ТэнГэр телевиз, crypto.mn хамтран зохион байгуулж буй “Ulaanbaatar Blockchain Week”-ийн хүрээнд нийт 23 арга хэмжээ зохион байгуулагдахаар батлагдсан. Тэдгээрээс хамгийн эхнийх нь энэхүү дугуй ширээний ярилцлага байлаа.  

"Ulaanbaatar Blockchain Week" арга хэмжээний талаар мэдэх ёстой бүх зүйл


Олон улсад крипто зах зээл дахин нэг удаа сэргэж, сүүлийн саруудад энэхүү өсөлт нь улс орнуудын засгийн газар, төв банк, компаниуд хоорондоо дараагийн алхмаа хийж, хамтын ажиллагаа, шинэ түншлэлүүдийг эхлүүлэх хөшүүрэг нь болж байна. Харин Монгол Улсын хувьд олон улсын нөхцөл байдалтай төдийлөн нийцэж байгаа зүйл харагдахгүй байгаа гэхэд буруудахгүй. Ковидын үеэр болон дараа нь өрнөсөн эдийн засгийн давлагаа Монголын зах зээлийг маш эмзэг, айдас хүйдэстэй болгож хувиргасан нь үүний гол шалтгаан болов уу. Гэхдээ ТэнГэр телевиз нь хэвлэл мэдээллийн байгууллагын хувьд блокчэйн дээр суурилсан төслүүд одоо ч амьд тэсэж, алхам алмаар урагшилсаар байгааг анзаарч, тэдний хийж буй ажлуудтай танилцсаар ирсэн. Гагцхүү энэхүү салбарын тоглогчид хоорондоо байр сууриа солилцон, алдаа оноогоо хэлэлцэж, ажил бүтээлээ танилцуулах орон зай дутагдаж байсан нь энэхүү арга хэмжээг зохион байгуулах гол түлхэц болсон гэдгийг онцоллоо.

Энд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, төсөл хэрэгжүүлэгч, хөгжүүлэгч гээд олон талын төлөөлөл хүрэлцэн ирсний дээр хэвлэл мэдээллийн байгууллагын цомхон бүрэлдэхүүнтэй байсан тул санаа оноогоо чөлөөтэй солилцож, дараагийн алхмаа бодитоор шийдээд гарсан гэдэгт итгэж байна.

Монголбанкны Төлбөр тооцооны газрын захирал Э.Анар 


Сүүлийн 2-3 жилийн турш CBDC буюу төв банкны дижитал мөнгөний тухай багагүй судалгаа шинжилгээ хийсний үндсэнд Монголын нөхцөлд төв банкны дижитал вальют гэдэг зүйл тохирохгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, дараагийн шийдлээ эрэлхийлсэн нь стэйблкойн. 2026 онд барих мөнгөний бодлогын үндсэн чиглэлийн 3.1-д заасанчлан стэйблкойныг ирэх онд хэрэглээнд оруулж, төлбөрийн хэрэгсэл болгох тал дээр судалгаа, туршилтын ажлыг эрчимтэй өрнүүлэх амбицтай ажиллаж байна. Үүний хүрээнд сар гаруйн өмнөөс блокчэйн технологид туршлагатай ААН, байгууллагуудтай биечилсэн уулзалтуудыг хийж эхэлсэн тул ямар арга замаар хэрхэн ажиллах талаар ярихад одоо арай эрт байна. ямартай ч өнөөдрийн байдлаар ААН, байгууллагуудад технологи үл харгалзан цахим мөнгөний зөвшөөрөл өгч байгаа.

Эргээд харахад, бидэнд алдаж, оносон зүйл их бий. Гэхдээ бидний итгэл найдвар бүрэн унтарчхаагүй, энэ зах зээлд монгол залуусын сонирхол байсаар байгаа тул стэйблкойныг албан ёсоор төлбөрийн хэрэгсэл болгон зарлаж, ажил хэрэг болгох нь тийм ч холын мөрөөдөл биш гэж бодож байна. Үүн тулд бид салбар бүрийн төлөөлөл болох та бүхэнтэй уулзаж, санаа оноогоо солилцох, сонирхолтой өнцөгүүдийг сонсох нь туйлын чухал.

Ард санхүүгийн нэгдэл-ийн ТУЗ-ийн дарга Ч.Ганхуяг 


Ард санхүүгийн нэгдэл 2017 онд “Крипто үндэстэн” арга хэмжээг зохион байгуулж байхдаа 2025 оныг огт өөрөөр төсөөлж байлаа. Мэдээж давагдашгүй хүчин зүйл болох цар тахлыг далимдуулан ямар ч эдийн засгийн үндэслэлгүй, технологийн боломжгүй санаануудыг дэвшүүлж, ард иргэдээс мөнгө босгосон тохиолдлуулаас манай зохицуулалтын байгууллагууд сургамжаа авсан байдаг болов уу. Хуурмаг, ард иргэдийг төөрөгдүүлсэн, луйврын шинжтэй үйл явдлууд гарсан нь бидний хийж, төлөвлөж байсан ажлыг 4-5 жилээр хойш татсан. Гэхдээ бид бүх боломжоо алдчихаагүй, өнөөдөр төв банкны байранд, олон салбарын төлөөлөлтэй ийнхүү уулзаад сууж байгаадаа баяртай байна.

