Хүн төрөлхтний хамгийн өргөн хэрэглэдэг ундны нэгдүгээр байрыг ус эзэлдэг бол удаах байрыг цай эзэмшдэг гэдэг. Өнөөгөөс 6000 жилийн тэртээ буюу Египтийн Фарон Гизагийн Пирамидыг барих тушаал буулгасан өдрөөс даруй 1500 жилийн өмнө анхны цайны тариалан эртний Хятадад үүссэн гэдэг бөгөөд түүнээс хойш уг унд дэлхийн олон улс, үндэстэн, иргэншлийн түүх соёлд томоохон байр суурь эзлэх болсон байдаг.
Улс үндэстэн бүр уг ундтай өөр өөрсдийн замаар “харилцан”, тус тусын соёлыг бүтээсэн байдаг бөгөөд хачирхалтай нь цайнаас үүдэн хэд хэдэн томоохон дайн (Хар тамхины дайн) хүртэл дэгдэж байсан түүхтэй. Харин монголчууд бид цайтай анх хэдийд, хэрхэн танилцаж байсан бол? Монгол цай түүхийн явцад ямар замыг туулж явсан бол? Монгол хүн бүрийн дуртай унд болох Сүүтэй цай монголчуудын бүтээсэн цайны нэгэн зүйл үү, эсвэл Төв Азийн нүүдэлчдийн нийтлэг унд юм болов уу? зэрэг асуултад хариулахаар энэхүү нийтлэлээ бэлтгэлээ.
Цайны үүслийг товчхон өгүүлбэл
Өдөржин ой дундуур идэж болохуйц өвс ургамал хайн туучсаар тамираа барсан тариаланч эр Шэньнун өөрийгөө хордсоноо гэнэт мэджээ. Тэгээд гэдрэгээ суун амаа ангайж амьсгал хураахын даваан дээр байтал нэгэн үл мэдэх навч аманд нь хийсэн ирсэн байна. Тэрээр уг навчийг амтлан амтлан залгиваас төд удалгүй илаарьшин тэнхэрчээ…
Эртний Хятадын нэгэн домогт ийн өгүүлсэнчлэн, яг л Английн нэрт эрдэмтэн И.Ньютоны толгойн дээр алим гэнэтхэн унаад (дараа нь ярихад сонирхолтой байлгах үүднээс хэтрүүлж, давсалсан гэдэг) “Бүх ертөнцийн таталцлын хууль”-ийг нээсэн хэмээдэг адил хүн төрөлхтөн анх удаа цайны ургамлыг ийнхүү санаандгүй байдлаар олж нээсэн түүхтэй.
Нэрийн тухайд товчхон
Хятадын төв нутагт уг ундыг “Ча” хэмээдэг байсан бөгөөд тус газрын хэсгээс цайг Торгоны зам дагуу тээвэрлэж байсан тул эх газрын дамжлагаар цайтай анх учирсан улсууд (Орос, Монгол, Ойрх Дорнод, Энэтхэг, Хойд Африк гм.)-ын дунд дээрх нэр нь хадгалагдан үлдсэн байна. Харин Хятадын Зүүн өмнөд хэсэгт уг ундыг “Тэ” хэмээдэг байснаас үүдэн тус нутгаас анхлан цайны худалдаагаа эхлүүлсэн Нидерландчууд эл нэрийг нь Европ тивд нийлүүлжээ. Сонирхолтой нь Европоос Португал ганцаараа Төв Хятадаас дамжлагатай цайны худалдаанд оролцож байсан тул “Ча” хэмээх нэрийг нь авсан байдаг байна.

Цай ба Монголчууд
XIII зуунд Их Монгол Улс байгуулагдахад цай нь Хятадаас ирэх худалдааны чухал бараа байсан боловч тэр үед монголчуудын дунд өргөн дэлгэрээгүй байжээ. “Монголын Нууц Товчоон”-д ч цайны тухай дурдсан баримт байдаггүй байна. Гэхдээ “Алтан товч”-д өгүүлснээр XV зуунд Сайн Мандухай хатан нэгэн сайдад цай асгаж уурласныг тэмдэглэсэн байдаг нь Монголын язгууртнууд уг ундыг хэрэглэж байсныг баталдаг бөгөөд Монголын хаад язгууртнуудын хүрээнд цай түгэн дэлгэрч байсан ч жирийн ард иргэдийн өдөр тутмын хэрэглээ хараахан болоогүй байсан гэдгийг харуулдаг аж.
XVI зуунаас хойш Монгол, Хятад, Төвөдийн улс төрийн холбоо, худалдааны харилцааны улмаас цай Монголын нийгэм, соёлд гүн нэвтэрч эхэлжээ. XVI зууны үед Алтан хаан Төвөдөөс Буддын шашныг дэлгэрүүлж, түүнийг дагалдан Монголчууд Төвөдийн шашны зан үйлд хэрэглэдэг байсан цайг өргөнөөр хэрэглэх болсон аж. Энэ үеэс эхлэн цай сүсэг бишрэлийн нэгэн чухал хэсэг болж, хийдүүдэд өргөх өргөл, шашны ёслолын үйл ажиллагаанд заавал хэрэглэдэг болжээ.

