Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарын анхдагч “Сүү” хувьцаат компани 1958 онд анх үүсгэн байгуулагдаж байсан байв. Тэд бол тасралтгүй 68 жилийн турш сүүний салбарт үйл ажиллагаа явуулж буй үндэсний томоохон үйлдвэрлэгчдийн нэг. Тэгвэл тус компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, олон улсын дэвшилтэт технологи, бүрэн автомат тоног төхөөрөмж бүхий “SUU 2.0” шинэ үйлдвэрээ ашиглалтад орууллаа.

“SUU 2.0” ШИНЭ ҮЙЛДВЭРИЙН ТУХАЙ 


Сүү ХК-ийн хэрэгжүүлсэн тус үйлдвэр нь “Хүнсний хувьсгал”, “Атрын IV аян”-ы бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарын хөнгөлөлттэй санхүүжилтийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан бөгөөд үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний чанар, хүнсний аюулгүй байдлыг сайжруулах цаашлаад үйлдвэрлэлийн үр ашгийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах зорилгоор байгуулагдаж буй энэ юм.

Сүү ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга

“Манай компанийн сүүлийн гурван жилийн хугацаанд хэрэгжүүлсэн “SUU 2.0” төсөл өнөөдөр нээлтээ хийж байна. Шинэ үйлдвэр ашиглалтад орсноор манай компанийн сүү боловсруулах хоногийн хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 400 тоннд хүрч байгаа гэдэг нь хамгийн онцлох үйл явдал. Энэ нь ойрын тав, зургаан жилийн хугацаанд компанийнхаа өсөлт, хөгжлийг бүрэн хангахуйц үйлдвэрлэлийн хүчин чадал. Мөн хөдөө аж ахуйн салбараас нийлүүлж буй шинэ, цэвэр сүүг хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэх боломж улам нэмэгдэж байгаа юм.

Монголчууд бидний хувьд сүүний өдрийн дундаж хэрэглээ ердөө 85 мл байна. Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн дагуу гаргасан доод хэмжээнээс хоёр дахин бага үзүүлэлт. Бид өдөр тутамдаа сүү, сүүн бүтээгдэхүүнийг хангалттай хэрэглэдэг гэж боддог ч үнэн хэрэгтээ хэрэглээ тун тааруу байгааг энэхүү тоо баримтаас харж болно. Гэхдээ сүүлийн жилүүдэд иргэд эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй уух зүйлээс татгалзаж, сүүн бүтээгдэхүүнээ түлхүү хэрэглэж байгаа нь сайн хэрэг.

Ташрамд дурдахад энэхүү бүтээн байгуулалтыг бодит ажил хэрэг болгоход хамтран ажилласан нийт хамт олон, харилцагч байгууллагууд, мөн биднийг үргэлж шинэ сүүгээр тасралтгүй хангаж ирсэн фермер, малчдадаа талархал илэрхийлье.”


Сүү ХК-ийн ТУЗ-ийн гишүүн Д.Ганбаатар

“Сүү компани өнөөдөр 800 гаруй ажилчидтай, 2,500 гаруй малчид, фермерүүдтэйгээ хамтран ажиллаж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд хөдөө аж ахуйн салбараас татан авдаг сүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэж, жилд 16 сая литр сүү авдаг байсан нь 32 сая литр болж өссөн.

Ер нь эхийн сүү, мал амьтны сүү шиг шим тэжээлтэй зүйл үгүй шүү дээ. Тиймээс эрүүл хүн болох эрхэм зорилгынхоо төлөө Сүү ХК маань үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлэхийн сацуу үйл ажиллагаагаа шинэ шатанд гаргах зорилгоор энэхүү бүтээн байгуулалтаа хэрэгжүүлээд байна.”



Төслийн хүрээнд 2023 оноос эхлэн нийт 58 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авч, өнөөдрийн байдлаар 30 тэрбум төгрөгийг эргэн төлжээ. Үлдэгдэл 28 тэрбум төгрөгийн зээлийг гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлж барагдуулахаар ажиллаж байгаа аж. Энэхүү 58 тэрбум төгрөгийн санхүүжилт нь үндэсний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, дотоодын зах зээлийн хэрэгцээг хангах үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалт юм.

ШИНЭ ҮЙЛДВЭРИЙН ОНЦЛОГ, ДАВУУ ТАЛ 


Том талбай

Нийт 2,590.6 м² талбайтай бөгөөд түүхий сүү хүлээн авахаас эхлээд боловсруулах, ариутгах, савлах хүртэлх үндсэн дамжлагыг нэг цогц системд нэгтгэжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн бүх шатанд хяналт тавих, технологийн горимыг тогтвортой мөрдөх, бүтээгдэхүүний чанарыг жигд хадгалах нөхцөл бүрдэж байгаа аж.

Тоног төхөөрөмж

Тус үйлдвэрт Германы GEA, Шведийн Tetra Pak, Финландын Elecster, Италийн FENCO, Францын SERAC зэрэг дэлхийн тэргүүлэх үйлдвэрүүдийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Үүнээс гадна асептик үйлдвэрлэлийн шугам, бүрэн автомат сүүний тоног төхөөрөмж, төвлөрсөн MCC удирдлагын систем, автомат CIP цэвэрлэгээ, ариутгалын системийг нэвтрүүлсэн байна. CIP систем нь тоног төхөөрөмж, шугам хоолойг задлахгүйгээр цэвэрлэж, ариутгах боломж олгодог бол MCC удирдлагын систем нь үйлдвэрийн үйл ажиллагааг бодит цагийн горимд нэгдсэн байдлаар хянахад чиглэнэ. Эдгээр технологийн шийдэл нь үйлдвэрлэлийн тогтвортой ажиллагааг хангаж, чанарын хяналтыг сайжруулахад чухал үүрэгтэй.



Хүчин чадал

Энэхүү өргөтгөл нь үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлэхийн зэрэгцээ хүүхдэд зориулсан сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлж, дотоодын хэрэгцээг хангах шинэ боломжийг нээж байна.

Сүү ХК цаашид үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн боломжоо бүрэн ашигласнаар ойрын 2-5 жилийн хугацаанд Монгол Улсын сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьжээ.


SUU 2.0 Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарт автоматжуулалт, дэвшилтэт технологийн шийдлийг нэвтрүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд чухал алхам болж байна. Энэ нь компанийн “Эрүүл монгол хүний төлөө” гэсэн эрхэм зорилгыг бодит ажил хэрэг болгож, Монголын сүү, сүүн бүтээгдэхүүний салбарын ирээдүйн хөгжилд хувь нэмэр оруулах ач холбогдолтой.