Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын (UNCCD) албан ёсны тайланд дурдсанаар дэлхий дээр жил бүр 12 сая га үржил шимт газар цөлжилт, газрын доройтолд өртөж, ашиглах боломжгүй болж. Та яг энэ өгүүлбэрийг уншиж байх хэдхэн секундийн дотор дэлхийн хаа нэгтээ 2-3 хөл бөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний газар шороо хуурайшиж байгаа гэсэн үг. Чимээгүйхэн тохиож буй энэ аюулаас гарах гарц, шийдлийг  НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) Талуудын бага хурал буюу COP тодорхойлж ирсэн билээ. 

Өнгөрсөн 30 орчим жилийн хугацаанд зохион байгуулагдсан олон арван уулзалтаас зарим нь зүгээр л цаасан дээрх төлөвлөгөө болж мартагдсан байхад, зарим нь дэлхий нийтийг сэрээж, байгаль хамгааллын дүрмийг тэр чигт нь өөрчилж чадсан байдаг. Ингээд 1997 оноос хойш хүн төрөлхтөн байгаль дэлхий тэр дундаа гангаас сэргийлэх, цөлжилт, газрын доройтлыг бууруулах, нөхөн сэргээхэд ямар чухал алхмыг хийж байсныг танилцуулахаар энэ удаагийн нийтлэлийг бэлдлээ. Энэ нийтлэлд хүн төрөлхтний байгаль дэлхийтэйгээ харилцах харилцааны утгаараа хувьсгал хийж, өнөөгийн UNCCD-ийн чиг хандлагыг тодорхойлсон хамгийн нөлөө бүхий 5 COP буюу талуудын бага хурлын түүхээс танилцуулах болно.

1. COP 1 (1997 он, Ром, Итали)

1992 онд Рио-де-Жанейрод болсон "Эх дэлхийн дээд хэмжээний уулзалт"-ын үеэр цөлжилт нь зөвхөн бүс нутгийн төдийгүй дэлхий нийтийн анхаарал татсан ноцтой асуудал болохыг улс орнууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Үүнээс хойш хоёр жилийн дараа буюу 1994 онд UNCCD конвенц батлагдаж, улс орнууд соёрхон баталсаар 1997 онд хүчин төгөлдөр болсон юм. Ийнхүү дэлхий нийтээрээ цөлжилтийн эсрэг хэрхэн, ямар дүрмээр тэмцэхээ албан ёсоор тохиролцох шаардлага гарсан тул анхны хурал буюу COP 1-ийг Италийн Ром хотноо зарлан хуралдуулсан түүхтэй.

Яагаад чухал байв?
Аливаа олон улсын гэрээ хэлэлцээр нь зөвхөн цаасан дээрх тунхаг байх уу, эсвэл бодит үйл хэрэг болох уу гэдэг нь анхны хурлаас шалгаалдаг гэхэд хилсдэхгүй. COP 1 нь зүйрлэж хэлбэл конвенцын "хөдөлгүүр"-ийг угсарч, санхүү, шинжлэх ухаан, удирдлагын бүхий л бүтцийг анхлан баталснаараа түүхэн ач холбогдолтой байв.

Ямар шийдвэрүүд өнөөгийн бүтцэд нөлөөлсөн бэ?

Энэ хурлаар өнөөдрийг хүртэл конвенцын гол тулгуур болж буй хоёр чухал байгууллагыг үүсгэн байгуулах шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: UNCCD

Шинжлэх ухаан, технологийн хороо (CST - Committee on Science and Technology) : Уг хороо нь зүйрлэж хэлбэл конвенцын тархи нь гэсэн үг. COP-ийн хуралд улс төрчид, сайд нар цуглаж шийдвэр гаргах үед тэднийг шинжлэх ухааны бодит баримт, нотолгоогоор хангадаг гол байгууллага нь CST. "Ямар мод таривал цөлд ургах вэ?", "Аль бүс нутагт доройтол хамгийн аюултай түвшинд хүрсэн бэ?" гэх мэт асуудлыг дэлхийн шилдэг эрдэмтдээр судлуулж, хуралд танилцуулдаг. Ингэснээр COP-оос гарч буй шийдвэрүүд судалгаанд суурилсан, бодит үр дүнтэй байх баталгаа нь болдог.

Global Mechanism буюу GM: Уг байгууллага нь конвенцын санхүүгийн зуучлагч гэж ойлгож болно. Global Mechanism нь өөрөө шууд мөнгө тараадаг банк биш. Харин цөлжилттэй тэмцэх сайн төсөлтэй боловч хөрөнгө мөнгө дутмаг байгаа хөгжиж буй орнуудыг, хөрөнгө оруулах хүсэлтэй олон улсын хандивлагчид, сангуудтай холбож өгдөг зуучлагчийн үүрэг гүйцэтгэдэг. Улс орнууд цөлжилтөө зогсоохын тулд хэрхэн ухаалгаар мөнгө босгох стратегийг COP-ийн үеэр яг энэ байгууллагаар дамжуулан шийдвэрлэдэг.

