Тоторо, Чихиро, Хаул, Сан, Ашитака, Наусикаа… Эдгээр нэрс бол зөвхөн хүүхдүүдийн дуртай баатрууд төдийгөөр хязгаарлагдах, энгийн хүүхэлдэйн дүрүүдийн нэр биш билээ. Харин дэлхийн олон сая үзэгчдийн нас, хүйс, үндэстэн, хэлний хил хязгаар үл хамааран сэтгэл зүрхэнд нь хүрч, үе дамнан урам зориг болсоор ирж чадсан “амьд” дүрүүд юм. Бид өнөөдөр тэдгээр дүрийн өвөрмөц, ид шидийн, гайхамшигт, мөн хамгийн чухал нь “үнэн” түүхийг бүтээсэн, тэрхүү уран бүтээлийн “Хаант улс”-ын түүхэн замналын тухай өгүүлэх гэж байна.
Үнэхээр дорнын анимэйшний “Хаант улс” болсон алдарт Studio Ghibli-г “Японы Диснэй” хэмээх нь олонтоо. Мэдээж яахын аргагүй эл гайхамшигт студийн бүтээл бүр дэлхий дахинд хувьсгал, цоо шинэ ертөнцийн өнгө төрхийг мэдрүүлж, үнэхээр л ид шидээр дүүрэн хүүхэд нас, мөнхүү ямар ч ид шид, гайхах зүйлгүй мэт насанд хүрсэн хүмүүний амьдралын тухай энэ гарагийн аль ч өнцөг буланд аж төрөн буй нэгний зүрхэнд ойрхон өгүүлж чаддаг нь гайхамшиг билээ.
Гэхдээ тус студийн бүтээлүүд дэлхий дахинаа хүлээн зөвшөөрөгдөж, олон улсын кино зах зээлд ноёрхлоо тогтоож, соёлын ялгаа, технологийн үсрэнгүй хөгжлийн давлагааг (хиймэл оюун гм.) туулсаар өнөөгийн хамгийн том кино студи болоход юу нөлөөлсөн бол? Studio Ghibli хэрхэн Япон тэнгисийг давж, дэлхийн кино урлагт “үзэгдэл, домог” болж чадав? Энэ бүхэн зөвхөн агуу найруулагч Мияазаки Хаяаотай холбоотой юу?
Уншигч та нийтлэлээ тухлан сууж, таалан соёрхоно уу.
Нэг: Ghibli төрсөн нь
Бүх зүйл сэтгүүлийн ярилцлагаас эхтэй
Нийтлэлийн маань гол дүр хэрхэн төрсөн тухай өгүүлэхийн тулд бид багахан цаг хугацаагаар аялах хэрэг гарна. Тиймээс өнөөдрөөс 40 гаруй жилийн өмнөх рүү буцацгаая.
Япон улсын Токүма Шотэн хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг анимэйшн, манга-төрлийн Animage сэтгүүлийн редактор Сүзүки Тошио саяхан чамгүй амжилт дагуулаад амжсан “The Castle of Cagliostro” бүтээлийн найруулагчаар ажилласан Мияазаки Хаяаогаас ярилцлага авахаар шийджээ. Тус ярилцлагын үеэр С.Тошио түүний уран бүтээлийн олон санаанд сэтгэл алдарсан байна. Тэр дундаа түүний анхаарлыг хамгийн ихээр татсан санаа нь хожмын Nausicaä of the Valley of the Wind бүтээлийн үүдэл байжээ.
