“Contact light. OK. Engine stop.”
Та бидний амны уншлага болсон гэхэд хилсдэхгүй ОК гэх үг тэртээх 1969 оны 7 дугаар сарын 20-ны өдөр АНУ-ын "Аполло 11" хөлгийн баг хүн төрөлхтөн саран дээр дөнгөж газардсаныг дуулгахдаа хэлсэн үгсийн нэг гэдгийг мэдэх үү?
Саран дээр ч цуурайгаа үлдээгээд амжсан энэ үгийг сонсож байгаагүй хүн цөөн биз. Найзууд руугаа илгээх зурвас, дууны үг, албан харилцааны цахим шуудан, хошигнол, зарын самбар, тэр байтугай сурах бичигт ч “давхиж явдаг” тус үг чухам хаанаас үүсэлтэй юм бол?
Бид энэ удаагийн нийтлэлдээ хэлтэй бүхний үгийн санд төвөггүйхэн багтаж чаддаг хоёрхон үсгийн огтлолцол хэрхэн бий болсон тухай түүхийг сөхөх болно.
САНААТАЙ ДҮРМИЙН АЛДАА
ОК нь анх бие даасан үг байгаагүй бөгөөд 1830-аад оны үед АНУ-ын Бостон хотын иргэд түгээмэл ашиглагддаг хэллэгүүдийг бичгийн хэлнээ санаатайгаар дүрмийн алдаатай товчилж эхэлснээс гаралтай. Ингэж товчлохдоо тодорхой хэллэгийн дуудлагыг үндсэн бичиглэлтэй нь хоршуулж, механик хөрвүүлэлт хийсэн байдаг.
OK нь тэрхүү давалгаанд өртсөн “all correct” буюу “бүгд зөв голдиролд, алдаа мадаггүй” гэх хэллэгийн зөв бичгийн дүрмийг гуйвуулж, “Oll Korrect” хэмээн хөрвүүлснээс эхтэй. Ийн гуйвсан үгсийн эхний үсгүүдийг холбож, товчилсноор өнөөгийн бидний мэдэх ОК үүссэн аж.
Ийнхүү 1839 оны 3 дугаар сарын 23-ны Бостон хотын өглөөний сонинд тус товчлолын тухай анх нийтэлж байжээ. Улмаар АНУ дахь бусад муж, хотын сонины редакц эл товчлолыг богино бичвэр, хошигнол, мэдээнийхээ нэг хэсэг болгон нийтэлж эхэлснээр "OK"-ийн хэрэглээ Бостон хотын хил хязгаараас давсан гэдэг.
ХЭРХЭН ТУНАЖ ҮЛДЭВ?
Тухайн үеийн Бостон хотынхны дунд ОK-ийн жишгээр үүсэж, ашиглагддаг байсан хэд хэдэн товчлолууд бий. Жишээ нь:
1. Enough Said (Нэмж хэлэх зүйлгүй) > Knuff Ced > KC
2. No Use (Ямар ч хэрэггүй) > Know Yuse > KY
3. All Right (Тийм / Тэгье / Зүгээр дээ) > Oll Wright > OW
Гэсэн ч өнөө цагт дээрх хэллэгүүдийг "OK"-ийн адил товчлохгүйгээр шууд ашигладаг. Тэгвэл бидний мэдэх "OK" товчлол хэрхэн бусад ойролцоо товчлолуудын тэнцэж чадаагүй цагийн шалгуурыг төвөггүйхэн даваад зогсохгүй англи хэлнээ бие даасан үг болтлоо дэлхий дахинд дэлгэрэв?
"OK" нь бусад ойролцоо товчлолуудаас утга, агуулгын хувьд тэгтлээ онцгойрох талгүй ч анх эх авсан энгийн нэг хошигнолоосоо илүү үүрэг гүйцэтгэж чадсан юм. Үүний нэг жишээ нь АНУ-ын 8 дахь Ерөнхийлөгч Мартин Ван Бюренийн 1840 оны давтан сонгуулийн кампанит ажил.
O.K. КАМПАНИТ АЖИЛ
19 дүгээр зууны АНУ-ын улс төрийн зүтгэлтнүүд олон нийтэд танигдах нэр, “брэндинг”-ээ Old (танил дотно, цаг хугацааны шалгуурыг давсан гэдэг лавшруулсан утгатай) гэх үгийн араас өөрсдийн зан чанар, үүсэл гарал, байгуулсан гавьяаг илтгэх тодотгол нэрийг залгах байдлаар бүтээх нь түгээмэл байжээ.
Жишээлбэл, АНУ-ын 7 дахь Ерөнхийлөгч Андрю Жэксон ард түмэнд “Old Hickory” нэрээр танигдаж, түүний сахилга баттай, зарчимч чанар нь байгальд тэсвэртэй, чанга хатуу Хикори (Hickory) модтой зүйрлэгддэг байв. Үүний адил 1840 онд Мартин Ван Бюренийн эсрэг ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөгч Уильям Хенри Харрисон нь “Old Tippecanoe” нэрээр олонд танигдсан нь түүний 1811 оны Типпеканүгийн тулалдаанд Америкийн хүчнийг удирдаж, ялалт байгуулсантай нь холбогддог.
