Цалин нэмэгдчихвэл, байр авчихвал, машин авчихвал эсхүл гадагшаа явчихвал л аз жаргалтай, сайн сайхан амьдрах юм шиг санагддаг уу? Эдгээр зүйл хүний сайн сайхан байдалд хэр зэрэг нөлөөлдөг юм бол?

Ер нь Монгол хүний сайн сайхан байдал ямар түвшинд байна вэ? Энэхүү асуултад хариулахаар "Оптимал Эн Макс" ХХК хоёр жилийн турш бэлтгэн, 18-аас дээш насны 5,001 иргэнийг хамруулан "Монгол хүний сайн сайхан байдлын цогц судалгаа"-г үндэсний хэмжээнд анх удаагаа судалжээ. Уг судалгааны онцлох үр дүнгээс танилцуулъя.

Сайн сайхан байдал буюу Well-Being гэж юу вэ? 

Юун түрүүнд сайн сайхан байдал гэдгийг юу вэ гэдгийг ойлгох нь зүйтэй. ДЭМБ-ын тодорхойлолтоор сайн сайхан байдал гэдэг нь “хувь хүн болон нийгэмд мэдрэгддэг эерэг төлөв байдал” гэнэ.

Харин Америкийн Сэтгэл Зүйн Холбооны тодорхойлолтоор “аз жаргал, сэтгэл ханамж өндөр, сэтгэл зүйн дарамт багатай, бие ба сэтгэцийн эрүүл мэнд сайн, амьдралын чанар өндөр байх байдал” юм.

Канадын Сайн Сайхан Байдлын Индексийн тодорхойлолтоор сайн сайхан байдал гэдгийг “амьдралын чанарыг хамгийн өргөн хүрээнд, дээд түвшинд илэрхийлсэн байдал бөгөөд үүнд амьдралын нөхцөл байдал сайн, эрүүл бие махбод, тогтвортой орчин, идэвхтэй нийгмийн хамт олон, боловсролтой хүн ам, цагаа зөв зохистой ашиглах боломж, ардчилсан оролцоо, чөлөөт цаг ба соёлд хүртээмжтэй байх олон талт боломжууд багтана” гэжээ.

Сайн сайхан байдлыг хэрхэн хэмжсэн бэ? 

Энэхүү судалгаанд монголчуудын сайн сайхан байдлыг сэтгэл зүй, нийгэм, санхүү, бие махбод, ажил хөдөлмөр, цахим орчин, хүрээлэн буй орчин, хувийн сайн сайхан байдал гэсэн найман үндсэн хүчин зүйлээр цогцоор нь хэмжсэн байна. Судалгааны түүврийн бүтцийг бүс нутаг, нас, хүйсээр хүн амын бүтцэд ойртуулан тооцож, мэдээллийг mindX платформоор цахим болон цаасан хэлбэрээр цуглуулжээ. Ингэхдээ тоон болон чанарын аргыг хослуулсан бөгөөд асуулгыг салбар бүрийн их сургуулийн эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүд хянан хамтран ажиллаж, МУИС-ийн Судалгааны ажлын ёс зүйн хороогоор баталгаажуулжээ.

1. Ажилдаа сэтгэл хангалуун байна уу?

Тус судалгааны үр дүнгээс хамгийн өндөр эерэг үнэлгээ авсан салбар бол ажил хөдөлмөрийн сайн сайхан байдал байжээ. Судалгаанд хамрагдсан хөдөлмөр эрхлэгчдийн 59.9% нь ажил хөдөлмөрийн сайн сайхан байдлаа "сайн" хэмээн дүгнэсэн нь монголчууд хийж буй ажилдаа харьцангуй сэтгэл хангалуун байдгийг харуулж байгаа юм.

Гэвч ажлын байран дээрх сэтгэл ханамжийн цаана сэтгэл зүйн сорилтууд нуугдаж буй. Тухайлбал, тус байгууллага 2025 онд "Монгол ажилтнуудын сэтгэл зүйн сайн сайхан байдал" судалгааг хийсэн бөгөөд үүндээ сэтгэл зүйн эрүүл мэндийн үзүүлэлтүүдийг авч үзжээ. Үр дүнд нь 5 ажилтан тутмын 2 нь ажлын байрны сэтгэл зүйн сайн сайхан байдал алдагдсан гэж гарчээ. Тодруулбал, 43% нь сэтгэл гутралын, 29% нь сэтгэл түгшүүрийн шинж тэмдэгтэй байсан бөгөөд 24%-д нь эдгээр шинж тэмдэг хавсарч илэрсэн байна.


2. Санхүүгийн дарамттай амьдарч байна уу?  

Ажил хөдөлмөрийн үнэлгээ сайн байгаа ч түүний үр шим нь гэж хэлж болох санхүүгийн сайн сайхан байдал хамгийн сул үзүүлэлттэй гарав. Оролцогчдын ердөө 13.5% нь санхүүгийн сайн сайхан байдал "сайн" түвшинд байгаа гэсэн бол дийлэнх хувь нь санхүүгийн дарамт мэдэрч байна гэжээ.

Санхүүгийн эмзэг байдлыг тоогоор харвал:

- Судалгаанд оролцогчдын 78.7% нь өр зээлтэй.
- 50.3% нь ямар ч хадгаламжгүй байгаа нь гэнэтийн эрсдэлд эмзэг байгааг харуулна.
- Мөн ажил эрхэлдэггүй, оюутан болон жирэмсний амралттай байгаа иргэдийн 60-70 хувь нь санхүүгийн сайн сайхан байдлаараа сул түвшинд байна.

