Шинэ оны босгон дээр ширээ тойрон тухлах шалтгаан зөвхөн баярын зоогоор дуусахгүй. Чухам энэ үед л бид сая нэг саатаж, санаж, хүсдэг бүхнээ зураглан “дуудах” уулзалтаа ойр дотнынхонтойгоо хийдэг билээ. Энэ нь ч сүүлийн жилүүдийг эзлээд буй нэгэн давлагаа болтлоо дэлгэрээд амжсаныг дурдах илүүц биз.
Тэгвэл бид энэ нийтлэлээрээ мөрөөдлийн самбар үнэхээр мөрөөдөл “биелүүлдэг” эсэх, өглөө, оройгүй нүдэнд үзэгдэх тэрхүү зураг, хайчилбарууд чухам ямар нөлөөтэй тухайг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбарлахыг хичээлээ.
ЗУРАГ ХАЙЧЛАХ ЗУУР
Мөрөөдлийн самбар гэх сэдэв хөндөгдмөгц далдын хүч, таталцлын хууль гэх ойлголтууд дам дамаараа сөхөгдсөөр ирснийг нуух юун. Гэтэл тархи судлаач, эрдэмтэд “мөрөөдлийн самбар” гэгчийн ард орших шинжлэх ухааны үндэслэлтэй үйл явцыг тайлбарлаж эхэлсэн нь саяхных биш.
Бидний тархи секунд тутам 11 сая биттэй тэнцэх мэдээллийг хүлээн авдаг ба эдгээрээс тоотой хэдийг нь л ухамсартайгаар боловсруулж чаддаг. Иймд тархи хамгийн чухал зүйлсдээ анхаарал хандуулахын тулд мэдээллийг тогтмол шүүн сорчлох шаардлагатай тулна. Хэрэв онгоцны буудал дээр хүлээж буй хүн тань улаан цамцтай яваагаа дуулгавал улаан өнгө нүдэнд илүү тусахтай адил та биднийг анзаараагүй үед ч энэ горим зогсолтгүй ажилладаг.
Хэдийгээр такси барих, хүн хүлээх, гээсэн зүйлээ хайх гэхчлэн өдөр тутмын шаардлагад тархи уг үүргийг автоматаар гүйцэтгэх ч сар, жилээр үр дүн нь хэмжигдэх урт хугацааны зорилго илүү ухамсартай үйлдэл, анхаарал шаардах нь гарцаагүй. Чухам энэ шалтгаанаар хүсэмжит ажлын байр, аялах газрынхаа зургийг хайчилж, хэлбэр дүрс оруулж суух зуур бодол санаа тэрхүү зорилго руу чиглэснээр түүнтэй хамааралтай боломж, үүд хаалгыг алдалгүй олж харах тохиол олширдог аж.
Дотроо зугуухан бодож явдаг ч завдаж хөдөлдөггүй, хөдөлсөн ч өөрийн мэдэлгүй алгуурласаар дараа жил рүү хойшлуулдаг тэр нэгэн мөрөөдөл рүүгээ ингэж нэг анхаарал хандуулаарай.
НҮДЭНДЭЭ ИЛ БАЙЛГАХ НЬ
Мөрөөдлийн самбар дээрх өнгө алагласан дүрслэлүүд зөвхөн тавьсан зорилгодоо шамдах түр зуурын хөдөлгөгч болоод зогсдоггүй. MкГилл Их Сургуулийн Сэтгэл Судлалын тэнхимийн судалгааны үр дүн хүн зорилгодоо ойртох тусам тухайн зорилго, тэр дундаа биелэлт, явцтай холбоотой мэдээлэлд илүү их анхаарал хандуулж, эрэмгийлж эхэлдгийг цохон тэмдэглэсэн байдаг.
Судалгаанд оролцогсдоор ихээхэн төвлөрөл шаардсан оюуны даалгавар гүйцэтгүүлсэн бөгөөд ингэхдээ тэд даалгаврын биелэлтийн зэргийг харуулах мэдээллийн хэсэг рүү хэр өндөр давтамжтай харж байгааг нь ч хянажээ. Сонирхолтой нь, даалгавар биелэх мөч ойртохтой зэрэгцэн оролцогсдын секундэд хариулах зөв хариултын тоо, явцын самбар луу харах, өөрийн гүйцэтгэлээ "шалгах" давтамж эрс нэмэгдсэн байна.
Энэ нь явцын самбар илүү идэвхтэйгээр зорилго руугаа тэмүүлэхэд тусалдаг гэх санааг шууд батлахгүй ч нүдэнд ил орших, хэмжиж болохуйц дүр зураг хийх ажлын гүйцэтгэл, бүтээмжтэй ямар чухал уялдаатайг илтгэсэн юм.
Мөн мөрөөдлийн самбар нь зорилгыг дүрсжүүлснээр илүү бодитой, хүрэх боломжтой мэт мэдрэмж төрүүлэхийн сацуу гарт баригдаж амжаагүй ч нүдэнд үзэгдэх тэрхүү “сануулгууд” тухайн зорилготой сэтгэл зүй, анхаарлаараа илүү холбогдоход түлхэц болдог байна.
АЛГАСАЖ БОЛОХГҮЙ АЛХАМ
Мөрөөдлийн самбараа үзэмжтэй, дэгжин болгох олон жишээ TikTok, Pinterest зэрэг нийгмийн сүлжээнд байршдаг ч өөрт тохирсон, бодитой дүрслэлүүд хамгаас чухал. Үүний арга зам нь зорилгоо үйлдэл, сэтгэл хөдлөлтэй нөхцөлдүүлэх явдал. Өөрөөр хэлбэл, зөвхөн мөрөөдлийн гэр, ажлын байраа зураглаад зогсолгүй түүнд хүрэхэд шаардагдах чармайлт, хичээл зүтгэлийг ч давхар харгалзах хэрэгтэй. Ингэснээр зөвхөн үр дүн, биелүүлсний дараах "шагнал"-д хэт авталгүй зорилгоо томоор нь зураглаж, жижиг алхмуудад хуваах завдал гарах аж.
Хүссэн бүхэнд тань чиглүүлэх бодит алхам, тийш түлхэх хувийн бөгөөд онцгой шалтгаанаа тодорхой болговол илүү оновчтой хөдлөхөд тустай гэдгийг санаарай.
Уншигч та 2026 оны мөрөөдлийн самбараа хийж амжсан уу?

Сэтгэгдэл бичих

