2024 он бол бидний хувьд асар өндөр хариуцлага тулан ирсэн чухал цаг үе билээ. Учир нь энэ жил бид УИХ-ын ээлжит сонгуулиар холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгох учиртай. Тодруулбал, тэдгээрийн 78 гишүүнийг мажоритар, 48 гишүүнийг пропорционал системээр сонгох юм. Харин та бэлэн үү?
Өчигдөр буюу зургаадугаар сарын 10-ны өдөр сонгуульд нэр дэвшигч нам, эвслүүдийн сурталчилгаа албан ёсоор эхэлж, үүнтэй зэрэгцэн Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд нэгэн шинэ контент мэндэлсэн нь ТэнГэр телевизийн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээн байлаа. Улс төрд биднийг төлөөлөх хүмүүсийг сонгох эл чухал цаг үед аль нам, эвсэл ямар мөрийн хөтөлбөр дэвшүүлж, ирэх дөрвөн жилд юу хийж бүтээх талаар басхүү нэр дэвшигчдийн мэдлэг боловсрол, ур чадвар, чанар чансааг харуулах зорилготой уг бодлогын мэтгэлцээн энэ сарын 26-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харин манай редакц өдөр бүрийн мэтгэлцээнийг тоймлон хүргэх болно. Алдалгүй уншаарай.
ЯАГААД БОДЛОГЫН МЭТГЭЛЦЭЭН ГЭЖ?
Монголчууд бид бодлогын мэтгэлцээн үзэж сонголтоо хийх цаг нь болсон.
Сонгууль бүрээр тардаг худал, хуурмаг мэдээллүүд, мэдсээр байж автаад бөөнөөрөө шуурдаг хар-сөрөг ПР-аас нийгэм залхсан, цаг нь өнгөрсөн гэдэгт манай хамт олон итгэж байна. Цаг үе өөрчлөгдсөн гэдгийг, сонгогчид хэрсүү болсон гэдгийг, бодлого нэхдэг болсон гэдгийг бид хамтдаа мэдрүүлж чадна.
Өнөөдөр заавал эхлүүлэх учиртай улс төрийн мэтгэлцээний соёлыг дэмжиж, өрсөлдөөний шинэ жишиг тогтооход манлайлж, мэтгэлцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж буй нам, эвслүүдэд мөн талархал илэрхийлье. Манай индэр бүгдэд нээлттэй.ТэнГэр телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундрал
ТЭД ЯМАР ДҮРМЭЭР МЭТГЭЛЦЭХ ВЭ?
Зургаан нэр дэвшигч нийт таван үеийн турш мэтгэлцэх болно.
1-р үе: Нээлттэй индэр - Энэ үед мэтгэлцэгч тус бүр нам, эвслээс дэвшүүлж буй мөрийн хөтөлбөр эсвэл өөрийн тухай өгөгдсөн 120 секундын хугацаанд танилцуулна.
2-р үе: Халз мэтгэлцээн - Мэтгэлцэгч тус бүрд 224 секунд оноогдох ба тухайн цагийг хэзээ, хэрхэн ашиглах нь мэтгэлцэгчийн сонголт. Харин редакцын зүгээс ажил, мэргэжил, туршлагыг харгалзан халз мэтгэлцэх оролцогчдыг хооронд нь оноож, сэдвийг өгнө. Энэ үед гурван оноолт өгөгдсөн сэдвээр мэтгэлцэх юм.
3-р үе: Халз мэтгэлцээн - Өмнөх үеийн дүрмийн адилаар өөр оноолтууд редакцын зүгээс өгсөн сэдвийн дагуу мэтгэлцэнэ.
4-р үе: Иргэдийн асуулт - Мэтгэлцээний үеэр олон нийтээс ирсэн асуултыг оролцогч тус бүрээс асуух бөгөөд хариулах хугацаа 120 секунд.
5-р үе: Хаалтын үе - Мэтгэлцэгч тус бүр хаалт хийж, үзэл баримтлал, мөрийн хөтөлбөр зэргээ 180 секунд буюу гурван минутад багтаан танилцуулна.
