Бидэнд бараг л өдөр тутам тохиолддог асуудлын нэг бол “Энэ үгэнд аль үгийн И орох билээ?” гэх хошин асуулт юм. Та ч мөн “Энэ үгийг ингэж ч бичдэг, тэгж ч бичдэг" гэх мэт мэтгэлцээнүүдтэй өмнө нь бишгүй олон удаа тулгарч байсан болов уу. Бид бүгдээрээ дунд сургуульдаа цээж бичиг хийж, хэдэн зуун нүүр эх хуулж бичдэг ч ажлын байран дээр зөв бичгийн дүрэм бидний толгойн өвчин болсон хэвээр байгаа нь харамсалтай.
Тэгвэл энэ удаагийн нийтлэлээрээ цахим шуудан илгээх, албан бичиг бичихээс өгсүүлээд өдөр тутамдаа эх хэлээрээ бичих явцад биднийг хамгийн их эргэлзүүлдэг зөв бичгийн дүрмийн түгээмэл зургаан дүрмийг тайлбарлая.
Энэ дүрэм бидний толгойг чамгүй эргүүлдэг ч үнэндээ тийм ч хэцүү, ойлгомжгүй дүрэм биш. Бага ангид үзсэнчлэн монгол хэлний эгшиг эр (а,о,у), эм (э,ү,ө) хэмээн хуваагддаг бөгөөд эр эгшиг орсон үгийг эр үг, эм эгшиг орсон үгийг эм үг гэдгийг та хэдийн мэдэх биз ээ. Тэгвэл эр үгэнд “ы”, эм үгэнд “ий”-г бичнэ. Жишээлбэл:
Ардын, уулын, аавын
Эмийн, өөрийн, ээжийн гэх мэт.
Ингээд л энэ дүрэм конец. Гэхдээ энд ганцхан онцгой дүрэм байдаг нь “ж, ч, ш, ь, и, хэлний г” үсгүүдээр төгссөн эр үгэнд “ий”-г бичнэ гэдэг. Энэ онцгой дүрэм л бидний толгойг эргүүлээд хаячихдаг. Жишээ нь:
Багшийн, сурагчийн, сургуулийн, нутгийн, зургийн, ангийн гэх мэт. Тэгвэл яагаад ийм дүрэм байдгийг цааш нь тайлбарлая.
Дээр дурдсан дүрэмд хэлний Г үсгээр төгссөн эр үгэнд “ий” залгана гэсэн билээ. Бид бага ангидаа хоолойн Г, хэлний Г гээд л маш олон удаа сонссон ч учрыг нь төдийлөн ойлголгүй өдийг хүрсэн. Тэгвэл маш энгийнээр хоолойн Г бол хүүхэн хэл оролцож хэлэгддэг Г авиа юм. Бүр энгийнээр хэлбэл, араасаа “а, о, у, ы” буюу эр эгшиг дагуулах Г авиаг хоолойн Г гэнэ. Жишээ нь, арга, бага, ботго, гол зэрэг үгсийн Г нь хоолойн Г.
Харин хэлний Г бол хэлний угаар хэлэгддэг Г авиа. Энгийнээр хэлбэл араасаа “а, о, у, ы” эгшгээс өөр эгшиг дагуулах эгшгийг хэлнэ. Жишээ нь хөрөнгө, цэцэг, гөлөм, аймаг, нутаг, зураг гэх мэт үгэнд орно. Зураг, нутаг, цаг зэрэг үгийн төгсгөлийн Г үсэг нь хэлний Г учраас эр үг мөртөө “ий”-г араасаа дагуулдаг учир энэ. Тиймээс цагын биш цагийн гэж бичих нь зөв аж.
Гадаад хэл сурахад бидэнд үгийн өргөлт (accent)-ийн талаар сурах зайлшгүй шаардлага гардаг. Тэгвэл та монгол хэлний үгийн өргөлтийн талаар бодож байсан уу? Монгол хэлэнд үг бүрийн эхний эгшиг өргөлттэй байдаг. Намар, хавар, цэцэг, ургамал гээд та дурын үгээ дуудаад үзэхэд эхний эгшиг тод, өргөлттэй дуудагдаж байгаа биз. Харин бусад эгшгийг балархай (үгийг эгшигжүүлэх, ялгах, зөөлрүүлэх үүрэгтэй) эгшиг гэдэг. Маш энгийнээр хэлэхэд “намар” гэдэг үгийн хоёр дахь А балархай эгшиг юм.
