Хүн төрөлхтний “сайн дурын” цахим нэвтэрхий толь болсон Wikipedia өдгөө нийт долоон сая гаруй сэдэвтэй гэгддэг. Тус толийг хэн ч засварлаж, өөрчилж, шинэ сэдвээр бичиж болдгоороо тун онцлогтой бөгөөд өдий хүртэл хэдэн сая тооны сайн дурын модератор, бичээчид Wikipedia-г тасралтгүй хөгжүүлсээр ирсэн байдаг. 2001 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Wikipedia дэлхий дахинд нээлтээ хийж байсан бол хорин дөрвөн жилийн дараа буюу энэ оны аравдугаар сарын 27-нд түүний “анхны өрсөлдөгч” гэхэд хилсдэхгүй “Grokipedia” мэндэлж багагүй шуугиан тарив.
“Grokipedia”-г Wikipedia-гаас ялгаруулах хамгийн гол онцлог нь xAI-ийн Grok чатботыг суурь болгон ашиглаж хэрэглэгчдийн хайсан аливаа агуулгыг автоматаар сэдэв болгон үүсгэх зорилгоор ажиллах юм. Нээлтээ хийснээсээ хойш тус хиймэл оюунт нэвтэрхий толь хэдийнээ сая гаруй нийтлэлтэй болоод амжсан байна. Иймд “Unread туршив” цувралынхаа энэ удаагийн дугаарт бидний танил болсон Wikipedia болон И.Маскийн “анти-Wikipedia” болох Grokipedia хоёрыг харьцууллаа.
Агуулга: Аль нь илүү найдвартай вэ?
Юун түрүүнд хоёр нэвтэрхий толь дахь Монгол Улсын тухай мэдээллийг харьцуулж үзлээ. Агуулгын үнэн зөв болоод цаг үеийн мэдээллийн шинэчлэлийн тухайд хүн амын тоо, ДНБ болон “Монгол” нэрийн үүсэл гарлын тухай мэдээллийг харьцуулан бусад эх сурвалжтай тулгаж харлаа.
Wiki: Wiki-гийн хувьд хүн амын тоог 2023 оны байдлаар 3,504,741 хэмээсэн нь үнэн боловч хамгийн сүүлийн үеийн буюу Үндэсний статистикийн хорооноос гаргасан 2024 оны тоо баримтаар шинэчлээгүй байв. ДНБ-ий тухайд энэ оны байдлаар 73.280 тэрбум доллар хэмээжээ. Харин хэдийгээр “Монгол” хэмээх нэрийн үүслийн талаар (etymology) “тодорхойгүй” гэсэн байсан ч дараах таамгийг хуваалцжээ. Тухайлбал, Wiki-д бичсэнээр “Mongolia” гэх нэр нь латин хэлээр “Монголчуудын нутаг” гэх утга бүхий үг хэмээн тайлбарласан байх бөгөөд Францын түүхч Этьен де ла Вассьерийн таамаг болох “IV зууны Жужаны үндэслэгчийн Мугулү нэрээс гаралтай гэж үздэг” гэснийг хавсаргасан байлаа.

Grok: Хүн амын тоог 2024 оны байдлаар ойролцоогоор 3.3 сая хэмээсэн нь алдаатай. Үндэсний статистикийн хорооны мэдээлж буйгаар өнгөрсөн онд Монгол Улсын хүн амын тоо 3,544,835 хүрсэн байна. Харин ДНБ-ий хувьд (PPP бус Nominal GDP) 2024 оны байдлаар 23.6 тэрбум доллар хэмээсэн бол “Монгол” гэх нэрийн үүслийн талаар “Монгол хэмээх нэр нь Mongɣol буюу Manqol гэх овгийн нэрээс гаралтай бөгөөд зарим тайлбарт энэ үгийг “эрэлхэг” гэсэн утгатай монгол үгийн язгууртай холбон үздэг. Харин англи дахь Mongolia хэлбэр нь -ia дагавар бүхий газар орны нэрийг латинжуулах уламжлалаар үүссэн бөгөөд XVIII зууны эхээр Европын хэрэглээнд Монголчуудын нутгийг заах зориулалтаар нэвтэрчээ.” гэсэн байх аж.

