Технологийн салбарын хамгийн том, хүлээлт өндөртэй арга хэмжээний нэг болох “Dell Technologies World 2026” АНУ-ын Лас Вегас хотноо яг одоо өрнөж байна. Жил бүр салбарынхаа хамгийн нөлөө бүхий мэргэжилтнүүдийг нэгтгэж, ирээдүйн дижитал бүтцийг хэлэлцдэг тус арга хэмжээ энэ удаа хиймэл оюуныг (AI) бид өдөр тутамдаа хэрхэн ашиглаж байгаа болон ирээдүйд хиймэл оюун ямар түвшинд гарахыг голчлон хэлэлцэж буй билээ.
Арга хэмжээний эхлэл хэсэгт байгууллагадаа AI технологийг амжилттай нэвтрүүлж, дэлхийн хэмжээний стратегийн түнш болсон компаниудыг онцолсон бөгөөд үүнд Монголын харилцаа холбооны салбарын тэргүүлэгч Юнител групп багтжээ.
Ингээд тус арга хэмжээний дэлгэрэнгүй болон Юнител группийн энэхүү түүхэн түншлэлийн тухай онцлох мэдээллийг багцлан хүргэж байна.
“DELL TECHNOLOGIES WORLD 2026” АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Энэхүү арга хэмжээг дэлхийн технологийн гол тулгуур Dell компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн хувьд тавдугаар сарын 18-нөөс 21-ний хооронд дөрөв хоногийн турш үргэлжлэх юм. Арга хэмжээ нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн танилцуулахаас илүүтэй дэлхийн технологийн ирээдүйн чиг хандлага, бизнесийн дараагийн хувьслыг тодорхойлдог стратегийн томоохон уулзалт гэдгээрээ онцлог.
Тиймдээ ч жил бүрийн энэ арга хэмжээнд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг инженерүүд, тэрбум долларын үнэлгээтэй компаниудын Гүйцэтгэх захирлууд болон ирээдүйг бүтээгч хөгжүүлэгчид хуран цуглардаг. Тэд ирэх 10-20 жилд хүн төрөлхтний өдөр тутмын амьдрал, бизнесийн орчин ямар технологиор, хэрхэн хурдсахыг хэлэлцэж, хамтын ажиллагааны гэрээнүүдээ зурдаг уламжлалтай.
Энэ жилийн арга хэмжээний гол дүр нь яах аргагүй Nvidia болон Google байв. Dell-ийн үүсгэн байгуулсан “AI Factory” буюу “Хиймэл оюуны үйлдвэр”-ийн шинэ архитектурыг танилцуулахаар Nvidia-ийн алдарт Жэнсэн Хуанг өөрөө тайзан дээр гарч ирсэн нь энэхүү арга хэмжээ ямар хэмжээний жинтэй болохыг бэлхнээ илтгэх биз ээ.
DELL-ИЙН ШИНЭ ЭРИНИЙ ШИЛЖИЛТ

Сүүлийн жилүүдэд Dell Technologies зөвхөн компьютер, сервер зэрэг техник хангамж нийлүүлдэг уламжлалт компани байхаа аажмаар халж, илүү өргөн цар хүрээтэй дижитал экосистем рүү шилжиж байгаа билээ. Тэд хиймэл оюунд суурилсан дэд бүтэц, хосолсон үүлэн систем, мөн өгөгдөлд төвлөрсөн ухаалаг байгууллагын экосистем бий болгоход чиглэж байгаа юм.
Өөрөөр хэлбэл, Dell зөвхөн төхөөрөмж нийлүүлэгч байхаа больж, байгууллагуудын мэдээлэл, тооцоолол, автоматжуулалтыг нэгтгэсэн дараагийн үеийн ухаалаг технологийн суурийг бүтээх тал руу бүрэн шилжиж буй. Энэ нь ирээдүйд бизнесүүд хэрхэн ажиллах, өгөгдөл хэрхэн ашиглагдах, хиймэл оюун ухаан өдөр тутмын үйл ажиллагаанд яаж шингэхийг тодорхойлох чухал өөрчлөлт болох юм.
ГЛОБАЛ ТҮНШЛЭЛ: ЮНИТЕЛ ГРУПП

Dell компаниас дэлхийн хэмжээнд өөрийн технологи, дэд бүтцийг хамгийн үр дүнтэйгээр ашиглаж, бүс нутагтаа дижитал шилжилтийг түүчээлж буй цөөн хэдэн түншүүдээ жил бүр зарладаг. Энэ жил тэд Ази тивийн төлөөлөл, тэр дундаа Монгол Улсаас Юнител групп-ийг стратегийн түншүүдийнхээ нэгээр нэрлэлээ.
Энэ нь Dell-ийн хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаан (AI) болон дата төвийн дэвшилтэт технологиудыг Монголдоо нэвтрүүлж, тэдэнтэй яг ижил түвшинд хамтран ажиллах хэмжээний итгэлтэй түнш болсныг дэлхийн тайзнаас баталсан хэрэг болж буй. Мөн цаашлаад Dell компанийн ирээдүйн 10-20 жилийн зорилгодоо хүрэх урт хугацааны гол стратегийн түнш нь Юнител групп байх болно гэдгийг харуулаад байна.
БИД ЯАГААД АНХААРАХ ЁСТОЙ ВЭ?

Өнөөдөр хиймэл оюун ухаан, үүлэн систем, дата төвийн хөгжил нь зөвхөн технологийн салбарт бус банк, боловсрол, эрүүл мэнд, харилцаа холбоо гээд бидний өдөр тутмын хэрэглэдэг бүх үйлчилгээний чанар, хурд, найдвартай байдалд шууд нөлөөлж байна. Тиймээс дэлхийн хэмжээний технологийн компанийн стратегийн түнш болж буй нь Монголын дижитал үйлчилгээний хөгжлийг дараагийн түвшинд гаргах ач холбогдолтой юм.
Товчхондоо, бид дэлхийн технологийн хөгжлийг зүгээр л холоос харж суудаг идэвхгүй хэрэглэгч байхаа нэгэнт больжээ. Dell шиг аварга компани Монголын багийг стратегийн түншээрээ нэрлэсэн нь манай технологийн салбарын чадамж, дотоодын инженерүүдийн ур чадвар дэлхийн жишигт хүрснийг илтгэж байна.

Сэтгэгдэл бичих

