Хэдэн өдрийн өмнө ээжүүдийн групп дээр багахан хэмжээний хэлэлцүүлэг өрнөснөөс үүдэн энэхүү нийтлэлийг бичих сэдэл төрсөн юм.
Хэрэг явдлын тухай товчхон базахад, нярай хүүхдэд төрсөн цагаас нь эхлэн өгөх учиртай Д витамины зохист тунгийн талаар ээжүүд хоёр тал болон хуваагдаж, аль хэмжээ нь хамгийн аюулгүй болох талаар хэлэлцсэн юм л даа. Өвлийн улиралд 1000 ОУН, харин зуны цагт 500 ОУН гэх бүдүүн баараг тунгаар ээжүүд хүүхдүүдээ Д амин дэмийг уулгадаг. Гэвч интернэтээр багахан судалгаа хийхэд хүүхдийн биеийн онцлог, газарзүйн байршил, нэмэлт сүү хэрэглэдэг эсэх гээд олон шалтгаанаас стандарт зохист тунгийн хэмжээг ихэсгэж аль эсхүл бууруулдаг аж.
Энэ ярианаас үүдэн ер нь амин дэм гэж юу болох, тэдгээрийн биед гүйцэтгэх үүрэг, үнэхээр нэмэлтээр хэрэглэх шаардлагатай юу, хэтрүүлэн хэрэглэвээс ямар аюултай талаарх мэдээллийг ээлжит нийтлэлдээ нэгтгэн хүргэхийг хичээлээ.

ВИТАМИНТАЙ НӨХӨРЛӨСӨН ТҮҮХ
Одоогоос бараг 100 жилийн тэртээ буюу 1939 онд Харвардын Анагаахын сургуулийн мэс засалч Жон Крандон хүний биед амин дэм дутвал юу тохиолдохыг олж мэдэхээр хоол хүнснээсээ С витаминыг бүрэн хассан түүхтэй. Эхний 18 долоон хоногийн турш маш их ядарч сульдсан бол 19 долоо хоногт эрүүл мэнд нь огцом муудах нь тэр. Хэрэв эмч нарын хяналтад ороогүй бол тэрээр үхэх байсан бөгөөд биедээ 1000 милограмм С витамин шахуулж байж ухаан оржээ. Түүнчлэн энэ хугацаанд түүний шүднүүд унаж, буйл нь язран цус гарсан юм. Энэ үеийг хүртэл хүн төрөлхтөн өөрсдийг нь зуун зууны турш хачин их зовоосон чийг бам, берибери, рахит гэхчлэн олон өвчний суурь шалтгаан нь амин дэм, эрдсийн дутагдал байсан тухай төсөөлөө ч үгүй байсан гээд бод доо.
Дээр дурдсанчлан амин дэмийг 1920-оод оноос л нээж, нэр оноох болсон ч зөөлрүүлж хэлэхэд энэ үйл явц одоог хүртэл учраа олж чадахгүй л явна.
Эхлээд витаминуудыг А,В,С,D гэхчлэн цагаан толгойн дарааллаар нэрлэж эхэлсэн ч В витамин л гэхэд ганц бус В1, В2 гэх мэт явсаар В12 хүртэл байдгийг олж нээсэн тул үсгийн дарааллаар нэрлэх санааг орхисон аж. Биотинийг гэхэд нэг хэсэг H витамин хэмээн нэрлэж байгаад В7 болгосон ч олон нийтийн хэрэглээнд Биотин гэж голдуу хэрэглэдэг. Витамин К гарч ирсэн нь цагаан толгойн дараалалтай ямар ч холбоогүй. К гэж нэрлэсэн нь үүнийг нээсэн Данийн эрдэмтэн Хэнрик Дам үүний цус өтгөрүүлдэг шинжээс нь болж /koaguluations vitamins/ хэмээн нэрлэснээс үүдэж. Витаминыг олж нээсэн тухай товч түүх нэг иймэрхүү. Тэгвэл амин дэм бидний биед хэрхэн зөөвөрлөгдөж, өөрийн үүргээ гүйцэтгэдэг вэ?

