Өдгөө дэлхий дээр 3.04 их наяд мод бий. Харин манай орны нийт нутаг дэвсгэрийн найман хувийг нь ойн сан буюу бүх төрлийн мод, сөөг, бут, таримал нөөц бүрдүүлж буй. Гэвч харамсалтай нь сүүлийн таван жилд жил бүр 100-200 мянган га ой мод үгүй болж буйн 90 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас үүдэн хомсдож байна.
Тиймээс бид энэ удаагийн нийтлэлдээ зөвхөн нүдэнд харагдах гоо үзэмж төдийгүй нүүрстөрөгчийг бууруулах, гүний усны эргэлтийг тэнцвэржүүлэх, хөрсийг эвдрэлд орохоос хамгаалах зэрэг олон ашиг тустай байгалийн бүтээл болсон моддыг дэлхийн улс орнууд хэрхэн тарьж ургуулж буй туршлагыг танилцуулахаар бэлтгэлээ.

ЭХЛЭХИЙН ӨМНӨ: ОН ЦАГИЙН СОНИРХОЛТОЙ БАРИМТУУД
Хүний үүслээс өмнө дэлхий дээр хэчнээн мод байсан бэ?
6 их наяд мод буюу одоогийнхоос даруй хоёр дахин их мод байсан гэх тооцоо бий. Хүн ба соёл иргэншил үүсэхээс өмнө ихэнх түүхчид дэлхийн ой мод 6 тэрбум га талбайг эзэлж байсан гэж үздэг. Тэгвэл өнөөдөр үүний зөвхөн нэг хэсэг нь л үлдсэн бөгөөд дэлхийн ойн бүрхэвч ойролцоогоор 3 тэрбум га хүртэл буурчээ. Мэдээж хөдөө аж ахуйн эрчимжсэн үйлдвэрлэл, орчин үеийн хурдацтай соёл иргэншил, хот суурин газрын дэд бүтэц нь жил бүр дэлхий дээр 10 тэрбум орчим мод үгүй болж байгаатай салшгүй холбогдоно.
Тэгвэл 100 жилийн өмнө…
Амьсгалж буй агаарыг маань бүрэлдүүлэгч моддын ашиг тусыг умартсан дэлхийн иргэд барилга бүтээн байгуулалтын салбарыг хөгжүүлэхээр 1920-оод оны эхэн үеэс тун шаргуу мод бэлтгэж эхэлсэн юм. Үүний үр дүнд дэлхий дээр 70 сая орчим мод үлдсэн ба АНУ энэ үеэр өөрсдийн нутаг дэвсгэрийн нийт ойн гуравны хоёрыг нь мод бэлтгэхэд зориулсан гэдэг.
Харин одоо…
Гайхалтай нь дэлхийн ихэнх улс орон буруугаа ухаарч, Засгийн газрууд нь ойн модыг хамгаалах янз бүрийн хөтөлбөрүүдийг санаачилж эхэлсэн. Жишээлбэл, АНУ 100 жилийн өмнөхөөс даруй дөрөв дахин олон модтой болж, 228 тэрбум модоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа юм.