Мөн конвенцын байнгын Нарийн бичгийн дарга нарын газрыг Германы Бонн хотод байрлуулах шийдвэр гарсан нь өнөөгийн UNCCD-ийн тогтвортой үйл ажиллагааны үндэс болжээ.

2. COP 8 (2007 он, Мадрид, Испани)

Конвенц хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснээс хойш яг 10 жилийн дараа энэхүү хурал зохиогдож байлаа. Эхний 10 жилд улс орнууд ихэвчлэн төлөвлөгөө боловсруулах, хуралдах зэргээр үйл явцад анхаарч байснаас биш, доройтсон газрыг сэргээх бодит үр дүн тун хангалтгүй хэвээ байв. Цөлжилт эрчимжсээр, Африкийн орнуудаас гадна Ази, Европын орнуудад ч хүндээр тусаж эхэлсэн тул конвенцын үйл ажиллагааг үндсээр нь шинэчлэх нэн шаардлага тулгарч байсан үед Мадридын хурал эхэлсэн гэсэн үг.

Яагаад чухал байв?

Энэ хурал бол UNCCD-ийг “сэрээсэн” хурал байсан гэхэд хилсдэхгүй. Учир нь 2007 он буюу Мадридын хурал болохоос өмнө UNCCD конвенц нь олон улсын бусад байгууллагууд (Уур амьсгалын өөрчлөлтийн UNFCCC, Биологийн олон янз байдлын CBD гэх мэт) дунд нэр хүндээ алдаж эхлээд байлаа. Учир юу вэ гэвэл конвенц байгуулагдсанаас хойш 10 жил өнгөрөхөд цөлжилт улам газар авч, тэрбум гаруй хүний амьдрал доройтсоор байлаа. Гэвч улс орнууд хуралдаад, тунхаглал батлаад л буцдаг байснаас биш, бодитоор хөрс яаж сэргэж байгаа үр дүн харагдахгүй байж л дээ. Үүний улмаас донор орнууд болон томоохон санхүүгийн байгууллагууд санхүүжилтээ танах, зогсоох тухай ярьж эхэлсэн юм.

Эх сурвалж: Earth Negotiations Bulletin

Ямар шийдвэрүүд өнөөгийн бүтцэд нөлөөлсөн бэ?

Талууд нэг сарын турш ширүүн мэтгэлцсэний эцэст "2008-2018 оны 10 жилийн стратегийн төлөвлөгөө"-г санал нэгтэйгээр баталсан. Ингэснээр конвенцын үйл ажиллагаа зөвхөн үйл явцад анхаарах биш, илүү үр дүнд чиглэсэн цоо шинэ тогтолцоонд шилжсэн юм. Улс орнууд тайлангаа хэрхэн гаргах, ямар шалгуур үзүүлэлтээр ажлаа хэмжих зэрэг стандартууд эндээс эхлэлтэй бөгөөд конвенцын хэрэгжилтийг хянах хороо (CRIC)-ны эрх мэдлийг нэмэгдүүлж, хяналтын механизмыг эрс сайжруулсан нь өнөөгийн COP-ийн тайлагналын системийн гол суурь болжээ.

CRIC (Committee for the Review of the Implementation of the Convention) буюу Конвенцын хэрэгжилтийг хянах хороо нь UNCCD-ийн хяналтын байгууллага. Өмнө нь улс орнууд тайлангаа өгөхдөө дур дураараа, ямар нэг нийтлэг стандартгүй, ерөнхий тайлан явуулдаг байсан нь хяналт тавихад маш хүндрэлтэй болгож байж. Харин COP 8-аас хойш CRIC-ийн эрх мэдэл эрс нэмэгдэж, дараах хоёр үндсэн шалгуураар тайланг хянадаг болсон:

Үндэсний хэмжээний үр дүнг хянана: Гишүүн улс орнууд тус конвенцын хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ тодорхой шалгуур үзүүлэлтүүдийн дагуу тайлагнах ёстой. Жишээ нь: "Танай улс хэдэн га доройтсон газрыг сэргээсэн бэ?", "Хөрсний доройтлоос болж малчид, тариаланчдын орлого буурсан уу, эсвэл өссөн үү?" гэх мэт бодит тоо баримт, өөрчлөлтийг шалгадаг.

Санхүүжилт болон бодлогын хэрэгжилтийг хянана: Хөгжсөн орнууд хөгжиж буй орнуудад амласан санхүүгийн тусламж, технологийн дэмжлэгээ бодитоор өгсөн эсэх, мөн улс орнууд баталсан стратеги төлөвлөгөөгөө дотоод хууль тогтоомжийнхоо түвшинд хэрхэн хэрэгжүүлж байгаад аудитын хяналт шиг дүн шинжилгээ хийдэг болсон.