Тэгвэл АНУ-ын 8 дахь Ерөнхийлөгч Мартин Ван Бюрен 1840 оны давтан сонгуулийн кампанит ажилдаа өөрийн төрсөн тосгон болох Киндерхүүк-ийн нэрийг эл зорилгоор ашиглажээ. Ийнхүү түүний нэр “Old Kinderhook” буюу “O.K.” болсон аж. Мөн энэхүү нэр нь “Old Kinderhook = Oll Korrect” гэсэн утгыг давхар илэрхийлснээрээ онцлог. Улмаар орон даяар "OK" кампанит ажил явагдаж, Мартин Ван Бюренийг дэмжигчид "O.K." нэртэй улс төрийн клубийг ч байгуулаад амжсан байдаг. Хэдийгээр тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж чадаагүй ч тус кампанит ажил нь O.K. товчлолын хувьд том “ялалт” болж чадсан юм.
ЦАХИЛГААН МЭДЭЭ ДАМЖУУЛАГЧ
Хэдийгээр 1840 оны ерөнхийлөгчийн сонгуулиас хойш "OK" нь америкчуудын андахгүй товчлол хэллэг болсон ч энэхүү товчлол бие даасан үг болтлоо хөгжихөд цахилгаан мэдээ дамжуулагч буюу цахилгаан телеграф томоохон үүрэг гүйцэтгэсэн гэдэг.
Телеграф нь мэдээллийг кодчилсон дохиогоор алсын зайд дамжуулдаг ба 1835 онд Самюэл Морз үсэг, тоог төлөөлөх цэг ба зураасны систем (Морзын код)-ийг зохиосон нь цахилгаан телеграфын үндэс болжээ. Цахилгаан телеграф 1844 оны 5 дугаар сарын 24-нд ашиглалтад орсон ба төмөр замын хөдөлгөөнийг удирдан зохицуулахад даруй ашиглагдаж эхэлсэн байна.
Тэгвэл "OK" үүнд ямар хамаатай вэ?
Тухайн үед Морзын кодод O болон K үсгийн нийлмэл нь цэг, зураасаар илэрхийлэгдэхдээ бусад үсгээс төвөггүй ялгарч, цээжлэгддэг хэмээн тооцогдсон байдаг. Улмаар 19 дүгээр зуунд АНУ-ын төмөр замын хөдөлгөөнийг зохицуулахад "OK" товчлолыг мэдээлэл саадгүй дамжуулагдсаныг илтгэх албан ёсны мэдэгдэл болгон ашиглаж эхэлжээ.
K ҮСЭГ
Kleenex, Kraft зэрэг брэндийн нэрсийн эхлэх үсэг болох том K үсэг тэр даруй нүдэнд тусдаг шүү дээ. Энэ нь англи хэлэнд k авиагаар дуудагдаж эхэлдэг ихэнх үгс K үсгээр бус C үсгээр эхэлдэгтэй холбоотой. Харин маркетингийн сэдлээр буюу хэрэглэгчдийн анхаарлыг татах зорилгоор C үсгээр эхлэх хандлагатай брэндийн нэрийг K үсгээр эхлүүлсэн тохиолдол тун олон байдаг.
Стэнфордын Судалгааны Хүрээлэнгийн 1961 онд нийтэлсэн "Англи үгс дэх үсгийн давтамжийн статистикийн судалгаа"-нд үсэг тус бүр үгийн эхэнд ордог давтамжийг баримжаалж, дээрээс доош жагсаасныг нэгтгэн оруулжээ. Тэдгээр жагсаалтуудад K үсэг хамгийн сайндаа доороосоо тавдугаарт жагссан байдаг.
К үсэг үгийн эхэнд орох давтамж цөөн байдгийн нөлөөгөөр тус үсэг хаа газар нүдэнд тусахдаа амархан байдаг аж. Ингэснээр энэхүү үзэгдэл нь зөвхөн үгийн эхэнд ямар үсэг орох тухай асуудлаас өргөн хүрээтэй болжээ. Энэ нь ч зарим компаниуд яагаад бүтээгдэхүүний нэр сонгохдоо K үсэг рүү тэмүүлдэг, яагаад "OK" гэдэг үг төвөггүйхэн санах ойд хадагдаж, асар хурдан хугацаанд дэлхий даяар тархсан зэргийн шалтгаан байж мэдэх юм.
ОДОО
OK гэдэг үг нь анх бүх зүйл байх ёстой байрандаа, зөв голдиролд буйг илтгэх хэллэгээс үүссэн ч өнөө цагт товчлол төдий үсгийн нийлмэл байхаа больжээ. Тус үг нь хамгийн өндөр давтамжтай ашиглагддаг төвийг сахисан, баталсан, зөвшөөрсөн байр суурийг нэгэн зэрэг илэрхийлэх, эсвэл хам сэдвээс салбарлан өөр олон утгаар илрэх чадвартай үг.
Энэхүү нийтлэлд дурдагдсан жишээнүүдээс гадна "OK"-ийн үүслийг тогтоох гэж оролдсон өөр олон тайлбар байдаг. Грек хэлний όλα καλά (асуудалгүй, сайн, зүгээр дээ), шотланд хэлний och aye (тийм ээ) зэрэг хэллэг нь үүний нэг жишээ. Эдгээр тайлбарууд нь “OK” олон хэл, соёлд амархан түгсэн шалтгааныг тайлж болох ч, тус үгийн үүсэл болсон гэх түүхэн баримт үгүй аж.