Зөвхөн үлгэр домог, зүүд нойрны ертөнцөд үзэгддэг гэх хун цагаан зүст ганц эвэртийн тухай урьд хожид сонсож байгаагүй хүн цөөн биз ээ. Тэгвэл гарааны бизнесийн талбарт зүсээ хувиргасан ганц эвэртүүд олны нүдэнд үзэгдэж эхлээд хэдийнээ 12 жилийг үдэж буйг мэдсэн үү? 

Анх 2013 онд TechCrunch хуудаснаа байршсан нэгэн нийтлэлд зах зээлийн үнэлгээ нь 1 тэрбум ам.долларт давсан компанийг ганц эвэрт (unicorn) хэмээн нэрлэснээс улбаалан уг тодотгол дэлхий дахинаа дэлгэрсэн түүхтэй. Тухайн үед аль ч салбарт 10 жилийн хугацаанд 1 тэрбум ам.долларын үнэлгээтэй бизнес босгон байгуулна гэдэг ер бусын том амжилтад тооцогддог байсан нь энэхүү нэршил үүсэх болсон томоохон шалтгаан. Өдгөө ч “ганц эвэрт гарааны бизнес” гэх тодотголыг олж авах босго тун өндөр. 

Харин өнгөрсөн сард Казахстан улс анхны “ганц эвэрт”-ээ өлгийдөн авлаа. Хиймэл оюун, технологийн салбарт хүч түрэн орж ирж буй тус гарааны бизнес хэрхэн зах зээлд нэвтэрч, тэрбум ам.доллараар үнэлэгдэж эхлээд буй тухайг эл нийтлэлээс сонирхъё.  

Зургийг: Darvideo Animation Studio

ЕРӨНХИЙ: ГАНЦ ЭВЭРТҮҮДИЙН ТУХАЙ

Ганц эвэрт” гэх тодотголыг гарааны бизнесийн талбарт нутагшуулсан энтрепренер Айлин Ли нь өөрийн үүсгэн байгуулсан Cowboy Ventures хөрөнгө оруулалтын компани нь дөнгөж нэг ойтой байхад “Welcome To The Unicorn Club: Learning From Billion-Dollar Startups” нийтлэлээ уншигчдын хүртээл болгожээ. Тэрээр тухайн үед 10 жилийн өмнөөс ямар компаниудад хөрөнгө оруулалт хийсэн бол хамгийн өндөр үр өгөөж хүртэх байсан талаар эргэцүүлж суухдаа зах зээлийн үнэлгээ нь 10 жилийн дотор 1 тэрбум ам.доллар давсан АНУ-аас гаралтай технологийн салбар дахь гарааны бизнесүүдийг жагсааж эхэлсэн аж. 2013 онд тус жагсаалтад 39 компани багтсан бол энэ тоо нь 10 жилийн дотор 532-т хүрч, барагцаагаар 14 дахин нэмэгдсэн байна.


Зургийг: TechCrunch

B2B ЭСВЭЛ B2C

Айлин Ли ганц эвэртүүдийг хоёр төрөлд хуваажээ. Эхнийх нь аж ахуйн нэгжид (ААН) чиглэсэн буюу “Business to Business (B2B)” модельд суурилсан бизнес. Энэ төрлийн бизнес модель аливаа компани бусад ААН-үүдэд бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх зарчмаар ажилладаг. Харин хэрэглэгчдэд чиглэсэн буюу “Business to Customer (B2C)” модельд суурилсан бизнесүүд аливаа компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шууд хувь хэрэглэгчдэд борлуулдаг загвараар ажилладаг.

Тэгвэл анхны ганц эвэртүүдийн жагсаалтын ихэнх хэсгийг хэрэглэгчдэд чиглэсэн (B2C) бизнес эзэлж байсан нь анхаарал татна. Тэдгээрийн жишээ нь Facebook, Groupon, LinkedIn, Twitter болон Airbnb. Харин ААН-д чиглэсэн (B2B) цөөн хэдэн бизнесийн төлөөлөлд Workday, ServiceNow зэрэг багтаж байжээ.



Гэтэл арван жилийн дараах АНУ дахь ганц эвэртүүдийн 80 орчим хувийг B2B модельт бизнес эзэлсэн нь бизнесийн ертөнц ямар хурдацтай хувьсан өөрчлөгдөж буйг харуулсан.

Тус үзүүлэлтэд компанийн хөрөнгийн үр ашиг (сapital efficiency) чухал хамааралтай. Хөрөнгийн үр ашиг нь аливаа компани өөрт буй хөрөнгөө (мөнгө болон бусад хэлбэрийн нөөц) хэр үр дүнтэй ашиглаж, үнэ цэн бүтээж байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, нэг төгрөгийн хөрөнгөөр хэдэн төгрөгийн үнэ цэн бий болгох тухай үзүүлэлт гэсэн үг. Тэгвэл Айлин Ли тэргүүтэй судлаачдын баг B2B ангиллын ганц эвэрт бизнесүүд хөрөнгийнхөө 26 дахинтай тэнцэх хэмжээний үр ашигтай ажилладаг бол B2C бизнесүүдийн хувьд уг тоо 11 байгааг онцолсон юм.


