Алслагдсан бүсэд амьдардаг зэрлэг амьтад ундны усны хомсдолоос болоод зөвхөн ус уухын тулд өчнөөн хол газрыг туулдаг талаар та бодож байсан уу? Хүссэн үедээ усаа гоожуулж хэрэглэдэг тансаглалтай бид энэ талаар бодож суух нь юу л бол. Усаар дутаж, орхигдсон амьтдыг хамгаалах, ундаалах нэг жижигхэн бүтээн байгуулалт бол хөв цөөрөм юм.

Тэгвэл хөв цөөрөм байгуулах ажлыг Юнител групп 2021 онд анх санаачлан, өдгөө дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ жил БОУАӨЯ-тай хамтран 80 гаруй хөв цөөрөм байгуулсан байна. Бие жижиг ч бэлчээр том уг цөөрөм байгалийн экосистемийг хамгаалахад чамлахааргүй их нөлөөтэй эд билээ. Өнөөдрийн нийтлэлээрээ байгаль орчноо хамгаалахад мод тарихаас өөрөөр хувь нэмэр оруулах нэгэн бүтээн байгуулалт хөв цөөрмийн талаар мэдэж авъя.

Бие жижиг ч бэлчээр том цөөрөм

Хөв цөөрөм ус нэвтрүүлдэггүй мембран бүхий материалаар хийгддэг ба энэ нь хур тунадсыг хөрсөнд шингээлгүй тогтоон барьснаар амьтдыг ундаалах суурь болдог. Сүүлийн 40 жилийн хугацаанд Монгол Улс гадаргын усныхаа 22 хувийг алдсан буюу энэ нь 850 нуур, 2000 гол мөрөн ширгэсэн гэсэн үг юм. Энэ өөрчлөлтийг хүмүүс бид төдийлөн анзаардаггүй болохоос алслагдсан бүс нутагт нутагшсан, ховордсон амьтдад тэдний тоо толгойг устгах хэмжээний хүчтэй нөлөөлдөг. Тэр дундаа цоохор ирвэс, мазаалай, янгир зэрэг Улаан номд орсон, ховор амьтдыг авч үлдэхэд энэхүү хөв цөөрөм маш чухал. Зөвхөн зэрлэг амьтдаар хязгаарлагдахгүй, хүрээлэн буй орчныхоо агаарын хуурайшилтыг бууруулж, хөрсний чанарыг сайжруулан ургамал ургах таатай нөхцөлийг ч бий болгодог элдэвтэй эд бол хөв цөөрөм.

Хөв цөөрмийн 4 ашиг тус

1. Үлэмж дулаарлын оновчтой шийдэл

Монголын газар нутгийн 77 хувь нь цөлжилтөд өртсөн бөгөөд хөв цөөрөм нь борооны усыг нөөцлөх, үерээс хамгаалах үүрэг гүйцэтгэх замаар уур амьсгалын өөрчлөлтөөс сэргийлэх ач тустай. “World Resources Institute”-ийн судалгаагаар хөв цөөрөм нь хуурай болон гантай бүс нутгуудад усны хүртээмжийг 30 хувиар нэмэгдүүлдэг аж.

Түүгээр ч зогсохгүй жижигхэн энэ цөөрөм илүүдэл нүүрсхүчлийн хийг хүртэл өөртөө шингээдэг гээч. “Global Carbon Project”-ийн тайланд дурдсанаар хөв цөөрөм нь жил бүр 1 м.кв тутамд 20-30 гр нүүрстөрөгч шингээх чадвартай бөгөөд энэ нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг сааруулах үр дүнтэй арга гэж үзсэн байна.


2. Үржил шимт хөрс

Их хэмжээгээр бороо орж, үер болоход хөрс элэгдэж, шим тэжээлтэй давхарга нь алга болох эрсдэлтэй. Хөв цөөрөм нь борооны усыг хуримтлуулж, урсцын хурдыг удаашруулан, усны хүчтэй урсгалд ургамлын үндэс угаагдаж, шим тэжээлт бодисууд алдагдахаас сэргийлдэг. Судалгаанаас үзэхэд хөв цөөрөмтэй бүс нутагт борооны усны урсгалаас үүдэлтэй хөрсний элэгдэл 20-30 хувиар буурдаг байна.

Нэмж дурдахад, хөв цөөрөм нь борооны усыг хуримтлуулснаар газрын доорх усны нөөцийг нөхөн сэргээж, хөрсний чийгийг удаан хугацаанд хадгалдаг. “National Academy of Sciences”-ийн судалгаагаар хөв цөөрөмтэй хөдөө аж ахуйн бүс нутагт хөрсний чийгшил 15-25 хувиар илүү хадгалагддаг болохыг тогтоожээ. Энэ нь ялангуяа хуурай болон гантай бүс нутгуудын байгаль орчны тогтвортой байдалд ихээхэн чухал үзүүлэлт юм.



3. Үр дүнтэй усны менежмент

Борооны улиралд их хэмжээний бороо орсон үед гол мөрөн, гуу жалга дагуух ус хурдтай урсах нь хөрсний элэгдэл үүсгэж, ойролцоох газар нутагт үерийн аюул учруулдаг. Гэвч хөв цөөрөм нь үерийн усны урсцыг сааруулж, ус гол мөрөнд хүрэхээс өмнө түүнийг хадгалж чаддаг. “American Society of Civil Engineers”-ийн судалгаагаар хөв цөөрөм бүс нутгийн үерийн аюулыг 30-40 хувиар бууруулах боломжтойг тогтоосон.

4. Үргэлжлэн тэтгэх экосистем

Дэлхийн байгаль хамгаалах байгууллагуудын судалгаагаар хөв цөөрөм нь зэрлэг ан амьтдын биологийн олон янз байдлыг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэнэ. Зэрлэг ан амьтдын шилжилт хөдөлгөөн ихтэй бүс нутагт хөв цөөрөм нь тэдний усны хэрэгцээг хангаж, амьдрах орчныг хамгаалж, экосистемийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

Үүнээс гадна шувуу, ан амьтад нүүдэллэх зам дагуу байрлах цөөрөм нь тэдний нүүдэллэх үедээ амрах, хооллох, ус уух чухал эх үүсвэр болдог ажээ.

Хөв цөөрөмд хөрөнгө оруулагч Юнител


Уншигч таныг энэхүү нийтлэлийн дараа бага ч болов хөв цөөрмийн талаар мэдлэгтэй болсон хэмээн найдаж байна. Хүрээлэн буй орчноо хэрхэн хамгаалах талаар санаа зовнин, энэ талаарх мэдээллийг уншаад сууж буй та сөөм сөөмөөр эх дэлхийгээ хайрлахад оролцож яваа баатар юм шүү. 

Тогтвортой ирээдүй рүү хамтдаа түрүүлж алхана.