Арваннэгдүгээр сарын 26-нд Монгол Улс Бүгд Найрамдах Улс болохоо тунхаглаж, анхны Үндсэн хуулиа баталсны 102 жилийн ой тохиож байна. Энэ өдрийг бид олон төрлөөр тэмдэглэн өнгөрүүлдэг ч бүх л тохиолдолд төрийн далбаа салшгүй нэг хэсэг нь байдаг. Төрийн далбааны зүүн талын улаан дэвсгэр дээрх нар, сар, гал, гурвалжин, тэгш өнцөгтүүдийг нэг дор багтаасан Соёмбо дүрс зуу гаруй жил манай улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг болж иржээ.
Гэхдээ Соёмбыг анх далбаанд зориулж бүтээгээгүй. Энэ бол Өндөр гэгээн Занабазарын 1686 онд зохиосон бичгийн тогтолцооны эхний үсэг. Тэрхүү бичиг өдөр тутмын хэрэглээнд нэвтэрч чадаагүй ч улс орны хувь заяатай холбогдон үлджээ. Соёмбо бичиг үүссэний 340 жилийн ой, Бүгд Найрамдах Улсын баяр хоёр давхцаж буй энэ үед нэг үсэг хэрхэн үндэстний тусгаар тогтнолын билэг тэмдэг болсныг эргэн харъя.
Өндөр гэгээн Занабазарын оюуны бүтээл
Монголчуудын бичиг үсгийн түүхэнд XVII зуун онцгой байр суурь эзэлдэг. Энэ үед монгол хэл, соёлын өвийг хадгалж хамгаалахын зэрэгцээ шашин, гүн ухаан, шинжлэх ухааны мэдлэгийг эх хэлээрээ судлах хэрэгцээ нэмэгдэж байв. Тухайлбал, 1648 онд Зая бандид Намхайжамц Тод үсгийг зохиосноос хойш хэдэн арван жилийн дараа Халхын анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар шинэ бичгийн тогтолцоо бүтээхийг зорьсон байна.

Тэр бээр 1686 онд эртний Энэтхэгийн ланз (Laṇḍā) бичигт тулгуурлан Соёмбо бичгийг зохиосон аж. Санскрит хэлний “swayambhu” буюу “өөрөө бүтсэн гэгээн” хэмээх утгатай энэ нэр нь бичгийн эхний тэмдэгтэй нь холбоотой. Түүхэн эх сурвалжуудад дурдсанаар Өндөр гэгээн уг бичгийг монгол, санскрит, төвөд хэлний авиаг тэмдэглэх, шашны ном судрыг орчуулах, мөн Монголын бие даасан байдлыг илэрхийлэх зорилгоор бүтээсэн гэдэг.
Сонирхолтой нь, Соёмбо үсэг зохиогдсон цаг үе нь Монголын буддын шашин, гүн ухаан, урлаг соёлын хөгжил эрчимжиж байсан үетэй давхацдаг. Тухайн үед Ганжуур, Данжуур зэрэг буддын их хөлгөн судрыг орчуулж, төвөд болон санскрит хэл дээрх арвин их сан хөмрөгийг монгол хэл рүү буулгах эрдмийн ажил өрнөж байв. Ийм нөхцөлд олон хэлний авиаг тэмдэглэх боломжтой бичиг зохиосон нь зөвхөн шашны хэрэгцээ төдийгүй тухайн үеийн оюуны хөгжлийн нэгэн чухал алхам байжээ.

90 үсэгтэй өвөрмөц бичгийн тогтолцоо
Соёмбо бичиг нийт 90 үсэгтэй бөгөөд хэвтээ болон босоо чиглэлд бичих боломжтой. Үсгийн бүтэц, зурлага нь бусад монгол бичгүүдээс нэлээд ялгаатай. Үндсэн гийгүүлэгчийн хэлбэрийг хадгалж, эгшиг авиаг туслах тэмдгээр илэрхийлдэг бөгөөд үгийг үеэр нь багцлан бичдэг онцлогтой.
Гэхдээ Өндөр гэгээн Энэтхэг, Төвөдийн бичиг үсгийн уламжлалыг шууд хуулбарлалгүйгээр өөрийн гэсэн өвөрмөц тогтолцоог бий болгон хөгжүүлснээрээ онцлогтой. Түүнчлэн Шинжлэх ухааны академийн Философийн хүрээлэнгийн судлаач О.Болор-Эрдэнэ “Соёмбо нь монгол үндэстний оюун сэтгэхүйн феномэн болох нь” өгүүлэлдээ Соёмбо бичгийг дорнын хэл шинжлэлийн уламжлал, Энэтхэгийн авиа зүйн зарчим, таван махбодын онолтой холбон тайлбарласан байдаг.

