Гоо сайханд золиос хэрэгтэй гэдэг дээ? Гэхдээ гоо сайханд байгалийг золиосолсоор байх уу? Учир нь бид өөрсдийгөө гоё сайхан, эрүүл аюулгүй байлгах гэж худалдан авдаг гоо сайхны бүтээгдэхүүнүүдээс гарч байгаа хог хаягдал байгальд бохирдол үүсгэж байдаг.
Тухайлбал гоо сайхны салбар жил бүр 120 тэрбум нэгж сав баглаа боодол үйлдвэрлэдэг бөгөөд үүний 90-ээс дээш хувь нь шууд хог дээр хаягддаг нь бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөр үзүүлэлт юм.
Энэхүү нийтлэлээрээ байгальд шууд хаягдаж байгаа хог хаягдлын бий болгодог сөрөг нөлөөллийг тоо баримтаар тайлбарлахын сацуу үүний эсрэг Монголд бид юу хийж чадахыг хэлж өгье.
Пластик эрин үе

Энэ тухай ярихаас өмнө бид дэлхий дээрх нийт хог хаягдлыг дурдахаас өөр аргагүй. Дэлхийн банкны "What a Waste 2.0" тайланд дурдсанаар жил бүр дэлхий даяар дунджаар 2.01 тэрбум тонн хатуу хог хаягдал “хаягддаг”. Бидний бий болгож буй эдгээр хог хаягдал дундаас хуванцар буюу пластик хамгийн аюултайд тооцогддогийг дурдах илүүц биз ээ. Зүгээр л ганцхан тоо баримт дурдахад хүн төрөлхтөн 1950 оноос хойш 8.3 тэрбум тонн хуванцар үйлдвэрлэсэн бөгөөд үүний тал хувь нь сүүлийн 15 жилд үйлдвэрлэгдсэн байгаа юм. Гэтэл нэг ширхэг хуванцар сав байгальд бүрэн задрахын тулд дунджаар 450 жил зарцуулдаг. Зарим төрлийн хуванцар бүр 1000 жил ч болох магадлалтай.
Ингэж удаан задрахдаа пластик нь микропластик (5 мм-ээс бага хэмжээтэй) болон хувирч, бидний хоол хүнсээр дамжин биднийг өөрсдийг маань хордуулсаар буй. Тухайлбал бид долоо хоног бүр дунджаар 5 грамм буюу нэг ширхэг кредит карттай тэнцэх хэмжээний хуванцрыг “идэж” байгаа гэдэг. Гэтэл бодит байдал дээр бидний хүчин чармайлт хангалттай байж чадаж байна уу? Гэдэгт хариулт өгөхийн тулд дахин боловсруулалтыг голчон тайлбарлая.
Юун түрүүнд дахин боловсруулалт дэлхий дахинд ямар хэмжээнд байна вэ?
Дахин боловсруулалт гоо сайхны салбарт