Монгол хэлний гийгүүлэгчийг эгшигт (м,н,г,л,б,в,р), заримдаг (ц,ж,з,с,д,т,ш,ч,х) гэж хоёр хуваадгийг та мэдэх байх. Тэгвэл эгшигт гийгүүлэгчийг л эгшгээр дутаачихгүй явах үүрэгтэй эгшиг бол балархай эгшиг бөгөөд түүнийг гээдэггүй.
Жишээ нь, монгол, үзвэр, самбар, арслан, зэрэг үгсийн тодруулсан хэсэгт балархай эгшиг хоёр талынхаа эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж буй хэрэг. Тийм учраас залгавар залгахад дээрх эгшгүүдийг гээхгүй (монголын, үзвэрийн, самбарын, арслангаар). Харин ганцхан эгшигт гийгүүлэгчийг эгшигжүүлж байсан бол гээгдэнэ (гэрэл–гэрлийн).
Бидний толгойг нэлээд сайн эргүүлж чаддаг дүрэм бол хүсч эсвэл хүсэж гэж бичих үү? гэдэг асуулт. Асаж эсвэл асч, босож эсвэл босч, засаж эсвэл засч гээд л бүгд хоорондоо адил дүрэмтэй.
Тэгвэл зэрэгцүүлэн холбохын -ж, ч нөхцөл заримдаг гийгүүлэгчийн араас орвол дунд нь эгшиг жийргэлээд -ж нөхцлийг холбох дүрэмтэй. Жишээ нь, хүсэж, босож, засаж, бичиж гэх мэт.
Балархай эгшиг нь мөн ялгах үүрэгтэй. Үйл үгийг нэр үгээс ялгадаг тул үйл үгийн Х-н өмнөх балархай эгшиг гээгдэхгүй. Жишээ нь, хонх (эд зүйлийн нэр), хонох (үйл үг) – хонохын, харх (амьтны нэр), харах (үйл үг) – харахын.
Тэрчлэн балархай эгшиг үгийг зөөлрүүлэх үүрэгтэй. Энэ дүрэм маш амархан. Ж, Ч, Ш -ээс бусад гийгүүлэгчийн араас орсон И нь үгийг зөөлрүүлэх үүргийг хүлээдэг. Жишээ нь хонгил, хурим, охин, сорил, барил гэх мэт. Эдгээр И (балархай) эгшгийг гээдэггүй.
Биднийг нэлээд эргэлзүүлж, удаан бодоход хүргэдэг өөр нэгэн дүрэм бол аливаа эгшгийг гээж бичих үү, үгүй юу гэдэг билээ. Зарим тохиолдолд гээгдэж бичигдээд заримдаа гээгдэхгүй байдаг нь хөнгөн харахад тохиолдлын (random) мэт санагдаж болох юм. Тэгвэл энэ нь угтаа огтхон ч тийм биш. Эгшгийг гээж бичих ердөө гурван тохиолдол бий.
Г+Э буюу гийгүүлэгчээр төгссөн үгэнд эгшгээр эхэлсэн залгавар залгахад өмнөх эгшиг нь гээгдэнэ. Энгийнээр хэлбэл хамгийн сүүлчийн эгшиг гээгдэнэ. Жишээ нь, олон–олноос, авар–авраад гэх мэт.
И-гээр л төгсөөгүй бусад бүх эгшгээр төгссөн үгийн сүүлчийн эгшиг гээгдэнэ. Жишээ нь, чарга–чаргыг, өмнө–өмнөөс гэх мэт.
Г+Г буюу үгийн хамгийн сүүлд гийгүүлэгч байвал түүнд гийгүүлэгчээр эхэлсэн залгавар залгахад сүүлчийн эгшиг гээгддэг. Жишээ нь, боловсор+л–боловсрол, сурагчид+д–сурагчдад гэх мэт.
Ингэж дээрх байдлаар эгшгээ нэгэнтээ гээчихсэн үгэнд дахин залгавар залгахдаа гээсэн эгшгээ сэргээдэггүйг санууштай. Жишээ нь, бутар+л–бутрал+аар–бутралаар, нөхөд+д–нөхдөд+өө–нөхдөдөө гэх мэт.
Авчихаж, авчхаж бол өөр дүрэмтэй андуурснаас үүссэн алдаа юм. Бид үйл үгийн -х -гийн өмнөх эгшгийг гээдэггүй. Харин авчих гэдэг үгийн -х бол үйл үгийн -х биш тул шууд авчхаж гэж залгах нь дүрмийн хувьд зөв.
Мөн оноосон нэрийн ямар ч эгшгийг гээдэггүй гэдгийг та олон удаа сонссон болов уу (Монголоос, Гэрэлээс).
