Бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлж, Улаанбаатар бүс нутгийн санхүүгийн төв болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой Улаанбаатар хотын худалдааны танхимаас “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” долоо хоногийг зарлаад байна.
Уг долоо хоног нь 2026 оны гуравдугаар сарын 16-20-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд нийслэл хотод хэрэгжих боломжтой төсөл, бизнесийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын орчны талаар мэдээлэл солилцох, бизнесийн түншлэл бий болгох зорилготой.
Долоо хоногийн хүрээнд нийт таван арга хэмжээ зохион байгуулах бөгөөд уг арга хэмжээг Эдийн засаг, хөгжлийн яам, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын хуульчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, Улаанбаатар түншлэл төв, Үндэсний болон Олон улсын Арилжааны Арбитр зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Бүх арга хэмжээ Эдийн засаг, хөгжлийн яам, 1-р давхарт байрлах Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв (Засгийн газрын XI байр)-д явагдах болно.

Арга хэмжээний эхний өдөр буюу гуравдугаар сарын 16-нд “Улаанбаатар–Хөрөнгө оруулалт” мега төсөл танилцуулах уулзалт болно. Улаанбаатар хотын худалдааны танхим болон “Улаанбаатар түншлэл төв” ХХК хамтран зохион байгуулах уг уулзалтын үеэр нийслэлд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй томоохон төслүүдийг танилцуулж, бизнес эрхлэгчид болон аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллах боломжийг хэлэлцэх юм.
Хугацаа: 2026 оны 3-р сарын 16-нд 15 цагт
Бүртгүүлэх холбоос

Харин хоёр дахь өдөр “Хөрөнгө оруулалт–Хууль эрх зүй” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдана. Энэ өдөрлөгийг гадаадын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниуд, мөн дотоодын бизнес эрхлэгчдэд зориулжээ.
Өдөрлөгийн үеэр Монголд бизнес эрхлэхэд анхаарах хууль эрх зүйн орчин, зохицуулалтын талаар мэргэжлийн зөвлөгөө өгөхөөс гадна гадаад, дотоодын компаниуд хоорондоо холбогдож, хамтын ажиллагааны боломжийг судлах, хөрөнгө оруулалттай холбоотой эрх зүйн мэдээлэл авах боломжтой.
Хугацаа (БНХАУ): 2026 оны 3-р сарын 17-нд 11 цагт
Бүртгүүлэх холбоос
Хугацаа (ГАДААД): 2026 оны 3-р сарын 17-нд 14 цагт
Бүртгүүлэх холбоос

Долоо хоногийн гурав дахь өдөр “Гадаад худалдааны аргачлал” сэдэвт сургалт болно. Сургалтын үеэр гадаад худалдааны үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах, олон улсын худалдаанд ашиглагддаг бичиг баримт, мөн олон улсын тээвэрт хэрэглэгддэг худалдааны нөхцөл Incoterms 2020-ийн талаар мэдээлэл өгөх юм.
Энэхүү сургалт нь гадаад худалдаанд шинээр оролцож буй бизнес эрхлэгчид болон үйл ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой компаниудад практик мэдлэг олгох зорилготой.
Хугацаа: 2026 оны 3-р сарын 19-нд 11 цагт
Бүртгүүлэх холбоос

Арга хэмжээний сүүлийн өдөр буюу гуравдугаар сарын 20-нд “Улаанбаатар B2B – Санхүү, хөрөнгө оруулалт” чөлөөт бизнес уулзалт зохион байгуулагдах аж. Уг уулзалтад санхүүгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд оролцож, бизнес эрхлэгчдэд зориулсан бүтээгдэхүүн, үйлчилгээ, санхүүжилтийн боломжуудаа танилцуулах юм.
Харин аж ахуйн нэгжүүд болон бизнес эрхлэгчдийн хувьд өөрт тохирсон санхүүгийн үйлчилгээ, хөрөнгө оруулалтын боломжийг нэг дороос судлах, хамтран ажиллах түншүүдтэйгээ уулзах, бизнесийн сүлжээ бий болгох боломжтой.
Хугацаа: 2026 оны 3-р сарын 20-нд 14 цагт
Бүртгүүлэх холбоос
Нийслэл хотын хөрөнгө оруулалтын орчныг таниулах, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад дотоодын компаниудын харилцаа холбоог бэхжүүлэхэд чиглэсэн энэхүү цогц арга хэмжээнд та бүхэн өргөнөөр оролцоорой.