Монголбанк өөрөө стэйблкойны чиглэлээр ирэх онд дэвшил гаргана хэмээн хуульчилж байгаа нь өөрөө томоохон дэвшил болов уу. Үүнийг бид “чулуу” болгохын төлөө хамтдаа хичээж ажиллах ёстой.

Бид эрчим хүчнийхээ хангамжийг гүйцэлдүүлж чадвал бүсийнхээ цахим тооцооллын төв болох боломжтой.

Төвбанк central bank and digital currency гэж яриагүйд баяртай байна. Учир нь бид чөлөөт зах зээлтэй, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан улс. Тиймээс хувийн хэвшилтэйгээ хамтарсан, хувийн эрх чөлөөг хүндэлсэн цахим мөнгөний хэлбэр болох стэйблкойн дээр төвлөрч бодлого хэрэгжүүлэх болсонд олзуурхаж байна.

Монгол Дифай компанийн Гүйцэтгэх захирал Ц.Энхтүвшин 


Блокчэйн технологийн бүх давуу талыг агуулсан, хэрэглэхэд хялбар, блокчэйн, криптовальют зэрэг технологийг хэрэглэгчдэд ойртуулсан SDK гаргахыг мөрөөддөг. Гэхдээ төвлөрсөн программ бий болгоход хэрэглэгчдийн ашиглах төлөв бодит нөхцөл байдал дээр ямар байгаад санаа зовж, зоригтой “дайрч орж” чаддаггүй байсан бол одоо стэйблкойн хуульчлагдснаар зохицуулалт талаасаа шийдэгдэж байгаа тул SDK гаргах мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжтой боллоо гэж харж байна.

Манай компани блокчэйний дөрвөн сүлжээ гаргасан, 100 мянга гаруй хувь эзэмшигчтэй ч одоогоор зөвхөн крипто бирж дээр арилжаа хийх зориулалтаар ашиглагдаж байна. Одоо харин зохицуулалтын орчинтой болчихвол илүү төвлөрсөн бус чиглэл рүүгээ төвлөрч ажиллах боломж бүрдэнэ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Стратеги судалгааны хүрээлэнгийн судлаач Д.Буяндэлгэр 


Уламжлалт бус болон мэдээллийн аюулгүй байдлын талбарт ажилладаг болохоор судалгааны чиглэл маань блокчэйн технологитэй яалт ч үгүй холбогддог. Өнгөрсөн хавар биткойн стратегийн нөөцийн талаар судалгаа хийхэд манай гуравдагч хөрш гэгддэг АНУ аль хэдийн нөөцлөөд эхэлчихсэн байгаа бол Бутан Улс илүүдэл эрчим хүчээрээ олборлолт хийж байна. Хятад Улсын хувьд нөөцөлж байгаа гэсэн батлагдаагүй мэдээлэл байна. Харин ОХУ Украйнтай дайны нөхцөл байдалтай байгаатай холбогдуулан олон улсын төлбөр тооцооны системээс ангид байгаа боловч биткойн, блокчэйнийг алтернатив төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа. Тэдний хувьд мэдээж хөрөнгөө царцаалгахгүйн тулд олон улсын санкцыг тойрч гарах найдвартай хэрэгсэл нь биткойн болоод байгаа хэрэг.

Стэйблкойны хувьд АНУ түүчээлж, бусад орнууд ажиглагчийн байр суурин дээр харзнаж байх шиг байна. Харин Хятадын хувьд онцлогтой. Тэд “нэг улс, хоёр систем” гэдэг зарчмыг баримталж байгаа учраас эх газрын Хятад буюу Хонг Конг, Макаогоос бусад хэсэгт маш хатуу хяналт тогтоосон. Харин нэр дурдсан улсуудад эсрэгээрээ стэйблкойны зах зээлийг сул тавьчихсан, бараг АНУ-аас илүү бодлогын хувьд дэмжлэг үзүүлж байна. Энэ нь цаанаа Хятад стэйблкойны ач холбогдол, нөлөөг харчихсан байгаагийн илэрхийлэл болов уу.

СЭЗИС-ийн ахлах багш Б.Номин-Эрдэнэ 


Манай орны эдийн засгийн хөрсөнд буухад хамгийн тохиромжтой нь магадгүй стэйблкойн гэж хувьдаа харж байна. Хэрэв төв банкны дижитал мөнгөний бодлого амьдралд хэрэгжиж эхэлбэл энэ нь нэг талаараа хяналтын хэрэгсэл болох магадлалтай гэсэн ойлголт байдаг. Харин стэйблкойны зах зээлд чөлөөг нь олгож, компаниуд нь стэйблкойноор дамжуулан улсынхаа төв бонд руу хөрөнгө оруулалт хийдэг байх нь бидэнд илүү өгөөжтэй.

