Сүүлийн жилүүдэд техник, технологийн цар хүрээ өргөжин тэлэхийн хэрээр цахим залилангийн арга хэлбэрүүд улам нарийсаж, илүү зохион байгуулалттай болсоор байна. Жишээ нь, хуурамч ажлын зар байршуулах, бусдын нэр мэдээллийг ашиглан хандив гуйх, олны танил хүмүүсийн дүр төрхийг хиймэл оюунаар дуурайлган бодит мэт бичлэг бүтээж мөнгө шилжүүлэхийг ятгах, гар утсанд “мэдээллээ баталгаажуулна уу” гэсэн хуурамч мессеж илгээх зэрэг олон төрлийн аргаар хэрэглэгчдийг төөрөгдүүлсээр байгаа юм. 

Үүний улмаас хувийн болон санхүүгийн мэдээллээ алдах, их хэмжээний хохирол амсаж буй хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдсээр буй.  

Тиймээс бид энэ удаагийн нийтлэлээ Юнител групптэй хамтран тэдний хэрэгжүүлж буй цахим залилангаас сэрэмжлүүлэх “Үлгэрт л байдаг” нөлөөллийн ажлыг танилцуулахын сацуу цахим залиланд өртсөн хүмүүсийн бодит түүх, тоо баримтыг хүргэж байна.

ҮЛГЭРИЙН МЭТ САЙХАН БОЛОМЖ

Эх сурвалж: The New York Times

Хүн бүрийн хүүхэд нас үлгэрийн ертөнцтэй салшгүй холбоотой байдаг биз ээ. Хүсэл биелүүлэх шидтэй алтан загас, хүн бүрийг авардаг баатарлаг анд, хүүхэд бүрд нөхөрсөг ханддаг Петер Пен гээд бодит амьдралаас хэтийдсэн гайхалтай боломжууд зөвхөн үлгэрт л байдаг.

Бодит амьдрал дээр ч гэсэн үлгэрийн мэт санагдах таатай боломжуудтай бид үе үе тааралдах нь бий. Нэг товч дараад ухаалаг утас авах, 10,000 төгрөг хийгээд л автомашинтай болох зэрэг амар хялбар аргаар мөнгөтэй болгох боломжууд цахим орчинд байнга таардаг. Гэвч эдгээр нь үнэн хэрэгтээ цахим залилангийн хамгийн түгээмэл хэлбэрүүдийн нэг бөгөөд хүмүүс санамсаргүй байдлаар урхинд нь автах тохиолдол маш олон байдаг аж.

Иймээс Юнител групп хүн бүрийн цахим орчин дахь аюулгүй байдлын талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Үлгэрт л байдаг” нөлөөллийн ажлыг эхлүүлээд байгаа гэнэ.

АЮУЛЫГ ГЭРЧЛЭХ ТОО БАРИМТУУД 

694 тэрбум төгрөг

Таны бодлоор 694 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ?

Улсын хэмжээнд тооцоод үзвэл нэг жилийн турш бүх хүүхдэд үдийн цай хоолыг үнэ төлбөргүй өгөх төсөвтэй дүйцнэ. Мөн монголын хамгийн том эмнэлгүүдийг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн шинэчлэхэд хүрэлцэхүйц мөнгө. Цаашлаад хэд хэдэн томоохон авто замын төслийг бүрэн санхүүжүүлэх ч боломжтой. Тэгвэл энэхүү тоо нь өнгөрсөн онд Монгол Улсад цахим залилангийн улмаас учирсан нийт хохирлын хэмжээ юм.

296 хувь

Сүүлийн таван жилд залилах гэмт хэрэг 296 хувиар өсжээ. Өөрөөр хэлбэл, таван жилийн өмнө энэхүү гэмт хэрэг харьцангуй бага тохиолддог байсан бол өнөөдөр бараг хүн бүрийн амьдралд тулгардаг нийтлэг эрсдэл болоод байна.

30 гаруй хувь

Монгол Улсад үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 30 гаруй хувь нь цахим орчинд үйлдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа хамгийн их ашигладаг ухаалаг утас, компьютер, интернэт орчин гэмт хэрэгтнүүдийн гол талбар болж, тэдний үйл ажиллагаа улам нарийн, илүү далд хэлбэртэй болсоор байгаа юм.

Ингээд цахим залиланд өртсөн дөрвөн хүний түүхийг сонирхуулъя. Та эдгээр түүхээс сургамж, сэрэмж авна гэдэгт итгэлтэй байна.

