Автомашины механик инженерийн чиглэлээр суралцдаг оюутан залуус “Тоёота Сэйлс Монголиа” ХХК-ийн нэрэмжит тэтгэлгийн талаар эчнээ мэдэх биз ээ. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийг тус компани жил бүр уламжлал болгон хэрэгжүүлдэг бөгөөд өнгөрсөн жилүүдэд автын болон механик инженерийн мэргэжлээр магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар курсийн оюутнуудад олгодог байсан бол энэ жил онцгойлон T-TEP /Тоёота-Техникийн Сургалтын Хөтөлбөр/хөтөлбөрийг хэрэгжүүлэгч ШУТИС-ийн харьяа Механик инженер, тээврийн сургуулийн мэргэжлийн ангийн гурав, дөрөвдүгээр курсийн оюутнуудын дунд зохион байгуулснаараа онцлог боллоо. Энэ удаагийн тэтгэлэгт хөтөлбөрт нийт 14 оюутан шалгарч, тэтгэлгийн батламжаа гардан авлаа.
Мөн тэтгэлэгт шалгарсан оюутнуудад Монгол Улс дахь Тоёота болон Лексус брэндийн албан ёсны дилерүүд болох “Таван богд”, “Мөнххада”, “Топ Моторс” компаниудад дадлага хийх, төгсөөд ажлын байраар хангагдах томоохон боломж нээгдсэн юм.
Тоёота компани ШУТИС-тай 27 жилийн турш хамтран ажиллаж байгаа бөгөөд анх 1998 онд тус компанийн төлөөлөл Монгол Улсад хүрэлцэн ирэхдээ ШУТИС-ийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, Тоёота тэтгэлгийн санг бүрдүүлсэн түүхтэй.
ШУТИС-ийн Механик инженер, тээврийн сургуулийг төгсөж, өдгөө Тоёота Сэйлс Монголиа болон дилер компаниудад ажиллаж буй механик инженер, засвар үйлчилгээний ажилтнууд цөөнгүй байдаг тул тэтгэлэгт хамрагдаж буй оюутнууд тэдэнтэй хамтран ажиллаж, ихийг сурч мэдэхэд дөхөм байх болов уу хэмээн тус сургуулийн сургалт, чанарын албаны дарга М.Дэлгэрнасан онцоллоо.
Машины электрон системийн гуравдугаар курсийн оюутан Ч.Энэрэлт
Миний хувьд энэхүү тэтгэлэгт хоёр дахь удаагаа шалгарч байна. Оюутан залуусын хувьд сургалтын төлбөр, хичээлийн хэрэгсэл гээд санхүүгийн хэрэгцээ шаардлага ихээхэн тулгардаг. Тэр дундаа манай сургуулийн оюутнууд хичээлээрээ дамжуулан өөрсдөө төсөл хэрэгжүүлдэг болохоор түүнд шаардлагатай хэрэгслүүдийг авахад тодорхой хэмжээний зардал шаардлагатай болдог. Иймд юун түрүүнд энэхүү тэтгэлэг бидний санхүүгийн ачааг мэдэгдэхүйц хэмжээнд хөнгөлж өгч байгааг онцлууштай. Мэдээж хамгийн чухал үр нөлөө бол мэргэжлээрээ дадлага хийх боломж.
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ жил бүрдүүлэх материалд төдийлөн өөрчлөлт ороогүй байсан ч ярилцлагын үе шат бага зэрэг ялгаатай санагдсан. Ингэхдээ, бидний яг одоо үзэж байгаа хичээлээс хамааран асуултууд нь харилцан адилгүй байсан бөгөөд надаас робот манипулятор хийж байх үед хурд болон бусад зүйлсээ хэрхэн тааруулж болох вэ? гэсэн асуулт асуусан. Тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд дилер компаниудад дадлагажих учраас бидний мэдлэг чадварыг тодорхой хэмжээнд шалгах нь зүйн хэрэг л дээ.
Авто инженерийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Амарбат
Өнгөрсөн жил мөн Тоёота Сэйлс Монголиа ХХК-ийн тэтгэлэгт оюутан болсноор санхүүгийн асуудлаас чөлөөлөгдөж, зөвхөн хичээл сурлагадаа анхаарах боломжтой болж байсан. Мөн Тоёотагийн албан ёсны дилер компаниудын тусгай орчинд гурван сар дадлагажиж, туршлага хуримтлуулсан бөгөөд тэр хугацаанд мэргэжлийнхээ талаар тодорхой хэмжээнд туршлага хуримтлуулж, авто засварын чиглэлд түлхүү суралцсан.
Дотоод шаталтын хөдөлгүүрийн дөрөвдүгээр курсийн оюутан Б.Бишрэл
Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад энэ удаа машины хөдөлгүүрийн чиглэлээр илүү мэргэшсэн оюутнуудад тэтгэлэг олгож байгаа санагдсан. Миний хувьд мөн хоёр дахь удаагаа шалгарч байгаа бөгөөд энэхүү тэтгэлэгт хамрагдсанаар сурлага хөдөлмөрт маань ихээхэн хувь нэмэр оруулдаг гэж хардаг. Оролцогчийн өнцгөөс харахад энэ удаа ярилцлагын шатанд дилер компаниудын төлөөлөл хүрэлцэн ирж оролцсоноороо онцлог болсон болов уу.
Дотоод шаталтын хөдөлгүүрийн гуравдугаар курсийн оюутан Д.Амаржаргал
Миний хувьд энэхүү тэтгэлэгт анх удаа хамрагдаж байна. Голч дүн, суралцаж буй мэргэжил зэрэг тавигдах шаардлагаас гадна шалгаруулалтын үйл явц хүнд хэцүү гэхээс илүүтэй харин ч сонирхолтой санагдсан. Миний анзаарснаар ярилцлагын шатанд биднийг мэргэжлийнхээ дагуу юу сурч, мэдсэнг шалгах зорилготой асуултууд асууж байсан. Оюутнуудын хувьд санхүү болон мэргэжлээрээ дадлага хийх гэдэг нь хамгийн чухал асуудлууд байдаг. Харин энэхүү тэтгэлэг эдгээр асуудлыг нэг дор шийдэж өгснөөрөө онцлогтой.
Батламж гардуулах үйл ажиллагааг үргэлжлүүлэн тэтгэлэгт оюутнууд Таван богд ХХК-ийн засвар үйлчилгээний хэсгийн үйл ажиллагаатай танилцаж, Засвар үйлчилгээний албаны дарга Ц.Бямбадоржоос хэрэгцээт мэдээлэл авлаа.