Дэлхий дахинаа хүмүүс өдөрт дунджаар 6.5 цагийг дэлгэцийн өмнө өнгөрөөж, нийт интернэт урсгалын 80 гаруй хувийг зөвхөн бичлэг төрлийн контент бүрдүүлж буй. 

Үзэгчдийн контент хүлээж авах байдал нэмэгдэхийн хэрээр шалгуур, хүлээлт ч дагаад өөрчлөгдсөн байна. Энэ шилжилт, өрсөлдөөн дунд контент бүтээх баг, хувь хүн үнэ цэнтэй хөрөнгө болсон ч энэ дундаас юунд итгэж, алийг нь сонгож, юуг чухалчлахаа ойлгож, уг салбарын ирээдүй хааш чиглэж буйг түр азнаад анзаарах чухал. Тиймээс бид энэ нийтлэлээрээ медиа салбарын зах зээлийн ирээдүйг тайлбарлалахдаа Монголын жишээг харьцуулж буулгахын тулд нийтлэлийн дундуур Юнител-ийн шинэхэн подкастаас эш татсан болно. 

1. Хиймэл оюунаар бүхнийг бүтээх үү? 

Дэлхийн медиа салбарын судалгаагаар (тухайлбал PwC, Goldman Sachs) generative AI буюу үүсгэгч хиймэл оюун нь контент бүтээх өртгийг 30-50% бууруулж, санаа гаргах, зохиол бичих, эвлүүлэх, график боловсруулах, дуу оруулах болон олон хэл рүү орчуулах ажлыг маш хурдтай гүйцэтгэж байгаа аж.

Тоо баримт юуг өгүүлж байна?

Хурд ба чанар: MIT-ийн хийсэн туршилтаар, хиймэл оюун ашигласан уран бүтээлчид контентоо 40 хувиар хурдан гаргаад зогсохгүй бүтээлийн чанар, агуулга нь 18 хувиар илүү өндөр үнэлэгджээ.

Ирээдүйн дүр зураг: Gartner судалгааны байгууллагын таамаглаж буйгаар 2026 он гэхэд цахим орчин дахь нийт контентын 90 хүртэлх хувь нь ямар нэг байдлаар хиймэл оюуны тусламжтай бүтээгдсэн байна гэнэ. Мөн McKinsey компани хиймэл оюун нь зөвхөн маркетинг, контентын салбарт жилд 400 тэрбум ам.долларын үнэ цэнийг бий болгоно ч гэж тооцоолсон байна.

“Хиймэл оюун хэсэгтээ хөгжиж, хиймэл оюунаар бүтээсэн кино контент их үйлдвэрлэгдэх байх. Гэхдээ яг хүний бичсэн зохиол, дуу авиа, хоолой бүтээлийн амин сүнс байдаг учраас энэ бүгд эргээд үгүйлэгдэнэ.”

Юнител группийн Медиа бизнес хариуцсан дэд захирал Г.Барс


2. Хувь хүнд чиглэсэн контентын эрин үе ирсэн үү?

Таны анхаарал төвлөрөх хугацаа загасныхаас ч бага болсон юм биш биз? гэж асууж эхлэх контентууд нэг хэсэг цахим орчинд их нийтлэгдсэн. Үнэхээр л Microsoft-ийн судалгаагаар 2000-аад оны эхээр хүний дундаж анхаарал төвлөрөлт 12 секунд байсан бол өнөөдөр 8 секунд буюу алтан загасныхаас ч бага болжээ.
Үүнтэй холбоотой хамгийн их дурдагддаг үг бол “personalized content”. Юу гэсэн үг вэ гэхээр яг үүнийг уншаад сууж буй зөвхөн танд зориулсан контент яаж бүтээх вэ гээд бүтээгчид толгойгоо гашилгах болсон гэсэн үг.

Үүний цаана нарийн алгоритм бий. Ямар насны хүн, ямар төрлийн контентыг, хэдэн цагт, ямар төхөөрөмж дээр үзэж байгаагаас гадна видеоны хэд дэх минутад үзэгчид уйдаад гараад явчхаж байгааг (drop-off rate) нарийн дүгнэж, шинжилдэг.

“Контент сонголт яаж хийгддэг вэ гэхээр үзэлтийн дата дээр тулгуурлана. Ямар контентыг хэн үзээд байна, хэдэн цагт үздэг юм, ямар үед түрүүлж үзэж байгаад олон ангит дундаас нь гараад явчхав уу гэдэг анализ нэлээн өндөр түвшинд хийдэг. Тэрнээс гадна жанрын балансыг барих гээд маш олон хүчин зүйлээс хамаарч контент сонголт хийгддэг.”


3. Контентыг түгээх хэлхээ өөрчлөгдөх үү?


Кино болон контент үйлдвэрлэлийн салбарт бүтээлийнхээ үнэ цэнийг хадгалж, ашиг орлогыг дээд цэгт нь хүргэдэг нэгэн сонгодог бизнесийн загвар байдаг нь "window cycle" буюу контент түгээлтийн “цонхны мөчлөг”. Энэ нь нэг контентыг бүх сувгаар зэрэг, нэг дор цацахаас илүү урьдчилан төлөвлөсөн хугацааны давтамжтайгаар, шат дараалан өөр өөр платформуудад шилжүүлэн байршуулах үйл явцыг хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл үзэгчдийн худалдан авах чадвар болон контентыг шинэ дээр нь яаралтай үзэх хүсэл сэдэл дээр тулгуурлан үнийн ялгааг бий болгоод орлогыг сегмент бүрээс олох аргачлал гэсэн үг.