1. НӨХӨРСӨГ ПЕТЕР ПЕН 

Цахим залиланд хамгийн амархан өртдөг хүмүүс яалт ч үгүй хүүхэд болон өндөр настнууд байдаг билээ. Өндөр настнуудын хувьд техник технологи сайн мэдэхгүй байгаагаас болж залилуулах эрсдэлтэй тулгардаг бол хүүхдүүд үлгэрийн баатарт итгэдэг шигээ цахим орчинд тааралдаж буй бүхий л хүнийг сайн хүн хэмээн итгэж, бусдын үгэнд амархан автдаг нь залилагчдын хамгийн том бай болдог байна.

Тиймээс тэдэнтэй цаг гарган ярилцаж, цахим орчны эрсдэлийн талаар ойлгуулж, мэдэхгүй зүйлсийг нь тайлбарлан өгч байгаарай.


Б.Одсүрэн, 22 настай

Энэхүү явдал одоогоос хэдэн жилийн өмнө өвөө, эмээд минь тохиолдож байсан юм. Интернэт шилжүүлэг хэрэглээнд бүрэн нэвтрээгүй байсан үе. Тухайн үед эмээд яаралтай бэлэн мөнгө хэрэгтэй болсон тул өвөөг ATM руу явуулсан юм билээ. Өвөө маань ATM сайн ашиглаж сураагүй байсан учир бэлэн мөнгө авах бүрдээ хажуугаар нь явж буй залуучуудаас тусламж гуйдаг байж. Тэр өдөр ч мөн адил нэгэн залуугаас туслахыг гуйтал, тун найрсгаар зөвшөөрч, мөнгийг нь ATM-ээс авч өгчээ.

Ингээд өвөө ч гэртээ ирлээ. Гэтэл төд удалгүй данснаас нь гурваас дөрвөн удаагийн гүйлгээ гарсан мессеж ирэхэд эмээ өвөөг картаа хаячихсан юм байна хэмээн бодсон аж. Гэвч өнөөх залуугийн өвөөд өгсөн картыг гаргаад үзтэл өөрийнх нь биш тэс өөр хүний хуучирсан карт байсан. Ингээд банк руу ярьж тэр дор нь картаа хаалгаснаар 530,000 төгрөгийн л хохирол учирсан. Үүнээс болж өвөө маань дахин хүнд итгэж картаа өгөөгүй, өөрөө сурчхаад бүр эмгэндээ зааж өгдөг болсон шүү.

2. ҮНЭГҮЙ БЭЛЭГ 

Үлгэрийн ертөнцөд шидэт загас хүслийг биелүүлж, хаан нь үнэгүй бэлэг тараах зэргээр сайхан боломжууд тохиолддог ч бодит амьдрал дээрх үнэгүй бэлэг бол ихэвчлэн залилагчдын хамгийн түгээмэл хэрэглэдэг арга юм. “Та автомашин хожлоо, энэ линкээр дарж баталгаажуулаарай”, “Төдөн сая төгрөг хожсон байна, урьдчилгаа 60 хувийг нь хийгээрэй” гэх мэтчилэн цахим залилангийн мессежүүд сүүлийн жилүүдэд улам түгээмэл болжээ. Эдгээр үнэгүй бэлэгт хууртан хувийн мэдээллээ алдах цаашлаад санхүүгийн хохирол амсах эрсдэлтэй.

Тиймээс танихгүй дугаар, баталгаагүй хаягаас ирсэн холбоос дээр дархаасаа өмнө сайтар нягталж, үнэгүй санал болгож буй зүйлсийг үлгэрийн ертөнцөд л байдаг гэдгийг санаарай.


Л.Байгалмаа, 53 настай

Орой ажлаа тараад гэртээ харих зуураа утсаа шалгаж байтал “Та iPhone 17 Pro Max загварын гар утас хожлоо. Энд дарж баталгаажуулаарай” гэсэн мессеж ирэв. Утсаа нэлээдгүй олон жил барьчихсан, яг шинийг худалдан авахаар төлөвлөж байсан учраас үүнийг огтхон ч залилан гэж бодоогүй. Шинэ утастай болчихлоо гээд баярлаад ирсэн линк дээр нь даран орвол фейсбүүк хаягаа баталгаажуулах хэсэг гарч ирсэн. Гэвч би фейсбүүкийнхээ нууц үг, нэвтрэх нэрийг мэддэггүй байсан тул гэртээ харьж охиноороо үзүүлж байгаад баталгаажуулъя гэж бодоод орхичихсон. Ингээд гэртээ ирээд охиндоо хэлтэл охин маань “Энэ чинь худлаа шүү дээ, ийм төрлийн залилан их байдаг, линк дээр нь дарвал хувийн мэдээллээ ч алддаг шүү” гэх нь тэр. Аз болж би фейсбүүкийнхээ нэвтрэх мэдээллээ мэддэггүй байсан учир энэ удаад цахим залиланд өртөөгүй өнгөрсөн юм.

