Манай улсад санхүүгийн аюулгүй байдлаа хангаж хуримтлал үүсгэх, мөнгөө эргэлтэд оруулах хамгийн түгээмэл арга нь хадгаламж гэдэгтэй санал зөрөх хүн цөөн биз ээ. Хэдийгээр хадгаламждаа хичээнгүйлэн хураасан мөнгө банкны хүүгээр тодорхой хэмжээнд тэтгэгдэн арвижсан ч үнийн хөөргөдөл буюу инфляц, бодлогын хүү зэрэг макро эдийн засгийн нөлөө, зах зээлийн хурдтай шуурганаас бултах замгүй хоцрох нь энүүхэнд. 

Энэ нь ч сүүлийн жилүүдэд төрөл бүрээр салбарлан хөгжсөн үнэт цаасны зах зээлд анхаарал хандуулах хүний тоо нэмэгдэх шалтгаан болоод буй. Тэр дундаа хувьцаанд хөрөнгө оруулах гэдэг өдрөөс өдөрт гарт ойртож, хүртээмж ч асар хурдацтай тэлжээ. Өнөөгийн байдлаар Монголын хөрөнгийн бирж дээр даруй 170 гаруй хувьцаа  арилжаалагдаж буйг ч сонирхууштай. 

Тэгвэл халаасны мөнгөө ч хүссэн үедээ эргэлдүүлэх боломжийг олгоод буй энэ зах зээлд хөл тавихын өмнө юу мэдэх хэрэгтэй вэ? Энэ удаагийн нийтлэлээр хөрөнгө оруулалт хийх компаниа зөв сонгоход зайлшгүй харгалзах үзүүлэлтүүдийг сорчлон хүргэж байна. 

1. ЛАНГУУНЫ БАРАА 

Эхлээд бид үнэт цаасны, тэр дундаа хувьцааны арилжаа нь лангууны худалдан авалтаас ялгаатайг ойлгож авах хэрэгтэй. Үүний тулд доорх компаниудын нэгж хувьцааны хаалтын ханштай (2025 оны 11-р сарын 2-ны байдлаар) танилцъя:

Түмэн Шувуут ХК: ₮386.33
Инвескор ББСБ ХК: ₮8’735
ЛэндМН ББСБ ХК: ₮153
Худалдаа хөгжлийн банк ХК: 25’180

Энэ мэтээр боловсруулах үйлдвэрлэл, уул уурхай, даатгал гэхчлэн төрөл бүрийн салбарт үйл ажиллагаа явуулагчдын хувьцааны ханш өдрөөс өдөрт хэлбэлзэж, өөр хоорондоо их бага зөрүүг үзүүлэх нь энгийн үзэгдэл. Тэгвэл эдгээр ялгаатай үнийн дүн хэр чухал вэ?

Анхлан хөрөнгө оруулагчдын гаргадаг хамгийн түгээмэл алдаа бол хувьцааны үнэд хэт их ач холбогдол өгөх. Энэ нь хөрөнгө оруулалт хийхийг дэлгүүрээс бараа худалдаж авахтай жишиж байгаагаас хол зөрөхгүй аж. Гэвч аливаа хувьцааны үнэ цэнийг тодорхойлоход харьцуулсан үзүүлэлтүүд нэн чухал. Тэдгээрээс эн тэргүүнд мэдэх ёстой үзүүлэлт бол компанийн үнэ ашгийн харьцаа (P/E ratio).

Тус харьцааг нэгж хувьцааны зах зээлийн үнийг нэгж хувьцаанд ногдох жилийн ашигт хувааж олно. Энгийнээр хэлбэл, компанийн ашгийн ₮1 тус бүрийг хөрөнгө оруулагчид хэдэн төгрөгөөр үнэлж буйг энэ үзүүлэлтээс хардаг. Цаашлаад, компанийн өсөн дэвжих нөөц бололцоог ч давхар илтгэдэг гэдгийг дурдууштай. Ингэснээр компанийн одоогийн хувьцааны үнэ тухайн компанийн ашгийн хэмжээтэй харьцуулахад хэт өндөр эсвэл хэт доогуур үнэлэгдэж байгаа эсэхийг олж мэдэхэд туслах аж.


