Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд одод хооронд тэнүүчлэн яваа, эх дэлхийгээсээ эгнэгт холдсон сансрын хөлөг Voyager 1-ээс эерэг мэдээ ирсэн юм. Энэ бол хүн төрөлхтөн бид өөрсдөөсөө хамгийн хол орших зүйлд хүрч очилгүйгээр алсын зайнаас засаж чадсан анхны тохиолдол байлаа. Тодруулбал, НАСА-ийн инженерүүд таван сарын дараа анх удаа Voyager 1 хөлгөөс тайлж болохуйц мэдээлэл хүлээн авчээ. 

VOYAGER 1 ХӨЛГИЙГ ЭРГЭН САНАХ НЬ

1977 оны есдүгээр сарын 5-ны өдөр. Хүйтэн дайны хүндхэн цаг үед сансар өөд хөөрсөн Voyager 1 хөлөг. Аялагч, тэнүүчлэгч хэмээх франц үгээс гаралтай уг хөлгийн гол зорилго нь нарны аймгийн бусад гараг, дагуул, бүслүүрүүдийг нарийвчлан судлах байв. Энэ ч зорилгоо биелүүлж, хөөрснөөс хойших эхний хэдэн долоо хоногийн дараа Дэлхий болон Сарны зургийг бидэнд илгээсэн юм.



1979 он. Түүний анхны зогсоол манай нарны аймгийн хамгийн том хийн гараг болох Бархасбадь байв. Хэдий үүнээс өмнө Pioneer хөлгүүд уг гарагт хүрч чадсан ч Voyager 1 хөлөгт илүү дэвшилтэт технологи бүхий камер, мэдээлэл цуглуулах төхөөрөмж байсан нь хийн гаргийн тэнхэлгээр угалзран эргэлдэх цайвар үүл, аварга улаан толбыг тод харах боломжийг олгосон юм. Хамгийн гол нь түүний дагуул Ио дээрх галт уулын зургийг бидэнд үзүүлсэн билээ.


Хөдөлгөөнт зургийг: NASA

1980 он. Дараагийн зогсоол болох Санчир гарагт хүрч, түүний дагуул болон бүслүүрийг судалж эхэллээ. Үр дүнд нь Санчир гаргийн бүслүүрийн маш тод зургийг илгээсэн төдийгүй агаар мандал нь устөрөгч болон гелигээс бүрдэж буйг олж мэджээ. Үүний зэрэгцээ мэдэгдээгүй байсан гурван шинэ дагуулыг нээн илрүүлсэн нь гарцаагүй онцлох мэдээ байсан юм.


Гэрэл зургийг: NASA

1990 он. Дэлхийгээс холдон одсоноос 12 жилийн дараа эрчим хүчээ хэмнэхийн тулд камераа унтраах хэрэгтэй болов. Гэхдээ камер унтрахаас өмнө тэрээр сүүлийн удаа бидэн рүү эргэн харж, нарны аймаг өөд камераа чиглүүлэн 60 зураг даржээ. Ингэж бид нарны аймгийг анх удаа гаднаас нь харсан буюу системийнхээ зургаан гаргийн “гэр бүлийн зураг”-тай танилцав. Тэр дундаа “The Pale Blue Dot” буюу “Бүдэг цэнхэр цэг” нэрт Дэлхийн зургийг нүдээр үзсэн билээ.


Гэрэл зургийг: NASA

Гэрэл зургийг: NASA

2012 оны наймдугаар сарын 25-ны өдөр. Voyager 1 нарны аймгийн системийг бүрмөсөн орхиж, одод хоорондын зайд нэвтэрлээ. Тэр үед Дэлхийгээс 18 тэрбум км-ийн зайд байсан бол өдгөө энэ тоо 24 тэрбум км болон нэмэгдээд буй. Сонирхуулахад 1977 онд түүнийг хөөрснөөс хэдхэн сарын дараа дүү хөлөг нь болох Voyager 2 сансрын хөлөг өөр чиглэлд хөөрч, даалгавраа биелүүлсээр 2018 оны арваннэгдүгээр сарын 5-ны өдөр одод хоорондын зайнд нэвтэрсэн юм.

АСУУДАЛ ЮУ БАЙВ?