Үүнээс гадна цахим орчинд хандивын залилан их байгаа харагдсан. Сүүлд нэг эмэгтэй “Миний хүү уушгины архаг бөглөрөлт өвчинтэй. Үүнийг эмчлэхийн тулд зайлшгүй гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай байгаа юм. Та бүхэн боломжоороо хандив хийгээрэй” гээд пост хийчихсэн байсан. Би үүнийг хараад хандив өгсөн ч хэд хоногийн дараа өнөөх пост өөр данстайгаар дахиад нийтлэгдчихсэн байсан. Тэрийг хараад жаахан эмзэглэсэн. Монголд өнөөдөр амьдрахын тулд өвчинтэйгөө тэмцэж буй хэдэн мянган хүүхэд залуус бий. Гэвч тэдгээр хүүхдүүдийн зураг, мэдээллийг нь ашиглан башир аргаар мөнгө олж буй нь харамсалтай.

3. ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЭХ АЛТАН ЗАГАС 

Сүүлийн үед залилангийн хамгийн түгээмэл хэлбэр нь цахим дэлгүүрийн луйвар болжээ. Жилээс жилд онлайн худалдаа идэвхжиж, төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн санал болгох дэлгүүрүүд нэмэгдэхийн хэрээр, залилан хийх сэдэлтэй хүмүүсийн тоо ч нэмэгдэж буй. Ялангуяа “хамгийн сайн чанарын материалаар хийсэн”, “дэлхийн стандартаар баталгаажсан”, “бараг л бүх өвчнийг эдгээдэг” гэх мэтчилэн хэтэрхий төгс, давтагдсан сурталчилгаа нь ихэнхдээ залилан байх өндөр магадлалтай байдаг байна.


Ж.Батдорж, 51 настай

Би фейсбүүк гүйлгэж байгаад үе мөчний бараг л хамгийн сайн эмийг худалдаалж байна гэсэн нэгэн дэлгүүрийн шууд дамжуулалтыг үзсэн юм. Тухайн үедээ дэлгүүрийнх нь нэрийг хальт хараад л өнгөрсөн. Гэтэл үүнээс сарын дараа миний үе мөч маш ихээр өвдөж, эмнэлэгт хэвтлээ. Эмчилгээ хийлгэж байгаа хэдий ч төдийлөн бие сайжрахгүй байгаа юм шиг санагдсан юм. Тэгээд гэнэт өнөөх эм худалдаалж байсан дэлгүүрээ арай гэж олон үе мөчний, дархлаа дэмжих зэрэг 200,000 гаруй мянган төгрөгийн эм захиалав. Тухайн үед нэг танил маань надад эдний эм их сайн шүү дээ, дороо л эдгэрчихдэг юм гэхээр нь итгэн захиалга өгсөн нь тэр.

Ингээд захиалга өгөөд долоо хонолоо. Залгаад асуутал дараа долоо хоногоос хүргэгдэнэ гэв. Гэсэн ч ирээгүй. Ингээд тэсгэл алдаад 14 хоногийн дараа залгатал миний утсыг аль хэдийнээ блок хийчихсэн байсан даа. Дахиж тийм үнэтэй, сайн гэсэн цахим дэлгүүрээс эм худалдан авахгүй гэж бодож байгаа.

4. ЧОНОНООС АВРАХ АНЧИН 

Өнөө цагт цахим орчинд бид өдөр тутамд мэдээлэл солилцож, олон нийтийн сүлжээнд идэвхтэй оролцдог болсон. Гэхдээ танихгүй хүнд гэрийнхээ түлхүүрийг өгч байгаатай адил хувийн мэдээллээ олон нийтэд дэлгэх нь аюултай. Цахим залилагчид хүмүүсийн сонирхол, хэрэгцээнд нийцүүлэн хамгийн таатай нөхцөлийг санал болгон, итгэл олохыг оролддог байна. Иймд хувийн мэдээллээ бусдад дэлгэхгүй байж цахим эрсдэлээс өөрийгөө хамгаалаарай.