Зургийг: Wealthspire

Хувьцааны арилжааны үнийг өөр хооронд нь жишихээс урьтаж, хувьцааны бодит үнэ цэнийг зах зээлийн үнэтэй нь харьцуулаад үзээрэй. Үнийн самбар дахь тоо бус тухайн тооны зах зээлд эзлэх байр суурийг харгалзсаны үр дүнд аливаа хувьцаа үнэтэй, эсвэл хямд эсэхийг тодорхойлж сурах нь хөрөнгө оруулалтад “хөл тавих” эхний алхам.

Түүнчлэн, аль салбарын компанид хөрөнгө оруулж байгаагаас хамаарч үнэ ашгийн харьцаа дээш, доош хэлбэлздэг тул гагцхүү салбар нэгт компаниудын хувьцааг л хооронд нь харьцуулах хэрэгтэйг сануулъя.


2. Өсөлтийг анзаар

Мэдээж үнэ ашгийн харьцаа нь өндөр байх тусам хувьцаа үнэтэйд тооцогдоно. Энэ нь хувьцааг авахгүй байх дохио юу?

Энэ асуултад хариулахын тулд өсөлтийн боломжийг шингээсэн үнэ ашгийн харьцаа (PEG ratio)-г ойлгох хэрэгтэй. Хэрэв компанийн өсөлтийн нөөц бололцоо үнэ ашгийн харьцаагаа гүйцэж чадвал хөрөнгө оруулагчид өнөөх хэт өндөр P/E харьцааг үл харгалзах нь бий. PEG харьцааг олохдоо P/E харьцааг ашгийн өсөлтийн хувь хэмжээнд хуваана.

PEG ≈ 1 : тухайн компанийн үнэлгээ нь өсөлттэй нь харьцуулахад боломжийн
PEG < 1 : компанийн үнэ өсөлттэй харьцуулахад хямд
PEG > 1 : компанийн үнэ өсөлттэй харьцуулахад өндөр үнэлгээтэй

Бяцхан тооцоолол хийж үзье. Хэрэв аль нэг компанийн P/E харьцаа нь харьцангуй өндөр буюу 32-ыг шүргэсэн ч түүнийг дагалдах өсөлтийн “потенциал” 35% байвал PEG харьцаа нь 0.91-тэй тэнцсэнээр хөрөнгө оруулалт хийхэд “боломжийн” гэх ангилалд багтах нь түгээмэл. Энэ нь ирээдүйд арвин үр өгөөж хүртэх магадлалд эртнээс өндөр эрсдэл хүлээн бооцоо тавьж байна гэсэн үг.


Зургийг: iStock

Нөгөө талаараа P/E харьцаа нь бага буюу хямдхан хувьцааг тэр даруй шүүрч авахаас өмнө сайтар тунгаах хэрэгтэйг уншигч та анзаарч буй биз ээ. Учир нь ямар ч бага P/E харьцааг компанийн өсөлтийн потенциал нь гүйцэж чадаагүй тохиолдолд хөрөнгө оруулалтын үр ашиг хумигдаж эхэлнэ. Гэсэн ч тэрхүү потенциал дараа дараагийн жилүүдэд жинхэнэ “бүүм” болохыг ч үгүйсгэх аргагүй. Иймд үнэт цаасны зах зээлийн эрсдэл, чиг хандлагыг алдаа мадаггүй зөгнөх боломжгүй гэдгийг цохон тэмдэглэх байна.


