Хоёр, гуравхан хоног үргэлжлэх хөгжмийн фестиваль 4,000 гаруй ажлын байр бий болгож, үзэгчдийнхээ 60 хувийг нь цоо шинэ уран бүтээлчидтэй танилцуулдаг гэх тооцоо бий. Энэ фестивалийн нэр бол жил бүрийн долоон сард догдлон очдог бидний Playtime Festival билээ. 

Удахгүй болох уг фестивалийн тухай ярилцахаасаа өмнө өнгөрсөн жилээ дүгнэе. Саяхан “Playtime 2025 Festival Impact Report” хэмээх судалгааны үр дүн гарсан ба онцлог нь Open /mpact, Kataclima болон Mad.E зэрэг мэргэжлийн байгууллагуудтай уг судалгааг боловсруулсан явдал юм. Үүнд Улаанбаатар хотын нийгэм, эдийн засаг болон байгаль орчинд үзүүлж буй олон талт нөлөөллийг нарийвчлан дүгнэсэн бөгөөд дэлгэрэнгүйг уг нийтлэлээр хүргэж байна. 

Соёлын солилцооноос соёолох сэдэл

Playtime фестиваль нь монголын хөгжимд хайртай хэн бүхэнд шинэ хамтлаг, дуучдыг танилцуулж, тэр ч бүү хэл шинэ хөгжмийн урсгалыг таниулдаг онцлогтой. Тиймдээ ч line-up-ийг хуруу даран хүлээдэг биз ээ.
Судалгааны үр дүнгээс цухас дурдвал:

- Нийт үзэгчдийн 60% нь наадмын үеэр шинэ уран бүтээлчтэй танилцсан бол
- Үзэгчдийн 54% нь цоо шинэ хөгжим болон шинэ урсгалыг нээж илрүүлсэн байна
- Мөн судалгаанд хамрагдсан үзэгчдийн 31% нь Монголын соёл, урлагийн талаарх өөрсдийн мэдлэгээ нэмэгдүүлж чадсан гэжээ.

Нөгөөтээгүүр, уран бүтээлчдийн хувьд энэхүү наадам нь карьераа өсгөх, шинэ санаа олох боломж байдаг. Уран бүтээлчдийн 84% нь тус фестивалийг өөрсдийнх нь уран бүтээлийн замналд маш чухал нөлөө үзүүлсэн гэж үнэлсэн бол, 81% нь цоо шинэ бүтээл туурвих үйлсэд нь тус наадам бүтээлчээр нөлөөлсөн хэмээн хариулсан байх жишээтэй. Түүнчлэн, уран бүтээлчдийн 54% нь бусадтайгаа шинэ хамтын ажиллагааг амжилттай эхлүүлж, 69% нь өөрсдийн мэргэжлийн хүрээллийг тэлсэн гэхчлэн аль аль талдаа өгөөжтэй наадам болж өнгөрчээ.

Шинэ хүрээлэл үүсгэх боломж

Монгол жижигхэн шүү гэж ярьдаг даа? Энэ ярианаас болоод ч тэр үү Монголд шинэ хүрээлэл үүсгэх, сонирхлоороо нэгдэх нь багассан мэт. Харин хөгжим гэдэг хүмүүсийг нэгтгэж чаддаг хамгийн чухал нэг зүйл байдгийн хувьд хөгжмийн фестиваль өөрөө өөр соёлтой танилцах, шинэ хүрээллээ олох боломж байдаг. Тухайлбал 2025 оны наадмын үеэр:

- Үзэгчдийн 34% нь өөр улс орны иргэдтэй танилцаж, танилын хүрээгээ тэлжээ
- Оролцогчдын 39% нь наадмын үеэр өөрийн төрөлх хэлээсээ өөр хэлээр бусадтай ярилцаж, хэлний болон соёлын солилцоонд оржээ
- Нийт үзэгчдийн 46% нь цоо шинэ хамт олонтой болж, нийгмийн шинэ хүрээллийн нэг хэсэг болсон мэдрэмжийг авсан гэдгээ илэрхийлсэн.

Энтертайнментаас эдийн засгийн эргэлтэд

Playtime ганцхан дуу, хөгжим, тоглолт гэхээс илүү бүтээлч бүхнийг нэг дор цуглуулсан орчин гэж хэлж болно. Тухайлбал хэдэн өдрийн турш фестиваль дээрх бүтээлч эвент, жижиг бизнесүүд үйл ажиллагаагаа явуулдаг. 2025 оны байдлаар л гэхэд нийт 4,161 ажлын байр шинээр бий болсныг дурдууштай.

Байгаль орчны хариуцлага  

Хөгжмийн томоохон фестивалиуд задгай талбайд зохиогддогоороо онцлог бөгөөд үүнтэй холбоотойгоор байгаль орчинд шууд үүсэх хаягдал их гарах нь бий. Фестивалийн хувьд хог хаягдлын зөв менежментийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийт 1.2 тонн түүхий эдийг ангилан ялгаж, дахин ашиглалтад амжилттай шилжүүлсэн байна.

Судалгаанд дурдсанаар наадмын үйл ажиллагаанаас үүдэлтэй нийт хүлэмжийн хийн ялгаруулалт нь 2.5 мянган тонн CO₂ байсан гэж хэмжигдсэн юм. Мөн түүнчлэн зөвхөн гарсан хог хаягдал дээр анхаарахаас гадна фестиваль болохоос өмнө тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан мод тарьсныг дурдууштай. Тухайлбал Playtime төслийн хувьд 2024-2025 онд нийтдээ 58,400 ширхэг мод тарьсан ба тарьсан мод нь жилд 581 тонн CO₂-ийг шингээх боломжтой аж.