Ялагч: Хүн амын тооны тухайд аль нь ч хамгийн сүүлийн үеийн мэдээллийг оруулаагүй байсан боловч Wikipedia 2023 оны хувьд үнэн зөв тоог хуваалцжээ. ДНБ-ий хувьд World Economics-ийн мэдээлж буйгаар энэ оны байдлаар МУ-ын ДНБ 83 тэрбум доллар (PPP) бөгөөд Grok-ийн 23.6 тэрбум доллар гэх тоо тодорхой баталгаатай эх сурвалжуудаас олдсонгүй. Харин “Монгол” нэрийн үүслийн талаар эрдэмтэд одоо ч маргалдсан хэвээр буй бөгөөд энэ асуултад үнэмлэхүй хариулт байхгүй юм. Хэдий тийм боловч сүүлийн үеийн түүхийн судалгааг болон хүн амын тоог “үнэн зөв” хуваалцсанаараа энэ талбарт Wikipedia ялалт байгуулсан гэж үзэж болох юм.
Үзэмж
Хоёр нэвтэрхий толийн үзэмж, харагдах талаасаа хэр ойлгомжтой, хялбар буйг нь дээрх Монгол Улсын тухай нийтлэлээр харьцуулж үзэв.
Wiki: Нийтлэл эхэндээ хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, газар зүйн байршил болон дундад зуунаас өдий хүртэлх товч түүх зэрэг ерөнхий мэдээллийг хамруулсан байв. Түүнээс гадна, нийтлэлийн баруун талд Wiki-гийн сонгодог загвараар баганан хүснэгтэд Монгол Улстай холбоотой тоо баримт, газрын зураг, төрийн далбаа, дуулал, мөнгөн дэвсгэрт, цагийн бүс, ДНБ, одоогийн төрийн удирдлагуудыг багтаажээ.
Харин зүүн талд нь нийтлэлийн бүлгүүдийг жагсаасан нь Britannica, Oxford Research Encyclopedias зэрэг ихэнх цахим нэвтэрхий толиудын жишиг (Grok ч мөн адил) билээ. Түүнчлэн, олон өнгийн диаграмм, график, хүснэгтээр баялаг нь дан текст уншихаас илүү амар бөгөөд ойлгомжтой байсныг дурдууштай. Мөн мэдээж ихэнх нийтлэлийг унших явцад ойлгомжгүй нэр томьёо, агуулга гарч ирвэл Wikipedia-гийн бусад бичвэрээс дэлгэрүүлж унших боломжийг олгодог цэнхэр өнгийн холбооснуудыг дурдалгүй өнгөрч болохгүй.

Grok: Grok-ийн хувьд Монгол Улсын тухай нийтлэлээ Монгол Улс (оршил), нэрийн гарал үүсэл, түүх, газар зүй, байгаль орчны сорилт бэрхшээл, демографик, Засгийн газар улс төр, засаг захиргааны нэгж, эдийн засаг, үйлдвэржилт, боловсролын тогтолцоо, соёл нийгэм, эх сурвалж гэсэн нийт 13 бүлэгт хуваан тэдгээрээ дахин 37 дэд бүлэгт хуваажээ.
Нийтлэл доторх дизайны хувьд дан текст бөгөөд ямар ч график, хүснэгтгүйн дээр бусад эх сурвалж руу хөтлөх холбоос нийтлэлийн дундуур байхгүй буюу нэг талаараа олон зүйлийг нэг дор багтаагаагүй, цэвэрхэн, цэгцтэй гэдгээрээ онцлогтой байв. Grok-ийг нээхэд Perplexity, ChatGPT Atlas-тай тун адилхан цонх нээгддэг бол доторх нийтлэлүүд нь уртаас урт, бүлэгт хуваасан Perplexity-гийн бичвэртэй төстэй харагдаж байлаа.