Өнөөдрийн байдлаар дахин боловсруулалт тун хангалтгүй нөхцөлд буй. Дэлхий даяараа аль болох олон төрлийн хуванцарыг дахин боловсруулах чиглэлд мэрийж байгаа нь үнэн. Гэсэн ч дэлхий даяар үйлдвэрлэгдэж буй зөвхөн гоо сайхны бүтээгдэхүүнээс үүссэн хог хаягдлын ердөө 9 хүрэхгүй хувь нь дахин боловсруулагдаж байна.
Монгол улсын хэмжээнд жилд 3.5 сая тонн хоёрдогч түүхий эд гардгаас Улаанбаатарт 1.4 сая тн орчим хатуу хог хаягдал үүсдэг байна. Үүнийхээ бид 3-5 хувийг л дахин боловсруулж чаддаг.
Сайн нь гэвэл сүүлийн үед олон улсад TerraCycle зэрэг төрөлжсөн байгууллагууд болон томоохон брэндүүдийн "Take-back" (буцаан авах) хөтөлбөрүүд гарч ирснээр энэ салбар сөөм сөөмөөр ахисаар байна. Одоогийн байдлаар салбарын чиг хандлага ерөнхийдөө механик боловсруулалтаас илүүтэйгээр бүтээгдэхүүнийг анхнаас нь дахин боловсруулахад хялбар (mono-material) хийх эсвэл химийн аргаар дахин боловсруулах технологи руу шилжих эхний шатандаа явж байгаа юм. Учир нь хуванцар дахин боловсруулахад тодорхой хүндрэлүүд байсаар буй.
Гоо сайхны бүтээгдэхүүний хуванцараа хаана тушаах вэ?
Вэлл Бий компани нь өөрсдийн худалдан борлуулдаг бүтээгдэхүүнүүдийн савыг тодорхой цэгүүдэд цуглуулж дахин боловсруулах үйлдвэрүүдэд түүхий эдээр нийлүүлэх үйл ажиллагааг 2021 оноос хэрэгжүүлсээр байна.
Анх харилцагчдаасаа үсний будгийн хөнгөн цагаан савыг цуглуулж, дахин боловсруулж эхэлсэн бол 2023 оноос хэрэглэгчдийн ахуйн зориулалтаар ашигладаг LDPE, PP зэрэг хуванцар савнуудыг цуглуулж эхэлсэн аж. Энэ хугацаанд нийт 1.7 тонн LDPE, PP хуванцар болон үсний будгийн хөнгөн цагаан хуванцар савыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт тушаасан байна. Харин энэ оноос эхлэн Sila салбар дээр өөрсдийн бүтээгдэхүүнээс гадна бүх төрлийн HDPE хуванцар сав цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт нийлүүлэх ажлыг эхлүүлжээ.
Хэрэв та байгаль орчиндоо бодитоор хувь нэмрээ оруулахыг хүсвэл Wellbeeshop-оос худалдан авсан бүтээгдэхүүнийхээ HDPE (2), LDPE (4), PP (5) гэсэн тэмдэглэгээтэй савнуудыг доорх хаягуудад аваачин тушаагаарай.
Сонирхуулахад эдгээр саваа тушаагаад сав тус бүртээ нэг өдрийн ашигтай бактерийг бэлгэнд авах боломжтой юм байна.

Хуванцрын төрлүүд ба онцлог
2 - HDPE: Илүү хатуу, бат бөх бөгөөд аливаа химийн бодист тэсвэртэй. Дахин боловсруулах нөөц бололцоо y, улс орнуудад нэлээн сайн хөгжсөн. Монголд ч энэ төрлийн хуванцрыг боловсруулах дэд бүтэц харьцангуй сайн гэж хэлж болно.
4 - LDPE: Уян хатан, нимгэн боловч бат бөх. Төрөл бүрийн хальсан гялгар уут болон эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд ашиглагддаг. Дахин боловсруулахад бага зэрэг ярвигтай боловч огт боломжгүй биш.
5 - PP: Халуунд тэсвэртэй, аливаа химийн бодистой урвалд ордоггүй тул хүнс болон гоо сайхны сав баглаа боодолд өргөнөөр ашигладаг. Дахин боловсруулах технологи нь илүү нарийн төвөгтэй ч Монголд тодорхой хэмжээнд дахин боловсруулж байна.

Хуванцраа хэрхэн тушаах вэ?
Ерөнхийдөө "Хоослох - Цэвэрлэх - Хатаах - Ангилах" гэсэн дүрмийг баримтална.
Бүрэн хоослох: Савны ёроолд үлдсэн бүтээгдэхүүнийг дуустал нь хэрэглэх эсвэл асгаарай.
Угааж цэвэрлэх: Халуун ус, бага зэргийн аяга таваг угаагч ашиглан савны доторх тос, будгийг бүрэн арилгаарай.
Хэсэгчлэн салгах: Хэрэв боломжтой бол хуванцар савны металл пүрштэй хошуу, таг зэргийг салгаж бэлдээрэй
Тэмдэглэгээг харах: Савны ёроолд байгаа гурвалжин доторх тоог (1-7) харах. Ингэхдээ дээрх мэдээллийг ашиглаарай.

Сэтгэгдэл бичих (1)


А А.Булгантамир 202.126.88.176
Надад үүнийг уншихад туйлын таатай байлаа.Сүүлийн үед гоо сайхны бүтээгдэхүүн аваад хэрэглэж дуусаад хаяхгүйгээр хадгалаад байсан юм,ийм сайхан мэдээг мэдэж авсандаа үнэхээр баяртай байна.Та бүхнийхээ ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсье!