Хэвлэл мэдээллийн салбарын экосистемд үнэтэй хувь нэмэр оруулж буй “The Media Show 2025” энэ сарын 15-ны өдөр зохион байгуулагдлаа. Гурав дахь жилдээ зохион байгуулагдсан тус арга хэмжээг мэдээллийн үнэ цэнийг эрхэмлэгч 150 гаруй оролцогч зорин ирсэн бөгөөд уламжлал ёсоор 10 илтгэгч арвин туршлагаасаа хуваалцсан юм.

Арга хэмжээ уламжлал ёсоор 30 минутын лаб сургалтууд, Pechakucha илтгэлүүд, Урам зоригийн индэр, хэлэлцүүлэг гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд энэ жил шинээр Spotlight илтгэлүүд нэмэгджээ. Тус бүрээс онцлох санааг багцлан хүргэе.

“The Media Show” арга хэмжээний зохион байгуулагч Ж.Хулан

Энэхүү арга хэмжээг анх 2023 онд залуу мэргэжилтнүүдэд чиглэсэн хэлбэрээр зохион байгуулж байв. Тухайн үед ажлын байранд гараад удаагүй, эсвэл шинээр ажилд орохоор төлөвлөж буй залууст мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх, арга эвээ олоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой байсан юм. Харин дараа жилээс нь арга хэмжээг илүү өргөжүүлж, бусад салбарын хүмүүсийг оролцуулах болсон нь учиртай. Медиа салбар бол нийгмийн гол суурь багануудын нэг. Үүнд бусад салбарын ч харилцан нөлөө их. Тийм учраас зөвхөн хэвлэл мэдээллийн салбарынхан хоорондоо ярилцаад өнгөрөх бус медиа салбараа тойрч бусад салбарын мэргэжил, ур чадвар, шинэ хандлагыг хэрхэн нэвтрүүлж болох вэ гэж хэлэлцэхийг зорьсон.

Энэ жилийн хувьд хувийн хэвшлийн байгууллагуудыг зөвхөн дэмжигч гээд өнгөрөх бус нэг, нийтлэг үнэ цэнийн төлөө хамтран ажиллая гэсэн санаачилга дэвшүүлсэн. Эрүүл медиа экосистемд тал бүрийн оролцоо амин чухал учраас үүнийг маань байгууллагууд дэмжиж, зөвхөн залуу мэргэжилтнүүд гэлтгүй салбарын мэргэжилтнүүд, судлаачид, судалгааны хүрээлэн, бизнесүүд, медиа зэрэг олон талын оролцоотой боллоо. Гурван жилийн хугацаанд жил бүр санаачилгаа өргөжүүлсээр, бодитой хэлэлцүүлэг өрнүүлэхийг зорьж ажилласаар байна.


30 МИНУТЫН ЛАБ СУРГАЛТУУД

Арга хэмжээний салхийг хагалж, “Voyager AGI” үүсгэн байгуулагчдын нэг О.Мөнхбат “Хиймэл оюуны айдсаа давж, боломжийг эрэлхийлэх нь” сэдвээр сургалтаа толилуулсан юм. Түүний хэлсэнчлэн хүмүүс үе үеийн шинэ технологи гарах бүрд болгоомжилж, эмээх тохиолдол байсаар ирсэн. Жишээ нь, 20-р зуунд Нью-Йорк хотод бидний нэрлэж заншсанаар миксер буюу бетон зуурмагийн машин барилгын салбарт анх нэвтэрсэн байна. Гэвч энэ үед хүрзээр шавар зуурдаг байсан ажилчид “Бид нар ингээд өнгөрлөө. Ажилгүй боллоо. Технологи бидний ажлыг булаалаа. Бид үр хүүхдээ цаашид яаж тэжээх вэ” гэдэг асуудал тулгарсан гэдэг. Энэ үеэс л хүмүүс хиймэл оюуныг өөрийн ажлыг булаана хэмээн айх болжээ.

Үүнээс хойш 1990 онд интернэт гарч ирэх үед сонины сэтгүүлчид ажлаа хиймэл оюунд алдахаас айж байв. Гэтэл өнөөдөр ч сонин хэвлэгдсээр байна. Мөн бүх медиа сайттай болж, дижитал хэлбэрээр уншигчдадаа хүрч эхэлсэн нь сэтгүүлчид шинэ технологид дасан зохицож, хувьсан өөрчлөгдөж чадсаныг харуулах юм. Гол нь аливаа шинэ технологийн зөв дүрмийг тогтоож, үр ашигтай хэрэглэх нь чухал бөгөөд үүнийг серпинскийн гурвалжингийн маш сонирхолтой загварчлалаар тайлбарлаж харуулсан юм.


“Арван сэтгүүлч хийдэг ажлыг та ганцаараа нугалдаг болчихвол таныг ажлаас халах хүн байхгүй л байх. Хиймэл оюун бол айдас биш. Зөв ашиглаж чадвал хурдасгуур юм шүү.”

О.Мөнхбат

Дараа нь Менежментийн зөвлөх Б.Мэндбаяр “Медиа төсөл бэлтгэх, хэрэгжүүлэх арга зүй” сэдвээр 30 минутын сургалтаа толилуулсан юм. Тэрээр медиа салбарт тогтвортой оршин тогтнохын тулд орлого маш чухал үүрэгтэй, орлого, ашиг олох нь ямар ч бизнесийн зорилго, ашигтай байна гэдэг бол үнэ цэнтэй зүйл хийсний баталгаа гэдгийг онцлон тайлбарлаж байв. Мөн медиа бизнесийн хувьд зөвхөн контент бүтээж, зар сурталчилгаанаас орлого олж болох ч үүний дараагийн орлого олох бусад боломжуудыг бодож, олон төрөлт болгоход анхаарах шаардлагатай гэдгийг хэлж байлаа.


"Медиа бизнесийн хувьд орлогоо нэмэгдүүлэх нэгэн боломж нь төсөл, хөтөлбөрийн хэрэгжүүлэлт."

Б.Мэндбаяр

PECHAKUCHA ИЛТГЭЛҮҮД

Pechakucha илтгэлээр дамжуулан салбартаа нөлөөлөгч, арвин туршлагатай сэтгүүлчдээс карьерын түүх, сургамж зэргийг сонсохын сацуу хэрхэн энтрепренер болсон замналын тухай сонсох боломж бүрддэг билээ. 20 зургийг тус бүр 20 секундэд багтаан тайлбарладаг энэхүү хэсгийн эхний итгэлийг Graph.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Г.Энэбиш танилцуулсан ба тэрээр эрхлэгчээр ажиллаж буй туршлагаасаа хуваалцсан юм.

Тэрээр өмнө нь зөвхөн гэр бүлээ л хариуцдаг байсан бол сайтын эрхлэгч болсноор долоон хүний цалинг хангах, ажлын байр бий болгох, карьерыг ахиулах, уншигчийн итгэлийг олж, төрөлжсөн мэргэжлийн редакцтай байх гэх мэтээр маш олон хариуцлага нэмэгддэг тухай тодотгон хэлсэн юм. Мөн эдгээрээс гадна бага хүний нөөцөөр бүтээмжтэй ажиллах, зарчимдаа бат зогсох, контентын тоогоо ахиулахын сацуу харилцагчтай ажиллах, эх сурвалж, харилцагчийнхаа итгэлийг олох гээд асуудал мунддаггүй тухай хэлж байв.


“Эзэмшсэн мэргэжлээ шороотой хутгахгүй, мэргэжлийн байж, дүү нартаа муу үлгэр дуурайл болохгүй ажиллахыг бидний ёс зүйн үүрэг гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажиллаж байна.”

Г.Энэбиш

Үүний дараагийн илтгэлийг “Тинк Монгол Инстутийн” үүсгэн байгуулагч Э.Золбаяр танилцууллаа. “Тинк Монгол Институт” нь бие даасан судалгаа, санал санаачилгаар Монголын эдийн засгийн бодлогыг сайжруулах зорилготой хараат бус эдийн засгийн бодлогын судалгааны институт юм. Энэ хүрээнд тус байгууллага “Бизнесийн залуу сэтгүүлчдийн хөтөлбөр” зарлах гэж буй тухайгаа анх удаа тус өдөр танилцуулсан билээ. Уг хөтөлбөр нь Монголын топ 8-10 редакцын залуу мэргэжилтнүүдээс сонгон шалгаруулж бүтэн жилийн хугацаатай бизнес, санхүүгийн чиглэлээр мэргэшүүлэх сургалт, уулзалтууд зохион байгуулах юм.