1-Р ДУГААР “БОЛОВСРОЛЫГ ДАХИН ТОМЬЁОЛОХ НЬ”
ХЭН МЭТГЭЛЦЭВ?
Үндэсний эвслээс 9-р тойрог буюу Баянгол дүүрэгт нэр дэвшигч Н.Энхчимэг - СЭЗИС-ийн Бизнесийн удирдлагын бакалавр, Сидней их сургуулийн Олон улсын бизнесийн магистрын зэрэгтэй. Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, BASU брэндийн үүсгэн байгуулагчаар ажилладаг.
Шинэ нэгдсэн эвслээс 10-р тойрог буюу Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшигч Ч.Амарсанаа - Аялал жуулчлалын удирдлага, англи хэлний орчуулагчийн магистрын зэрэгтэй. Тэрээр Монголын Үндэсний Олимпын Хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, Talk Talk English боловсролын төвийн үүсгэн байгуулагч юм.
ХҮН намаас жагсаалтын 8-д нэр дэвшигч Ц.Алтансор - МУИС-ийн Олон улсын сэтгүүл зүй, СЭЗИС-д Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцсан бөгөөд АНУ-ын Калифорниа мужийн их сургуульд Боловсролын удирдлагаар магистраа хамгаалсан. Q Education группын үүсгэн байгуулагчаар ажилладаг.
Монгол Ардын намаас жагсаалтын 11-т нэр дэвшигч Ж.Галбадрах - ХААИС болон нийслэлийн 84-р сургуульд физикийн багшаар ажиллаж байсан тэрээр Японы Ямагата их сургуульд магистрын зэргээ хамгаалжээ. Тэрбээр Шинэ монгол эрдмийн хүрээлэнгийн Ерөнхийлөгчөөр ажилладаг.
Иргэний зориг ногоон намаас 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч С.Шаарийбуу - МУИС-ийн Дэд професор, багш, доктор.
Ардчилсан намаас жагсаалтын 46-д нэр дэвшигч Э.Сүндарь - Боловсрол судлаач, Аутизмын нөлөөлөгч, Ардчилсан намын боловсролын зөвлөлийн гишүүн, АНУ-ын Стэнфордын их сургуульд Боловсрол судлалын суралцахуйн дизайн ба технологи мэргэжлээр магистрын зэрэг хамгаалсан.
ЮУ ЯРИВ?
1. Үндэсний эвслийн хувьд боловсролын салбарт сүүлийн үеийн дэвшилтэт технологиудыг ашиглах, тэр тусмаа хүүхдэд бие, оюун, сэтгэлзүйн боловсролыг олгох тал дээр цогц бодлого боловсруулсан. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Улсын зүгээс багш нарыг голчилж авч үзээгүй, боловсролын салбарын бодлогыг цогцоор нь авч шийдээгүйн горыг өнөөдөр багш нар амсаж байна. Мөн багш нарын цалинг нэмээгүй нь боловсон хүчний дутагдалд орох суурь асуудал болсон. Үүнийг шийдэхийн тулд боловсролын төсвийг улсын төсвийн тодорхой хувьд байхаар хуульчилж өгөх ёстой. Багшийн үнэлэмжийг эргэн нэмэхийн тулд тэдний нийгмийн асуудлыг нь дорвитой, зоригтой шийдэх цаг үе иржээ. (2-р үе Халз мэтгэлцээн “Багшийн цалин сургалтын чанартай шууд холбоотой юу?”)
3. Өнөөдөр нийт хүүхдүүдийн 93 хувь нь улсын сургуульд сурч байна. Гэхдээ улсын сургуульд хүүхэд нь сурдаг парламентын гишүүн гэвэл гарын тав биш хоёрхон хуруунд багтана. Өөрөөр хэлбэл, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байгаа хүмүүс өөрсдөө боловсролын салбарт ямар асуудал нүүрлээд буйг ойлгохгүй байна. Тэгэхээр боловсролын ялгаатай байдлыг халахыг хүсэж байвал эхлээд тэгш зарчмаа хэрэгжүүлж сурах хэрэгтэй. (3-р үе Халз мэтгэлцээн “Боловсролын ялгаатай байдал нь нийгэм дэх тэгш бус байдлыг бий болгож буй суурь шалтгаан мөн үү?”)