3. БИЗНЕСИЙН ЗАГВАР БА ХАРЬЦУУЛАЛТ 

Банк, уул уурхай, нийтийн хоол, эсвэл технологи гээд төрөл бүрийн салбарын алийг нь сонгож хөрөнгө оруулалт хийх тухайгаа бодож байна уу? Үүний хажуугаар зөвхөн компанийн харьяалагдах салбар гэлтгүй үйл ажиллагааны загварыг ч нухацтай авч үзэх хэрэгтэй болдог. Ингэхийн тулд хөрөнгө оруулагч өөрийн санхүүгийн бололцоо, зорилго, цаг хугацааны төлөвлөгөө зэрэг олон ашиг сонирхол руугаа эргэж нэг өнгийж таарна.

Хэрэв үйл ажиллагаа нь хэдийнээ тогтворжсон компанийг бараадаж, зах зээлийн дунджаас харьцангуй урт хугацаанд хөрөнгө оруулалт хийх хүсэлтэй бол бүтээгдэхүүн үйлчилгээ нь аж ахуйн нэгж (ААН)-д чиглэсэн буюу “Business to Business (B2B)” загвартай бизнесийг сонирхож болох юм. Энэ төрлийн компаниуд урт хугацааны гэрээ, итгэлцэлд суурилсан тогтвортой үйлчлүүлэгчидтэй тул зах зээлд эзлэх байр суурь нь ч хэдийнээ бэхэжсэн байх нь олонтоо.

Эсрэгээрээ “Business to Customer (B2C)” буюу бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд хувь хэрэглэгчдэд борлуулдаг, богино хугацаанд өсөлт үзүүлэх харьцангуй өндөр магадлалтай бизнесүүд ч бий. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хоёрыг хослуулсан хайбрид хувилбар эрчийг аваад удаж буй тул заавал аль нэгийг нь сонгох шаардлагагүй байж мэднэ.

Гэсэн ч аль төрлийн бизнест хөрөнгө оруулахаас үл хамааран өөрийн бүрэн итгэлтэйгээр дааж чадах санхүүгийн эрсдэлээс хэтийдсэн ачааллыг үүрэхгүй байх нь хамгийн ухаалаг сонголт.


Зургийг: Хиймэл оюунаар бүтээлгэв.

Хувьцааны үр өгөөжийг тодорхойлоход ашигладаг бас нэгэн харьцаа үзүүлэлт бол үнэ ба эзэмшигчдийн өмчийн харьцаа (P/B ratio). P/E буюу үнэ ашгийн харьцаанаас ялгаатай нь компанийн хувьцааны үнэлгээг ашиг орлоготой бус өмч хөрөнгөтэй нь харьцуулдаг арга. Тодорхой компанийн хувьцааны зах зээл дэх үнэлгээг тэрхүү компани өөрийн мэдэлд буй бүх өмч хөрөнгөө борлуулж, өр зээлээ дарсны дараа цэвэр мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хувьцааных нь үнэлгээтэй харьцуулна гэсэн үг. Ингэснээр зах зээл дээрх хувьцааны үнэ компанийн бодит өмчийн үнэ цэнээс хэд дахин өндөр, эсвэл доогуур үнэлэгдэж байгааг харуулдаг.

P/B харьцуулалт нь банк, зочид буудал, үл хөдлөх хөрөнгийн бизнесүүдэд илүү тохиромжтой. Яагаад гэвэл тэдгээр бизнесүүд барьцтай, шууд мөнгөр дүнгээр үнэлэхэд хялбар хөрөнгө ихтэй. Эсрэгээрээ технологи, зөвлөх үйлчилгээний компанийн хөрөнгө оюуны өмч, хэрэглэгчдийн үнэнч байдал, брэндийн нэр хүнд зэрэгт суурилах нь түгээмэл учир нэгдсэн жишгээр нийт хөрөнгийг нь үнэлэх ярвигтай. Иймд тус төрлийн компанийн хувьцааг үнэлэхэд P/B биш P/E харьцааг ашиглах нь элбэг.