Улам бүр холдохын хэрээр Дэлхийгээс мэдээлэл илгээхэд асуудалгүй ч Voyager 1-ээс мэдээлэл хүлээн авахад бэрх болж байлаа. Гэтэл 2023 оны арваннэгдүгээр сараас эхлэн бидэнд тайлагдашгүй бөгөөд утгагүй 0,1-үүдийг илгээж эхэлсэн нь уг хөлөгт асуудал гарсныг илтгэсэн юм.

NASA болон Jet Propulsion лабораторийн инженерүүд Voyager 1 хөлгийн Flight Data Subsystem-ийн (нислэгийн мэдээллийн дэд систем) санах ойн тодорхой хэсгийг хадгалах үүрэгтэй нэг чип ажиллахгүй байгааг олж мэджээ. Энэхүү FDS (Flight Data Subsystem) нь сансрын туяа, нарны салхины тоосонцор, нарны соронзон орон тэргүүтэй бусад үзэгдлийг хянадаг зэмсгээс (instrument) ирэх өгөгдөл болон хөлөг дэх үйлдлийн системийн инженерийн өгөгдлийг цуглуулах зорилготой. Улмаар цуглуулсан мэдээллээ хөлгийн Telemetry Modulation Unit-д өгч, 0,1-ээс бүрдэх кодыг хөлгийн 12 фут антеннаар дамжуулан Дэлхий дээрх радио долгион хүлээн авах зорилготой 112 фут аварга том антеннад илгээх ёстой юм.


Гэрэл зургийг: Space.com

ХЭРХЭН ШИЙДЭВ?

Нэгэнт чипийг засварлаж чадахгүйгээс хойш тэд өгөгдлүүдийг FDS-ийн санах ойн өөр нэг хэсэгт байршуулахаар шийджээ. Гэхдээ гол асуудал нь тэр их хэмжээний мэдээллийг нэг дор байршуулах хангалттай зай байхгүйд байв. Улмаар өгөгдлийг хуваах шийдэл олсон ч 1970-аад оны компьютер учраас амаргүй байсан нь мэдээж. Тэр тусмаа биднээс 24 тэрбум км-ийн зайд байгаа тул эндээс мэдээлэл илгээх болон тэндээс ирэх мэдээллийг хүлээж авахад нийт 45 цагийг зарцуулж байв. Чухамхүү асар тэвчээр шаардсан ажил болсон байж таарна.

Эцэст нь дөрөвдүгээр сарын 18-нд инженерийн багийнхан өгөгдлүүдийг хэсэгчлэн багтаах код бүхий зааврыг FDS-ийн санах ой руу илгээсэн бөгөөд хоёр хоногийн дараа дөрөвдүгээр сарын 20-нд Voyager-1 хөлгөөс уг кодын өөрчлөлт амжилттай болсон гэх хариу хүлээн авчээ. Өөрөөр хэлбэл, дахин тайлж унших боломжтой инженерийн өгөгдлийг хүлээн авах боломж бий болсон гэсэн үг.


NASA болон Jet Propulsion лабораторийн инженерүүд

VOYAGER 1 САНСРЫН ХӨЛӨГ БИДЭНД ЯАГААД ЧУХАЛ ВЭ?

1990 онд үндсэн даалгавраа гүйцэтгэж дуусаад, цэнэгээ хэмнэхийн тулд камераа хаасан ч бидэнд хэрэгтэй мэдээллийг илгээсээр байсан тэрээр 2030 он гэхэд бүрмөсөн ажиллагаагүй болно гэх тооцоо бий. Шалтгаан нь нарнаас улам бүр холдож, нарны энергийг хувирган ашиглах чадваргүй болж буйн зэрэгцээ цөмийн цэнэг хураагуураас авах цахилгаан хүч нь өдөр ирэх тусам багассаар байгаа юм. Харин Voyager 1 сансрын хөлөг бидэнд яагаад чухал вэ гэх асуултын тухайд тэр бол одод хооронд аяллаа үргэлжлүүлж яваа хүн төрөлхтний цор ганц бүтээл төдийгүй манай соёл иргэншлийн баталгаа бүхий Golden Records-ийг тээн яваа үнэт өв юм.