Эх сурвалж: carececo.org

3. COP 12 (2015 он, Анкара, Турк)

2015 оны бол НҮБ-аас Мянганы хөгжлийн зорилтуудыг дүгнэж, дараагийн 15 жилд хэрэгжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилтуудыг (SDGs) баталж, мөн уур амьсгалын өөрчлөлтийн Парисын хэлэлцээр зурагдаж байсан түүхэн үе билээ. Энэхүү дэлхий нийтийн их хөдөлгөөнтэй хөл нийлүүлэн алхах, UNCCD-ийн шинэ зорилтыг Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах зайлшгүй шаардлагын дор COP 12 Туркийн Анкарад чуулсан байдаг.

Ямар шийдвэрүүд өнөөгийн бүтцэд нөлөөлсөн бэ?

Тогтвортой хөгжлийн 15.3-р зорилт болох "Газрын доройтлыг саармагжуулах" (Land Degradation Neutrality буюу LDN) гэдэг цоо шинэ үзэл баримтлалыг конвенцын гол цөм болгон баталсан юм. Энэ нь доройтсон газрыг нөхөн сэргээж, эрүүл газрын хэмжээг бууруулахгүй байх буюу 0 түвшинд хүрэх зорилт гэсэн үг. Энэ шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл бүх COP-ийн гол сэдэв нь LDN болсон бөгөөд дэлхийн 130 гаруй улс өөрсдийн үндэсний хэмжээнд газрын доройтлыг тэглэх сайн дурын зорилтыг батлан хэрэгжүүлж байгаа билээ.

Эх сурвалж: Earth Negotiations Bulletin

LDN гэдэг нь дэлхий дээрх газар нутгийн доройтлыг бүрэн зогсоох боломжгүй ч гэсэн алдсан газраасаа багагүй талбайг нөхөн сэргээх замаар эрүүл газрын нийт хэмжээг бууруулахгүй буюу 0 алдагдалтай буюу 0 түвшинд барих зарчим юм.

Тодруулбал хэрэв хүний үйл ажиллагаа эсвэл байгаль цаг уурын улмаас тодорхой газар нутаг (жишээ нь уул уурхай, хотжилт) үржил шимээ алдаж доройтлоо гэхэд, улс орнууд яг түүнтэй тэнцэх хэмжээний доройтсон өөр газрыг сэргээх ёстой гэсэн үг юм. Ингэснээр дэлхий дээрх эрүүл хөрсний хэмжээ цаашид хорогдохгүй, тогтвортой хадгалагдана.

Уг шийдвэр гарснаас хойш өнөөдрийг хүртэл бүх COP-ийн гол сэдэв LDN болж хувирсан бөгөөд дэлхийн 130 гаруй улс (түүний дотор Монгол Улс) өөрсдийн үндэсний хэмжээнд газрын доройтлыг тэглэх сайн дурын тодорхой зорилтуудыг батлан хэрэгжүүлж байна.

4. COP 13 (2017 он, Ордос, БНХАУ)

Анкарагийн хурлаас LDN буюу "Газрын доройтлыг саармагжуулах" асар том зорилт тавьсан боловч, үүнийг хэрэгжүүлэх мөнгө хаанаас гарах вэ гэдэг асуудал талуудын өмнө тулгарав. Зөвхөн засгийн газрын төсөв болон олон улсын тусламжаар дэлхий даяарх олон тэрбум га газрыг сэргээх боломжгүй нь тодорхой. Тиймээс хуралд хувийн хэвшлийн оролцоог нээх зорилгоор Хятадын Ордос хотноо COP 13-ийг зохион байгуулсан аж.

Яагаад чухал байсан бэ?


Хуурайшилт, цөлжилтөд хамгийн их өртдөг боловч амжилттай мод тарьж, цөлийг ногоон баян бүрд болгож чадсан Ордос хотод уг хурал болсон нь байгаль орчны асуудлыг зөвхөн хандив тусламжаар бус, бизнесийн ашигтай загвараар шийдэж болно гэдгийг нотолж, ногоон хөрөнгө оруулалтын цоо шинэ үүд хаалгыг нээснээрээ онцлог.

Тодруулбал Хятадын Өвөр Монголын автономит мужийн Ордос хот нь Кубучи цөлийн элсэн манхны дунд оршдог бөгөөд тухайн үед цөлжилтөд хамгийн их өртдөг байсан нутаг дэвсгэр юм. Гэвч орон нутгийн засаг захиргаа, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны үр дүнд 6,000 ам километр талбайг (буюу 600,000 га газар) ногоон байгууламж, баян бүрд болгон хувиргаж, цөлжилтийн эсрэг амжилттай тэмцэж чадсан.

