Та оффисынхоо эргэн тойрныг ажаад нэг хараарай. Эргэлзээгүй Stanley брэндийн халуун, хүйтнээ барьдаг сав байж л байгаа. Жишээ нь би өнөөдөр зорин байж оффисоороо хайж үзэхэд л гурвыг олсон гээч. Нэг нь бүр өчигдөрхөн худалдан авчээ. Сэтгэгдлийг нь асуухад “Их ус ордог болохоор амар юм байна” гэж хариулсан юм. Нээрээ л олон дахин босохоос төвөгшөөдөг төвлөрч суудаг ажилтай бидэнд давгүй сонголт ч юм шиг. Ганц ажлын байранд ч гэлтгүй TikTok-ийн бичлэгүүд дээрээс энэ сав төрөл төрлөөрөө, өнгө өнгөөрөө гардгийг уншигч та ч бас анзаарсан биз ээ.
Тэгвэл ийнхүү алдарших болсны шалтгаан юу байв? Үйл ажиллагаагаа эхлээд 111 жил өнгөрч буй Stanley компанийн бүтээгдэхүүнүүд яагаад сүүлийн үед үлэмж ихээр борлуулагдаж байна вэ? Хариултыг өнөөдрийн нийтлэлээс олж мэдээрэй.

STANLEY ИНГЭЖ ЭХЛЭВ
Өдгөө бидэнд ханандаа залгаад л цахилгаан ашиглах боломжийг олгосон эрхэм бол өнөөдрийн Stanley брэндийн бүтээгч Уиллиам Стэнли юм. Тэрээр өдрийн турш кофегоо хэрхэн халуунаар нь байлгах тухай анхааран бодсоны дүнд 1913 онд анхны халуун баригч сав Stanley-гээ бүтээсэн түүхтэй. Тухайн үед Stanley-гийн үндсэн хэрэглэгчид нь ихэвчлэн ажилчин ангийнхан эсвэл ууланд авирагч тэргүүтэй гадаа олон цагийг өнгөрүүлдэг хүмүүс байсан ба тэр аягаа одоо хүртэл хэвээр нь хадгалсан хүн байдаг гэхэд гайхмаар.
Анхны загварын хувьд дотор талдаа шилэн материалтай, хоёр давхар хананых нь дунд нунтаг нүүрс хийж, халуунаа удаан хугацаанд барих нөхцөлийг бүрдүүлж өгчээ. Мэдээж энэ шийдэл савны жинг илүү хүнд болгохын сацуу шилээр хийгдсэн дотор нь бүтээгдэхүүнийг илүү хэврэг, мэдрэмтгий болгожээ. Хамгийн сонирхолтой нь, Stanley компани 94 жилийн турш шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлээгүй бөгөөд 2007 онд Flask, 2014 онд Barware-ийн загваруудыг худалдаанд гаргасан аж. Мэдээж энэ хугацаанд нунтаг нүүрс ашигладаг Char-Vac™ технологио шинэчилж, 2009 оноос Quad-Vac™ хэмээх технологи ашиглаж эхэлсэн. Энэ шинэчлэлийн үр дүнд дотор талын дөрвөн давхар дахин боловсруулсан ган нь 60 цагийн турш мөстэй хэвээр хадгалахын сацуу гадна талын зузаан ган нь илүү бат бөх болжээ.
Хэлбэр загвар нь бага багаар өөрчлөгдсөөр өдгөө хамгийн өндөр борлуулалттай болсон Quencher-ийн соруултай загвар 2016 онд үйлдвэрлэгдэв. Тухайн үед эл загвар таван өнгөний сонголттой байсны зэрэгцээ автомашины аяганы сууринд төгс зохицож байсан нь хэрэглэхэд улам таатай болгожээ. Сайн ажвал анхны загварын уруу харсан байрлалтай ижил харагддаг уг загвар өдгөө хэмжээний хувьд 14, 20, 30, 40, 60 гэсэн сонголттойгоор, 30 хүртэлх төрлийн өнгөөр худалдаалагдаж буй.