АЗГҮЙ АМЬТАД
Бидний бие амин дэмээс маш их хамааралтай ч өөрсдөө нийлэгжүүлж чаддаггүй. Төмс, бууцай хүртэл витамин С ялгаруулна. Амьтны зүйл дотроос зөвхөн хүн, усан гахай хоёр л биедээ С витамин ялгаруулж чадахгүй гэхээр бид үл ялиг азгүй ч юм шиг. Түүнчлэн бидэнд маш олон төрлийн амин дэм шаардлагатай ч тийм ч их хэмжээгээр хэрэггүй. 100 хүрэхгүй грамм А витамин бүхий л амьдралын туршид хүрэлцэх жишээний. Гэвч эдгээр эрч хүч авчрах супер хүчтэй өчүүхэн дуслууд үгүй бол хүний бие тэр дороо задарч устах нигууртай.
Бидний хэрэглэдэг хоол хүнс уураг, өөх тос, нүүрс ус гэсэн үндсэн гурван төрлөөс бүрддэг. Эдгээрийг нийтэд нь макро шим тэжээл гэдэг. Харин микро буюу бичил шим тэжээлд эрдэс бодис, амин дэм орно. Үндсэн шим тэжээл нь энерги нөхдөг бол эрдэс бодис амин дэм нь биохимийн чухал үүрэгтэй. Амин дэмүүд органик бодис буюу ургамал, амьтан гээд хэзээ нэгэн цагт амьд байсан юмсаас гаралтай бол эрдсүүд нь хөрс, ус зэргээс гаралтай органик биш бодис. Бидний бие махбод эдгээрийг дангаараа нийлүүлж хүчрэхгүй тул хоол хүнсээр дамжуулан авах ёстой нийтдээ 40 орчим бодис бий.
Автомашин түлшээр ажилладаг шиг хүний эрхтэн бүр өөр өөрийн эрдэс, витаминаар ажилладаг. Жишээ нь, зүрхний үйл ажиллагааг хангадаг бодис нь кали юм. Кали дутагдвал зүрх амархан дэлсэх, зүрхээр хатгуулах, гэнэт санаа алдахаас гадна дээд, доод зовхи татах шинж тэмдэг илэрнэ.