XVII-XVIII зууны үед Манжийн эрхшээлд орсноор монголчуудын дунд цай улам бүр түгэж, өдөр тутмын үндсэн ундаа болон хувирчээ. Энэ үед цайг зөвхөн уух төдийгүй мөн мөнгөний оронд төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байсан нь эдийн засгийн харилцаанд чухал байр суурь эзэлж байв. Монголын хөдөө аж ахуй, нүүдэлчдийн эдийн засагт цай бараг л зайлшгүй шаардлагатай бүтээгдэхүүн болж, тухайн үедээ “өргөн хэрэглээний бараа” болсон байна. XIX зууны үед Орос-Монгол-Хятадын худалдааны зам хөгжихийн хэрээр Монголын нутаг дэвсгэрийг дамжин өнгөрөх цайны худалдаа эрс нэмэгдэж, Монголчууд цайны наймаагаар ихээхэн ашиг хүртэх болсон байв.
Монголчуудын цай чанах арга нь нутаг нутгийн онцлогоос хамааран тус тусын онцлогтой. Баруун аймгуудад цайг маш өтгөн, олон найрлагатай чанаж уудаг бол төв Халхын бүсэд арай шингэн байдлаар бэлтгэдэг. Мөн монголчууд байгальд ургадаг хөвөн оройт, мягмар санж, нохойн хошуу, цээнэ зэрэг олон төрлийн ургамлыг цайны ургамлын оронд ашиглаж ирсэн уламжлалтай.
Сүүтэй цай ба цайлах ёс
Монголчуудын өдөр тутмын амьдралд сүүтэй цай хамгийн түгээмэл хэрэглэгддэг бөгөөд энэ нь зөвхөн ундаа биш, бас хоол хүнсний чухал хэсэг юм. Монголчууд цайг зөвхөн ууж хэрэглээд зогсохгүй, айл гэрийн аж байдал, зочломтгой заншил, шашны зан үйлтэй салшгүй холбоотойгоор хэрэглэдэг байна. Сүүтэй цай нь Төв Азийн нүүдэлчдийн дунд түгсэн нийтлэг унд боловч монголчууд бидний хөгжүүлсэн цайг “хийцлэх” арга нь монгол сүүтэй цайны давтагдашгүй онцлог ажээ.
Монгол гэрт өглөө эрт босонгуут гэрийн эзэгтэй хамгийн түрүүнд цай чанах нь тогтсон заншил билээ. Цай чанах, цай хүндлэх, цайны дээж өргөх зэрэг нь зөвхөн ундны соёл биш, нүүдэлчин ахуйн нэгэн чухал хэсэг юм. Гэрийн эзэгтэй хамгийн түрүүнд цайны дээжийг газар дэлхий, онгод сахиус, өвөг дээдэс, тэнгэртээ өргөдөг бөгөөд энэ нь үр хүүхдийн эрүүл энх, мал сүргээ даатгах зан үйл гэж үздэг бөгөөл уг зан үйл нь монголчууд бидний Цагаан сарын шинийн нэгэндээ мөрөө гаргахтай адил Буддизмтай ямар ч холбоогүй, эртний монгол ёс билээ.
Сүүтэй цайг амтлахдаа давс, заримдаа шар тос, борц, тослог ихтэй сүү нэмдэг бөгөөд үүнийгээ бид цай “хийцлэх” гэдэг. Энэ нь зөвхөн цайны амтыг сайжруулаад зогсохгүй, бие махбодыг дулаацуулж, энергийг нөхөх ач тустай гэж үздэг. Монголчуудын хувьд сүүтэй цай нь биеийн хүч, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй төдийгүй өвлийн хахир хүйтэнд дулаацуулах шидтэй.
Сүүтэй цайны ач тус
Сүү нь уураг, кальци, фосфор, витамин D зэрэг олон төрлийн шим тэжээлийг агуулдаг. Эдгээр нь ясны бат бөх байдлыг хангах, булчингийн үйл ажиллагааг дэмжих, дархлааг сайжруулахад чухал үүрэгтэй.
Цайны навч нь полифенол, катехин зэрэг антиоксидант нэгдлүүдийг агуулдаг бөгөөд эдгээр нь бие махбод дахь чөлөөт радикалуудыг саармагжуулж, зүрх судасны өвчин, хорт хавдрын эрсдлийг бууруулахад тустай. Мөн цайнд агуулагдах кофеин нь төв мэдрэлийн системийг сэргээж, оюун санааны төвлөрлийг сайжруулдаг байна.

Сүү болон цайны хослол нь биеийн шингэний тэнцвэрийг хадгалах, хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих, ядаргаа тайлах, сэтгэл санааг өргөхөд тустай. Мөн сүүтэй цай нь эрс тэрс уур амьсгалтай манай оронд биеийг дулаацуулах, энерги нөхөхөд тун үр дүнтэй унд юм.
Иймд нийгмийн хариуцлагын хүрээнд өнгөрөгч 2024 оноос эхлэн электроникийн хог хаягдлаа дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлж буй байгальд ээлтэй сав баглаа боодолтой Милко сүүг танд санал болгож байна.

Сэтгэгдэл бичих