4. Монгол соёл уламжлалд суурилсан, олон сонголтот хувилбар бүхий биет болон зайны хосолсон сургалтыг боловсролын салбарт нэвтрүүлнэ. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Үндэсний эвсэл мөрийн хөтөлбөртөө хүнийг бүх насны ангиллаар нь авч үзээд насан туршид нь боловсрох боломжийг тусгасан. Тодруулбал, нялх, бага, эрдэмт, мянганы, идэр, ахмад гэсэн насны ангиллаар хуваан тухайн насанд зориулсан хөгжих боломжийг тусгасан нь манай эвслийн мөрийн хөтөлбөр хэрэгжих боломжтой, бодлогын түвшинд сайн боловсруулсан гэх дүгнэлтийг өгч байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Энэ удаагийн ээлжит сонгуульд Шинэ нэгдсэн эвслээс боловсролын бодлогыг сайжруулах тал дээр түлхүү анхаарч байна. Юун түрүүнд боловсролын салбарын хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэх, ялгаатай байдлыг бууруулахад чиглэн ажиллаж байгаа. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Багш, эрдэмтэн, судлаачдын бүтээлийг олон улсын мэргэжлийн том сэтгүүлүүдэд тус бүрийн чиглэлээр нийтэлж, үүнд тодорхой хэмжээгээр төр засгаас санхүүжилт олгох хэрэгтэй. Үр дүнд нь Монголын их, дээд сургуулиудын дэлхийд эзлэх эрэмбэ сайжирна гэж харж байна. (2-р үе Халз мэтгэлцээн “Монголын дээд боловсролын эрэмбийг хэрхэн дэлхийн дундажтай нийцүүлэх вэ?”)
3. Англи хэлний салбарт 25 жил ажиллаж байгаа хүний хувьд Talk Talk English сургалтын төвийн хийсэн судалгаанаасаа харахад Монголд хүүхдүүд найман наснаас эхлээд англи хэл сурах хэрэгтэй гэсэн үр дүн гарсан. (3-р үе Халз мэтгэлцээн “Хэлний хуваагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)
4. Сургуулийн хөтөлбөрт биеийн тамир, спортын хичээлийг түлхүү оруулж өгөх замаар амьдралын ухаанд сургаж, тууштай, сахилга баттай, хариуцлагатай, бусдыг сонсдог, багаар ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлнэ. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Монгол хүн холын аянд явахдаа хос морьтой явдгийг санаж, хүүхэд багачуудад монгол хэлийг дархлаа мэт яруу төгөлдөр сургахад төрөөс анхаарах хэрэгтэй. Үүний зэрэгцээ дэлхийн иргэдтэй хөл нийлүүлэн алхах хөгжлийн гүүр болсон англи хэлийг маш сайн сурахад анхаарах нь чухал. (5-р үе Хаалтын илтгэл)
1. ХҮН намын зүгээс 21-р зууны хүүхдүүдэд 19-р зууны анги танхимын сургалтаар, 20-р зууны арга зүйгээр заагаад байх нь зохимжгүй хэмээн үзэж байгаа. Иймд аль болох хүүхдийг бие бялдар, оюун ухаан, зүрх сэтгэлийн хувьд өв тэгш, тэдгээрийн хэрэгцээ шаардлагад тохирсон, 21-р зууны сэтгэлгээ, сурах арга барилд тохирохуйц хөтөлбөр, арга зүй, орчныг бүрдүүлэх боловсролын системийн шинэчлэлийг бүрэн цогцоор нь хийх бодлогыг баримталж байна. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Төрийн зүгээс хувийн сургуулиуд боловсролын тэгш бус байдлыг бий болгож, цаашлаад нийгмийн тэгш бус байдлыг үүсгэж байна гэх үндэслэлийг гаргаж ирээд хувийн сургуулиудыг хаах, багасгах, тэдний хэт засаглалын асуудалд оролцсон. Энэ бол урагшлах бус ухарч байгаа асуудал юм. Харин ч бид 21-р зуунд дэлхийн боловсролын технологиудыг хамгийн сайнаар нь нэвтрүүлж, хувийн сургуулиудын жишгээс суралцаж, туршлага хуваалцан хамтарч ажиллах хэрэгтэй. (2-р үе Халз мэтгэлцээн “Төр нь төрийн болон хувийн сургуулийн чанар, агуулгыг тэнцвэртэй байлгах үүрэгтэй юу?”)
