжээ багассан. Цаашлаад чихрийн шижингээс үүдэлтэй элэгний өөхлөлт, бөөрний гэмтэл, бүдүүн гэдэсний үрэвсэл зэрэг ноцтой хүндрэлүүд мэдэгдэхүйц багассан байна гэх зэрэг маш эерэг үр дүн гарчээ.

Сармагчин дээрх туршилтын үр дүн (5 долоо хоногийн турш, 3 өдөрт 1 удаа хэрэглэсэн)

Ганцхан удаагийн тунгаар уулгахад цусан дахь GLP-1 даавар болон инсулиний хэмжээ нэмэгдэж, сахрыг бууруулах нөлөө нь гурван өдрийн турш тасралтгүй үргэлжилсэн байна. Түүнчлэн туршилтын 5 долоо хоногийн хугацаанд (3 хоног тутамд 1 удаа уулгах үед) сармагчны цусан дахь сахрын хэмжээ ямар нэгэн савлагаагүйгээр тогтвортой түвшинд байсныг онцлууштай.

ИРЭЭДҮЙД

Одоогоор судлаачид хэд хэдэн патентаа аль хэдийн авч (Хятадын патент 202210326236.9, Олон улсын PCT/CN2023/081232, АНУ-ын 18/852,503, Европын 23777819.6) АНУ болон Европын эмийн үйлдвэрлэлийн GMP стандартын дагуу үйлдвэрлэлээ өргөжүүлж эхэлжээ.

Тэднийхээр бол уг “ухаалаг” ашигтай бактери нь ирээдүйд зах зээлд хоёр замаар нэвтрэх боломжтой:
Эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн хэлбэрээр: Хэрэв үйл явц саадгүй үргэлжилбэл, АНУ-ын зах зээлд ойрын хоёр жилийн дотор эрүүл мэндийн нэмэлт тэжээл хэлбэрээр худалдаанд гарах боломжтой.

Чихрийн шижингийн албан ёсны эм: Зах зээлд эм гаргана гэдэг маш олон жилийн судалгаа, туршилт шаарддаг тул ойролцоогоор 3-7 жилийн хугацаа шаардагдана. Түүнчлэн GIFT ашигтай бактерийн нэг том давуу тал нь түүний бүтэц учраас мэдрэгч уураг болон эмчилгээний дааврын генийг тус тусад нь өөрчлөх боломжтой. Тиймээс ирээдүйд зөвхөн чихрийн шижин гэлтгүй таргалалт, элэгний өөхлөлт, бодисын солилцооны бусад эмгэгүүдийг онилсон эмийн судалгаа хөгжих суурь тавигдаж буй.