Хэрэв уншигч та хэн бүхний хэрэглээнд нийцсэн Stanley-тай болохыг хүсвэл НОМИН ХоумСтайл-ыг зориорой. Тэд албан ёсны эрхтэй худалдаалж эхэлсэн бөгөөд хүсвэл www.nomin.mn вэбсайтаар захиалах боломжтойг энэ ташрамд дуулгая.
Албан ёсны Facebook болон Instagram хуудсаар зочлох

ЦАГАА ОЛСОН БРЭНД ШИНЭЧЛЭЛ
2019 он. Quencher-ийн загварууд төдийлөн амжилт үзүүлэхгүй байсан тул үйлдвэрлэлийг зогсоох дээрээ тулсан үе байлаа. Гэвч Инстаграм дээр “The Buy Guide” хуудсыг хамтран хөтөлдөг гурван ээж уг бүтээгдэхүүнд өндөр потенциал байгаад итгэн 5000 ширхэгийг худалдан авч, тухайн үед ээжүүдийн дунд алдартай байсан нийгмийн сүлжээний нөлөөлөгч Эмили Мэйнард Жонсон руу дагагчдадаа санал болгохыг хүсэж, нэгийг бэлэг болгон илгээжээ. Тэрхүү ухаалаг сурталчилгааны ачаар тэд өнөөх 5000 ширхэг бүтээдэхүүнээ таван өдрийн дотор борлуулж, буруу бодоогүйгээ батлав.
2020 он. Царай муутай гэгддэг Crocs шаахайн борлуулалтыг үлэмж нэмэгдүүлж чадсан энтрепренер Тэрэнс Рэйли дараагийн амжилтаа Stanley-гаас олж харжээ. Crocs-ийг “од” болгоход түүнд долоон жил шаардлагатай байсан бол Stanley-г олонд таниулахын тулд тав хүрэхгүй жил хангалттай байсан юм. Түүний баримталсан гол стратеги нь илүү олон брэнд, нийгмийн сүлжээний нөлөөлөгчтэй хамтран ажиллахын сацуу хэрэглэгчдийн сегментээ нарийвчилж, өнгөний төрлөө нэмэх байлаа. Мэдээж энэ санааг “The Buy Guide”-ийн бүсгүйчүүд хамтран сэдсэн ба багтаамж сайтай учир завгүй ээжүүдийн хувьд өдөржин ус уух боломжийг олгоно хэмээн тэд үзсэн юм.
Ийнхүү 110 жилийн дараа хамгийн өндөр борлуулалтдаа хүрсэн Stanley брэнд 2019 онд 70 сая ам.долларын борлуулалттай байсан бол 2023 онд 750 сая ам.долларын ашигтай ажиллажээ. Гайхалтай биш гэж үү?