“Сэтгүүлчид аливаа салбарыг сайтар судалж, ойлгон мэргэшсэн байж чадвал дагаад контентын чанар сайжирна.”

Э.Золбаяр

Pechakucha-ийн сүүлийн илтгэлийг Mining Insight” сэтгүүлийн эдитор С.Болд-Эрдэнэ толилуулсан юм. Тэрээр уул уурхайн сэдвийг хөндөн бичдэг “Mining Insight” сэтгүүлийг эрхлэн гаргадаг бөгөөд энэ салбартаа 16 жил ажиллаж буй хүн билээ. Түүний танилцуулсан сонирхолтой тоо баримтаас дурдахад дэлхий даяар ойролцоогоор 7000-8000 мэргэжлийн, бизнесийн, салбарын сэтгүүлүүд идэвхтэй хэвлэгдэж байдаг аж. Харин Монголд 10 орчим сэтгүүл идэвхтэй хэвлэгдэн гарсаар байна.


“Уул уурхайн болон ер нь мэргэшсэн салбарын сэтгүүлчид тухайн салбараа маш сайн мэддэг, мэдлэг, боловсролтой хүмүүс байх ёстой.”

С.Болд-Эрдэнэ

УРАМ ЗОРИГИЙН ИНДЭР

Энэ хэсэгт сэтгүүл зүйн салбарт манлайлж яваа сайтуудын төлөөллүүдийн хүрэлцэн ирж, арван минутын хугацаанд илтгэлээ толилуулсан юм.

Эхний илтгэлийг “Ийгл” телевизийн тоймч Г.Байгаль “Амархан эдийн засаг” сэдвээр ярилцлаа. Сэтгүүлч хүн ажлын шаардлагын дагуу өдөр бүр л шинэ санаа, шинэ сэдвийн талаар бодож явдаг. Тэгвэл шинэ санаа олохын тулд бодоод яваад байлгүй, сэдвээ эрж хайх нь илүү үр дүнтэй гэдгийг зөвлөсөн юм. Хүнтэй уулзах, найзуудтайгаа ярилцах, гадуур алхаж байхад хүртэл шинэ санаа байж л байдаг. Харин тэрхүү сэдвийг чухал өнцгөөс нь харж хүргэх нь сэтгүүлчийн хувьд хамгийн чухал ур чадвар гэнэ.

Түүний хувьд сайн сэтгүүлч байхад гадаад хэлний мэдлэг буюу олон, өргөн эх сурвалжаас мэдээлэл авах чадвар, бичих чадвар буюу бодлоо эмхлэх чадвар, тэгээд дур сонирхол буюу сэдвээ тасралтгүй бодож байх эрмэлзэл хамгийн чухал байдаг аж.


“Эдийн засгийг амьдралд ойр, ойлгомжтой хүргэх миний томьёо бол сонирхол, судалгаа, бодож сэтгэх, хичээл зүтгэл.”

Г.Байгаль

Үүний дараа Gogo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Мэдээллийн найдвартай эх сурвалж” сэдвээр ярилцлаа. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн байгууллагын орлого, үйл ажиллагаанд олон нийт эргэлзэх болсон билээ. Сэтгүүлчдийг шантаажчин, худалдагдсан гэж дураараа хараах болсон энэ үед хүн бүрд очоод “Бид тийм биш” гэж хэлэх боломж байдаггүй. Тиймээс үүнийг нийтэд ойлгуулж, мэдүүлэх хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга нь орлогын бүтэц, үйл ажиллагаагаа бүрэн ил тодоор зарлах явдал байв. Үүний үр дүнд тэд өнгөрсөн есдүгээр сард бизнесийн үйл ажиллагааны бүхий л мэргэжилтнүүдтэйгээ ярилцаж, хамтран ажилласны дүнд орлогын бүтцээ ил тод танилцуулжээ.


“Хэвлэл мэдээллийн байгууллага ил тод байснаар хариуцлагатай мэдээлэл түгээх орчин бий болно, нэр хүнд, брэндийн үнэ цэнийг өсгөдөг, мөн мэдээний чанар ч сайжирч, иргэдийн мэдээлэлд итгэх итгэл нэмэгддэг.”