Уг ярилцлагын дараа С.Тошио сэтгүүлийнхээ даргаа ятгасаар тус санаагаар 1982 оны хоёрдугаар сараас эхлэн цуврал манга гаргаж эхлэв. Манга ч гарсан даруйдаа санаснаас дутуугүй амжилт олсонд урамшсан С.Тошио залуу найруулагч М.Хаяаод уг бүтээлээрээ бүрэн хэмжээний кино хийх санал тавьжээ. Ийнхүү М.Хаяао дараачийн бүрэн хэмжээний бүтээл рүүгээ ханцуй шамлан орсон бөгөөд тус киноны продюсероор түүний олон жилийн анд нөхөр, өөрийг нь Тоёо анимэйшнд ажилд ороход дарга нь байсан, нэрт найруулагч Такахата Исао ажиллав. Ийнхүү олон сарын турш хэдэн арван уран бүтээлч уйгагүй хөдөлмөрлөсний эцэст сая 1984 онд кино нээлтээ хийж, тэр даруй үлэмж амжилт олсон байна. Чухам энэ үйл явдлын дараа Сүзүки Тошио, Мияазаки Хаяао, Такахата Исао нар хожмын алдарт Studio Ghibli-г байгуулсан ажээ.
Студийн нэрийг найруулагч М.Хаяао өгсөн бөгөөд Италийн онгоцны нэрээр студиэ нэрлэсэн гэдэг. Тус үг нь “Цөлийн халуун салхи” гэсэн утгатай үг бөгөөд анимэйшны ертөнцөд цоо шинэ салхи үлээнэ гэсэн бэлгэдэл байжээ. Гэвч тэд тус үгийг италиар “Гибли” хэмээн дууддагийг мэдээгүй бөгөөд “Жибли” хэмээн буруу дуудлагаар тогтсон байна. Дараа нь тэд итали хүнээс асууж мэдээд бөөн инээдэм болоход найруулагч М.Хаяао “Зүгээр ээ, харин ч ийм үг өөр хаана ч байхгүй нь батлагдлаа” хэмээсэн гэнэ.
Тэдний хамтдаа байгуулсан Studio Ghibli нь эхний хэдэн бүтээлээрээ л Япон Улс даяар амжилтад хүрэв. Laputa: Castle in the Sky (1986), My Neighbor Totoro (1988), Grave of the Fireflies (1988), Kiki’s Delivery Service (1989) зэрэг кинонууд нь эх орныхоо үзэгчдийн зүрх сэтгэлийг аль хэдийн бүрэн эзэмдээд байлаа. Гэвч тэдэнд олон улсын зах зээлээс хол хэвээр. Чухам үүнд нөлөөлж асан хэд хэдэн чухал хүчин зүйл байснаас жишээ дурдвал, тухайн үед анимэг “зөвхөн хүүхдэд зориулсан зүйл” хэмээн өрнөдийн ертөнц ойлгодог байсны зэрэгцээ Япон анимэ кинонуудыг орчуулж түгээх явцад алдаа дутагдал, соёлын хэт их ялгаа тулгардаг байжээ.
Дээр дурдсан, бидний сайн мэдэх My Neighbor Totoro (1988) болон Grave of the Fireflies (1988) хэмээх хоёр бүтээл тухайн үедээ студийн цаашид орших уу, эс орших уу гэдгийг тодорхойлсон юм. Тухайлбал, тус хоёр бүтээлд хөрөнгө босгох хүндхэн даалгавар Т.Сүзүзид ноогдсон аж. Хөрөнгө оруулагчид “Тоторо шиг мангастай киног хүүхдүүд үзэхгүй” хэмээн санхүүжүүлэхээс татгалзаж байсан бол Т.Исао найруулагчийн бүтээлийг “дайны дараах ард иргэдийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлнө. Түүнээс гадна хүүхэд үзэхэд тохиромжгүй” хэмээгдэж байлаа.
Гэтэл С.Тошиод нэгэн мэргэн санаа төрсөн нь тус хоёр бүтээлийг нэг жилд нээлтийг нь хийж, нэг нь нөгөөгийнхөө алдагдлыг нөхөх санаа байв. Ингээд хоёр найруулагч нэгэн зэрэг ажиллаж эхэлсэн бөгөөд үүний үр дүнд зах зээл дээр нэг студийн хоёр бүтээл шууд хоорондоо өрсөлдсөн юм. Хэдийгээр тус хоёр кино тухайн үед студийн санхүүд асар их эрсдэл дагуулж байсан ч хоёулаа хожмын Ghibli-г тодорхойлох нүүр царай болон үлдсэн билээ.