Амин дэмийг ерөнхийд нь усанд болон тосонд уусдаг гэж хоёр хуваадаг. Тосонд уусдаг витаминууд голчлон өөхлөг загас, өндөг, сүү сүүн бүтээгдэхүүнд байх бөгөөд биеэр дамжин явсаар элгэнд хадгалагддаг. Тиймээс эдгээр витаминыг их тунгаар нэг дор хэрэглэсэн тохиолдолд хордлого үүсэх аюултай.
Харин усанд уусдаг витаминуудыг бие удаан хугацаанд хадгалахгүйгээр шээсээр дамжуулан гадагшлуулдаг билээ. Эдгээр витамин жимс, ногоо, уургаар баялаг хүнс гээд олон төрлийн хүнсэнд агуулагдах ба хоол бэлдэх явцад устаж, алга болох нь элбэг. Төрөл бүрийн ногоог усанд жигнэх, чанах үед тогтсон минутыг ягштал мөрдөхгүй бол хамаг витаминыг нь ууршуулаад алдчихдаг учир нь ийм юм шүү.
ХЭРХЭН ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭХ ВЭ?
Америкчууд өдгөө 80,000 гаруй төрлийн хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг өдөр тутамдаа хэрэглэдэг ба 2020 оны байдлаар энэ зах зээл дээр 61 тэрбум доллар эргэлдэж буй нь Монгол Улсын ДНБ-ээс дариу дөрөв их мөнгөн дүн юм. Судалгаагаар АНУ-д насанд хүрэгчдийн бараг тал хувь нь ямар нэгэн нэмэлт тэжээл хэрэглэдэг, гурван хүн тутмын нэг нь олон төрлийн амин дэм, эрдэс агуулсан мультивитамин уудаг аж.
Эмийн тун хэрэглээг хууль дүрмээр зохицуулдаг бол амин дэм, нэмэлт бэлдмэлийн талаарх нарийвчилсан зохицуулалт, зааварчилгаа бага. Тиймдээ ч нэмэлт амин дэм агуулсан бэлдмэлүүд зөвхөн эмийн сан гэлтгүй супермаркет, хувь хүний гар дээрээс гээд хаа саагүй зарагдаж байгааг та бэлхнээ харж байгаа буй заа. Гэвч эрүүл хүний бие хүнснээс ирэх бичил шимийг зохицуулан хуваарилах бүрэн чадвартай тул тунг нь хэтрүүлбэл амин дэм, эрдсийн илүүдэл үүсэж болзошгүй. Аль нэг амин дэмийн тунг хэтрүүлбэл өөр ямар нэгэн бичил шимийн шингэцэд саад учруулах, цаашлаад хордлогод орох эрсдэлтэй.
В3 амин дэмийн илүүдэл элэгний үрэвсэл, В6 амин дэмийн илүүдэл мэдрэлийн тогтолцоог гэмтээх, кальци ихэдвэл төмрийн шингэц муудах, жирэмсэн үедээ А амин дэм хэтрүүлбэл урагт гажиг үүсэх, Д амин дэм ихэдвэл кальцийн илүүдэл болох зэрэг эрсдэлтэй. Нас, хүйс, газар зүйн онцлогоос шалтгаалан улс орон бүрд эрдэс бодис, амин дэмийн өдрийн хэрэгцээт хэмжээ харилцан адилгүй. Америкт Е витамины өдөрт хэрэглэвэл зохих хэмжээ 15 милограмм бол Их Британид 3-4 милограмм байдаг гэхээр тунчиг зөрүүтэй тоонууд байгаа биз.
Сонирхуулахад, нийтлэл бичих шалтгаан болсон Д витамин болон төмөр, иод гэх мэт нийтлэг бичил шимийн өдөрт хэрэглэх зохистой тунг монгол хүний онцлог дээр тулгуурлан гаргасан судалгааг эндээс унших боломжтой шүү.

ЭРГЭЛЗЭЭТЭЙ АСУУЛТУУДЫН ХАРИУ
Зарим биологийн идэвхт бүтээгдэхүүн (БИБ) жороор олгодог эмийн үйл ажиллагаанд саад учруулах, архаг хууч өвчтэй хүмүүсийн биед сөргөөр нөлөөлөхүйц идэвхтэй бүрэлдэхүүн хэсгүүд агуулдаг болохыг анхаарууштай. Савалгаатай амин дэм нь таны хэрэглэдэг эмийн үйлчилгээг дэмжих эсвэл бүр эсрэгээрээ бууруулж ч мэдэх. Тиймдээ ч ямар ч төрлийн БИБ хэрэглэхээсээ өмнө зайлшгүй мэргэжлийн эмчтэй зөвлөлдөж, эрдсийн шинжилгээ өгөх шаардлагатайг мартуузай.
Товчхондоо, Д витамин яс сийрэгжихээс сэргийлнэ гэх реклам үзэнгүүтээ яах ийхийн зуургүй өдрийн уух тунгаа өөрөө зохиож, өдөр тутмын хүнс адил хэрэглэж болохгүй ээ л гэсэн үг юм шүү.
Пробиотик буюу ашигтай бактер нь нярай болон бага насны хүүхдүүдийн суулгалт өвчний явцыг богиносгох, өтгөн хаталтыг эмчлэхэд ашиг тустайг хэн бүхэн мэдэх биз ээ. Гэвч дэлгэцээр гарч буй сурталчилгааны үгсийг нотлохуйц ашигтай бактерийг судалсан баримтууд тун ховор байгаа нь асуудлын гол. Эрдэмтдийн хэлж буйгаар тэд одоог хүртэл чухам аль пробиотикууд үр дүнтэй ажиллаж буйг мэдэхгүй хэвээр байгаа бөгөөд энгийн хүн өдөрт хэдий хэр пробиотик хэрэглэх нь зохистой, ямар насны хүмүүст хамгийн үр ашигтай талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадаагүй гэнэ.