Иргэдийн сайн сайхан байдалд сөргөөр нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйлээр эдийн засаг (37.9%) болон улс төр (26.1%) нэрлэгджээ. Иргэд амьдралын наад захын хэрэгцээгээ авч, орлогын хүрэлцээтэй байдлыг хангахад эдийн засгийн хүндрэл саад болж байгааг онцолсон бол төрийн бодлого, авлига, шударга бус байдал, улс төрийн тогтворгүй байдлыг сэтгэл амар амьдрахад нь шууд сөрөг нөлөө үзүүлдэг гэж хариулжээ.


3. Цахим орчинд зарцуулах цагаа багасгавал бусад үзүүлэлт сайжрах уу? 

Судалгаанд оролцогсдын дийлэнх нь танихгүй хүнээс ирсэн холбоос дээр дарах (71.3%), "Та шагнал хожлоо" гэх мэт зар дээр дарах (59.6%), сэжигтэй вэбсайтад мэдээлэл оруулж дарах (50.3%) нь эрсдэлтэй үйлдэл гэдгийг таньж мэддэг байна. Гэсэн хэдий ч нууц үг болон нэг удаагийн кодоо бусдад дамжуулах (30.4%), ижил нууц үгийг олон хаягт ашиглах (30.0%)-ийг эрсдэлтэй үйлдэл гэж таних нь харьцангуй сул байжээ.

Түүнчлэн, цахим орчинд сошиал медиа гүйлгэх, бичлэг үзэх зэргээр өнгөрүүлж буй цаг нэмэгдэх тусам бусад 7 сайн сайхан байдал буурах зүй тогтол илэрсэн байна. Энэ нь цахим хэрэглээгээ эрүүл тэнцвэртэй байлгах нь сэтгэл зүй болон ажил хөдөлмөрийн сайн сайхан байдалд шууд дэмжлэг болж болохыг харуулж буй.


4. Хүрээлэн буй орчноо сайжруулах хүсэл бидэнд байна уу? 

Хүрээлэн буй орчны сайн сайхан байдал гэдэг нь хувь хүн өөрийн амьдарч, сурч, ажиллаж буй орчин нөхцөлдөө хэр сэтгэл хангалуун байгаа болон тухайн орчин нөхцөл нь эрүүл мэнд, амьдралын чанарт нь хэрхэн нөлөөлж байгааг үнэлэх үнэлэмж.

Судалгаанд оролцогчдын 44.8% нь амьдарч буй байгаль орчны нөхцөл байдал нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж хариулсан. Ялангуяа Улаанбаатар хотын иргэдийн хувьд агаарын бохирдол, түгжрэл, хөрсний бохирдол болон тоосжилт нь амьдрах тав тухтай нөхцөлийг нь алдагдуулдаг гол хүчин зүйлс болж байна.

Хамгийн сонирхолтой нь агаарын бохирдол, хөрсний бохирдол гэх мэт асуудлуудад иргэд бухимдалтай байгаа ч хувь хүний оролцооны тал дээр иргэд өндөр эерэг итгэл үнэмшилтэй байгаа юм. Тухайлбал 10 хүн тутмын 9 нь (91.1%) өөрийн амьдарч буй орчноо сайжруулахад ямар нэг байдлаар хувь нэмэр оруулж, өөрчилж чадна гэдэгтээ итгэлтэй байв.


5. “Би сайн байгаа, харин нийгэм хэцүү байна”

Судалгаанд оролцогчид өөрсдийнхөө сайн сайхан байдлыг үнэлэхдээ 30.1% нь сайн, 55.4% нь дунд гэж эерэг талдаа дүгнэсэн бол "Монголчуудын сайн сайхан байдал хэр байна вэ?" гэж нийгмийн хэмжээнд асуухад 52.6% нь "сул" гэж сөргөөр үнэлсэн байгаа юм. Ийм хоёр зөрүүтэй үнэлгээ нь иргэд нийгмийн хөгжилд итгэх итгэл сул, шударга ёс, төрийн бодлогод эргэлзэх хандлагатай байгааг харуулж байна.

Судалгаагаар сайн сайхан байдлын найман хүчин зүйл бүгд хоорондоо эерэг хамааралтай болох нь батлагдсан аж. Өөрөөр хэлбэл сайн сайхан байдлын талбарууд биеэ биеэсээ харилцан хамааралтайгаар өсөж эсвэл буурч байдаг учраас судалгааны ганцхан талбарын үр дүн эсвэл аль нэг үр дүнг дангаар нь тайлбарлах нь өрөөсгөл. Тухайлбал сэтгэл зүйн хувьд сайн сайхан байдлын 51.5% нь бусад долоон хүчин зүйлс нь ямар байгаагаас хамаарч өөрчлөгдөх боломжтой гэсэн үг.


"Well-Being Mongolia Forum 2026"

Ийнхүү судалгааны нэгдсэн дүнгээр найман хүчин зүйлийг нэгтгэн үзэхэд оролцогчдын 30.6% нь сайн, 45.7% нь дунд, 23.6% нь сул түвшинд үнэлэгджээ. Энэ үр дүнд тулгуурлан судалгааг гүйцэтгэсэн Оптимал Эн Макс ХХК нь "Well-Being Mongolia Forum 2026" чуулганыг нь энэ сарын 13-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Уг форумаар салбартаа тэргүүлэгч мэргэжилтнүүд, олон улсын илтгэгчид өөрсдийн мэдлэг, туршлага болоод олон улсын сайн жишгийг хуваалцаж хүн төвтэй бодлого, манлайлал, нийгмийн энтерпрайз болон эерэг нөлөө бүхий бизнесийн боломж, шийдлүүдийг олон талаас нь хамтдаа хэлэлцэх юм.