Хоёр: Диснэйтэй байгуулсан гэрээ
“Spirited Away”-ийн өмнөх хувь заяа
1996 онд эх орондоо багагүй амжилт олоод амжсан Studio Ghibli АНУ-ын нэрт The Walt Disney Company-тай түүхэн гэрээ байгуулж, дэлхийн зах зээлд гарах үүд хаалгаа нээлээ. Мэдээж энэ гэрээг бодит болгоход хамгийн том үүрэг гүйцэтгэсэн хүн бол продюсер Тошио Сүзүки. Учир нь тэрээр том улсын, асар том компанийн дарамт, шахалтыг зоригтой сөрж, маш чухал хэд хэдэн нөхцөлийг Диснэйн зүгээс батлуулж чаджээ. Тэдгээрээс жишээ дурдвал, нэгд Ghibli студийн кинонуудыг орчуулж түгээхдээ дүрийг өөрчлөхгүй, ямар ч сцен хасахгүй, тайлбар нэмэхгүй бөгөөд уран сайхны чанарыг 100 хувь хадгалсан хэвээр үзэгчдэд хүргэх, мөн хөгжмийн зохиолч Жо Хисаишигийн хөгжмийг өөр хөгжмийн зохиолчийнхоор солихгүй зэрэг байв.
Эдгээр нөхцөлүүд нь бидэнд тун энгийн, ойлгомжтой мэт санагдаж болох ч цаанаа тун их учиртай байлаа. Учир нь 1984 оны Nausicaä of the Valley of the Wind киног АНУ-д гаргахдаа “Warriors of the Wind” нэртэйгээр гаргаж, мөн дундуур нь тайрч, дахин эвлүүлсэнд найруулагч Мияазаки Хаяао ихэд дургүйцжээ. Чухам энэ цагаас хойш Ghibli студи “No Edits” буюу гаднын ямар ч монтажийг хүлээн зөвшөөрөхгүй гэх бодлоготой болсон байна.
Хожим дээрх бодлого нь үр дүнгээ өгч, 2001 онд үзэгчдийн хүртээл болсон Spirited Away бүтээл нь дэлхий дахинд Studio Ghibli-г алдаршуулсан жинхэнэ шидэт бүтээл болж хувирсан юм. Тус кино нь 30 тэрбум гаруй иений орлогоор тухайн үеийн Японы хамгийн өндөр ашиг орлоготой кино болж, нийгмийн үзэгдэл болж, түүгээр ч зогсохгүй эл байр сууриа саяхныг хүртэл буюу 2020 он (Demon Slayer: Kimetsu no Yaiba – The Movie: Mugen Train бүтээл нээлтээ хийх хүртэл) хүртэл хадгалсаар байв.
Уг кино нээлтээ хийснээсээ хойш хоёр жилийн дараа буюу 2003 онд Оскарын “Шилдэг анимэйшн” шагналыг хүртэж, Берлиний кино наадмын дээд шагнал болох Алтан Баавгай шагнал авсан анхны анимэйшн болохын зэрэгцээ, Rotten Tomatoes дээр 97 хувийн үнэлгээ авсан байна. Түүнчлэн кино шүүмжлэгчдийн магтаал сайшаалыг удаа дараа хүртээд зогсохгүй, TIME сэтгүүлийн “ХХ зууны шилдэг 25 хүүхдийн кино” жагсаалтад багтжээ.
Үүнээс хойш Studio Ghibli эргэлт буцалтгүйгээр дэлхийн кино урлагт домог болон орж ирсэн юм.