3. Технологийг ашиглах замаар боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх бодлогыг манай ХҮН намын зүгээс барьж байна. Сайн технологи болон багш нарыг ашиглаад сайн агуулга, хөтөлбөрийг бий болгон алслагдсан сумын хүүхдүүдэд зайн сургалт олгох ажлыг мөрийн хөтөлбөртөө тусгасан. (3-р үе Халз мэтгэлцээн “Боловсролын ялгаатай байдал нь нийгэм дэх тэгш бус байдлыг бий болгож буй суурь шалтгаан мөн үү?”)
4. ХҮН намын хувьд нэгдүгээрт, багшийн үнэлэмжийг нэмэгдүүлэх, сайн багш бэлтгэх тогтолцоог сайжруулахад анхаарч ажиллана. Хоёрдугаарт, 21-р зууны хүүхдүүдийн сэтгэлгээ, бие бялдар, сурах арга барилд тохирсон хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Гуравдугаарт, сургалтын орчин, сургуулийн барилга, байгууламжийг орчин үеийн хөтөлбөрийнхөө дизайнд тохирсон хэлбэрээр зураг төслийг нь гаргаж, барьж байгуулна. Мөн боловсролын системийн шинэчлэлийн асуудалд багш, хөтөлбөр, заах арга зүй, боловсролын реформыг хийх оролцогч талуудыг бүрэн оролцуулж энэ реформыг хийхээр төлөвлөж байна. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Бид нийгмийн хөгжил, улсын хөгжлийг ярихын тулд хувь хүний хөгжил, хүүхдийн хөгжлөөсөө эхлэх ёстой. Тэгэхээр эх орондоо хайртай, зүрх сэтгэлтэй, дэлхийд өрсөлдөхүйц хэмжээний боловсон хүчинг бэлтгэхийн тулд боловсролын системийн шинэчлэлийг зайлшгүй хийх шаардлагатай байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Өнөөдөр Ардчилсан нам, Ардын нам, Хүн намын боловсрол бус Монгол Улсын боловсрол гэж яригдах учраас бидний эцсийн цэг боловсрол дээр огтлолцох нь гарцаагүй. Ардын намын мөрийн хөтөлбөр ул үндэстэй, бодитой, судалгаатай, хамгийн гол нь залгамжтай боловсруулагдсан гэдгийг онцолъё. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Төрийн зүгээс улсын сургуулиудаа бүрэн хариуцаад хувийн сургуулиудыг хуулийн хүрээнд чөлөөтэй үйл ажиллагаа явуулах нөхцөлөөр нь хангах хэрэгтэй байна. Өнөөдөр төрийн сургуулиудын орчин, сургалтын чанараас үүдээд эцэг эхчүүд хүүхдээ хувийн сургуульд өгч байгаа. Тиймээс хамтдаа бие биенээсээ суралцаж, төрийн сургуулиудыг чанаржуулахад төр хариуцлагаа хүлээх ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Төр нь төрийн болон хувийн сургуулийн чанар, агуулгыг тэнцвэртэй байлгах үүрэгтэй юу?”)
