Өмнө долоо хоногийн сүүлээр цас орж, өвөл, зунаа андуурахад хүргэв. Өмнө жилийн энэ өдрүүдэд ч гэсэн цас орж, агаарын температур хасах руу орж байсан билээ. Хар ухаанаар бол дэлхий дулаарч байгаа юм чинь хүйтэрсэн ч өмнөх жилүүдээс арай танагтай хүйтрэх нь ойлгомжтой мэт. Гэтэл эсрэгээрээ зун хүйтрээд, өвөл нь бүр ч илүү хүйтэрч байгаа нь ямар шалтгаантайг уг нийтлэлээр тайлбарлаж өгье.

Тийрэлтэт урсгал

Агаарын тийрэлтэт урсгал буюу jet stream гэдгийг бидний нүдэнд үл үзэгдэх нэг хашаа гэж төсөөлөөрэй. Энэ ямар үүрэгтэй хашаа вэ гэхээр дэлхийн хойд туйлын хүйтэн агаар, экватор орчмын халуун агаар хоёрыг хооронд нь холилдуулахгүй тусгаарлах зориулалттай.

Энэ хашааны гол онцлог нь яг тэгшхэн шулуун байдаггүй. Харин могой шиг мушгирч, дээшээ доошоо долгиотсон хэлбэртэй. Хэрвээ энэ хашаа танай улсын урдуур мурийж доошилбол хойд туйлын хүйтэн агаар нэвтэрч хүйтэрнэ, харин хойгуур чинь мурийж дээшилбэл өмнөдийн халуун агаарт хална.


Хамгийн гол нь энэхүү мушгирсан хашаа маань нэг байрандаа хөдөлгөөнгүй байдаггүй бөгөөд салхины урсгалаар байнга хөдөлж байдаг. Ингэж хөдлөхдөө халуун (өндөр даралт) болон хүйтэн (нам даралт) агаарын асар том бүсүүдийг яг л галт тэрэгний чиргүүл шиг ар араас нь ээлжлэн дагуулж явдаг. Тийм ч учраас гадаа сайхан дулаахан байж байтал, агаарын урсгал чигээ бага зэрэг өөрчлөх төдийд л хашааны цаана байсан туйлын хүйтэн агаар гэнэт түрэгдэн орж ирдэг. Ингэж тэс өөр хоёр агаарын масс богино хугацаанд ээлжлэн солигдох үед дулаанаас хүйтэн рүү эрс шилжих температурын огцом савлагаа үүсдэг байна.

Тийрэлтэт урсгалын хурд, чиглэлийг тодорхойлдог гол зүйл нь Хойд туйл болон Экваторын хоорондох температурын зөрүү. Зөрүү их байх тусмаа урсгал илүү хүчтэй, харьцангуй тогтвортой урсдаг. Гэтэл дэлхийн дулаарлын улмаас Хойд туйл бусад хэсгээсээ хавьгүй хурдан дулаарч, далайн мөсөн бүрхүүл нь эрчимтэй хайлж байгаа. Хойд туйл ингэж дулаарахаар хойд туйл болон бусад дулаан өргөрөг хоорондын өнөөх температурын зөрүү эрс багасаж, урсгалыг тогтоон барих хүч суларна гэсэн үг. Температурын зөрүү багасахын хэрээр тийрэлтэт урсгал тогтвортой байдлаа алдаж, урсгал улам бүр л долгиолог буюу илүү том, гүн мушгираатай болж байгаа аж.

Яагаад заавал цас гэж?

Тэнгэрт хүйтэн агаарын урсгал орж ирлээ гээд гадаа шууд л цас орчихдоггүй. Дэлхийн дулаарлаас болоод агаар мандал яг л асар том хөвөн шиг маш их чийгийг өөртөө шингээж авах чадвартай болжээ. Агаар дулаан байх тусмаа илүү их усны уур хадгалдаг учраас зун гэнэт усархаг, хүчтэй аадар бороо орох нь хэвийн үзэгдэл болж байна Энэ үед хэд хоног усархаг бороо орох эсвэл наргүй байх үед газрын хөрс хатаагүй, дулаан хуримтлагдаж амжихгүй тул газар маш хурдан жиндэж, чийгтэй болдог. Газар шороо ийм жиндүү, агаар мандал чийгээр дүүрчихсэн яг энэ эмзэг мөчид өнөөх мушгирсан тийрэлтэт урсгал маань хойд туйлын тэсгэм хүйтэн агаарыг гэнэт хөөж, авч ирдэг хэрэг. Ингээд өнөөх хүйтэн агаар орж ирэх үед агаарын температур огцом унаж, орж байсан эсвэл орох гэж байсан усархаг бороо маань газарт хүрэхдээ “хөлдөж” цас болон хувирдаг ажээ.


Хөлөрч чадахаа байсан дэлхий

Дэлхийн дулаарал нэг хэсэгт нь бороо, цас оруулж байхад, өөр нэг хэсэгтөөр хөрсийг хатааж, халааж, ган гачиг үүсгэж байдаг. Газар шороо маань яг л хүнтэй адилхан өөрийгөө хөргөх системтэй. Хүн халууцахаараа хөлөрч, хөлс нь ууршихдаа биеийн дулааныг гадагшлуулж сэрүүцүүлдэг. Гэтэл хэт хуурайшилт, ган гачгийн улмаас хөрсөнд уурших ямар ч чийг үлдэхгүй, улмаар байгаль дэлхий маань хөлөрч ч чадахаа байсан нь харамсалтай. Улмаар нарны хурц цацраг газар ямар ч саадгүйгээр бууж газар дээрх агаар улам бүр хална.
Хойд туйл хурдан дулаарч байгаатай холбоотойгоор тийрэлтэт урсгал тогтвортой байдлаа алдаж, илүү долгиолог болж мушгирдаг тухай дурдсан. Тэгвэл энэхүү аварга том мушгираа заримдаа хэт их долгиотсоноосоо болоод урагшилж чадахгүй, нэг байрандаа хөдөлгөөнгүй гацаж орхидог байна.

