Шөнө бүр 8 цагийн бүтэн нойр авч, гүн нойрсоно гэдэг орчин үеийн завгүй нийгмийн хамгийн том тансаглал, хүн бүрийн атаархлыг төрүүлэх "амжилт" болон хувирчээ. Дэлхий даяар нүүрлээд буй уг нойргүйдлийн тахал уламжлалт аялал жуулчлалын салбарыг орвонгоор нь эргүүлж буй. Бид одоо шинэ газар үзэж, энэ тэрүүгээр зугаалж, ийш тийшээ алхаж ядрахын оронд нэг л зүйлийн төлөө аялалд гарч байгаа гэнэ. Тэр бол УНТАХ.

Уншигч та өөрийгөө анзаараарай. Аялалд гарахдаа юм үзэж, нүд тайлахаас илүүтэй эрт унтаж, илүү их амрахыг сонгож байгаа юм биш биз? Хэрэв тийм бол "Sleep Tourism" буюу унтлагын аялал жуулчлалын тухай танилцуулъя.

УНТЛАГЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ ГЭЖ ЮУ ВЭ?

Зочид буудлын зөөлөн ор, торгомсог цагаан хэрэглэл дээр тухлан унтахаас өөр гэж үү? Тийм ээ, унтлагын аялал жуулчлал үүнээс хавьгүй гүнзгий агуулгатай. Аяллынхаа гол зорилгыг чанартай нойр авах, нойрны хэмнэлээ засах гэхчлсэн унтахыг цор ганц зорилгоо болгосон цогц үйлчилгээ юм.

Энэ салбар зүгээр нэг түр зуурын моод биш гэдгийг тоо баримтууд бэлхнээ гэрчилнэ. "HTF Market Intelligence"-ийн тайлангаар, унтлагын аялал жуулчлалын дэлхийн зах зээл хэдийн 690 тэрбум ам.долларт хүрсэн бөгөөд ирэх жилүүдэд дахин 400 тэрбумаар өсөх төлөвтэй байна. Хүмүүс сайн унтаж амрахын тулд хэдэн мянган доллар зарцуулахаас буцахгүй болсон нь энэ ажээ.



ГЭХДЭЭ ЯАГААД?

Энэ бүхэн хүмүүсийн эрүүл мэндийг харах өнцөг өөрчлөгдсөнтэй холбоотой. Нойрны чиглэлээр дөрвөн ч ном бичсэн мэргэжилтэн Чарли Морлигийн тайлбарласнаар, хүмүүс урт хугацааны турш хоолны дэглэм, фитнест анхаарсаар ирсэн бол эрүүл мэндийн дараагийн том бүлэг нь нойр аж.

Мөн Их Британид хийсэн судалгаагаар насанд хүрэгчдийн 74 хувь нь нойрны чанартаа сэтгэл дундуур байдаг ба үүнээс үүдэлтэй архаг ядаргааны улмаас эмчид хандах тохиолдол эрс нэмэгджээ. Гэр бүл, ажил төрөл, өдөр тутмын стрессээс холдох тэрхүү алтан хугацааг хүмүүс бие махбодоо нөхөн сэргээхэд зориулахыг хүсэж байна.

АМРАЛТЫН ГАЗРУУДЫН САНАЛ БОЛГОЖ БУЙ ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД

Өдгөө дэлхийд нэр хүндтэй амралтын газрууд зочдоо тайван унтуулахын тулд хоёр төрлийн үйлчилгээг санал болгож байна.

1. Үзлэг оношлогоонд тулгуурлах

Испанийн "SHA Wellness Clinic" зэрэг эмнэлгийн чиглэлийн спа сувиллууд нойрны асуудлыг шинжлэх ухааны түвшинд шийдэж буй гэнэ. Ирсэн зочдыг нойрны нарийн мэргэжлийн эмч нар хүлээн авч, зүрх судас, мэдрэлийн систем, амьсгалын замыг нь бүтэн шалгадаг аж. Та шөнө хурхирдаг уу, ойр ойрхон сэрдэг үү? Тэгвэл эмч нар шалтгааныг нь олоод, танд тохирсон хоолны дэглэм, гэрлийн эмчилгээ, шаардлагатай бол амьсгал тасалдах үед ашигладаг аппаратыг тааруулж өгдөг байна.



