Apple Pay мэндэлснээс хойш тооцвол, сүүлийн арван жилийн хугацаанд дижитал кредит карт гэх шинэ төлбөрийн сонголт гарч ирснээр бэлэн мөнгийг орлох хэрэгсэл болж байсан пластик карт ч халаагаа өгч эхэллээ. Цагтаа бидэнд онлайн худалдааны өргөн боломж, валют хоорондын чөлөөт харилцаа, товчхондоо хурдан, аюулгүй, уян хатан төлбөрийн шийдэл болж байсан ч дижитал кредит карт бидэнд илүү их давуу талыг санал болгож эхэлснээс энэ бүхэн үүдэлтэй.  

Энэ удаагийн нийтлэлдээ бид гарт биш гар утсанд суурилсан хэтэвч хэрхэн ажилладаг талаар болон Соно Финтек ББСБ, Бонум компанитай хамтран дотоодын болон олон улсын албан ёсны төлбөрийн үйлчилгээ болох Google Pay-ийг монголчуудтай хэрхэн ойртуулж буй талаар хуваалцахаар бэлдлээ.  

Зургийн эх сурвалж: visa.com

Түрийвчинд биш төсөөлөлд бий  

Дижитал карт зарим талаараа хүчилтөрөгч эсвэл цаг хугацаатай яг адилхан. Учир нь бид эдгээрийг нүдээр үзэж байгаагүй ч байгаад нь баттай итгэдэг. Юутай ч “бий” гэдэг нь тодорхой юм чинь тэрээр яг юу болох, яаж ажилладаг, хэрхэн ухаалгаар хэрэглэх вэ? гэдгийг энгийнээр ойлгох гээд үзье.

Хамгийн энгийн бөгөөд товчоор тайлбарлахад, дижитал карт бол уламжлалт биет картны цахим хувилбар. Иймд картын дугаар, CVV, хүчинтай хугацаа зэрэг мэдээллийг зөвхөн аппаасаа харах боломжтой. Ийм дижитал картыг үүсгэхийн тулд ямар ч үйлдвэрлэлийн үйл явц шаардахгүй харин технологийн болон банкны нэгдсэн үйл явц шаардлагатай.

Дижитал кредит картыг бүрэн дэмжиж, уялдан ажилладаг олон улсын төлбөрийн шийдлүүдийн хамгийн ууган нь Google Pay. Энэ нь аюулгүй, хурдан, хялбар, найдвартай төлбөрийн хэрэгсэл гэдгээрээ дэлхийн 100 гаруй оронд танигдаж, хэрэглээнд нь нэвтэрсэн байна.

Google Pay монголчуудад хэрхэн ойртов? 

Дээр дурдсанчлан, найдвартай, аюулгүй, хялбар төлбөрийн шийдэл болох Google Pay-ийг эх орондоо нэвтрүүлж буй ээлжит улсаар Монгол тодорлоо. Тодруулбал, Соно Финтек ББСБ дотоодын болон олон улсын албан ёсны төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч Бонум компанитай хамтран Google Pay-ийг дэмждэг олон улсын дижитал кредит картыг Монголын финтек салбарт анх удаа албан ёсоор нэвтрүүлээд байна. Ингэснээр Соно аппын хэрэглэгчид Android үйлдлийн системтэй гар утас, ухаалаг цаг гэх мэт NFC технологийг дэмждэг бүх төхөөрөмжөөр дамжуулан дэлхий даяар нэг тэрбум гаруй хүнд үйлчилж буй Google Pay төлбөрийн системээр хэдхэн секундын дотор төлбөр тооцоо хийх бүрэн боломжтой боллоо.


Зургийн эх сурвалж: developers.googleblog.com

Олон улсын дижитал кредит карт - Монгол хэрэглэгчдэд зориулсан дэлхийн түвшний шийдэл 

Соно Финтек ББСБ нь технологид суурилсан ухаалаг санхүүгийн шийдлүүдийг монгол хэрэглэгчдэд хүргэх зорилготой ажилладаг. Энэ хүрээнд нэвтрүүлсэн Google Pay дэмждэг дижитал кредит карт нь хэрэглэгчдэд дотоод, гадаад худалдаа, онлайн үйлчилгээ, аялал жуулчлал зэрэг олон талбарт илүү өргөн боломжийг нээж өгч буй.

Соно Финтек ББСБ-ын төлөөлөл:

Бидний зорилго бол хэрэглэгчдэд дэлхийн жишигт нийцсэн, ухаалаг санхүүгийн бүтээгдэхүүнийг санал болгох явдал юм. Google Pay-д бүрэн нийцсэн энэхүү кредит карт нь монгол хэрэглэгчдэд дижитал санхүүгийн дараагийн шат руу шилжих шинэ боломжийг нээнэ гэдэгт итгэлтэй байна.

Ашиг тус ба анхаарах зүйл  

Мэдээж банкны салбар орж, карт захиалах шаардлагагүй, ердөө нэгээс хоёрхон минут зарцуулаад гар утсаараа картаа үүсгэж болно. Мөн гарт баригдаж, нүдэнд үзэгдэхгүй тул гээх, алга болгох вий гэж санаа зовох шаардлагагүй. Төрөл бүрийн цахим худалдаа хөгжиж буй энэ үед дижитал карт хамгийн тохиромжтой, учир нь дэлхийн бүхий л платформтой холбон хэрэглэх боломжтой. Зөвхөн харилцагч мэдрэх ашиг тусаас гадна биет картын хэрэглээг бууруулж байгаа гэдэг утгаараа байгальд ээлтэй сонголт байх болно.

Бүх удирдлага таны гар утас, тодруулбал апптай холбоотой тул аюулгүй байдлын хамгаалалт нэн чухал. Гар утсандаа PIN, FaceID, Fingerprint идэвхжүүлээд зогсохгүй банкны аппдаа давхар баталгаажуулалт хийхэд буруудах зүйлгүй. Мөн хэрэглэгч өөрийн хайхрамжгүй байдлаас шалтгаалан аюул дагуулах эрсдэлтэй бас нэгэн үйлдэл бол картын мэдээллийг скрийншот хийж бусдад дамжуулах явдал. Санууштай нь, ямар ч цахим худалдааны платформ чат эсвэл цахим шуудангаар картын мэдээллийг тань шаардах ёсгүй. Мөн цахимаар шоппинг хийхдээ итгэмжлэгдсэн, танил брэндүүдийн вебсайтыг ашиглахын сацуу хувийн мэдээлэл нэхдэг сэжигтэй popup-уудаас зайлсхийхийг зөвлөж байна.

Товчхондоо, Финтек салбарын энэхүү дэвшил нь зөвхөн нэг бүтээгдэхүүн төдий бус Монголын дижитал эдийн засгийн дараагийн том алхмыг эхлүүлж буй хэрэг билээ.