Өдөр тутамд хамгийн эргэлзээтэй бөгөөд алдаатай бичигддэг үг энэ болов уу. Монгол хэлэнд өгөх оршихын -т тийн ялгалын нөхцөлийг Г, өмнөө эгшигтэй С-ийн араас бичдэг. (хэлтэст, худагт, нутагт, Нацагт). Харин бусад бүх тохиолдолд -д тийн ялгалыг бичдэг билээ. Жишээ нь, ахад, шилд, сард, жилд, хүн бүрд. Тэгэхээр дүрмийн дагуу бүрд хэмээн бичих нь зөв.
Мөн -т тийн ялгалыг тогтворгүй -н үсэггүй үгэнд бичдэг. Тогтворгүй -н гэдэг нь хааяа гарч ирээд хаяа алга болоод байдаг -н үсэг. Жишээ нь, цас–цасанд, хэл–хэлэнд, бороо–бороонд. Эдгээр үгэнд -д тийн ялгалыг залгадаг байна.
Нэмж хэлэхэд, монгол хэлний кирилл үсгийн зөв бичгийн дүрмийг Ц.Дамдинсүрэн гуай 1946 онд зохиож, нийтийн хэрэглээнд орсноос хойш бараг огт өөрчлөгдөөгүй гэнэ. Тодруулбал, 1983 онд эргэлзээтэй бичигддэг үгсийг журамласан бөгөөд түүнээс хойш зөв бичгийн дүрмэнд ямар ч өөрчлөлт ороогүй юм.
Гэсэн ч бидний дунд аль хувилбараар нь бичихээ мэддэггүй үг олон байдаг. Энэ нь бидний буруу бичээд дадсан, ярианы дуудлагаараа бичих гэсэн алдаануудаас үүсдэг. Тиймээс 2018 онд эргэлзээтэй бичигддэг 700 үгсийг журамласан бөгөөд энэ жагсаалт нь Ц.Дамдинсүрэн гуайн жагсаалтаас зөрүүгүй гэдгийг дурдах нь зүй.
Жишээ нь, гараг ба гариг гэх хоёр үг хоёулаа дүрмийн хувь алдаагүй. Зөвхөн утга нь өөр юм. Гараг нь долоо хоногийн өдрүүд ба гараг эрхсийг нэрлэх бол гариг нь гарь буюу нохой баах гэсэн утгатай үндсэнд нэр үг үүсгэх -г залгавар залгаж бүтээсэн үг байх нь.
Мөн бидний эргэлздэг шавьж, шавж хоёр бичиглэлийн шавж нь зөв. Учир нь шавах гэсэн язгууртай үг юм. Бидний бас нэгэн эргэлздэг үг бол хүргэе, хүргье билээ. Бид гийгүүлэгчээр төгссөн үгэнд эр, эм үгээс нь шалтгаалан Ъ, Ь бичээд Е, Ё, Я залгадаг. Жишээ нь, бичье, бодъё гэх мэт.
Харин эгшгээр төгссөн үгэнд шууд залгадаг. Хүргэ гэдэг үг эгшигээр төгсөж буй тул шууд хүргэе гэж бичиж хэвшээрэй. Өөр бидний их андуурч бичдэг үг бол үнэ цэн, үнэ цэнэ билээ. Цэн гэдэг нь цэгнэх гэдэг үгийн үүсэл үг бөгөөд нэг цэн алт гэх хэлцтэй холбоотой. Харин цэнэ бол цэнэх буюу хянах, болгоомжлох гэсэн утгатай үг. Тиймээс үнэ цэн гэж бичих нь зөв юм.
Энэ мэтчлэн бидний ярианы дуудлагадаа тулгуурлан алдаатай бичдэг 700 үгсийг дахин журамласан бөгөөд юуг ч нэмж өөрчлөөгүйг ахин дурдая.
Эцэст нь, дээрх хэдхэн дүрмийг тогтоочиход танд ахиж И-гийн асуудал үгүй болох бөгөөд олон эргэлзээтэй дүрмүүд ч ойлгомжтой болно гэж найдаж байна. Одоо цагт бидний цагийг хэмнэж, эргэлзээтэй үг бичихэд туслах зөв бичгийн алдаа шалгах хэд хэдэн платформ бий.
Тэдгээр хэрэгслүүдийг ашиглан зөв бичгийнхээ дүрмийн мэдлэгийг улам бататгах боломжтой юм. Зөв бичиж сурах нь өөрөө эх хэлээ хайрлаж буй үйлдэл билээ. Ингээд таны бичих, унших үйлд амжилт хүсье.