Мөн Соёмбо бичиг нь монгол хэлнээс гадна санскрит, төвөд хэлний авиаг тэмдэглэх боломжтой байсан нь түүний гол давуу тал байв. Өөрөөр хэлбэл, энэ нь латин цагаан толгойг хэрэглэдэг хэлнүүд нэг нэгнийхээ нэр авиаг өөр бичиг үсэгтэй хэлтэй харьцуулахад харьцангуй хүндрэл багатай хөрвүүлдэгтэй адил юм.
Гэсэн хэдий ч бичгийн тогтолцоо төгс байх, олон нийтийн хэрэглээнд нийцэх гэдэг хоорондоо ялгаатай. Соёмбо бичиг 90 үсэгтэй, олон нарийн зурлагатай учир өдөр тутмын бичиг хэрэгт хэрэглэхэд төдийлөн тохиромжгүй. Үүнээс гадна Монголын тусгаар тогтнолыг бэлгэдэх агуулгатай байсан нь тухайн үеийн улс төрийн нөхцөл дэлгэрэхэд нь саад болсон байж болзошгүй. Иймээс худам монгол бичгийг орлож чадалгүй, гол төлөв шашин ном, сүм хийдийн хүрээнд хэрэглэгдсээр иржээ.
Бичгийн эхний тэмдгээс тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг хүртэл
Соёмбо бичиг өдөр тутмын хэрэглээнд өргөн нэвтрээгүй ч түүний эхний тэмдэг болох Соёмбо дүрс нь тэс өөр замыг туулсан юм. Тус тэмдэг нь гал, нар, сар, газар шороо, ус, хий, огторгуй зэрэг байгалийн махбод (mahabhutas: санс. Их таван бодис хэмээх утга бүхий үг)-ыг илэрхийлсэн олон давхар утгатай. Тэмдгийн оройд байрлах нар, сар нь мөнх тэнгэрийг, гурван орой бүхий дөл нь гал голомт үүрд бадран мандахыг бэлгэддэг хэмээдэг. Харин доод хэсгийн гурвалжин, тэгш өнцөгт дүрсүүд нь дайсныг дарах, улс орны тусгаар тогтнол, бат бөх байдлыг илэрхийлдэг байна.
XX зууны эхээр Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхагласны дараа Соёмбо тэмдгийн түүхэнд шинэ хуудас нээгдэв. Богд хаант Монгол Улсын үед төрийн тамга, далбаа болон бусад төрийн хэрэглээнд Соёмбо тэмдгийг дүрслэх болсон нь түүнийг үндэсний тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон бататгажээ.

Харин 1924 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улс байгуулагдсанаас хойш төрийн бэлгэдэлд өөрчлөлт орж, 1940-өөд оны үед Соёмбо тэмдэг төрийн сүлднээс түр хасагдсан түүхтэй. Гэсэн ч монголчуудын үндэсний ухамсар, тусгаар тогтнолын бэлгэдэл болох байр сууриа алдаагүй юм. Улмаар 1945 оноос төрийн далбаанд дахин залагдан, өнөөгийн Монгол Улсын төрийн далбаанд ч хадгалагдан үлджээ.
Түүнчлэн Академич Бямбын Ринчен гуай 1948 онд бичсэн “Соёмбо тэмдэг бол Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын алдарт сайхан бэлгэ тэмдэг мөн” нэрт бичгийн машинаар цохисон зургаан хуудас бэсрэг өгүүлэлдээ монголчууд “Соёмбо” тэмдгийг эрт дээр цагаас улс үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний бэлгэ тэмдэг хэмээн үзэж ирсэн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан олон эх оронч, цэрэг эрс өөрийн туг далбаандаа мандуулан явсан нь цаанаа маш гүн гүнзгий учир агуулгатай байсан хэмээн тодорхойлсон байдаг аж.

Гурван зууныг давсан өв
Өнөөдөр Соёмбо бичгээр бичигдсэн эх сурвалж, ном судрын тоо харьцангуй цөөн. Монголын түүхийн тайлбар тольд дурдсанаар тус бичгээр олон ном судар бичигдсэн гэх мэдээ байдаг ч өнөөг хүртэл уламжлагдан ирсэн дурсгал нь нэн ховор аж. Харин сүм хийдийн барилга байгууламж, шашны эд өлгийн зүйл, судар номын эхлэл, төгсгөлд Соёмбо тэмдэг дүрслэгдсэн байдаг нь олонтоо.
Өндөр гэгээн Занабазарын олон талт бүтээлийн нэг болох Соёмбо үсэг нь монголчуудын бичиг үсгийн шинэчлэл гэхээс илүүтэй, тухайн цаг үеийнхээ мэдлэг, шашин, урлаг, гүн ухааны ололтыг нэгтгэсэн оюуны цогц бүтээл байв. Түүнчлэн өөрийн гэсэн бичиг үсэг, соёлын өвийг бүтээж, хөгжүүлэх гэсэн үндэстний хүсэл тэмүүллийн илэрхийлэл байжээ.
Сонирхуулахад, өдгөө та энд дарж Соёмбо үсгээр бичих, мөн тусгай фонт татан авах боломжтой ажээ.

Ийнхүү 1686 онд бүтээгдсэн Соёмбо үсэг өнөөдөр 340 жилийн түүхээ үдэж байна. Нэгэн цагт ном судрын эхэнд бичигддэг асан тэмдэг өнөөдөр Монгол Улсын тусгаар тогтнолын эхэнд бичигдэн мандаж буй нь Соёмбын гурван зууныг дамнасан түүхийн хамгийн сонирхолтой хувь заяа нь гэлтэй.
Сэтгэгдэл бичих