Энэ удаадаа бид арга хэмжээгээ юутай ч эхлүүлэх нь чухал байлаа. Цаашид энэхүү арга хэмжээ хүрээллээ улам тэлж, олон нийтэд мэдээлэл өгөхүйц өргөн цар хүрээтэй болоосой гэж хүсэж байна. Миний хувьд өөрөө зохион байгуулалтынх нь багт ажиллаж байгаа учраас энэ тал дээр анхаарч ажиллах болно.

Ард санхүүгийн нэгдэл-ийн Дата, судалгаа эрхэлсэн захирал Ч.Алтан-Өлзий 


Технологийн боломж талаас нь дэлхий нийт хэдийнээ шийдлээ олчихсон учраас эсрэгээрээ ямар сорилтуудтай тулгарч байгаа талаас нь яривал өгөөжтэй болов уу гэж бодож байна. Хүн төрөлхтөн технологийн хувьд олон дэвшил, хувьсгалтай нүүр тулж байсан ч тэдгээр шинэчлэлийг одоогийн уламжлалт тогтсон системтэйгээ нийцүүлэх тал дээр алдчихдаг.

Дэлхий нийт блокчэйн тэргүүтэй олон “лаг” технологийг ярьдаг ч санхүүгийн системийг уламжлалт мөнгөний бодлого одоо хүртэл удирдаж байна. Мөнгөний бодлого бол маш хөшүүн, шинэ өөрчлөлтөд дургүй учраас стэйблкойнтой хэрхэн уялдуулах тал дээр санаагаа чилээх ёстой.

Стэйблкойныг хэрэглээнд оруулчихвал эрэлт, нийлүүлэлт нь яаж тогтох, банкны дипозит эргэлтийн бууралтыг хэрхэн зохицуулах, хяналтгүй мөнгөний урсгалыг хэрхэн шийдвэрлэх нь эдийн засагчдын гол шүүмжлэлтэй ханддаг тал. Дээрээс нь хараахан шийдэлд хүрээгүй асуудлууд буюу санхүүгийн “цоорхой”-д жижиг, нээлттэй эдийн засгууд хамгийн их хохирдог. Буюу үүнд манай орон ч багтана.

Блокчэйн хэрэглээнд төгс орж ирэхийн тулд волюм буюу зах зээлийнхээ үнийг тогтворжуулах хэрэгтэй. Хэдийгээр манай орон хоёр том гүрний дунд оршдог, экспортоос хэт хамааралтай байгаагаас үүдэн төгрөгийн ханш жилд 4-5 хувиар суларч байдаг ч муу жишээнд дурдагддаг Африкийн зарим оронтой харьцуулахад харьцангуй тогтвортой. Гэхдээ яагаад блокчэйнээр төлбөр тооцоо хийж болохгүй гэж. Блокчэйн тогтворжоод бусад ханштай өрсөлдөхүйц болсон цагт түүгээр төлбөр тооцоо хийхэд асуудалгүй гэж харж байна.

онцлох санаанууд


Бид энэ салбарт найман жилийн туршлагатай ч крипто, блокчэйний хэрэглээгээрээ дэлхийн улс орнуудаас 109-р байранд эрэмбэлэгдэж байна. Үүний шалтгаан нь бид энэ чиглэлд сүүл мушгиж байгаадаа биш, харин өөрсдийн сурсан мэдсэн, хийж бүтээж байгаа зүйлээ дэлхийд тайлагнах тал дээр хойрго байгаагаас үүдэлтэй гэж харж байна. Иймд одоо байгаагаасаа урагшлахын тулд магадгүй энэ арга хэмжээг жил бүр зохион байгуулж, дотоод зах зээлийнхээ тухай мэдээллийг далайцтайгаар түгээх хэрэгтэй.



Дараа жилийн энэхүү арга хэмжээнд ЦЕГ-ын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрх бүхий албан тушаалтныг зайлшгүй байлгах хэрэгтэй. Тэдгээр хүмүүст крипто зах зээлийн талаар ойлголт мэдээлэл өгснөөр цахим гэмт хэргийг крипто арилжаанаас ялгаж ойлгох ухагдахуунтай болох болов уу. Бид хэдий энд бодлогын түвшний сэдвүүдийг хөндөж, нэг талдаа гарсан ч хэрэгжилтийн шатан дээр очоод шалгах байгууллагуудын ойлголт мэдээлэл дутмагаас болж хөрөнгө оруулагчид дансаа хаалгах, цагдаагийн байгууллагад шалгагдах зэрэг асуудал байдаг.