ШАТСАН МАШИНЫ МАРКЕТИНГ
Өөрчлөлт шинэчлэлийн үр дүнд өндөр борлуулалт хийж чадсан Stanley-д дараагийн боломж нь өөрөө гүйгээд ирсэн гэж болно. Азаар гэх үү, эзээр гэх үү өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 13-нд цахим ертөнцөд нэгэн бичлэг тарсан нь Stanley-г улам алдартай болгосон юм. Товчхондоо @danimarielettering нэртэй TikTok хэрэглэгчийн шатсан машинаа үзүүлсэн бичлэгт бага зэрэг тортог болсон Stanley-ийн Quencher загварын 40 унцын сав байжээ. Бүр галаас дотроо мөстэй чигээрээ үлдсэнийг энэ бичлэгээс үзэж болно шүү.
Уг бичлэг тухайн үед үлэмж хандалт авч, Stanley компанийн удирдлагуудын анхаарлыг ч татаж чадсан юм. Түүнчлэн дээрх TikTok хэрэглэгч эмэгтэйд цоо шинэ Stanley илгээсэн ба сарын дараа Mazda загварын машин худалдан авч өгчээ. Нэг бодлын харамсалтай хэрэг тохиосон ч аль аль талдаа таатай үр дүнгээр төгссөнийг бодоход тун сонирхолтой.
СОШИАЛЫН ХҮЧ
TikTok-оос Stanley cup гэж хайвал 6.7 тэрбум илэрц гарч ирнэ гээд бод доо. Тэдний цөөн хэдэд нь ижил нэрт Хоккейн цом гарч ирэх бол үлдсэн нь тэр чигтээ өнөөдрийн нийтлэлийн гол дүр байх болно. Аливаа брэндийг нэг шөнийн дотор алдар нэрд хүргэх чадалтай сошиал медиа ба Stanley-ийн хамтран ажиллагч байгууллага болон нөлөөлөгчдийг зөв сонгох стратеги гайхалтай хоршсон нь энэ билээ. Тодруулбал, тэд зорилтот худалдан авагчдаараа эмэгтэйчүүдийг сонгож, тэдэнд хүрч чадах сошиал платформ болон алдартнуудыг оновчтой ашигласан юм. Мэдээж бүтээгдэхүүний чанар ч бас ийнхүү түгэн дэлгэрэхэд нөлөөлсөн байж таарна. Мөн тэд ухаалаг маркетинг, тууштай агуулгаар дамжуулан зөвхөн бүтээгдэхүүн зарах бус амьдралын хэв маягийг зарж чадсан. Хэрэв танд одоог хүртэл “Яаж?” гэсэн эргэлзээ төрж буй бол TikTok руу ороод Stanley-ийн тухай дурын нэг контентыг үзээрэй.
Тус бүтээгдэхүүний худалдан авагч зөвхөн эмэгтэйчүүд, ээжүүдээр хязгаарлагдаагүй бөгөөд Z үеийнхний сонголтод ч нөлөөлж чадсан. Тэдний хувьд бэлгэ тэмдэг нь гэгдэх Оливиа Родриго хүртэл Stanley-ийн бүтээгдэхүүнд дуртай гэдгээ хүлээн зөвшөөрсөн нь үүнийг гэрчлэх болов уу.

STANLEY СОЁЛ
Өдгөө Stanley-ийн хэрэглээ нэг талаасаа “соёл” болсон гэхэд хилсдэхгүй. Хэрэглэгчдийн дунд “Stanley-ийн савтай л бол гоё” гэсэн FOMO (Fear of missing out) үүсэж буй нь ч нууц биш. Үүнийг батлах нэгэн жишээ нь, өнгөрсөн оны сүүлээр Starbucks-тай хамтран гаргасан тэдний шинэ бүтээгдэхүүн юм. Борлуулагдаж эхлээд төд удалгүй зарагдаж дууссан нь цөөнгүй худалдан авагчдын уур бухимдлыг төрүүлж, зүй бус үйлдэл гаргахад ч хүргэжээ. Үүгээр зогсохгүй ахлах сургуулийн хүүхдүүд Stanley-ийн аягагүйн улмаас бие биенээ дээрэлхэж, ялгаварлан гадуурхах тохиолдлууд ч гарч байсан удаатай. Энэ талаар нэгэн ээж TikTok платформд өөрийн сувгаар хуваалцсанаар олон нийтэд ил болж байв.

Энэ бүхнээс үл хамааран Stanley бол чанартай, тогтвортой, ээлтэй хэрэглээ гэдгийг хэн бүр мэдэх болжээ. Тиймдээ ч тэд 111 жилийн турш "Built For Life™" гэсэн тодотголтой бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд санал болгож, амьдралын бүхий л цаг үед чанараа үл алдах үнэ цэнийг бүтээсээр ирсэн юм. Баялаг түүхтэй, үнэ цэнтээ уг брэнд 2025 он гэхэд бүтээгдэхүүний үндсэн орц болох гангийн 50-аас доошгүй хувийг дахин боловсруулсан материал болгохоор зорьж байгааг онцлууштай.
“Хаях эсвэл өөр бүтээгдэхүүнээр орлуулах боломжгүй бүтээгдэхүүн бол хамгийн тогтвортой бөгөөд байгальд ээлтэй бүтээгдэхүүн юм.”
– Stanley

Сэтгэгдэл бичих