Зургийг: ET Money

4. Хөшигний цаана

Компанийн судалгаа хийхдээ тайлан бүрийн эхний мөрөнд дурайж байдаг нийт ашиг орлого, өмч хөрөнгийн холбогдолтой “том тоонууд”-аас гадна хөшигний ард өрнөж буй чөлөөт мөнгөн урсгал, өр ба хувьцаат хөрөнгийн харьцаа, эздийн (хөрөнгө оруулагчдын) өмчийн өгөөж зэрэгт ч анхаарлаа хандуулаарай.

Дээрх үзүүлэлтүүдээс чөлөөт мөнгөн урсгалыг эхэнд онцолъё. Та цалингийнхаа хэр их хэсгийг “дураараа” зарцуулж чаддаг вэ? Нийгмийн даатгалын шимтгэл, үүрэн телефоны үйлчилгээний хураамж, байрны түрээс, тог, цахилгааны мөнгө зэрэг сар бүрийн тогтмол зардлуудаа хасвал тэрхүү дүн гарч ирнэ.

Тэгвэл энэ зүй тогтол бизнес эрхлэгчдэд ч ижилхэн үйлчилдэг. Хэрэвзээ ямар нэг хоолны газар энэ сард ₮10 саяын орлоготой ажилласан ч талбайн түрээс, сантехникийн зардал, хоолны орцод зарцуулсан мөнгө нь ₮8 сая бол ₮2 саяын чөлөөт урсгалтай байж хэмээн ойлгох нь. Аливаа бизнесийн чөлөөт мөнгөл урсгал нь зах зээлд хэр уян хатан, хөрвөх чадвартай тоглогч байхыг нь шийддэг үзүүлэлт. Хэрэв компанийн чөлөөт мөнгөн урсгал сөрөг утга зааж эхэлбэл өр зээлийн хамаарал өссөнөөр хөрөнгө оруулагчдын үүрэх эрсдэл нэмэгдэх нь гарцаагүй.


Зургийг: Corporate Finance Institute

Ямар ч бизнес бодит төрхөө олоход хөрөнгө оруулалт, цаашлаад өр зээл томоохон нөлөөтэй. Харин тэдгээрээс хэт хамааралтай болбол өр ба хувьцаат хөрөнгийн харьцаа (Debt-to-Equity ratio) доголдож эхэлдэг. Үүнийг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө ба урт хугацаатай өрийн харьцааны хэмжүүр хэмээн ойлгож болно. Гэвч аль нэг компани гаднаас авсан дэмжлэгээс хэт хамааралтай эсэх нь үргэлж нүдний өмнө ил байдаггүй. Энэ нь эздийн өмчийн өгөөж (ROE)-тэй холбогдох нь олонтоо. ROE нь товчхондоо аливаа компани хөрөнгө оруулалтын ₮1 тутмаас 20 мөнгөний ашиг олж чадвал эздийн өмчийн өгөөжийг 20% гэж тооцох дүрэмтэй үзүүлэлт.

Угтаа яг л энэ зарчмын дагуу тэрхүү компани ₮1 саяын хөрөнгөөр ₮200 мянгын цэвэр ашиг олсон тохиолдолд бодит өгөөжийг 20% хэмээн тэмдэглэж болох ч суурь хөрөнгө болох ₮1 сая нь буцаан төлөгдөх нөхцөлтэй бол эсрэгээрээ алдагдалд орно гэсэн үг. Энэ нь хэврэг суурьтай барилга гаднаасаа хэчнээн хээнцэр, тансаг харагдсан ч нурж унах нь тодорхойн үлгэр билээ. Иймд компанийн судалгааг хийхдээ ганцхан үзүүлэлтэд найдалгүй бүхий л хамаарал бүхий тоон утгад ач холбогдол өгөх хэрэгтэй аж.


