Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд мэдээлэл технологи, программ хангамж, инженер, био анагаах ухаан зэрэг тэргүүлэх чиглэлийн мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээ өндөр хэдий ч, тухайн мэргэжлээр төгссөн боловсон хүчин дутмаг байдаг тал ажиглагддаг. Тэгвэл эдгээр чиглэлээр сурах хүсэлтэй оюутнуудын тоог нэмэгдүүлэх, чанартай боловсон хүчин бэлтгэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор ТЭСО групп анх удаа нэг тэрбум төгрөгийн шагналын сантай тэтгэлэг зарласан юм. Өнөөдөр уг тэтгэлгийн эзэд тодорч, 500 гаруй оюутнууд батламжаа гардан авлаа.
Үндэсний баялаг бүтээгч ТЭСО групп нь бизнесийн үйл ажиллагаагаар дамжуулан Монгол Улсын эдийн засаг, хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаас гадна тогтвортой хөгжил, оюуны хөрөнгө оруулалтыг тасралтгүй хэрэгжүүлж байгаа юм.
Тухайлбал, бүтээлч залуусын санаачилгыг дэмжих “Spark Day” хөтөлбөр, охидыг шинжлэх ухаан, технологийн ирээдүйд уриалах “Empowering Girls in Stem” хөтөлбөр, ирээдүйн инженерүүдийн ажлын байран дээрх ур чадварыг нэмэгдүүлэх “Engineers of The Future” сургалт, их, дээд сургуульд элсэн орж буй шинэхэн оюутнуудын “ICE Scholars” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн бөгөөд энэ жил цар хүрээгээ тэлж, хөдөө, орон нутаг, Улаанбаатар хотыг хамарсан нэг тэрбум төгрөгийн сантай тэтгэлгийг хэрэгжүүлсэн тухай ТЭСО группийн Гүйцэтгэх захирал С.Болор дурдсан юм.
“Оюутнууд шинжлэх ухаан, байгалийн ухаан, IT, барилгын инженер зэрэг баялаг бүтээх мэргэжлүүдийг түлхүү сонгон суралцахыг дэмжих зорилгоор бид энэхүү хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллаж байна.”
ТЭСО группийн Гүйцэтгэх захирал С.Болор
Тэтгэлэгт Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд 65 сургуулийн 2,640 оюутан материалаа ирүүлснээс 700 гаруй оюутныг шалгаруулжээ. Түүний 500 гаруй нь Улаанбаатар хотоос сонгогдсон бол үлдсэн оюутан хөдөө, орон нутгийнх байв. Мөн тэтгэлгийн шалгаруулалт таван сарын турш үргэлжилжээ.
“Монгол Улсын Их сургууль, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд уг арга хэмжээг дэмжин ажиллалаа. Тэтгэлгээс манай сургуулийн 132 оюутан тэтгэлэг гардан авч буйд баяртай байна.”
МУИС-ийн профессор, судалгаа, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор С.Гомбобаатар
ТАВИГДСАН ШААРДЛАГУУД:
Шинэ оюутан буюу I курсийн оюутан:
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр элссэн байх
- ЭШ-ын оноо 501-с дээш байх
- Сүүлийн нэг жил сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Урлаг, спорт, шинжлэх ухааны уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
II - IV курсийн оюутан:
- Монгол Улсын иргэн байх
- Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуульд тэргүүлэх чиглэлийн мэргэжлээр 2.8-с дээш голчтой суралцдаг байх
- Сүүлийн нэг жил сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдаагүй байх
- Эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэн, уралдаан тэмцээнд амжилт гаргаж, сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог бол давуу тал болно.
“ТЭСО групп нь инженер, технологи, инновацын чиглэлд түлхүү төвлөрөн ажилладаг байгууллага. Тиймээс ШУТИС-д суралцаж буй ирээдүйн инженер, технологийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах боломж хамгийн өндөр компаниудын нэг гэж хэлж болно. Тэтгэлгээ авч буй залуусын 300 гаруй нь манай сургуулийн оюутнууд байгаа нь бахархууштай.”
ШУТИС-ийн Сургалт, оюутны үйлчилгээ эрхэлсэн проректор Н.Эрдэнэхүү
ШУТИС-ийн Кибер, аюулгүй байдлын нэгдүгээр курсийн оюутан Б.Тэмүүлэн
Өөрийгөө сориод үзье, үеийн найзуудынхаа дунд ямархуу ур чадвартай байгаагаа мэдье гэх бодлоор энэхүү хөтөлбөрт материалаа илгээсэн. Тэтгэлэгт материалаа илгээхэд эсээ бичих даалгавар байсан. Эсээ нь тухайн хүний ур чадварыг хамгийн товч харуулах боломж болдог учраас сайнаараа бэлдээд илгээсэн. Ийм төрлийн тэтгэлэг нь сургалтын төлбөрт нэмэрлэхээс гадна оюутнуудад илүү хичээж сурах итгэл нэмэгдүүлдэг юм шиг санагддаг.
Технологи хурдтай хөгжихийн хэрээр үүнийг буруу ашиглах явдал нэмэгдэж байна. Жишээ нь,өнгөрсөн жил “Интермед” эмнэлгийн цахим халдлагад өртсөний улмаас системийн үйл ажиллагаа доголдож, хэрэглэгчдийн хувийн мэдээлэл алдагдах эрсдэлтэй байдал үүссэн. Ийм тохиолдлоос сэргийлэх, мэдээллийг алдуулахгүй байх боломжтой мэргэжил эзэмших зорилгоор би энэ чиглэлийг сонгосон.
ШУТИС-ийн Уул уурхай, ашиглалтын технологийн нэгдүгээр курсийн оюутан А.Түшиг
Жил бүр л сургалтын төлбөр нэмэгдэж буй энэ цаг үед оюутнуудад хамгийн хэрэгтэй тэтгэлэг энэ байлаа. Оюутнууд сургалтын төлбөрөө олох хичээлийнхээ хажуугаар нойр, хоолгүй ажиллах нь элбэг. Нойргүй ажиллачихсан учраас сурлагын дүн нь буурах зэрэг тохиолдол гардаг юм билээ. Харин иймэрхүү сургалтын төлбөрийн хөнгөлөлт олгодог тэтгэлгүүд нь оюутнуудыг илүү сайн сурахад нь урам зориг өгдөг юм шиг санагддаг. Би ч мөн адил чадварлаг мэргэжилтэн болохын тулд цаашдаа хичээлдээ илүү анхаарч, сайн сурах төлөвлөгөөтэй байна.
“Оюуны хөрөнгө оруулагч” ТЭСО группийн зүгээс олгож буй энэхүү тэтгэлэг нь Монгол Улсын ирээдүйн хөгжлийн гол хүч болсон оюутан залуусын сурч боловсрох үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буй гэдгээрээ сайшаалтай юм. Мөн тэтгэлэг хүртсэн нийт оюутнууддаа баяр хүргэе.
Сэтгэгдэл бичих