Үүнийг зуны халуун өдөр цонхыг нь хаагаад наранд орхисон машинтай адилтгаж болох юм. Нэг байрандаа гацсан агаарын урсгал нь газраас дээш хөөрсөн халуун агаарыг гадагшлуулахгүйгээр буцаагаад доош нь дарж, тухайн бүс нутаг дээгүүр маш том халуун бүрхүүл үүсгэн түгждэг. Энэ үед халуун агаар хаашаа ч гарч чадахгүй нэг газраа эргэлдэн халсаар, хэдэн өдөр, бүр хэдэн долоо хоногийн турш үргэлжлэх хэт халалтыг бий болгодог байна.

Харин бөмбөрцөгийн нөгөө талд?

Яг өдийд Европт өнөөх тийрэлтэт урсгал яг л Грек цагаан толгойн Омега (Ω) тэмдэгтэй адилхан хэлбэртэй болж мушгираад, хөдөлгөөнгүй зогсчихсон тул маш халуун зун нүүрлээд буй.

Үүнийг цаг уурын шинжлэх ухаанд Омега гацалт (Omega Block) гэж нэрлэдэг. Энэ гацалт нь Европын төв болон өмнөд хэсгээр маш өндөр даралт үүсгэж, халуун агаарыг доош нь дарж түгждэг онцлогтой. Улмаар Европод үүл бүрэлдэж чадахгүй, бороо орохгүй, нар маш халуунаар шарах нөхцөл бүрддэг гэсэн үг.
Европын газар зүйн байршил нь өөрөө хэт халалтад өртөмтгий. Европын яг чанх урд Африкийн Сахарын цөл оршдог. Харин Омега гацалт үүссэнээр салхины урсгал өөрчлөгдөх үед, уг систем нь Сахарын цөлийн халуун, хуурай агаарыг хойш нь сорж, Газар дундын тэнгисийг давуулан Европ руу шууд үлээдэг. Өөрөөр хэлбэл, Африк тивийн халуун агаар ямар ч саадгүйгээр Европын хотууд руу орж ирж байна гэсэн үг.


Сүүлийн хэдэн жил дараалан Европт өвөлдөө цас бага орж, хавартаа гандуу байсны том шалтгаан нь энэхүү их халалт шүү дээ. Тухайлбал Европын Ган гачгийг ажиглах төвөөс 2022 онд Европ сүүлийн 500 жилд тохиогоогүй хуурайшилттай нүүр тулсныг зарласан бол, 2023 оны өвөл Францад 31 хоног дараалан хур тунадас ороогүй нь түүхэн дээд үзүүлэлт болж байсан билээ. Улмаар Испани, Итали, Франц зэрэг орнуудын газрын хөрс гүн рүүгээ хатаж, хуйрайшсан бөгөөд Италийн хамгийн урт По гол ширгэж, Испанийн зарим усан сангийн нөөц 16% хүртлээ буурсан байдаг.

Дээрээс нь Европын өмнөд хэсгийн цаг агаарыг зөөлрүүлж сэрүүцүүлж байх ёстой Газар дундын тэнгисийн дундаж температур сүүлийн жилүүдэд түүхэн дээд хэмжээнд хүртлээ халсан. Тухайлбал Испанийн Тэнгис судлалын хүрээлэнгийн тооцооллоор 2023 оны зун Газар дундын тэнгисийн гадаргуун дундаж температур 28.71°C хүрч зарим хэсэгтээ бүр 30°C давсан байх жишээтэй. Далайн ус хэт халуун байгаа учраас газрыг сэрүүцүүлэхийн оронд, халуун агаар руу асар их чийг ууршуулж нэмдэг. Ингэснээр зун яг л саунд байгаа мэт бүгчим болж байгаа юм.

Хамаг буруутан нь хэн бэ? 

Энэ бүгдийн хэргийн эзэн хэнгэргийн дохиур нь мэдээж дэлхийн дулаарал. Хэрвээ дэлхийн дулаарал эрчимжээгүй байсан бол Хойд туйл ингэж хурдан дулаарч, температурын тэнцвэрийг алдагдуулж тийрэлтэт урсгалыг “мушгируулахгүй” байсан. Агаар мандал тэгж их чийг сорж зун цас орохгүй, эсвэл газрын хөрсийг хатаахгүй байлаа.

Бидний мэдэх байгалийн тогтолцоо бүхэлдээ эвдэрч байна. Уур амьсгалын энэхүү тэнцвэргүй байдлын улмаас халуун, хүйтний туйл хооронд огцом савлах эрс тэс үзэгдэл 21-р зууны төгсгөл гэхэд дэлхий даяар улам бүр ойр ойрхон, илүү хүчтэй, олон давтамжтайгаар явагдах төлөвтэй байна. Тиймээс энэ гэнэтийн цаг агаар хүн төрөлхтөн улам дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг яаралтай арга хэмжээ авах шаардлагатайн дохио билээ.