5. БҮХНИЙГ НЭГ ДОРООС

Зургийг: TDB Securities SC

Хөрөнгө оруулалтын салбарт хөл тавихын өмнө анхаарал хандуулах сэдэв үүгээр дуусахгүй. Мөнгөө ухаалгаар арвижуулахад хэрэг болох мэдээлэл дундрахгүй ч тэр бүхнийг хормын төдийд нэг дороос олж авах боломж улам боловсронгуй болсоор буйг цохон тэмдэглэх байна. Үүний жишиг болж, дотоодын хувьцаанд хөрөнгө оруулах шийдвэрийг илүү ухаалаг болгох цоо шинэ дижитал шийдлийг Ти Ди Би Секьюритис ҮЦК “DataLAB” нэвтрүүлээд буй.


Зургийг: DataLAB, TDB

Дотоодын хувьцааны хамгийн том дата платформ DataLab бол Монголын хөрөнгийн бирж дээр идэвхтэй арилжаалагдаж буй 90 гаруй хувьцаат компанийн сүүлийн 5 жилийн санхүүгийн болон арилжааны түүхэн үзүүлэлт дээр үндэслэн, хөрөнгө оруулалтын шийдвэр гаргахад харгалзан үзэх хамгийн чухал тоон шинжилгээ, үзүүлэлтүүдийг нэгтгэсэн дижитал дата платформ юм. Монгол хувьцааны хөрвөх чадвар, зах зээлийн идэвхийг дэмжих шинэ арга зам болж буй тус шийдэл та бидний утас, компьютерт цөм багтаж буйг онцлууштай. Анхлан сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөрөнгө оруулагч, хувьцаат компаниуд хүртэл бүхий л түвшний мэргэшил, сонирхлын бүлгийг хамарсан хүртээмжтэй мэдээ мэдээллийг эндээс дэлгэрүүлэн судлаарай.


Зургийг: DataLAB, TDB

Ганцхан товч дараад 90 гаруй хувьцааг хөрөнгө оруулалтдаа чухалчилж буй хүссэн үзүүлэлтээрээ шууд харьцуулж, хөрөнгө оруулах шийдвэрээ илүү ухаалгаар гаргах боломж бий болжээ.


6. ТОМ ЗУРГААР НЬ ХАРАХ

Тогооч, зураач, багш, эмч гээд хэн бүхэнд хөдөлмөр эрхлэх таатай нийгэм, эдийн засгийн болоод хууль, эрх зүйн орчин чухал шиг хөрөнгө оруулалт, үнэт цаасны зах зээлд гар бие оролцоход ч макро түвшний асуудлууд хамаатай. Татвар, инфляц, үнэт цаасны журам, бараа бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэлт хүртэл хөрөнгө оруулалтын дараах санхүүгийн эрсдэлд ил болон далд байдлаар тасралтгүй нөлөө үзүүлдэг.

Иймд хөрөнгө оруулалт хийхийн өмнө компанийн үйл ажиллагаагаар хязгаарлагдалгүй, зах зээлийн чиг хандлагыг том зургаар нь харахыг зориорой.


Зургийг: UWorld College Prep

Хувьцаа эзэмшинэ гэдэг нь зөвхөн богино хугацаанд ашиг олох гэхээс илүү амжилттай яваа бизнесүүд урт хугацаанд үйл ажиллагаагаа явуулахад хувь нэмэр оруулах, бизнесийнх нь ашиг орлогоос хувь эзэмших боломж билээ.

Хүн бүр цоо шинээр амжилттай бизнес босгож, зах зээлд тэргүүлэх хэмжээнд хүртэл нь хөгжүүлэх бололцоо тэр бүр байдаггүй тул бэлэн байгаа бизнесийн үр өгөөжөөс хүртэх, мөнгөө идэвхтэй эргэлтэд оруулах боломжийг хувьцаанд хөрөнгө оруулснаар олж авдаг.