Зургийг: MarketWatch

B2B бизнесүүд урт хугацааны гэрээ, итгэлцэлт харилцаанд суурилсан борлуулалттай байх хандлагатай. Тиймээс орлого нь тогтвортой, урьдчилан таамаглах боломжтойгоос үүдэн компанийн үр ашгийн үзүүлэлт урт хугацаанд авч үзвэл харьцангуй өндөрт тооцогддог. Мөн энэ төрлийн бизнесүүд бага хөрөнгөөр тогтвортой өсөлт үзүүлэх тохиолдол их. Харин B2C стартапууд шууд хувь хэрэглэгчдэд хүрэхийн тулд тогтмол олон нийтэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ таниулах, төрөл бүрийн хэрэглэгчдийн хүрээлэл үүсгэх чухал. Ихэнх тохиолдолд өндөр хөрөнгө оруулалт татаж чаддаг ч бүтээгдэхүүн үйлчилгээний таниулалтыг хийх урсгал зардал болон эрсдэл өндөртэй зэргээс шалтгаалж B2B бизнесийн давамгайлал үүсээд байгаа аж.

Энэ мэт ажиглалтууд ганц эвэртүүдийн зах зээл зөвхөн компанийн тухайн үеийн мөнгөн үнэлгээ бус тогтвортой байдал, насжилттай ихээхэн уялдаатай болж буйг илтгэж дөнгөөд буй.


higgsfield ai: казахстаны анхны ганц эвэрт

Зургийг: Higgsfield

Ганц эвэртүүдийн тал хувь нь АНУ-д, 10 орчим хувь нь Европын орнуудад мэндэлж байгаа энэ цаг үед Казахстан Улсын анхны тэрбум ам.долларын бизнес болох Higgsfield-ийн тухай мэдээ олны сонорт сар хүрэхгүй хугацааны өмнө хүрлээ.

Higgsfield нь хиймэл оюуныг ашиглан хүссэн зураг, бичлэгээ бүтээх үйл явцыг мэдэгдэхүйц хялбаршуулж, бодит мэт зураглалыг төвөггүйхэн үүсгэх хүчин чадлаараа сая сая хэрэглэгчдийг татаад байна. Хиймэл оюун төрөл бүрийн контент бүтээж эхэлсэн нь өчигдрийн явдал биш. Гэвч ганцхан зургийн тусламжтай хөдөлгөөнт бичлэг, уламжлалт чиглүүлэг бичвэр шаардлагагүй (promptless) төрөл бүрийн дүрслэлийг үйлдвэрлэхийн сацуу камерийн өнцөг, хөдөлгөөнийг хүссэнээрээ тохируулах боломжийг нэг дор олгож чадсан нь Higgsfield.

Хэрэглэгч хиймэл оюунд нарийн зааварчилгаа өгөлгүй өөрийн хүссэн зураг, бичлэгээ гаргаж авах технологи ихэнх үед “preset” буюу урьдчилан загварчилсан эффектүүдэд тулгуурладаг. Харин Higgsfield 20 гаруй ялгаатай орчин, өнгө аясыг харуулсан “preset”-ийг төрөл бүрийн нэмэлт визуал эффекттэй холбосон нь сонирхол татахуйц.



Higgsfield платформ нь хэрэглэгчдийн хүртээл болоод хэдхэн сарыг үдэж буйн зэрэгцээ өнгөрсөн сард GFT Ventures тэргүүтэй компаниудаас 50 сая ам.долларын хөрөнгө оруулалт амжилттай татсан гэдгээ зарласан билээ. Түүнчлэн тус платформыг хэрэглэгчийн тоо ердөө хэдхэн сарын дотор 11 саяд хүрч, сошиал орчинд 1.2 тэрбум гаруй үзэлт авчээ.

Тэрбум ам.долларын бизнесийг 10 жилийн хугацаанд босгоно гэдэг амаргүй даваа. Харин Higgsfield-ийн энэхүү амжилт гарааны бизнес дэх ганц эвэртүүдийн шинэ түүхийг бүтээлцэж чадсанаараа үнэнхүү онцгой.


ХАЙБРИД ГАНЦ ЭВЭРТ

Зургийг: Higgsfield

Higgsfield-ийн олон шинэлэг тохиргоо нь энэхүү компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээ хувь хүмүүсийн ч, ААН-үүдийн ч хэрэглээнд нэвтрэх үндсийг тавьж буй.

Үүний нэг жишээ нь Draw-to-Video тохиргоо. Тус тохиргоо нь хэрэглэгч эх өгөгдөл дээр өөрийн хүссэн объект эсвэл бүтээгдэхүүнийг зураг хэлбэрээр байршуулахад хиймэл оюун тэрхүү объектыг автоматаар суурь сценийн (scene) нэгэн хэсэг мэтээр дүрс бичлэг болгон хувиргах технологиос эхтэй. Томоохон брэндүүд маркетингдаа ашиглах нь дамжиггүй хэмээгдээд буй энэхүү тохиргоо Higgsfield-ийг хайбрид ганц эвэрт буюу B2B болон B2C моделийг хослуулсан бизнес болоход хөтлөх боломжтой юм.



ИРЭЭДҮЙ

Технологи, хиймэл оюуны салбарын өргөжин тэлэлт кетчупны сурталчилгаанаас авахуулаад загварын сэтгүүлд ч нөлөөгөө үзүүлсээр байна. Мөн энэхүү хөгжлийн шуурга бизнесийн салбарын томоохон тоглогчдын тоглоомын дүрмийг тодорхойлоход үүрэг оролцоотой болоод чамлахааргүй урт хугацааг үджээ. Иймдээ ч ирээдүйн ганц эвэртүүд технологи, хиймэл оюуны хүчээр олон төрлийн хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ нийлүүлэх боломж бүрдсэнээр хайбрид бизнес модель руу тэмүүлэх нь улам нэмэгдэх хандлагатай аж.

Зургийг: BBC