Гурав: Стриминг эрин дэх Ghibli
Netflix ба Ghibli
Ghibli студи удаан хугацааны туршид бүтээлүүдээ стриминг платформд оруулахгүй байх хатуу бодлого баримталж байсан тул бид саяхныг хүртэл зөвхөн DVD болон кино театрын дэлгэцээр л бүтээлүүдтэй нь танилцдаг байлаа. Харин энэхүү бодлого 2020 онд эвдэгдэн, Netflix түүхэн гэрээ байгуулснаар Ghibli-ийн бараг бүх кино Япон улс болон АНУ-ыг эс тооцсон дэлхийн бүс нутгуудад цахимаар нээлттэй болж, олон сая шинэ үзэгчдэд нээлттэй болсон юм.
Үүнтэй зэрэгцэн хэд хэдэн онцлууштай үйл явдлууд болж өнгөрсөн нь HBO Max Ghibli студийн бүх киног Америкийн зах зээлд хүргэж, TikTok, Instagram зэрэг платформд Ghibli-ийн мартагдашгүй хэсгүүд, хөгжим, дүрслэл нийтийг байлдан дагуулах болсон бөгөөд түүнчлэн “Aesthetic”, “Cottagecore”, “Wholesome” зэрэг интернэт соёл Ghibli-ийн уур амьсгалтай нэгдэн цахимаар дамжин тэд ахин шинээр, улам өргөн хүрээнд эргэж ирсэн билээ.
Түүнчлэн, Ghibli-гийн ертөнц зөвхөн дэлгэцээр хязгаарлагдсангүй. 2001 онд Токио хотын Митакад Ghibli музей үүд хаалгаа анх нээж байсан бол 2022 онд Аичи мужид Ghibli Park нээгдсэнээр жил бүр тийш зорих мянга мянган жуулчны урсгал тасрахгүй болжээ. Харин 2024 онд Каннын кино наадмаас анх удаа хувь уран бүтээлчид бус, харин Studio Ghibli болон тэдний парк, музейд Нэр хүндийн Palme d’Or шагнал гардуулсан нь тус студийг “соёлын бүрэн институт” хэмээн хүлээн зөвшөөрснийг илтгэсэн үйл явдал болж өнгөрсөн гэж хэлж болно.
Сонирхуулахад, Франц улсад Ghibli-ийн бүтээлүүдийг хүүхдүүдээс гадна оюутнууд, философичид, кино судлаачид тусгай танхимд хамтдаа үздэг уламжлалтай гэнэ.
Дөрөв: Дахин амжилтын оргилд
Найруулагч хүн тэтгэвэрт гардаг уу?
Хаяао Мияазакигийн “сүүлчийн бүтээл” хэмээн тодорхойлогдож байсан The Boy and the Heron (2023) кино нь дахин Ghibli-ийн амжилтыг тэнгэрт тулгав. Тодруулбал, тус бүтээл нь 2024 оны Оскарын “Шилдэг анимэйшн кино” шагналыг хүртсэн бөгөөд түүний зэрэгцээ Box office-ийн орлогоороо Япон улс болон АНУ-д дээд амжилт тогтоосон юм.
Кино шүүмжлэгчид амьд домог болсон найруулагчийн бүтээлийг дэлхийн өнцөг булан бүрээс янз бүрээр магтан сайшаажээ. Түүний уг бүтээлээ хэрхэн 7 жилийн турш урласныг үзүүлэх Hayao Miyazaki and the Heron нэрт баримтат кино өдгөө Netflix-д ороод буй аж.
Хэдийгээр Хаяао Мияазаки хэд хэдэн удаа тэтгэвэрт гарч буйгаа зарласан ч тэр үргэлж эргэн ирсээр байсан бөгөөд цаашид ч зогсохгүй туурвисаар байхаа мэдэгдээд буй. Ghibli-г байгуулж байсан үеийн нөхдөөс нь нэг нэгээрээ жил бүр тэнгэрийн оронд буцсаар өдгөө тэрээр продюсер С.Сүзүкитэй л хамтдаа үлдсэн ч огт зогсолтгүй туурвисаар байхыг сонгож буй нь магад түүний хамгийн эрхэм анд нөхөр найруулагч Т.Исаогийн хатуу бөгөөд үнэн үгний хүч байж мэднэ.
“Найруулагч хүн тэтгэвэрт гардаггүй юм”