ОХУ
Дэлхийн хамгийн том эрчим хүчний экспортлогч ОХУ нь 642 орчим тэрбум модтой бөгөөд цэнхэр гарагийн ойн 20 хувийг бүрдүүлдэг. Томоохон эрчим хүч үйлдвэрлэгч орны хувьд тэд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Глазго хотод зохион байгуулагдсан Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцын талуудын (COP26) 26 дугаар хурлын үеэр анхны томоохон хэлэлцээрт гарын үсэг зурж, 2030 он гэхэд ойн хомсдолыг зогсоох амлалт өгсөн юм.
Нэг хүнд ногдох ногоон байгууламж, амралт зугаалгын талбайн хэмжээ болон хүртээмжээрээ дээгүүрт бичигддэг 12 сая хүн амтай Москва хотын засаг захиргаа иргэдтэйгээ нягт ажиллаж, сүүлийн 10 жилд “Million Trees” хөтөлбөрийн хүрээнд 2.5 сая гаруй мод, бут сөөг тарьжээ. Түүгээр ч зогсохгүй НҮБ-ын Европын Эдийн засгийн комиссоос (UNECE) 2019 онд дэлхийн томоохон хотуудыг мод тарихад уриалан “Trees in Cities Challenge”-ыг эхлүүлсэн бөгөөд Москва хот ч энэхүү аянд нэгдэн ажиллаж байна.
БНХАУ
140 тэрбум модтой БНХАУ мөн л 2030 он гэхэд 70 тэрбум мод тарих зорилтоо энэ оны Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын ээлжит хурлаар танилцуулсан юм. Сүүлийн 10 жилд Хятад улс 70 сая гаруй га ойн талбайг дахин ургуулсан бөгөөд 14 дэх "Таван жилийн төлөвлөгөө"-нийхөө дагуу 2025 он гэхэд ойн хамрах хүрээг 24.1 хувь, ойн нөөцийн хэмжээг 19 тэрбум метр кубд хүргэх зорилт дэвшүүлэн ажиллаж буй. Энэ хүрээнд НҮБ-ын 2021-2030 он хүртэлх экосистемийг нөхөн сэргээх арван жилийг дэмжих зорилгоор байгуулагдсан 1t.org-той хамтран ажиллаж байгаа юм.
1t.org нь ойг хамгаалах, нөхөн сэргээх тал дээр сонирхогч талуудын гол оролцогчдыг холбож, хувийн хэвшлийн түншлэл, зорилтот хөрөнгө оруулалтын урсгалыг нээх гүүр болж ажилладгаараа онцлогтой. Харин БНХАУ-ын зорилтынхоо дагуу тэд жил бүр сайн дурын мод тарих үйл ажиллагаанд зохион байгуулах, иргэдийг уриалахын зэрэгцээ хувийн хэвшил, иргэний нийгэм, олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажиллах юм.
МОНГОЛ УЛС
Манай улсын нийт газар нутгийн найман хувь нь ойн сантай. Харин энэ тоог 2030 он гэхэд есөн хувьд хүргэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан ажиллаж байна. Модны төрлөөс хамаарч нэг га талбайд 2,500-3,500 ширхэг мод тарьдаг ба тооцоолж үзвэл нэг тэрбум модыг тарихад 29-40 мянган км.кв талбай шаардлагатай аж. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд орон нутаг, банк санхүү, уул уурхай зэрэг салбар аж ахуй, нэгж байгууллагууд нийт 1.4 тэрбум мод тарих зорилт тавьснаас одоогоор 7.2 сая модыг тарьж ургуулжээ.
Ой мод, ургамал нь хүлэмжийн хийн 80, дуу чимээний 25 хувийг өөртөө шингээдэг төдийгүй “Тэрбум мод” аяны үр дүнд манай улсын хүлэмжийн хийн ялгарлыг 600 мянган тонноор бууруулах тооцооллыг урьдчилан гаргасан юм. Энэ зорилгодоо хүрэхийн тулд тус үндэсний хөдөлгөөнийг 2021-2024 он буюу бэлтгэл үе, 2024-2026 он буюу эрчимжүүлэх, 2027-2030 он буюу тогтвортой үргэлжлэх гэсэн гурван үе шаттай өрнүүлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн тус үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газрууд улсын хэмжээнд 37 сая тарьц, суулгацын нөөцтэй болсон ба энэ нь жилийн өмнөхтэй харьцуулахад дөрөв дахин нэмэгдсэн тоо юм.
МЭДЭХЭД ИЛҮҮДЭХГҮЙ
Мод тарих хамгийн зөв үе – Дөрөвдүгээр сарын дунд үеэс тавдугаар сарын сүүлч үе хүртэл мод тарих хамгийн тохиромжтой үе. Харин намрын улиралд арваннэгдүгээр сар дуусахаас өмнө таривал зохимжтой.
Хамгийн чухал нь хөрс – 50 хувь хар шороо, 30 хувь элс, 20 хувь бордоо бүхий хөрсөнд мод хамгийн таатай ургадаг.
Суулгац болон арчилгааны тухайд – Хоёр метр өндөртэй суулгацад 50х50 см-ийн диаметртэй тогоог бэлтгэх бөгөөд өмнөх өдөр нь усаар дүүргэж, хөрсөө чийглэх нь чухал. Түүнчлэн хаврын улиралд тав хоногт нэг удаа, зуны улиралд 2-3 хоногт нэг удаа услах хэрэгтэй бол намрын улиралд цэнэг усалгаа буюу ус хөрсөнд нэвчихгүй болтол тогоог дүүртэл усалж, хөлдсөн чигээр нь өвөлжүүлдэг.


Сэтгэгдэл бичих