Р.Адъяасүрэн

Энэ хэсгийн сүүлийн илтгэгчээр Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн үүсгэн байгуулагч Б.Дуламхорлоо илтгэлээ танилцуулав. Тэд гурван сарын хугацаанд таван вэбсайт, хоёр телевизийг хамарсан ажиглалт хийжээ. Үүний үр дүнд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагуудаас гарч буй нийтлэлийн 70-80 хувь нь улс төр, эдийн засгийн агуулгатай байгааг тогтоосон байна. Харин үлдсэн хэсэгт эрүүл мэнд, боловсрол зэрэг бусад сэдэв багтжээ.

Нөгөө талд хэрэглэгчдээс ямар мэдээлэл авахыг хүсдэг вэ? гэхэд боловсрол, эрүүл мэнд, технологи гэсэн сэдвүүд судалгаагаар эхний эрэмбэд гарч ирсэн. Тэгэхээр Монголын мэдээллийн орчинд эрэлт, нийлүүлэлтийн том зөрүү анзаарагдсан тухай тодотгон хэлсэн юм. Тиймээс Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн хамт олон мэдээллийн эрэлт, нийлүүлэлтийг “уулзуулж, сэтгүүлчид хүссэн сэдвээрээ бичих, уншигчдад илүү өргөн хүрээний мэдээ, нийтлэл санал болгох Pluma чөлөөт талбарыг хөгжүүлж байгаа аж.

“Сэтгүүлчид ёс зүй, ур чадварын цөөн цахим хичээлийг үзэх, оруулсан мэдээнүүдэд баримт шалгалтыг хиймэл оюунаар хийх, уншигчаас санхүүжих төлбөрийн системийг боловсронгуй болгох зэрэг маш олон боломжийг Pluma бий болгоно.”

Б.Дуламхорлоо

SPOTLIGHT ИЛТГЭЛҮҮД

Энэ жил Spotlight илтгэлүүд шинээр нэмэгдэж байгаа билээ. Энэ хэсэгт хамтран ажиллаж буй гурван байгууллага өөрсдийн үйлчилгээний үүтгэл санаа, үр нөлөө, арс хэтийн зорилгоо танилцуулсан юм.

Эхний илтгэлээр Юнител группийн олон нийтийн харилцааны мэргэжилтэн Э.Мөнхцэлмүүн болон Сэтгүүл зүйн инновац, хөгжлийн “Үүр” төвийн Хөтөлбөрийн менежер Л.Анударь нар “TechJourno” хөтөлбөрийн тухай танилцуулсан юм. Тухайн хөтөлбөр нь энэ жил 15 оролцогч шалгаруулсан байна. Хөтөлбөр энэ оны есдүгээр сараас эхэлж, одоо төгсөх шатандаа явж байгаа аж.

“Юнител группээс технологийн экосистемийг үнэн зөв, хүртээмжтэй тайлбарлаж, олон нийт технологийг зөв ойлгоосой гэсэн зорилгоор уг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн.”

Э.Мөнхцэлмүүн

“Энэ хөтөлбөр маань ирэх онд ч мөн үргэлжлэх бөгөөд сэтгүүлчдийгээ идэвхтэй оролцоорой гэж урьж байна.”

Л.Анударь

Дараагийн илтгэлийг “Оптимал Эн Макс ХХК”-ийн зөвлөх, Positive Dadal төслийн санаачлагч Д.Лхамсүрэн танилцууллаа. Тэрээр сэтгэл зүйн асуудал амин чухал болсон үед бид мэргэжлийн, ёс зүйтэй, судалгаатай мэдээллийг хүргэж, нийгмийн сайн сайхан байдлыг нэмэгдүүлэхийн тулд “Positive Dadal” төслөө эхлүүлж байсан. Цаашид илүү бодитой, тогтмол үйл ажиллагаатай медиа компани болохоор зорьж, үйл ажиллагаагаа тогтворжуулахад анхаарч байгаа тухайгаа хуваалцсан юм.

Монгол Улс маань залуучуудын орон боловч халдварт бус өвчнөөр нас барах тохиолдол өндөр, жилд 10 мянга гаруй хүн гэрлэлтээ бүртгүүлж байгаа ч гурван гэрлэлт тутмын нэг нь салалтаар дуусаж байгаа гэх сонирхолтой судалгааг танилцуулсан юм.