Цонхны мөчлөг нь нийт 4 үе шаттай явагддаг:

1. Кино театр: Хамгийн эхний бөгөөд контентын нэр хүндийг өсгөх, хамгийн өндөр ашиг олох үе шат. Контент тодорхой хугацаанд зөвхөн кино театруудаар гарна. Эндээс хамгийн үнэнч, тухайн бүтээлийг цаг алдалгүй, хамгийн түрүүнд үзэхийг хүссэн үзэгчдээс өндөр орлого төвлөрүүлнэ.

2. IPTV болон бусад видео түрээсийн платформууд: Кино театраас бүтээл буусны дараа IPTV болон бусад видео түрээсийн платформуудаар тодорхой хугацаанд төлбөртэйгээр цацагдах үе. Кино театрт киногоо үзэж амжиаагүй эсвэл зүгээр л гэртээ өрийнхөө тухтай орчинд үзэхийг илүүд үздэг, хэрэглэгчдэд зориулагдсан гэсэн үг.

3. Стриминг болон төлбөртэй суваг: Дараагийн шатанд тухайн контент нь сарын хураамжтай стриминг платформууд болон төлбөртэй зурагтын сувгуудаар дамжин үзэгчдэд хүрнэ. Хэрэглэгч тухайн контентод тусгайлан мөнгө төлөхгүй ч, платформын захиалгын багцын орлогоор дамжин бүтээгчдэд ашиг, орлого нь очдог.

4. Зурагтын үнэгүй сувгууд: Хамгийн сүүлд буюу эцсийн шатанд кино бүтээл үнэгүй телевизийн сувгуудаар цацагдана. Энэ үед контент олон нийтэд хүрч, хэрэглэгчид шууд төлбөр төлөхгүй ч телевизийн сурталчилгааны орлогоор дамжин контент үйлдвэрлэгчид дахин ашиг олдог.

Гэхдээ өнөөгий нөхцөлд энэ уламжлалт түгээлтийн хэлхээ эвдэгдэж, тоглоомын дүрэм өөрчлөгдөөд эхэлжээ. Үйлдвэрлэгчээс дистрибьютор, дараа нь телевиз рүү дамждаг байсан хамаарал багасаж, контент бүтээгчид платформоор дамжуулан хэрэглэгчидтэй шууд холбогдон, хүссэн үедээ дуртай төхөөрөмж дээр нь контентоо хүргэх боломжтой болсноор өнөөх window cycle буюу цонхны мөчлөгийн хугацаа улам богиносох, эсвэл бүр алгасагдах шилжилтийн үе ирэв.

4. Хамтын ажиллагаа илүү чухал болох уу? 

Медиа салбарын үй олон өөрчлөлтийг дагаад зөвхөн контент түгээх суваг өөрчлөгдөөд зогсохгүй, контент үйлдвэрлэлийн бүтэц буюу кино бүтээх үйл явц, зохион байгуулалт хүртэл өөрчлөгдөж байна.

Жишээлбэл, 2023 онд Оскарын "Шилдэг кино", "Шилдэг найруулагч", "Шилдэг эх зохиол" тэргүүтэй 7 төрөлд нэр дэвшиж шагнал хүртсэн "Everything Everywhere All at Once" кино. Уг киноны зохиол бичих, найруулах, дүрийн сонголт хийх буюу уран бүтээлийн хамгийн гол хэсгийг "The Daniels" (Даниел Кван, Даниел Шайнерт) тэргүүтэй найруулагчийн баг хариуцан хийж, тэд зөвхөн киноны санаа дээр бүрэн төвлөрсөн бол бүтээлийг кино театруудаар түгээх, маркетинг болон санхүү борлуулалтын бизнесийн хэсгийг нь A24 студийн тусгай баг бүрэн хариуцан хийсэн байдаг. Энэ жишиг Монголд ч бас хэрэгжиж байгаа.

“Манай Монголын кино багийнхан нэг хэсэг өөрсдөө зохиолоо бичдэг, кинондоо тоглодог, найруулдаг, маркетинг, оюуны өмч, борлуулалт, санхүү гээд бүх юмаа өөрсдөө хийдэг байсан. Уран бүтээлээ сайн хийдэг ч бусад менежмент тал дээр дутагдалтай зүйл олон байсан л даа. Иймд бид Nomadia Pictures-ийг байгуулахдаа өөрсдөө нэг ч найруулагч, гэрэл камергүйгээр зөвхөн продюсинг хийж, санхүүжилт, маркетинг, дистрибьюшн, оюуны өмч дээр нь дэмжлэг үзүүлэх бүтэцтэйгээр анх гарч ирсэн. Товчхондоо, чаддаг чаддаг юмаа хийгээд хамтдаа хөгжье л гэдэг зарчим.”

подкастыг бүтнээр нь эндээс үзээрэй