Эх сурвалж: TAIDEN

Ямар шийдвэрүүд өнөөгийн бүтцэд нөлөөлсөн бэ?

Энэ хурлын хамгийн түүхэн шийдвэр бол "Газрын доройтлыг саармагжуулах сан" (LDN Fund)-г албан ёсоор үүсгэн байгуулсныг зарласан явдал юм.

Энэ нь дэлхийн анхны, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татан төвлөрүүлдэг зорилтот хөрөнгө оруулалтын сан. Өмнө нь байгаль хамгаалах ажилд зөвхөн буцалтгүй тусламж эсвэл улсын мөнгө ордог байсан бол, LDN сан нь хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн ашиг олох боломжийг (жишээ нь: тогтвортой газар тариалан, сэргээгдэх эрчим хүч, мод үржүүлгийн бизнес) олгох замаар хөрөнгө оруулалт татсан.

НҮБ-ын зүгээс болон дэлхийн томоохон санхүүгийн байгууллагууд энэ сангийн суурийг тавьж, хувийн хэвшил газар сэргээх төсөлд мөнгө оруулбал эргээд өгөөжтэй байх цоо шинэ эдийн засгийн гүүрийг нээж өгсөн нь өнөөдрийн ногоон санхүүжилтийн тогтолцооны эхлэл болсон гэхэд хилсдэхгүй.

Мөн энэ хурлаар "2018-2030 оны шинэ стратегийн хүрээ"-г баталсан бөгөөд конвенцын анхаарах бас нэгэн гол сэдэв болох "Ган гачиг"-ийн эсрэг эрт сэрэмжлүүлэх тогтолцоог хөгжүүлэх санаачилгыг эхлүүлсэн нь өнөөгийн COP-уудын гангийн тухай мэтгэлцээний эхлэл болсон байна.

Эх сурвалж: Global Times

5. COP 15 (2022 он, Абиджан, Кот-д'Ивуар)

COVID-19 цар тахлын улмаас хойшлогдсон уг хурал дэлхийн нийлүүлэлтийн сүлжээ тасалдаж, хүнсний аюулгүй байдал эрсдэлд орсон, мөн уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй түүхэн дэх хамгийн хуурай, халуун жилүүд үргэлжилж байсан маш эгзэгтэй цаг үед болсон. Хүн төрөлхтөн эдийн засгаа сэргээхийн зэрэгцээ газар шороогоо хэрхэн хамгаалах вэ гэсэн том сорилттой нүүр тулсан тул Африкийн зүрхэнд энэхүү хурлыг зохион байгуулсан юм.

Яагаад чухал байсан бэ?

Энэ хурал нь зөвхөн "мод тарих", "хөрс хамгаалах" гэдэг явцуу ойлголтоос бүрэн салж, газрын доройтол нь хүний эрх, жендер, залуучуудын ирээдүй, албадан шилжилт хөдөлгөөнтэй салшгүй холбоотой гэдгийг дэлхий нийтэд хүлээн зөвшөөрүүлсэн хурал болсон гэдэг. Газрыг хэн эзэмшиж байна, тэндээс хэн үр шимийг нь хүртэж байна гэх нийгмийн суурь асуудлуудыг байгаль хамгаалалтай хоршуулж чадсанаараа онцлог.

Эх сурвалж: Regeneration International

Ямар шийдвэрүүд өнөөгийн бүтцэд нөлөөлсөн бэ?

Хурлаас түүхэн "Абиджаны уриалга"-ыг баталж, дэлхий даяар 1 тэрбум га доройтсон газрыг нөхөн сэргээх асар том амлалт авсан. Хамгийн чухал шийдвэрүүдийн нэг нь эмэгтэйчүүдийн газар өмчлөх, эзэмших эрхийг баталгаажуулахгүйгээр цөлжилттэй тэмцэх боломжгүйг хуульчлан тунхагласан явдал байв. Түүнчлэн ган гачгийн эрсдэл улам нэмэгдэж байгаатай холбогдуулан "Ган гачгийн асуудлаарх Засгийн газар хоорондын ажлын хэсэг"-ийг байгуулсан. Энэхүү шийдвэр нь цаашдаа дэлхий нийт Ган гачгийн эсрэг тусдаа олон улсын протоколтой болох уу гэдэг өнөөгийн COP-ууд дээр яригдаж буй хамгийн халуун маргааныг эхлүүлж, конвенцын ирээдүйн чиглэлийг зааж өгсөн билээ.

Удахгүй зохион байгуулагдах COP17 түүхийн хуудаснаа хэрхэн үлдэж, ямар шинэ боломж, тогтолцоо, шийдэлд хүрч чадах бол?