Хүнсний үйлдвэрлэлд бүтээгдэхүүний амт чанар, орц найрлага, шим тэжээлээс гадна аюулгүй байдал хамгийн чухал. Учир нь үйлдвэрлэлийн шатанд гарсан өчүүхэн жижиг алдаа ч бүтээгдэхүүний чанарт нөлөөлж, улмаар хэрэглэгчийн эрүүл мэндэд эрсдэл учруулах боломжтой.
Тиймээс хүнсний үйлдвэрлэл эрхлэгч байгууллагууд бүтээгдэхүүнийхээ аюулгүй байдлыг хангахын тулд олон улсын стандарт удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа тогтмол нэвтрүүлэхийг зорьдог. Үүний нэг нь Хүнсний аюулгүй байдлын удирдлагын систем FSSC 22000 стандарт бөгөөд энэ нь бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн үйл явцыг олон улсын шаардлагад нийцүүлэхэд чухал үүрэгтэй юм. Тэгвэл саяхан Витафит групп уг стандартыг шинээр нэвтрүүлжээ.
ВИТАФИТ ГРУППИЙН ТУХАЙ ТОВЧХОН

Монголын ууган үйлдвэрлэгчдийн нэг гэгдэх Витафит Групп нь 1997 онд “Дэлхийд танигдсан Монгол үйлдвэрлэл” гэх зорилготойгоор үүсгэн байгуулагдаж байсан билээ. Тус групп нь шингэн хүнсний үйлдвэрлэлийн салбарт 29 жилийн турш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа ба өдгөө дотоодын зах зээлд 1,400 гаруй ажлын байрыг бий болгон ажиллаж буй.
Тэд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах зорилгоор үйлдвэрлэлийн технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа тогтмол шинэчлэдэг гэнэ. Мөн олон улсын стандартыг үйлдвэрлэлдээ үе шаттайгаар нэвтрүүлж, ISO 9001 Чанарын удирдлагын тогтолцоо, ISO 22000 Хүнсний аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлсэн юм. Харин энэ удаад хүнсний аюулгүй байдлын менежментийн олон улсын дэвшилтэт тогтолцоонд тооцогддог FSSC 22000 стандартыг амжилттай нэвтрүүлээд байна.
FSSC 22000 ГЭЖ ЮУ ВЭ?

FSSC 22000 (Food Safety System Certification 22000) нь ISO 22000, ISO/TS 22002 болон FSSC-ийн нэмэлт шаардлагуудад суурилсан, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах зорилготой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандарт юм. Энгийнээр хэлбэл, хүнсийг үйлдвэрлэхээс эхлээд хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үе шатанд ямар эрсдэл гарч болохыг урьдчилан тодорхойлж, хянах тогтолцоо юм.
Энэхүү стандарт нь түүхий эдийг сонгох, нийлүүлэхээс эхлээд үйлдвэрлэл, боловсруулалт, сав баглаа боодол, хадгалалт, тээвэрлэлт, түгээлтийн бүхий л үйл явцыг хамардаг. Ингэснээр бүтээгдэхүүн бүр аюулгүй, тогтвортой чанартай байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.
СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЭХ НЬ ЯМАР ДАВУУ ТАЛТАЙ ВЭ?

Илүү нарийвчлалтай
Хүнсний аюулгүй байдлын стандартууд нь хоол хүнсэнд ямар нэгэн гадны биет, бактери орох, химийн бодисоос бохирдох зэрэг бүтээгдэхүүний аюулгүй байдалд анхаардаг. Харин FSSC 22000 нь эдгээрээс гадна түүхий эд үйлдвэрт орж ирэхээс эхлээд үйлдвэрлэл, савлагаа, хадгалалт, тээвэрлэлт хүртэлх бүх үе шатанд илүү нарийвчилсан шаардлага тавьдгаараа онцлог. Тухайлбал, түүхий эдийг ямар нөхцөлд хадгалж байгаа, тоног төхөөрөмжийг хэрхэн цэвэрлэж, ариутгаж байгаа, бүтээгдэхүүнийг ямар орчинд савлаж, тээвэрлэж байгаа зэрэг бүх үйл явцыг тогтмол хянадаг.
Санаатай ба санамсаргүй эрсдэл
FSSC 22000 нь үйлдвэрлэлийн явцад санамсаргүйгээр гарч болзошгүй эрсдэлээс гадна санаатайгаар үүсгэж болох эрсдэлээс ч хамгаалдаг. Тухайлбал, орц найрлагыг зориудаар өөрчлөх, хуурамч түүхий эд ашиглах, бүтээгдэхүүний аюулгүй байдалд санаатайгаар эрсдэл учруулах зэрэг нөхцөл байдлыг урьдчилан тооцоолж, стандартдаа нарийвчлан тусгадаг байна.

Дэлхийн зах зээл
Уг стандарт нь Global Food Safety Initiative (GFSI) буюу дэлхийн олон улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн хүнсний аюулгүй байдлын стандарт. Тиймээс энэхүү стандартыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд нийлүүлэх, гадаадын томоохон худалдааны сүлжээ, түнш байгууллагуудтай хамтран ажиллах бүрэн боломжтой.
Тогтмол хяналт
Энэ нь зөвхөн стандарт нэвтрүүлэхээс гадна түүнийгээ өдөр тутмын үйлдвэрлэлд тогтмол мөрдөж байгаа эсэхийг хянаж, шаардлагатай тохиолдолд сайжруулж байхыг шаарддаг. Ингэснээр хүнсний аюулгүй байдлын шаардлага үйлдвэрлэлийн бүх шатанд тогтвортой хэрэгждэг байна.
Тодорхой, ойлгомжтой
Үйлдвэрлэлд ашигласан түүхий эд, үйлдвэрлэлийн үе шат, бүтээгдэхүүний багц бүрийн мэдээллийг хянах боломжтой байдаг. Ямар нэгэн асуудал үүссэн үед шалтгааныг хурдан илрүүлж, тухайн бүтээгдэхүүнд авах арга хэмжээг шуурхай тодорхойлох давуу талтай.
ЦААШИД ЯАХ ВЭ?

Витафит групп FSSC 22000 чанарын стандартыг нэвтрүүлснээр аюулгүй, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх чадавхаа улам бэхжүүлээд байгаа юм. Цаашид энэхүү тогтолцоог үйлдвэрлэлийн бүхий л үе шатанд тогтвортой хэрэгжүүлж, хэрэглэгчдэд илүү аюулгүй, чанартай бүтээгдэхүүн хүргэхэд төвлөрөн ажиллах гэнэ.
Тэрчлэн нийт ажилтнуудаа хүнсний аюулгүй байдал, чанарын удирдлагын чиглэлээр тогтмол сургаж, байгууллагын хэмжээнд чанарыг эрхэмлэсэн соёлыг улам төлөвшүүлэхээр зорьж буй.

Сэтгэгдэл бичих