Нэмэлт амин дэмийг ямар шалтгаанаар хэрэглэж буйгаас үл хамааран нэг л зүйл маш тодорхой. Шим тэжээлээр баялаг, эрүүл хооллолтыг гүйцэх үйлдвэрт савласан нэмэлт амин дэм гэж үгүй.
Шинэхэн жимс ногоогоор баяжуулан хийсэн гэрийг хоолны оронд нэмэлт тэжээл хэрэглэлээ гээд та амин дэмийн хэрэгцээгээ хангалаа хэмээн андуу ташаа бодож болохгүй. Эмийн үйлдвэрт савлагдсан таблеттай харьцуулахад шим тэжээлээр баялаг салат таны биед хамаагүй үр дүнтэй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой. Эрүүл хүнс, тогтмол дасгал хөдөлгөөн бол урт удаан амьдралд хөтлөх хамгийн шалгарсан, энгийн арга билээ.
Мультивитамин, витамин Д, кальци, витамин С нь сурталчилгаан дээр гардаг итгэл төрүүлэм үгстэй харьцуулахад зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, цус харвалтаас багахан хувиар л урьдчилан сэргийлэх чадалтай. Хэдийгээр фолийн хүчил, В6, В12 зэрэг нь цус харвалтыг бууруулдаг болох нь батлагдсан ч үр нөлөө нь тун бага.
2019 онд эрдэмтэд зүрх судасны эрсдэлтэй хүмүүст фолийн хүчлийг нэмэлтээр уулгаж, цус харвалтын эрсдэл болон энэ амин дэмийн хоорондох хамаарлыг тодорхойлсон байна. Судалгааны үр дүн фолийн хүчлийг нэмэлтээр хэрэглэснээр цус харвах эрсдэл 10 хувь, зүрх судасны өвчнөөр өвчлөх эрсдэл дөрвөн хувиар буурах боломжтойг харуулжээ.
байгалийн гаралтай витаминыг таних арга
Зах зээл дээр байгаа дийлэнх амин дэм химийн аргаар гаргаж авсан, нийлэг витамин байдаг. Товчхондоо, хоол хүнсэнд агуулагдах байгалийн витаминыг дуурайлган химийн лабораторид гаргаж авдаг гэсэн үг. Тэгвэл хэрхэн байгалийн гаралтай витаминыг таних вэ?
- Бүтээгдэхүүний шошго дээр /100 хувь байгалийн гаралтай, 100 хувь амьтны гаралтай/ гэсэн бичиг зайлшгүй байх ёстой. Бүтээгдэхүүний найрлагын арваас доошгүй хувь нь байгалийн гаралтай хүнсний эх үүсвэрээс бүрдсэн л бол үйлдвэрлэгч өөрсдийн нэмэлт амин дэм дээрээ /байгалийн гаралтай/ гэх үгийг ашиглах боломжтой байдаг тул 100 хувь хэмээн онцолж буй.
- Найрлагад нь байгалийн гаралтай хүнсний эх үүсвэрийн жагсаалт байхгүй бол тухайн амин дэм нь синтетик байх магадлал өндөр. Загас, хүнсний ногоо, цитрусийн төрлийн жимс гэх мэт витамины эх үүсвэрүүд нь байгалийн гаралтай нэмэлт амин дэмийн гол найрлага юм.
- Найрлага доторх "IDE" эсвэл "ATE" гэсэн төгсгөлтэй үгсийг сайтар анзаар. Жишээлбэл, хлорид, гидрохлорид, ацетат эсвэл нитрат гэх мэт. Дээрх төгсгөлтэй үгс нь дийлэнх синтетик витамины найрлагад ордог.

Дүгнэн хэлэхэд аливаа амин дэмийг зөв тунгаар, зөв цагтаа хэрэглэж байж ашиг тусаа өгөх нь гарцаагүй. Тиймээс уншигч та бүхэн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө зайлшгүй дээрх зүйлсийг анхаараарай.

Сэтгэгдэл бичих