2. Уламжлалт арга барил ашиглах

Мальдивийн алдартай амралтын газрууд хүний алдагдсан биологийн цагийг байгалийн аргаар хэвийн болгоход анхаардаг гэнэ. Зочид өглөө бүр эртлэн босож, нарны гэрэлд суун, биеийн соронзон орноо тэнцвэржүүлэхийн тулд хөл нүцгэн алхах, ургамлын ваннд орох зэргээр амардаг гэнэ. Тэрчлэн Италийн "Lefay Resort"-д Хятадын уламжлалт зүү төөнүүрээр нойрны цэгүүдийг идэвхжүүлдэг бол Шри-Ланкад Энэтхэгийн Аюурведийн эмчилгээгээр хүний сэтгэл санааг амгалан болгож унтуулдаг байна.

ЦААШДЫН ТӨЛӨВ БАЙДАЛ

Унтлагын аялал жуулчлал цаашид бүр ч сонирхолтой хэлбэр лүү шилжиж буй. Технологи бидний нойрыг хугасалж байгаа ч, нөгөө талаар нойрыг сайжруулах хэрэгсэл болох төлөвтэй.

Лондоны "Kimpton Fitzroy" буудал саяхнаас зочдодоо “Room to Dream” багцыг санал болгож эхэлжээ. Зочид VR шил зүүж, тусгай бясалгал сонсонгоо "Lucid dream" буюу зүүдээ удирдах урлагт суралцаж байгаа аж. Хамгийн сонирхолтой нь, өглөө сэрээд өөрийн зүүдээ Хиймэл оюунд дүрслэн хэлж, зүүднийхээ уран зургийг бүтээлгэдэг гээд бод доо.

Мөн тун удахгүй зочид буудлууд хүний биеийн дулаан, хөдөлгөөн, зүрхний цохилтод тулгуурлан хэлбэрээ өөрчилдөг ухаалаг орыг нэвтрүүлж эхлэх гэнэ. Өөрөөр хэлбэл, таныг хэр зэрэг гүн унтсаныг бодит дата мэдээллээр баталж харуулдаг болох юм.

ЧАНАРТАЙ НОЙР АВАХ ШАЛГАРСАН АРГУУД


Гэхдээ унтлагын аялалдаа их мөнгө зарцуулж, ухаалаг ортой, амар амгалан орчинтой тансаг буудал сонголоо ч таны нойр хулжсаар байвал яах вэ? Тэгвэл өөртөө хэрэгжүүлж болох доорх таван аргыг туршаад үзээрэй.

Өдрийн цагаар наранд гарах: Өглөө сэрээд нэг цагийн дотор байгалийн нарны гэрлийг 15 минут мэдрэх нь таны биологийн цагийг идэвхжүүлж, 15-16 цагийн дараа мелатонин даавар зөв цагтаа ялгаран, аяндаа нойр хүрэх үндэс болдог.

Кофейн, согтууруулах ундаанаас татгалзах: Үдээс хойш 14:00 цагаас хойш кофе, өтгөн цай уухаас зайлсхийгээрэй. Мөн согтууруулах ундааг унтахад тусалдаг гэж андуурдаг ч үнэн хэрэгтээ нойрны хамгийн гүн, нөхөн сэргээх үе шат болох REM нойрыг сүйтгэж, шөнө ойр ойрхон сэрэх шалтгаан болдог байна.

“Алтан цаг”-ийг алдахгүй байх: Гар утас, компьютерын дэлгэцээс ялгарах цэнхэр гэрэл нь унтах дохио өгөх үүрэгтэй мелатонин дааврын ялгарлыг шууд зогсоодог. Иймд унтахаас дор хаяж нэг цагийн өмнө утсаа холдуулж, сошиал медиа ухахаа болих хэрэгтэй.

Унтах гэж хичээхээ болих: Унтах ёстой гэж өөртөө дарамт үзүүлэх тусам тархинд стрессийн кортизол даавар ялгардаг. Хэрэв орондоо ороод 20 минутын дотор унтаж чадахгүй бол шууд босоорой. Өөр өрөөнд орж, бүдэг гэрэлд ном унших эсвэл тайвшруулах хөгжим сонсож байгаад нойр хүрмэгц буцаж орондоо орох хэрэгтэй. Орыг зөвхөн "унтах газар" гэж тархиндаа хэвшүүлэх нь хамгийн чухал.

Халуун ванн эсвэл бүлээн шүршүүрт орох: Биеийн дулаан буурах үед хүн нойрмоглож эхэлдэг. Тиймээс унтахаас өмнө бүлээн усанд орвол биеийн дулаан түр хугацаанд нэмэгдэж, уснаас гарсны дараа биеийн дулаан огцом буурснаар гүн нойрсох таатай нөхцөл бүрддэг байна.