“2022 онд бидний хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн дөрвөн хүүхэд тутмын нэг нь амиа хорлох тухай бодож байсан, 57 хувь нь сэтгэл гутралтай, 56 хувь нь сэтгэл түгшүүртэй гэсэн үр дүн гарч байсан. Энэ мэт тоонууд үе үе гарч ирсээр бид бараг л дасал болсон нь харамсалтай.”

Д.Лхамсүрэн

Spotlight илтгэлийн сүүлийн илтгэгчээр “UBCab Holding”-ийн маркетинг хариуцсан захирал П.Бат-Эрдэнэ оролцсон юм. Тэрээр Монгол Улсад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх эхний алхам нь бид нийтээрээ асуудлаа зөв тодорхойлж, зөв ойлголттой болох явдал, үүнд сэтгүүл зүй чухал үүрэгтэй оролцдог тухай тайлбарлалаа.

Мөн түүний үзэж буйгаар Монголд үйл ажиллагаа явуулж буй ямар ч компанийн ирээдүй улс орны хөгжил, экосистемийн чанартай шууд холбоотой байдаг аж. Улс орны орчин тогтвортой, экосистем нь эрүүл байвал компаниуд ч хэвийн, өгөөжтэй ажиллах юм. Тиймээс энэхүү арга хэмжээг сайн санааны тусламж маягаар бус харин компанийнхаа ирээдүйд оруулж буй бодит хөрөнгө оруулалт гэж үзэн, дэмжин ажиллажээ.

“UBCab Holding-ийн үнэ цэн ч мэргэжлийн, ёс зүйтэй байхад чиглэдэг бөгөөд өөрсдийн бүрдүүлж буй дижитал экосистемээр дамжуулан цаг хугацаа хэмнэж, бүтээмжийг нэмэгдүүлэх, түншлэлийг түгээхийн төлөө ажилладаг.”

П.Бат-Эрдэнэ

ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Арга хэмжээний хэлэлцүүлэг хэсэгт Ub.life сайтын ерөнхий редактор О.Анхзаяа, Unnu.news-ийн ерөнхий редактор Б.Лхагвацэрэн, HumanZ сайтын Үйл ажиллагаа хариуцсан менежер М.Мөнх-Отгон, TsoilogsoZ, Posted.mn сайтын үүсгэн байгуулагч Б.Батзориг нар редакцад нь тулгарч буй асуудал, уншигчидтайгаа хэрхэн хамтран ажилладаг тухай чухал асуудлуудыг хэлэлцсэн юм.

Тэдний хувьд өөр өөрийн онцлогтой редакцууд боловч “community” буюу хүрээлэлд суурилсан буюу сонирхлын бүлэг, нэг үнэ цэн, үзэл санаанд тулгуурласан уншигч, редакцын нэгдэл гэж өөрсдийгөө тодорхойлж байлаа. Залуучуудад тэдний хэлээр, тэдний дуу хоолой болж, өөрсдийг нь оролцуулж, эргэх холбоотой ажиллаж байгаа бөгөөд цаашлаад ил тод байдлаа нэмэгдүүлж, уншигчдынхаа итгэлцлийг бэхжүүлэхэд анхаарч байгаа гэв.

Мөн 400 орчим оролцогчтой медиа салбарт нөөц багатай жижиг медианууд хамтран ажиллах, нөөцөө хуваалцах хэлбэрүүдийг эрэлхийлэх, тулгарч байгаа асуудлуудаа тогтмол ярилцаж, шийдэл олоход хамтарч байхыг онцолж байлаа.

ЭЦЭСТ НЬ

Гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан “The Media Show 2025” арга хэмжээ нь сэтгүүлчдийн туршлага, ур чадвараас суралцах төдийгүй медиа салбарыг илүү өргөн хүрээнд харах болгомж олгож буй гэдгээрээ давуу талтай. Анх цөөн хүний оролцоотой эхэлж байсан энэхүү арга хэмжээ өнөөдөр 150 гаруй медиа болон бусад салбарын төлөөллийг нэгтгэсэн томоохон хамтын талбар болтлоо өргөжжээ. Ирэх жил ч уламжлал ёсоор зохион байгуулагдах тул медиа салбарт сонирхолтой хэн бүхэн хүрэлцэн ирэх боломжтой.