Ялагч: Хэрэглэгч бүрийн өнгө үзэмж харилцан адилгүй тул энэ талбарт үнэмлэхүй ялагч үгүй. Харин хувийн зүгээс хурдан шуурхай мэдээлэл авах үедээ Wikipedia-г, удаан тогтож уншихыг хүссэн үедээ Grok-ийг сонгомоор санагдлаа.
Эх сурвалж ба ил тод байдал
Wiki: МУ-ын тухай нийтлэлд Wikipedia нийт 194 гаднын эх сурвалжаас эш татжээ. Тэгэхдээ монгол, англи хэл дээрх цахим эх сурвалжуудаас ихэвчлэн эш татсан байх агаад түүн дотор YouTube-ийн бичлэг хүртэл багтсан байсныг дурдууштай. Гэвч хэдийгээр Wikipedia-гийн эш татсан эх сурвалжууд нь Michigan University, BBC зэрэг дэлхийд алдартай их сургуулиуд, хэвлэл мэдээллийн баримт сэлтийг хамруулсан байх боловч мөн түүний зэрэгцээ эргэлзээтэй эх сурвалжуудыг ч хавсаргасан байгааг нь орхиж болохгүй.
Түүнчлэн, зарим эх сурвалж нь цахимаар унших боломжгүй ном, сонин, сэтгүүлээс эшилсэн байгаа нь угтаа тийм эх сурвалж огт үгүй ч байх боломжтойг санууштай. Үүний зэрэгцээ И.Маскийн удаа дараа шүүмжилсээр ирсэнчлэн Wikipedia-г сайн дурын модератор, бичээчид оролцон хөгжүүлдэг нь зарим сэдвүүд дээр хэт нэг талын өнцгийг барих суурь шалтгаан болдгийг цохон тэмдэглэе.

Grok: Wikipedia-тай яг ижил сэдэвтэй нийтлэлд Grok нийт 386 эх сурвалжаас эшилсэн байна. Тэгэхдээ мөн л Wikipedia-гийн адил баталгаатайгаас баталгаа сул эх сурвалжуудыг хооронд нь ялгаж салгалгүй нэгтгэжээ. Тухайлбал, МУ-ын тухай нийтлэлд Монцамэ агентлагийн нийтлэлээс энгийн X (Twitter)-ийн хэрэглэгчийн жиргээг хүртэл эх сурвалждаа ашигласан байх жишээтэй. Гэхдээ Wikipedia-гаас ялгаатай нь дан цахимаас шууд унших боломжтой эх сурвалжуудыг холбосон нь байв.

Ялагч: Энэ талбарт үнэмлэхүй ялагчийг тодруулах мөн л хэцүү. Эх сурвалжийн баталгаатай байдлын тухайд нийтлэлд эшлэгдсэн бүх эх материалыг цахимд унших боломжтойгоороо Grok тэргүүлэх мэт боловч чанарын хувьд Wikipedia-гаас төдийлөн илүүрхэхгүй. Харин ил тод байдлын хувьд Wikipedia дахь аливаа нийтлэлийг дурын хэрэглэгч засах, өөрчлөх боломжтой бол Grok-д тийм боломж үгүй. Гэхдээ бүхий л нийтлэлээ хиймэл оюунаар нягтлуулдаг (fact-checking) гэдгээрээ Grok-д арай давуу тал үүсэж болох тул энэ талбарт Grok-ийг ялалт байгуулсанд тооцъё.
Дүгнэлт
Нийт гурван шалгуураар өрсөлдүүлэхэд Wikipedia, Grokipedia хоёул 1.5 оноотойгоор тэнцлээ. Хэдийгээр Grokipedia одоогоор Wikipedia-гийн баталгаагүй эх сурвалжаас эш татах зэрэг алдаа дутагдлыг давтаж буй ч ирээдүйд улам сайжрах болов уу гэж бодож байна. Түүнчлэн, одоогоор Wikipedia нийт 343 хэлээр нийтлэл, бичвэртэй бол Grokipedia гагц англи хэлний сантай байгаа билээ. Мөн хиймэл оюунд суурилсан хайлтын шинэ технологи төгөлдөржих тусам сайн дурын бичээчдийн оролцоогоор хөгждөг Wikipedia улам бүр хэрэглээнээс шахагдах болов уу. Учир нь сүүлийн нэг жилийн хугацаанд л гэхэд Wikipedia-г зорих хэрэглэгчдийн тоо 8 хувиар буурсан гэх судалгаа гарчээ. Уншигч та ч энэ хоёр нэвтэрхий толийг харьцуулан туршиж, сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.

Сэтгэгдэл бичих