3. Монгол хэлний тухай хуулийн хүрээнд англи хэлийг тавдугаар ангиас нь буюу 10 наснаас нь үзэхэд тохиромжтой гэдэг. Гэхдээ яалт ч үгүй үзэж харж байгаа контентууд нь англи хэл дээр байгаа учраас хүүхдүүд бие даан суралцаж байна. Тэгэхээр шийдэл нь тэдний үзэж буй контентуудыг монгол хэл дээр, түүх соёлоо шингээсэн агуулгаар хүргэх нь чухал юм. (3-р үе Халз мэтгэлцээн “Хэлний хуваагдлыг хэрхэн шийдвэрлэх вэ?”)
4. Ардын намын мөрийн хөтөлбөрт үндсэн боловсролын асуудалд хандсан 16, мэдлэг, ур чадвартай төгсөгчтэй холбоотой 5, багшийн хүртээмж, ур чадварыг дээшлүүлэх 4 заалтыг тусгаж өгсөн. Ялангуяа ерөнхий боловсролтой холбоотойгоор гэрийн ойролцоо бага сургуулийн цогцолбор барих, СӨБ-ын анги дүүргэлт, хөтөлбөрт анхаарах, байгалийн шинжлэх ухааны стандарт бүхий кабинетыг барьж байгуулах зэрэг ажил багтсан байна. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Бид гоё зорилго зорилтууд, мөрийн хөтөлбөр тавьдаг ч гүйцэтгэлд нь хяналт тавьж, хариуцлага тооцож чаддаггүй. Ялангуяа тэдгээрийг хийж байгаа хүн нь мэргэжлийн бус, хоорондоо уялдаа холбоотой ажилладаггүй. Тэгэхээр миний хувьд энэ харилцаа холбоог зохицуулах ажлуудыг санаачилна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. ИЗНН-аас зорилготой ирээдүйг бэлтгэе гэсэн том агуулга дэвшүүлж байна. Боловсрол хэзээ ч хазгай байх ёсгүй. Үүнийг засахад маш их хугацаа, нэг үе тэр чигтээ дуусдаг учраас боловсролын салбар байнга зөв замаар явж байх ёстой. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Багш хүн гэдэг өөрийн амьдрал ахуйгаа золиослоод бусдын хүүхдийн төлөө зүтгэж байдаг. Нэг хүнд эрдэм заана гэдэг 20-30 жилийн цаг хугацаа шаарддаг болохоор улсаас багш нарыг асар өндрөөр үнэлэх ёстой. (2-р үе Халз мэтгэлцээн “Багшийн цалин сургалтын чанартай шууд холбоотой юу?”)
3. Аливаа зүйл хэмжээ, хязгаартай байх ёстой. Хэмжээнээсээ хэтэрвэл юу болдгийг бид харж байна. Жишээлбэл, дроны дайн, нисгэгчгүй онгоц. Энэ бол хэтэрч байгаагийн илрэл. Ер нь бол хамгийн сүүлчийн төгрөгийнхөө талыг боловсролд зориулдаг улс хөгждөг юм. (3-р үе Халз мэтгэлцээн “Боловсролын салбар дахь шимт агуулгыг хэрхэн сайжруулах вэ?”)