Б.Энхжаргал, 26 настай

Сургуулиа төгсөөд удаагүй байсан үе л дээ. Тухайн үедээ гадаадад очиж мэргэжлээ дээшлүүлэх хүсэлтэй байв. Ингээд инстаграм хуудсаар гүйлгэж суутал нэгэн зуучлалын компанийн зар тааралдсан юм. “Гадаадын нэр хүндтэй сургуульд шууд хэлний бэлтгэлд оруулна, бүх бичиг баримтыг түргэн шуурхай бүрдүүлж өгнө, очоод байрлах цэвэрхэн байртай” гэх мэтчилэн нөхцөлүүд нь таалагдсан төдийгүй дагагчдын тоо нь ч багагүй байсан болохоор огтхон ч эргэлзээгүй.

Тэд урьдчилгаа төлбөр болгон 1.5 сая төгрөг шилжүүлэхийг хүссэн. Гадаад руу зуучлуулж байгаа хүний хувьд энэ нь хэвийн зүйл мэт санагдаад би эргэлзэлгүй илгээчихсэн. Гэвч хэд хоногийн дараа утас нь холбогдохгүй, цахим хуудсууд нь ч устсан байсан даа.

ХЭН ЦАХИМ ЗАЛИЛАНГИЙН ХОХИРОГЧ БОЛДОГ ВЭ? 

Эх сурвалж: The New York Times

Цахим залиланд өртөхөд нас, хүйс, үндэс угсаа, мэдлэг, боловсрол огтхон ч хамаарахгүй. Хэн ч, ямар ч нөхцөлд, санамсаргүй байдлаар хохирогч болж болдог.

Тухайлбал, хүүхдүүд онлайн тоглоом, чат аппаар дамжуулан хувийн мэдээллээ танихгүй хүмүүстэй хуваалцаж, залиланд өртдөг бол гадаадад суралцах, өндөр цалинтай ажилд орох мөрөөдөлтэй залуус “зуучилна” гэх үгэнд итгэж, хувийн мэдээллээ алдах нь бий. Түүнчлэн бизнес эрхлэгчид, мэргэжилтнүүд хүртэл хөрөнгө оруулалт гэсэн худал и-мэйлд хууртаж, данс, гэрээний мэдээллээ алдсан тохиолдол цөөнгүй байдаг аж.

ЦАХИМ ЗАЛИЛАНГААС СЭРГИЙЛЭХ АРГУУД

Эх сурвалж: PCMag

Хувийн мэдээллээ чанд хамгаалах

Регистрийн дугаар, картын мэдээлэл, нууц үг, гэрийн хаяг зэрэг хувийн мэдээллээ танихгүй хүнд хэзээ ч бүү илгээ. Олон нийтийн сүлжээнд өөрийнхөө мэдээллийг дэлгэх нь таныг залилагчдын бай болгоно.

Вэбсайтыг шалгах

Хэрэв таныг вебсайтаар хандахыг санал болгосон бол тухайн байгууллагын албан ёсны вэбсайтыг сайтар шалгана уу. Жишээ нь, хууль ёсны санхүүгийн байгууллагууд нь ихэвчлэн хаяг, утасны дугаар зэрэг холбоо барих мэдээлэл бүхий мэргэжлийн вэбсайттай байдаг. Хэрэв вэбсайт нь муу дизайнтай эсвэл чухал мэдээлэл дутмаг байвал мэдээллээ өгөхөөс зайлсхийх хэрэгтэй.

Цахим хэрэглээндээ цагийн хязгаар тогтоох

Өдөрт хэр их хугацааг цахим орчинд өнгөрүүлж байгаагаа хянах, хэт их цаг зарцуулахгүй байх нь санаандгүй, сэрэмжгүй дарж залилангийн урхид өртөхөөс сэргийлдэг. Цахим хэрэглээндээ тодорхой цагийн хязгаар тогтоосноор анхаарал төвлөрөл сайжирч, мэдээллийг илүү нягтлан шалгах боломжтой болдог. Мөн хэт их хэрэглээ нь таныг ядарч, болгоомжгүй шийдвэр гаргахад хүргэдэг тул өөрийгөө хамгаалах хамгийн энгийн арга нь хэрэглээгээ зохистой хэмжээнд барих явдал юм.

Цахим орчинд хэн нэгэн таны мэдээллийг ашиглан, залилан хийж байж болзошгүй. Тиймээс өөрийн мэдээллийг чанд хадгалан, ямар нэгэн холбоос руу нэвтрэхгүй байх тал дээр анхаараарай. Ялангуяа хүүхэдтэйгээ байнга ярилцаж, цахим орчны эрсдэлийн талаар сануулж байх нь зүйтэй. Аюулгүй дижитал орчныг хамтдаа бүтээе.