4. Чиний, миний, танай, манай гэж талцахаас илүүтэй бүх хүн ирээдүйнхээ төлөө, боловсролынхоо төлөө, хүүхдүүдийнхээ төлөө, маргаашийн төлөө ижил сэтгэлээр зүтгэвэл амжилтад хүрнэ. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Бүх хүүхэд нэг үйлдвэрийн бүтээгдэхүүн биш. Харин хүүхэд бүр өөрийн гэсэн нөөц, чадвар, авьяастай. Түүнийг нь түлхүү хөгжүүлэх ёстой юм шүү. Бусдын хүүхдүүдтэй харьцуулах ямар ч шаардлага байхгүй гэдгийг эцэг эхчүүддээ хэлмээр байна. (5-р үе Хаалтын илтгэл)
1. Ардчилсан намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийг боловсрол судлаачдын мэргэжлийн баг, хамт олон боловсруулсан. Бид хүнд цүнх үүрээд явж буй 17-18 хичээл үзэж байгаа хүүхдүүдийн хичээлийг 10 болгон цөөлөх, нэг ангид суралцагчдын тоог 30-аас хэтрүүлэхгүй байх, цаашлаад ДНБ-ий багадаа 1 хувийг шинжлэх ухаан, боловсролын салбарт зарцуулах зэрэг шинэчлэл, өөрчлөлтийг хийж чадах бодитой, тоотой зорилтуудыг тавьсан. (1-р үе Нээлтийн илтгэл)
2. Монгол Улсын их сургуулиудын дэлхийд эзлэх эрэмбэ сайжрахын тулд зайлшгүй, яаралтай их сургуулийн удирдлага, багш нарын томилгоог улс төрөөс хараат бус болгох ёстой. Улс төрийн томилгоо хийж байгаа цагт бид ямар нэг чанар, сайжруулалт ярих боломжгүй. Үүний эсрэг Ардчилсан намаас ДНБ-ий нэгээс доошгүй хувийг их, дээд сургуулиудын судалгаа, инновацын ажилд зарцуулна гэх зүйл, заалтыг тусгаж өгсөн. (2-р үе Халз мэтгэлцээн “Монголын дээд боловсролын эрэмбийг хэрхэн дэлхийн дундажтай нийцүүлэх вэ?”)
3. Технологийг хөгжүүлэх гол зүйл бол бидний асуудлыг шийдвэрлэх хүсэл эрмэлзэл. Үүнийг бага насны хүүхдүүдэд суулгахын тулд асуудал өгч, өөрсдөөр нь шийдвэрлүүлж, орон зайг нь олгох хэрэгтэй. Бага ангийн хүүхдүүдийг цэцэрлэгийн наснаас нь эхлээд юу сонирхож, юуг өөрчилмөөр байгааг нь асуухыг боловсролын систем гэхээс биш ингэж бод, тэгж бод гэж заасаар байвал бид хэзээ ч шинжлэх ухаанч сэтгэлгээг хөгжүүлэхгүй. (3-р үе Халз мэтгэлцээн “Боловсролын салбар дахь шимт агуулгыг хэрхэн сайжруулах вэ?”)
4. Ардчилсан намаас хүүхдүүдийн дунд, ахлах ангид заавал үзэх хичээлийг арваас хэтрүүлэхгүй байлгаж, үлдсэн хичээлүүдээс хүүхэд өөрийн ур чадвар, ирээдүйн эзэмших мэргэжил, карьер, сонирхолд үндэслээд сонгон суралцах боломжийг өгнө. (4-р үе Иргэдийн асуулт “Танай намын мөрийн хөтөлбөрт боловсролтой холбоотой заасан хамгийн чухал заалт юу вэ?”)
5. Хүүхдийн ялгаатай байдлыг хүндлээд, ямар нэг хөгжлийн ялгаатайгаас үл хамаарч нэг ангид хамтдаа суралцаж байж бусдын ялгаатай байдлыг хүндэлдэг, ардчилсан үзэл баримтлалтай, хүмүүнлэг, энэрэнгүй монгол иргэдийг бүтээнэ. Өнөөдөр бид хүмүүнлэг бус нийгэмд хүүхдүүдээ өсгөж байгаа учраас үүнийг яаралтай өөрчилье. (5-р үе Хаалтын илтгэл)
Уншигч та бүхэн “Мэтгэлцээн 2024” бодлогын мэтгэлцээнийг шууд хүлээн авахыг хүсвэл ТэнГэр телевиз дээр орой бүр 21:00 цагаас сувгаа тааруулаарай. Мөн Facebook хуудсаар үзэх боломжтой.
Монгол Улсын УИХ-ын ээлжит сонгууль 2024 оны зургаадугаар сарын 28-ны өдөр болно. Манай редакц залуу мэргэжилтнүүдийн улс төрийн боловсролыг нэмэгдүүлэх, сонгуулиа өгөх сэдлийг өдөөх зорилгоор Редакцын бодлогынхоо хүрээнд нэр дэвшигч, нам эвслүүдтэй хамтран ажиллаж байна.